Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 167

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Ж.У,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суурь бодон Б.Эт холбогдох эрүүгийн 2007000000180 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт ................................ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.Э/РД:  /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 9 дүгээр байрны 16 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ж.Утэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт цохиж биед зүүн шанаа, эрүү, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч  Б.Э  нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тухайн өдөр би эхнэртэйгээ хамтдаа архи уусан. 1 шил архины тал үлдсэн байхад манай эхнэр нэхээд байсан. Манай охин орой 21.00 цаг өнгөрөөгөөд ирдэг юм. Би охин ирэх гээд байна гээд архийг нь нуусан. Бид 2 тэрнээс болж маргалдсан. Тэгээд Э.Б ирээд Э.Бгийн зүүн гар талын нэг залуу ирээд байж байтал манай охин гэртээ ирсэн. Манай охин тэр залууг айлд орж ирлээ гээд загнаад байхаар нь би тэр залууг өмөөрөөд охинтойгоо маргалдсан. Манай эхнэр охиноо өмөөрөөд тэрнээс болж маргаан гараад зби эхнэрийгээ 2 алгадсан. Тухайн үед эхнэрээ заавал цохихгүйгээр асуудлыг шийдэх боломжтой байсан. Би архинаас болж ийм үйлдэл хийсэн. Тэрнээс хойш би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэв.

Хохирогч Ж.У нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Манай нөхөр 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаднаас архитай орж ирэхээр нь би нөхрийгөө согтчих байх гэж бодоод тэр архинаас нь жаахан амссан. Тэгээд сүүлдээ архиа хаана хийсэн бэ? согтчих вий дээ гэж бодоод асуусан чинь хөргөгч дээр тавьсан байсныг нь би анзаараагүй. Тэгтэл хажуу байрны нэг залуу эрүүл орж ирээд байж байтал охин хотоос ажлаасаа бууж ирээд наад хүн чинь хаанаас ирсэн юм. Нялх нойтон хүүхэдтэй айлд согтуу архи уугаад дээрээс нь хүн ороод ирсэн байх юм гээд тэр хүнийг манай охин та гар гар гээд хэлээд байж байтал аав нь гаднаас хүн орж ирэхэд уурлалаа гээд охиноо зандраад загнасан. Тэгэхээр нь би уурлаад чи ганц охинтой юм байж айлгаж сүрдүүллээ гэж хэлэхэд намайг алгадсан. Би архийг нь аминдаа авч нуух санаатай л нэхээд байсан юм. Манай зээ охин тухайн үед 7 сартай байсан. Цагдаад охин дуудлага өгч дуудсан. Бид 2 огт хэрэлдэж зодолдож үзээгүй. Тухайн үед л охиноо өмөөрч л маргалдсан. Нөхөр маань охиноо зодсон асуудал байхгүй уурандаа намайг л алгасан. Манайх охин, зээтэйгээ хамт амьдардаг.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №592 дугаар:

1. "Ж.Уийн биед зүүн шанаа, эрүү, зүүн шуунд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

/хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

            Шинжээч томилж үнэлгээ хийлгэх тухай тогтоол

            /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 9 дүгээр байрны 16 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Ж.Утэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт цохиж биед зүүн шанаа, эрүү, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.У нь шүүгдэгч Б.Эээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Иймд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгож, торгох ялыг төлөх хугацааг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,  

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Эийн “...Манай эхнэр охиноо өмөөрөөд тэрнээс болж маргаан гараад би эхнэрийгээ 2 алгадсан.” гэх,

Хохирогч Ж.Уийн “...Нялх нойтон хүүхэдтэй айлд согтуу архи уугаад дээрээс нь хүн ороод ирсэн байх юм гээд тэр хүнийг манай охин та гар гар гээд хэлээд байж байтал аав нь гаднаас хүн орж ирэхэд уурлалаа гээд охиноо зандраад загнасан. Тэгэхээр нь би уурлаад чи ганц охинтой юм байж айлгаж сүрдүүллээ гэж хэлэхэд намайг алгадсан. Би архийг нь аминдаа авч нуух санаатай л нэхээд байсан юм.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №592 дугаар:"Ж.Уийн биед зүүн шанаа, эрүү, зүүн шуунд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Уийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ