Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0501

 

 


Г.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал,

Нэхэмжлэгч: Г.М,

Хариуцагч: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл,

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 118/2022/0011/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11, 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 61.1.11, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Г.Мг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын  албан тушаалд томилохгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.М Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохыг тус сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “... 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор урьд гаргасан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоо хүчингүй болгосон нь хууль бус байна. Тодруулбал, хариуцагч салбар зөвлөл 2022 оны 18 дугаар тогтоолыг гаргахдаа ... Төрийн албаны зөвлөлийн “Зөрчил арилгуулах тухай” 01/336 дугаар албан бичгийг үндэслэсэн нь хууль бус байна. Төрийн албаны зөвлөл нь салбар зөвлөлд үүрэг чиглэл болгосон арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан ба энэ чиг үүрэг нь хуулийн хүрээнд байх ёстой. Энэ агуулгаар Салбар зөвлөл дээд шатны байгууллагынхаа хуульд нийцсэн шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх нь шударга ёсны болон хууль дээдлэх зарчимд нийцэхээр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, ... хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана гэж заасан болохоор нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй захиргааны актын үндэслэл болон Төрийн албаны зөвлөлийн “Зөрчил арилгуулах тухай” 01366 дугаартай албан бичгийг үндэслэсэн нь хууль бус байна. Төрийн албаны зөвлөл нь салбар зөвлөлд үүрэг чиглэл болгосон арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан ба энэ чиг үүрэг нь хуулийн хүрээнд байх ёстой гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.

2.3.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дээд шатны байгууллагынхаа үүрэг даалгаврыг хуульд нийцсэн шийдвэр мөн эсэх талаар ямар нэгэн нотлох баримт, сонсох ажиллагаа явуулах хуульд заасан эрхийг захиргааны байгууллагад олгоогүй байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Г.М-ээс “Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилохгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилохыг Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгуулах,

Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга, Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд тус тус холбогдуулан гаргажээ.

2.Анх нэхэмжлэгч Г.М нь Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар[1] насан туршийн боловсролын нэгжийн багшийн албан тушаалд томилогдсон.

3.Нэхэмжлэгч Г.М Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар[2] Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

4.Үүний дараа тус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар[3] нэхэмжлэгч Г.М Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгожээ.

5.Уг захирамжийг хууль бус гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Мг Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хавсран гүйцэтгэх ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

6.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 672 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

7.Цагаанхайрхан сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/187 дугаар албан бичгээр[4] Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлж, Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор комиссын бүрэлдэхүүнийг томилж, сонгон шалгаруулалтыг явуулжээ.

8.Тус сонгон шалгаруулалтад Г.М, Б.А нар нэр дэвшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Г.М 79.4, Б.Анхбаяр 57.0 оноог тус тус авсан болох нь Төрийн үнэлгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээний хуудсаар[5] тогтоогдож байна.

9.Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад 79.4 оноо авсан нэхэмжлэгч Г.Мг Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 06 дугаар тогтоолоор[6] Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн.

10.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/366 дугаар албан бичгээр[7] “... маргаантай асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг ... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан энэ цаг хугацаанд тухайн маргааныг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлээгүй байсан” гэж Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тухайн албан тушаалын сул ажлын байрны сонгон шалгаруулалтын дахин явуулж, сул орон тоог Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу нөхөх арга хэмжээг авч, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг даалгажээ.

11.Уг Төрийн албаны зөвлөлийн 01/366 албан бичгийг үндэслэн маргаан бүхий Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор[8] Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Анхан шатны шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх” гэсэн заалтыг хариуцагчаас буруу хэрэглэсэн,  

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/366 дугаар албан бичгийг үндэслэн Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд Г.М-г нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон хууль бус байна, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шударга ёсны болон хууль дээдлэх зарчимд нийцэхээр байна...дээд шатны байгууллагын хуульд нийцээгүй үүрэг чиглэлийг биелүүлэхээр хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасныг зөвтгөх боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

13.Учир нь Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Г.М Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхээс өмнө нэхэмжлэгчийг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэх хугацааг дуусгавар болгосонтой холбоотой иргэний хэргийн маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 672 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болж дуусгавар болсон гэж үзэхээр байна.

14.Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасны дагуу нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд иргэний хэргийн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд томилгоо хийх шийдвэрийг хариуцагчаас гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байтал хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 01/366 дугаар албан бичгийг үндэслэн урьд гаргасан хуульд нийцсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

15.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтлахаар, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд хууль дээдлэх зарчмыг баримтлахаар тус тус заасан тул Төрийн албаны зөвлөлийн үүрэг, чиглэл нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй тохиолдолд түүнийг доод шатны байгууллага нь дагаж мөрдөх нь тухайн доод шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа мөн хуульд нийцэхгүй болох үр дагавартай тул дээд шатны байгууллагын хуульд нийцээгүй шийдвэрийг доод шатны байгууллага дагаж мөрдөх үүрэггүй юм.

16.Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн “Төрийн албаны зөвлөл нь салбар зөвлөлд үүрэг чиглэл болгосон арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан ба энэ чиг үүрэг нь хуулийн хүрээнд байх ёстой гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна...шийдвэр гаргах ажиллагаанд дээд шатны байгууллагынхаа үүрэг даалгаврыг хуульд нийцсэн шийдвэр мөн эсэх талаар ямар нэгэн нотлох баримт, сонсох ажиллагаа явуулах хуульд заасан эрхийг захиргааны байгууллагад олгоогүй байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

17.Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах комиссын даргаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Б-г, гишүүдээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Ж.Х, Х.О, мэргэжилтэн Д.С, нарийн бичгийн даргаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга П.М нарыг томилсон болох нь Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комисс байгуулах тухай” 05 дугаар тогтоол, Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн үнэлгээний хуудсаар[9] тогтоогдож байна.

18.Иймээс хариуцагч Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Б-аас шүүх хуралдаанд гаргасан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Б, Ж.Х, Х.О нар нь тухайн үед салбар зөвлөлийн гишүүн байсан эсэх талаар нотлох баримтыг аваагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 15 дахь тал

[2] Хэргийн 16 дахь тал

[3] Хэргийн 17 дахь тал

[4] Хэргийн 165 дахь тал

[5] Хэргийн 138 дахь тал

[6] Хэргийн 71 дэх тал

[7] Хэргийн 82 дахь тал

[8] Хэргийн 81 дэх талын ар нүүр

[9] Хэргийн 139 дэх тал