Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 166

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч С.Э,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Гт холбогдох эрүүгийн 2007000000166 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ......................................... тоотод оршин суудаг,

 урьд Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт М.Г                /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод эхнэр С.Эг хурдан хоол хий янхан минь хэмээн хэл амаар доромжлон улмаар түүний цээж болон нуруу орчимд хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  М.Г  нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би архи хэрэглэсэн байсан. Эхнэр маань орой хоол хийгээгүй байхаар нь би жаахан уурлаад хөлөөрөө нэг удаа л өшиглөсөн. Тийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, миний буруу. Би өөрөө хоол хийж чадахгүй. Би эхнэрээ санаандгүй хөлөөрөө жийсэн. Би урьд нь автобус баазад ажиллаж байсан. Би эрүүл үедээ эхнэртээ огт гар хүрч үзээгүй. Манай гэрт гэр бүлийн маргаан гарах бүрд эхнэр цагдаа дууддаг” гэв.

Хохирогч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай нөхөр намайг хоол хийсэнгүй гээд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тэр үед цагдаагийн байгууллагад хэлсэн. Эрүүл үедээ элдэв зан ааш байхгүй хүн. Зөрчлийн хэргээр баривчилгаанд яваад ирэхдээ их зүйл ойлгосон байна. Би гэртээ хоол хийгээгүй байсан нь миний буруу” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2020 оны 07 дугаар сарын 18-ны өглөө гэртээ очиход ээж аавд зодуулсан гэж хэлсэн. Нуруу хөхөрчихсөн хавирга хөндүүртэй хөдөлж чадахгүй байна гэж хэлэхээр нь би ээжийг дагуулаад *******ын эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Хотод очиж "гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь ээжийг аваад гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд 1 хавирга нь гэмтсэн байна, наалт наагаад шил үлээгээд байвал зүгээр болно гэж хэлсэн. 2020 оны 07 дугаар сарын 21 өдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн үед ээж над руу залгаад "аав чинь согтуу орж ирээд агсраад байна" гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг

/хх-ийн 17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №565 дугаар:

“...1. С.Эгийн биед цээж, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

/хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

            /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

            Нийслэлийн ******* дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 99 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 47-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгч М.Г нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод эхнэр С.Эг хурдан хоол хий янхан минь хэмээн хэл амаар доромжлон улмаар түүний цээж болон нуруу орчимд хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна.  Шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 290 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод эхнэр С.Эг хурдан хоол хий янхан минь хэмээн хэл амаар доромжлон улмаар түүний цээж болон нуруу орчимд хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч М.Гын ...Эхнэр маань орой хоол хийгээгүй байхаар нь би жаахан уурлаад хөлөөрөө нэг удаа л өшиглөсөн” гэх,

Хохирогч С.Эгийн: "... Манай нөхөр намайг хоол хийсэнгүй гээд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би тэр үед цагдаагийн байгууллагад хэлсэн." гэх,

Гэрч Г.*******гийн “...2020 оны 07 дугаар сарын 21 өдөр ажил дээрээ байж байхад 14 цагийн үед ээж над руу залгаад "аав чинь согтуу орж ирээд агсраад байна" гэхээр нь би цагдаад дуудлага өгсөнгэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №565 дугаар: “...С.Эгийн биед цээж, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.Г үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Эгийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд М.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт М.Гыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ