Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01219

 

Д , Б  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаар магадлалтай,

                                                                                   

            Д , Б  нарын нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

         Барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоот орон сууц, 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/05179 шүүгчийн захирамжаар хариуцагч ГШ оос зээлийн гэрээний үүрэгт 185,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ерболатад олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа А.Ерболат хариуцагч ГШ ын төлөх 185,000,000 төгрөгийг Д , Б  бидний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны замын 102-р байрны 56 тоот орон сууц, авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 сарын 14-ний өдөр 101/ШШ2016/07031 дугаар шийдвэрээр бидний өмчлөлийн дээрх 3 өрөө байр, зоорийн давхарын 96 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болохыг дурьдаж, албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Хариуцагч уг шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах тухай анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулахдаа бидэнд ямар нэг байдлаар огт мэдэгдэлгүй зохион байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.2.2, 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн ба 350,000,000 төгрөгөөр барьцаа хөрөнгийг үнэлж, дуудлага худалдааг биднээс нуусанд гомдолтой. Мөн дээрх байр болон гаражийг ямар ч зөрүү олгохгүйгээр шууд А.Ерболатад олгох шийдвэр гаргасанд гомдолтой. Дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэгч олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн өмнө мэдэгдэх, төлбөр төлөгчид ч мөн адил хамааралтай байхад энэ талаар хуулиар хамгаалагдсан бидний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч 2017 оны 10 сарын 02-ны өдөр хариу өгсөн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ба 2017 оны 10 сарын 24-ний өдөр албан бичгээр хариу авсан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 5/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/49 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, барьцаа хөрөнгө болох байр, гаражийг хуульд заасан журмыг зөрчиж үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.5-д заасныг зөрчсөн буюу төлбөр төлөгчид мэдэгдэж, гарын үсэг зуруулах ёстой байтал дамжуулах үүрэгтэй шууданд өгснийг тооцохгүй. Хэргийн 59 дүгээр талд авагдсан 2017 оны 02 сарын 01-нд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны тэмдэглэлээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг эвдэж нэвтэрсэн нь хуулийн 41, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал 350,000,000 төгрөгөөр үнэлээд ажиллагаа явуулахдаа мэдэгдэх хуудсыг хугацаанд гардуулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч учрыг ойлгоогүй тул 350,000,000 төгрөг гэсэн. 70 ба 50 хувь гэдгийг тайлбарлаж өгөөгүйн улмаас төөрөгдсөн. Иймд дуудлага худалдааны үнийг буруу тогтоосон. Мэдэгдэх хуудсаар хэзээ мэдэгдсэн нь ач холбогдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдэнэ гэж хуульд заасан байгаа. Шууданд хийснээр хугацаандаа мэдэгдсэн гэж үзэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 30 дугаар зүйлийн 30.1, 35 дугаар зүйлийн 30.7, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нийцэхгүй байна. Эд хөрөнгийг хураахдаа гэрч оролцуулаагүй. 2017 оны 02 сарын 02-нд битүүмжлэхдээ өмчлөгч нарт мэдэгдээгүй, байлцуулаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг төлбөр төлөгч нарт хүргүүлээгүй. Мөн үл хөдлөхөд хөрөнгийн газар хүргүүлээгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 05179 дүгээр захирамжаар 185,574,355 төгрөгийг гаргуулж А.Ерболатад олгох, мөн шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 07031 дүгээр шийдвэрээр Б , Д  нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Нарны зам 102 дугаар байрны 56 тоот 94,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 18 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 5179/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 04 сарын 09-ний өдрийн 14/09 дугаар тогтоолоор хураан авч, сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч Б , Д , ГШ  нар 350,000,000 төгрөгөөр үнийн саналаа өгснийг төлбөр авагч А.Ерболат хүлээн зөвшөөрсөн. Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тогтоосон үнэ 350,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдэл 2017 оны 05 сарын 15-ны өдөр 3/14287 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 50 хувиар тооцон 2 дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах тухай мэдэгдлийг 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 3/16798 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар талуудад хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжаар төлбөр төлөх нэхэмжлэл, шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах асуудал шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 09 сарын 29-нд үүсгэсэн. Төлбөр төлөгч ГШ т удаа дараа мэдэгдэл өгч, барьцаа хөрөнгийг битүүмжилсэн. Хөндлөнгийн гэрч битүүмжлэх ажиллагаанд байлцсан, хуульд зааснаар үзлэг хийх болон хураах ажиллагаанд гэрч оролцуулдаг учраас гэрч оролцсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг мэдээгүй гэж байна. Үнийн санал авахдаа дээрх хуулийн заалтыг тайлбарлаж өгсөн талаар тэмдэглэл тус бүрт байгаа. Үнэлгээ хийгдээгүй бөгөөд өөрсдөө үнийн санал өгсөн. Төлбөр авагч үнийн саналыг зөвшөөрөөд ажиллагаа явагдсан. Баталгаат шуудангаар мэдэгдэл явуулсан, үнэлгээтэй холбоотой гомдлыг 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ерболатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар төлбөр төлөгч ГШ ын хамт тус тусдаа дуудлага худалдаанд оруулах барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг 350,000,000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн. Энэ үнийг төлбөр авагч би зах зээлийн үнээс хэт өндөр тогтоосон үнэ гэж үзсэн боловч төлбөр төлөгчдийн өгсөн үнээр оруулахыг зөвшөөрсөн. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Дуудлага худалдаа болох тухай мэдэгдэл төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлж байсан бөгөөд дуудлага худалдааны тухай зарыг өдөр тутмын сонин болон интернэтэд 14 хоногийн өмнө мэдээлж байсан нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй. Энэ талаар төлбөр төлөгчид нь 2017 оны 07 сарын 25-ны өдөр, 2017 оны 08 сарын 10-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх уг гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шат шатны албан тушаалтнууд уг гомдлыг хүлээн аваагүй байна. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрсдийн биеэр очиж шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцаж байгаагүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байна. Үүний тод жишээ нь 2017 оны 06 сарын 21-нд хоёр дахь дуудлага худалдаа болсны дараа худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцож авахыг санал болгох ажиллагаанд гурван удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй болно. Эцэст нь үндэслэлгүйгээр шүүхэд гомдол гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж удаашруулах гэсэн санаа. Иймд уг гомдлыг хуульд заасны дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж байнга хурдан гүйцэтгэх талаар хэлж байсан. Гэтэл хуулийн хугацааны дагуу явуулна гэдэг байсан. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлд дурдаагүй үндэслэл ярьж байна. Гэтэл хураах ажиллагааны талаар маргаан үүсгээгүй. Хэрэв үнээ багаар хэлсэн бол дуудлага худалдаагаар зарагдах л байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002.01.10/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө байр, зоорийн давхарын 96 тоот 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б , Д  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 767 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 28652 дугаар захирамж, 3187 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 09 сарын 29-ний өдөр 16261607 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж нэхэмжлэгч нарт анхан болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг зохих журын дагуу мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.5.10-ны өдрийн 5/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017.6.06-ны өдрийн 6/49 тоот Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Дээрх тогтоолуудад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулж буй албадан дуудлага худалдаа хэзээ, хаана, хэдэн цагт болох дуудлага худалдаанд оруулж буй хөрөнгийг хэдэн төгрөгөөр дуудлага худалдаанд санал болгох гэж байгаа талаар тодорхой мэдээлэл байдаг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас анхан болон 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолуудыг нэхэмжлэгч нарт шуудангаар хүргүүлсэн гэх боловч тухайн шуудан нь дандаа дуудлага худалдаа зохион байгуулагдаж өнгөрсний дараа нэхэмжлэгч нарт хүргэгдэн ирсэнийг нэхэмжлэгч нар хариуцагчийг хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл болсон. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс “Монгол шуудан” ХК-аас маргаан бүхий акт болох 2017.5.10-ны өдрийн 5/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017.6.06-ны өдрийн 6/49 тоот Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг хариуцагч хэзээ шууданд өгсөн, шуудангаас уг тогтоолуудыг хэзээ нэхэмжлэгч нарт хүргэж өгсөн талаарх уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлүүлэх /гаргуулах/ хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан боловч шүүхээс тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь зохигч өөрөө бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх зарчим зөрчигдсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.5.10-ны өдрийн 5/8 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017.6.06-ны өдрийн 6/49 тоот Үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудыг нэхэмжлэгч нар дуудлага худалдаа болохоос өмнө хүлээж авсан эсэх нь тодорхойгүй хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс “...Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т нийцсэн байна...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг шууд хохироосон гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх "...хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 10 цагт оруулах тухай 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 5/8 дугаар тогтоол гаргаж, төлбөр төлөгч ГШ , өмчлөгч Б , Д  нарт 2017 оны 05 сарын 15-ны өдөр 3/14287 дугаар Мэдэгдэл гэх баримтыг 2017 оны 05 сарын 17-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна. Энэ нь баталгаат шуудангийн дардас бүхий тэмдэгээр тогтоогджээ...” хэмээн дүгнэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 сарын 21-ний өдөр оруулах тухай 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 6/49 дугаар тогтоол гаргаж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 06 сарын 09-ний 3/16798 дугаар Мэдэгдэх хуудсыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зуйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу дээрх хэлбэрээр буюу тэдгээрийн оршин суух хаягаар мэдэгджээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн мэдэгдэх хуудсыг биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлж болох заалтад нийцэж байна, ... Эдгээрээс үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч тал төлбөр төлөгч болон өмчлөгч нарын хуулиар тогтоосон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийг анхан болон хоёр дахь дуудлага худалдааны мэдэгдлийг хэзээ шууданд хийсэн талаар маргаагүй гагцхүү тухайн мэдэгдэх хуудас нь дуудлага худалдаа зохион байгуулсны дараа нэхэмжлэгч нарт ирж байгаа учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бодит нөхцөл байдлыг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс тухайн үйл явдлыг тогтоох баримтыг шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн боловч шүүхээс дээрх дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 116 дугаар зүйлийн 116.2-т тус тус заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 767 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д , Б  нар нь барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө байр, зоорийн давхарын 96 тоот 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарын тохиролцсоноор тогтоож, хуульд зааснаар үнийг тодорхой хувиар буулгаж дуудлага худалдаанд оруулсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч А.Ерболат бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 28652 дугаар захирамж, 3187 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 16261607 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Улмаар тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07031 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б , Д  нарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, зоорийн давхарт 96 тоот 18 м.кв зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 155 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр маргаж буй дээр дурдсан Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Нарны замын 102 дугаар байрны 56 тоотод байрлах 94.5 м.кв талбайтай 3 өрөө, зоорийн давхарт 96 тоот 18 м.кв зогсоолыг битүүмжилж, 5179/01 дугаар тогтоол гарсныг төлбөр төлөгч ГШ т мэдэгдсэн байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ГШ  нь энэ тухай өмчлөгчид мэдэгдэхээр болсон тухай тусгагджээ. 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дээрх эд хөрөнгийг хураах тухай 04/09 дүгээр тогтоол гарч, ажиллагаа хийгдэхдээ хөндлөнгийн 2 гэрч оролцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр ажиллагааг  хууль зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч ГШ , 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б , 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Д  нар нь барьцааны зүйл болох 94.5 м.кв талбайтай 3 өрөө, зоорийн давхарт 96 тоот 18 м.кв зогсоолын үнийг нийт 350,000,000 төгрөг гэж санал гаргасныг төлбөр авагч А.Ерболат зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шинжээчээр үнэлгээний талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нийцсэн, үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдааны комисст дээрх 3 өрөө орон сууц, 18 м.кв зогсоолын талаар санал оруулсан, мөн оны 05 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5/8 дугаар тогтоол гарч, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч ШШ , нэхэмжлэгч Б , Д  нарт хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн мэдэгдэл хүлээн авсан   дугтуйнд дарагдсан шуудангийн тэмдгээр тогтоогджээ. Албадан дуудлага худалдааны мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Түүнчлэн хариуцагч нь Өнөөдөр сонины 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт анхны албадан дуудлага худалдааны тухай мэдээлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нийцсэн байна.

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдааны комисст 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах санал, 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 6/49 дугаар тогтоолыг тус тус төлбөр төлөгч ГШ  болон нэхэмжлэгч Б , Д  нарт шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймээс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/8 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай  шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл нь давж заалдах журмаар гаргасан гомдолтой ижил агуулгатай байх тул давж заалдах шатны шүүхээс гомдлын үндэслэлд няцаалт хийсэн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00395 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 767 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН