Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 165

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Ад холбогдох эрүүгийн 2007001750169 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр, хүүхдийн хамт .......................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Г.А /РД:  /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.А нь 2020 оны 4 дүгээр сарын 10-аас 11-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн, байрны 40 тоотод иргэн Г.Гын гэрт 2 сартай хүү Ш.Ж хамт орон дээр хэвтэн улмаар хөхүүлэх явцдаа хөхөөрөө дарсны улмаас Ш.Жөд амьсгал бүтэлт үүсэж улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Г.А  нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз Ганбаярын гэрт очсон. Тэгээд 2 том шар айраг, 1 шил хараа архи авч уусан. Гэхдээ би архинаас бол уугаагүй. Унтахаасаа өмнө би хүүгээ хөхүүлсэн. Шөнө сэрээд 02 цагийн үед дахин хөхүүлсэн. 05 цагийн үед хөхүүлсэн. Өглөө сэрэхэд хүүхэд над руу харсан байдалтай, хамраас нь цус гарсан, байхаар нь би айгаад шууд эмнэлэг рүү явсан. Манай нөхөр бид 2-ын харилцаа хэвийн байгаа. Би 05 цагийн үед хөхүүлэх дээ хэвтэж байсан. Хэрэг гарах үед хүүхэд маань 2 сар 10 хоногтой байсан. Би нөхөртэйгөө гэрлээд 6 жил болж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Хэрэг гарах үед хөдөө ажилтай байсан. Би Өмнөговь аймагт ажилтай байсан. Хөдөөгөөс гараад ******* дүүрэгт маргааш нь ирсэн. Би эхнэртэй бурууг өгөхгүй. Миний буруу их байгаа. Хөдөө ажлаар явдаг болохоор гэртээ анхаарал хандуулж чадалгүй, ар гэрийн асуудал маань ийм байдал хүрсэн байх. Эхнэр бид хоёр залуу хүмүүс цаашдаа дахин үр хүүхэдтэй болж амьдана шүүх нь байдлыг харгалзан үзнэ үү. Хэрэг гарснаас хойш эхнэр маань сэтгэл санаагаар унаж, хэцүүхэн байгаа. Бид хоёр гэр бүл болсноос хойш архи хэрэглэж байгааг нь би харж байгаагүй. Тэр өдөр яагаад пиво уусныг нь мэдэхгүй байна.” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Т.Г.А Э.*******ын хамт манай гэрт 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орой 18 цаг өнгөрч байх үед хүүхдээ тэвэрчихсэн халамцуу 1 том Хараа архи, 2 том пиво барьчихсан орж ирэхээр нь "жаахан хүүхэдтэй байж уугаад яваад байж болж байгаа юм уу" гэхэд Г.А "хөөгөөд байгаа юм" гэхээр нь "үгүй дээ үгүй сууцгаа" гээд эхнэр бид 4 ууцгаасан. Би маргааш нь ажилтай байсан тул шөнө 3 цагийн үед тэр хэд юм яриад суугаад үлдсэн. Г.А хүүхдээ хөхүүлээд орон дээрээ хэвтэж байсан. Үүрээр 5 цагийн орчимд манай бага хүү уйлагнахаар нь би сэрж тэврээд ...тэр үед Г.Аг очиж харж байхад зүгээр үү гэхэд зүгээр байна гэж хэлсэн. Өглөө 08 цагийн үед муухай орилоод явсан гээд босож очиход хүүхдийн хамраас нь цус гарсан байхаар нь хүүхэд яасан гээд үзэхэд амьсгалахгүй байсан. Дээлэнд ороогоод эмнэлэг дээр ирэхэд эмч үзээд 40-50 минутын өмнө бүтсэн байна, нас барчихсан байна гэж хэлсэн. Шөнө 3 цагийн үед хүүхэд уйлагнахад Г.А хөхөө өгөөд өөрөө цаагуураа ороод хэвтсэн. Г.А манайд ирэхдээ жаахан хамалцуухан байсан ба ирснээсээ хойш бага зэрэг уусан. Унтах үедээ гайгүй л байх шиг байсан. ******* эхнэр бид нар жаахан халамцуу байсан." гэх мэдүүлэг

/хх-ийн 26 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...05 цаг 50 минутын үед ...Г.Аг харахад хүүхдийнхээ хажууд цаана хөхөө гаргачихсан унтаж байсан. Г.Аг очиж харахад хүүхэд нь амьсгалаад хэвийн байдалтай байсан ба ээж рүүгээ харчихсан байсан. Г.А нь манайд ирэхдээ жаахан халамцуу байсан манайд ирээд бага зэрэг уусан", "Талийгаач тухайн үед өлгийдөөгүй хувцастай байсан ба тэмээний ноосон зузаан хөнжил нөмөрсөн байсан уг хөнжил нь талийгаачийн биеийн цээж хэсгээр байх шиг байсан. Г.А талийгаачийн цаагуур баруун гараа дэрлүүлээд хэвтээд хөхүүлж байсан. Г.А манайд ирэхдээ тийм ч аймар согтуу байгаагүй, ер нь хэл ам нь ээдэрсэн байдалтай мөн нүүр нь бага зэргийн улайсан байсан" гэх мэдүүлэг, 

/хх-ийн 28, 39 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Г.А нялх хүүхэдтэйгээ жаахан уучихсан бололтой халамцуу байсан. Тосож аваад би Н.*******ын гэрт хүргэж өгөөд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод хоол ундаа хийж байхад Г.А залгаад дуудаад байхаар нь 20 цагийн орчимд очиход уучихсан байсан. ...шөнийн 03 цагийн орчимд Г.А орон дээр хүүхэд нь уйлагнахаар нь унтсан. Өглөө 08 цагийн үед босоод би харилаа гэхэд Г.А яачих вэ гээд орилоод явчихсан би ч харж айгаад чадаагүй тэгтэл Г.Г хүүхдийн шууд дээлд ороогоод эмнэлэг рүү аваад явж би араас нь Г.Атай хамт очиход хүүхэд нь өнгөрчихсөн байна гэсэн" гэх мэдүүлэг

 /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн ШЭ/33 дугаар:

  1. "...Талийгаач амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ.
  2. Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  3. Талийгаачид суурь өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь эмнэлэгт үзүүлсэн бичиг байхгүй учраас эмнэлгийн тусламж үзүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
  5. Талийгаач нь А/II/ бүлгийн цусны харьяалалтай байна." гэх дүгнэлт

            /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

Г.Агийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 91-102 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгч ******* овогт Г.А нь 2020 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 40 тоотод иргэн Г.Гын гэрт 2 сартай хүү Ш.Ж хамт орон дээр хэвтэн улмаар хөхүүлэх явцдаа хөхөөрөө дарсны улмаас Ш.Ж амьсгал бүтэлт үүсэж улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч  Г.А нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчлөх саналтай байна гэв. хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Улсын яллагчийн яллаж байгаа гэмт хэргийн зүйчлэл дээр шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн байцаалтын явцад үнэн зөвөөр нь мэдүүлсэн, гэмт хэргийн гарах болсон нөхцөл байдал байна. Шүүх ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй хянан харгалзаж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 4 дүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Гын гэр болох  ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн, байрны 40 тоотод 2 сартай хүү Ш.Жийг баруун хөхөөрөө хөхүүлэх явцдаа амьсгал бүтэлт үүсгэж улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Агийн ...Унтахаасаа өмнө би хүүгээ хөхүүлсэн. Шөнө сэрээд 02 цагийн үед дахин хөхүүлсэн. 05 цагийн үед хөхүүлсэн. Өглөө сэрэхэд хүүхэд над руу харсан байдалтай, хамраас нь цус гарсан, байхаар нь би айгаад шууд эмнэлэг рүү явсан” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******гийн “...би эхнэртэй бурууг өгөхгүй. Миний буруу их байгаа. Хөдөө ажлаар явдаг болохоор гэртээ анхаарал хандуулж чадалгүй, ар гэрийн асуудал маань ийм байдал хүрсэн байх. Эхнэр бид хоёр залуу хүмүүс цаашдаа дахин үр хүүхэдтэй болж амьдана шүүх байдлыг харгалзан үзнэ үү. Хэрэг гарснаас хойш эхнэр маань сэтгэл санаагаар унаж, хэцүүхэн байгаа. Бид хоёр гэр бүл болсноос хойш архи хэрэглэж байгааг нь би харж байгаагүй. Тэр өдөр яагаад пиво уусныг нь мэдэхгүй байна.” гэх,

Гэрч Г.Гын: “...Өглөө 08 цагийн үед муухай орилоод явсан гээд босож очиход хүүхдийн хамраас нь цус гарсан байхаар нь хүүхэд яасан гээд үзэхэд амьсгалахгүй байсан. Дээлэнд ороогоод эмнэлэг дээр ирэхэд эмч үзээд 40-50 минутын өмнө бүтсэн байна, нас барчихсан байна гэж хэлсэн. Шөнө 3 цагийн үед хүүхэд уйлагнахад Г.А хөхөө өгөөд өөрөө цаагуураа ороод хэвтсэн. Г.А манайд ирэхдээ жаахан хамалцуухан байсан ба ирснээсээ хойш бага зэрэг уусан. Унтах үедээ гайгүй л байх шиг байсан. ******* эхнэр бид нар жаахан халамцуу байсан." гэх,     

            Гэрч Н.*******ын "...Г.А талийгаачийн цаагуур баруун гараа дэрлүүлээд хэвтээд хөхүүлж байсан. Г.А манайд ирэхдээ тийм ч аймар согтуу байгаагүй, ер нь хэл ам нь ээдэрсэн байдалтай мөн нүүр нь бага зэргийн улайсан байсан" гэх,

Гэрч Э.*******ын "... Гэртээ очоод хоол ундаа хийж байхад Г.А залгаад дуудаад байхаар нь 20 цагийн орчимд очиход уучихсан байсан. ...шөнийн 03 цагийн орчимд Г.А орон дээр хүүхэд нь уйлагнахаар нь унтсан. Өглөө 08 цагийн үед босоод би харилаа гэхэд Г.А яачих вэ гээд орилоод явчихсан би ч харж айгаад чадаагүй тэгтэл Г.Г хүүхдийн шууд дээлд ороогоод эмнэлэг рүү аваад явж би араас нь Г.Атай хамт очиход хүүхэд нь өнгөрчихсөн байна гэсэн" гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн ШЭ/33 дугаар: "...Талийгаач амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ." гэх дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1113000164 дугаартай Э.*******, Г.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ш.Жийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Жөд амьсгал бүтэлт үүсэж улмаар “амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* “Би эхнэртэй бурууг өгөхгүй, миний буруу их байгаа. Хөдөө ажлаар явдаг болохоор гэртээ анхаарал хандуулж чадалгүй, ар гэрийн асуудал маань ийм байдалд хүрсэн байх. Эхнэр бид хоёр залуу хүмүүс цаашдаа дахин үр хүүхэдтэй болж амьдана шүүх энэ байдлыг харгалзан үзнэ үү. Хэрэг гарснаас хойш эхнэр маань сэтгэл санаагаар унаж, хэцүүхэн байгаа. Бид хоёр гэр бүл болсноос хойш архи хэрэглэж байгааг нь би харж байгаагүй. Тэр өдөр яагаад пиво уусныг нь мэдэхгүй байна.” гэх,

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Г.А нь 2 сартай хүү Ш.Ж хамт орон дээр хэвтэн улмаар хөхүүлэх явцдаа хөхөөрөө дарсны улмаас Ш.Жөд амьсгал бүтэлт үүсэж улмаар амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Эрдэнэпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахаар үүрэг болгосугай.

 

            4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ