Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Цын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Цад холбогдох 1708000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овогт .............гийн ............., 1979 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ............. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ............./,

- Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Д.Ц нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22 дугаар байрны тоглоомын талбай дээр иргэн Д.Быг “биедээ зүүж явсан суран бүсээ өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг хөлөөрөө хавсарч газарт унаган, толгой, нүүрэн тус газар нь өшиглөж, цохиж биед нь “Баруун хацар, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шууны гадна дунд улаан, ягаан зулгаралтуудтай, зүүн гарын хурууны хумс хугарч, өндгөнд улаан ягаан шинэ зулгаралтууд” бүхий олон тооны шарх гэмтэл, толгойд “тархины баруун тал бөмбөлөгийн зулайн хатуу бүрхүүл доорх хурц цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зулай, баруун зүүн тал бөмбөлөгийн суурийн духны хэсгийн аалзан бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, зулай ясны салсан болон шугаман хугарал, зулайн хуйх, оройн шар хальсанд цус хуралт” бүхий битүү гэмтлүүд учруулан Д.Бы хүрэн өнгийн суран бүс, мөнгөн бөгж, хүзүүний зүүлт зэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, түүний биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Цын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ............. овогт .............гийн .............ыг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7-д зааснаар Д.Цыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Цын эдлэх 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Цын урьдчилан цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 508, 510 дугаар зүйлүүдэд зааснаар Д.Цаас 5.119.459 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг, Партизаны 9-3 тоотод оршин суух /ТЯ75060418 регистрийн дугаартай/ Д.Баттулгад олгож, уг хохирлыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Цад үүрэг болгож, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад хохирлыг нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Д.Цын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн суран тэлээ, мөнгөн бөгжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгад буцаан олгож, камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, Д.Цад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж Оюунчимэг нь өндөр настай, бие муутай, охин Мандалмаа 9 настай, энэ хоёр хүнийг надаас өөр асран хамгаалах хүн байхгүй. Д.Ц миний бие өөрийн буруугаас болж ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс нэхэмжилж байгаа 12.587.854 төгрөгийн 6.000.000 төгрөгийг төлсөн. Хохирол төлбөрийг гүйцээж төлнө. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Ц хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын эхэн үеэс хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн асуудалд маргаан байхгүй. Учруулсан хохирлыг хэсэгчлэн төлсөн. Анхан шатны шүүхээс даалгасан төлбөрийг төлөхөө бүрэн илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийг хэрэглэсэн буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх шинж болох онц харгис хэрцгий аргаар алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэрэг гарсан бодит байдлууд нөхцөл байдлыг нотолж байгаа, нотлох баримтуудаар авагдсан баримтуудад дүн шинжилгээ хийгээд үзэхээр онц харгис хэрцгий арга гэдгийг улсын яллагчийн зүгээс үзэхдээ олон тооны зулгаралтууд үүссэн байхыг онц аюултай аргыг хэрэглэж алсан гэсэн байгаа. Ингэж үзэх хууль зүйн боломжгүй. Учир нь онц аюултайгаар үйлдэх аргаа сонгож, хэрэгжүүлсний эцэст хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн байхыг онц харгис хэрцгий арга гэдэг ойлголтод хамруулна гэж үзэж байна. Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтаар хүндрүүлж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд цусанд 2.7 промилийн агууламжтай спирт илэрсэн гэж байгаа боловч шинжээчийн тэмдэглэлд согтолт нь тухайн хүний бие, физиологийн байдлаас болж биеэ хамгаалах, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвар харилцан адилгүй байна гэсэн байцаалт нотлох баримтаар авагдсан байдаг. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан гэсэн ойлголтод хамааруулах хууль зүйн боломжгүй юм гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Ц.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн тайлбарыг дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан бичлэгт бүх зүйл тодорхой байгаа. Өөдөөс нь биеэ хамгаалах чадваргүй, ямар ч үйлдэл хийгээгүй, маргасан зүйл байхгүй. Зүгээр сууж байхад нь босч ирээд хавсарч унагаагаад, өшиглөөд эд зүйлийг бүгдийг авч байгаа үйлдэл бичлэгт тодорхой байгаа.” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудаар зүйлчилсэн нь үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт онц харгис хэрцгий аргаар үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа гэж байна. Хавтас хэрэгт хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдэд талийгаачийн биед олон тооны шарх тогтоогдсон байдаг. Үүнээс гадна камерын бичлэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Д.Ц талийгаачийг олон удаа цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр хүндрүүлж ял сонсгосон байгаа. Мөн 2.5 дахь хэсэгт өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авсан гэдэгт тухайн хэрэг гарсаны дараа шүүгдэгч Д.Цын биед үзлэг хийсэн тэмдэглэлд талийгаачийн хэрэглэж байсан тэлээ, бөгж хураагдсан нь эд мөрийн баримтаар авагдаж тогтоодсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэж зүйлчилсэн асуудал нь хэрэгт авагдсан камерын бичлэгээр шүүгдэгч Д.Ц талийгаачийг зодож байгаа нөхцөлд талийгаач ямар нэг эсрэг үйлдэл хийхгүй, биеэ хамгаалах чадваргүй байдал тогтоогдсон байдаг. Үүнээс гадна талийгаачийн цуснаас 2.7 промилийн буюу хүнд зэргийн согтолттой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс үндэслэж хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар прокуророос гаргасан зүйлчлэлийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цад 15 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Д.Цад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн шүүгдэгч Д.Цын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Д.Ц нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22 дугаар байрны тоглоомын талбай дээр иргэн Д.Быг “биедээ зүүж явсан суран бүсээ өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг хөлөөрөө хавсарч газарт унаган, толгой, нүүрэн тус газар нь өшиглөж, цохиж биед нь “Баруун хацар, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шууны гадна дунд улаан ягаан зулгаралтуудтай, зүүн гарын хурууны хумс хугарч, өндгөнд улаан ягаан шинэ зулгаралтууд” бүхий олон тооны шарх гэмтэл, толгойд “тархины баруун тал бөмбөлөгийн зулайн хатуу бүрхүүл доорх хурц цусан хураа, баруун тал бөмбөлөгийн зулай, баруун зүүн тал бөмбөлөгийн суурийн духны хэсгийн аалзан бүрхүүл доорхи голомтлог цус харвалт, зулай ясны салсан болон шугаман хугарал, зулайн хуйх, оройн шар хальсанд цус хуралт” бүхий битүү гэмтлүүд учруулан Д.Бы хүрэн өнгийн суран бүс, мөнгөн бөгж, хүзүүний зүүлт зэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, түүний биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 17 цагийн үед очиход ертөнцийн зүгээр зүүн талын сандал дээр 4 залуу суучихсан, хажууд нь гараа сойж боосон бараан өнгийн хувцастай эмэгтэй байсан. Намайг очиход архи хийж өгөөд би уусан. Тэгээд сууж байтал нэг согтуу эрэгтэй хүрч ирэхээр нь бид нар ижилхэн согтуу байсан учир архинаасаа хийж өгсөн чинь тэр эрэгтэй уусан. Тэгэхэд тэр эрэгтэй хэвлийгээрээ цэрэг хүрэн өнгийн тэлээ зүүсэн байхаар нь хүчээр тайлаад авсан чинь уурлаад над руу дайраад намайг бариад авахаар нь би баруун хөлөөрөө хавирч унагасан. Тухайн эрэгтэйг надаас өөр хүн цохиогүй, тэр эрэгтэй нилээн согтуу байсан. Миний хийсэн үйлдлээс болж талийгаач амь насаа алдсан байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би амь хохирогчийн биеэс өмдний тэлээ, мөнгөн бөгж зэргийг авснаа сүүлд мэдсэн. Намайг цагдаа нар гэрээс очиж авсан, надаас цэрэг хүрэн тэлээ, цагаан өнгийн металл бөгж зэргийг хураасан, харин хүзүүний гинж нь тасарсан байсан, хаана алга болсон талаар мэдэх зүйл алга.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182, 187 дугаар хуудас/,

гэрч А.Эрхэсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүний амь нас хохирсон хэргийн газарт очиж биечлэн сурвалжлага хийж ажиллаж байхдаа шөнийн 02 цаг 25 минутанд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны засаг даргын өрөөнд байрлуулсан хяналтын камерийн 21 дүгээр байрны хажуу талд байдаг хүүхдийн тоглоомын талбай руу чиглэсэн камерийн бичлэгийг 16 гегабайт багтаамжтай флаш дискенд хуулж авсан. Уг камерийн бичлэгт гарсан гэмт хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээлэл байсан тул хуулбарлан авсан. Хуулбарлаж авсан бичлэгээ хэлтсийн мөрдөн байцаах тасгийн “Делл” загварын компьютерт хуулбарлаж өгсөн. Уг бичлэгт хэрэг учрал тодорхой бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид их тархины баруун тал бөмбөлгийн зулайн хатуу бүрхүүл доор хурц цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай, баруун зүүн тал бөмбөлгийн суурийн духны хэсгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, зулайн ясны салсан болон шугаман хугарал, зулайн хуйх оройн шар хальсанд цус хуралт, баруун хацар, баруун өвдөг, зүүн өвдөг, шилбэ, зүүн шуу, сарвуунд зулгаралтууд, баруун тохойд цус хуралт, уушигний гялтан эдэд цус хуралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн шилбэний зулгаралт, баруун тохойн цус хуралт хуучин, бусад гэмтлүүд шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн толгойн гэмтлүүд нь үхэлд шууд хүргэсэн байна. Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2.7, шээсэн 3.8 промилл спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 2.7 промилл спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтонд хамаарна. Талийгаачид учирсан толгойн гэмтлүүд нь эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна. Э.Талийгаач нь толгойн битүү гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх 2188 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,

“...Шинжилгээнд ирүүлсэн А/2188 Нэр хаяггүй 35 гаруй настай эрэгтэй 1/5 гэсэн хаягтай цусанд 2.7 промилл, шээсэнд 3.8 промилл спиртийн агууламж илэрч байна.” гэх 10452 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...16 цаг 59 минут 34 секунтэд: цайвар малгайтай, цайвар оруулагатай куртиктэй эрэгтэй /Д.Ц/ хүн ертөнцийн зүгээр баруун тийш харж сандал дээр суусан камерийн бичлэгийн араас харахад зүүн гар талд нь цайвар өнгийн юүдэнтэй малгайтай гэмээр бараан хувцастай /амь хохирогч Д.Б/ хүнийг энгэрээс нь 2 гараараа барьж суудлаас нь татаж босгоод ертөнцийн зүгээр урьд тал руу татаж хөлөөрөө хавсарч унаган буцаж байгаа, анх байсан газраа очиж байгаа бичлэг, 17.00 цагийн үед цайвар өнгийн юүдэнтэй малгайтай гэмээр бараан хувцастай /амь хохирогч Д.Б/ босож ирэхэд бараан өнгийн малгай газар үлдэж өөрөө гуйвж явж очиход цагаан малгайтай цайвар оруулагатай куртиктэй эрэгтэй /Д.Ц/ баруун гарын тохой орчмоос нь барьж баруун хөлөөрөө хавсарч савж унагаж, толгойны орчмоос өшиглөж буй үйлдэл хөдөлгөөний хэлбэр, хэсэг хугацааны дараа мөн очиж толгойны хэсгээс нь өргөж буй хөдөлгөөний хэлбэр, мөн дээрээс нь цохиж буй үйлдэл хөдөлгөөний хэлбэр, өмдний тэлээг нь тайлж аваад анх байсан газраа очиж тэлээг өөрөө бүсэлж байгаа хөдөлгөөний хэлбэр дүрс, 17 цаг 02 минут 23 секунтээс 17 цаг 08 минут 44 секунтын хооронд цагаан малгайтай цайвар оруулгатай куртиктэй эрэгтэй /Д.Ц/ удаа дараа очиж уг хөдөлгөөнгүй хэвтэж буй цайвар өнгийн юүдэнтэй малгайтай гэмээр бараан хувцастай /амь хохирогч Д.Б/ хүн дээр очиж толгой хэсгээс өргөх, гараараа толгойн нь хэсэгт цохих, мөн тонгойж буй хөдөлгөөний хэлбэр хийж буй дүрс, 17 цаг 09 мнут 10 секунтээс хойш талбай дээр цайвар өнгийн юүдэнтэй малгайтай гэмээр бараан хувцастай /амь хохирогч Д.Б/ хүн уг газарт ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтсээр байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судалж хэргийн үйл баримтыг дүгнэхэд тухайн үед амь хохирогч Д.Б нь хүчтэй зэргийн согтолттой байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн А/2188 Нэр хаяггүй 35 гаруй настай эрэгтэй 1/5 гэсэн хаягтай цусанд 2.7 промилл, шээсэнд 3.8 промилл спиртийн агууламж илэрч байна.” гэх 10452 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төдийгүй шүүгдэгч Д.Ц түүнийг заамдан босгож, газарт хавсарч унагааж, түүнийг цохих үйлдэл хийхэд эсэргүүцэж, хориглосон ямар ч үйлдэл хийгээгүй болох нь тогтоогджээ. Шүүгдэгч Д.Ц нь амь хохирогчийг сууж байхад нь заамдан чирж босгон хөлөөрөө хавсарч хүчтэй дугтран хоёр удаа газарт толгойгоор нь савуулан унагаж, улмаар түүний нүүр, толгойн тус газарт нь цохиж, өшиглөх зэргээр зодсон байна.

Шүүгдэгч Д.Цын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Цын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Д.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                Ц. ОЧ