| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0936/Э |
| Дугаар | 924 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 924
2020 10 27 2020/ШЦТ/924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: И.Мөнхцэцэг;
шүүгдэгч: Э.А /өөрийгөө өмгөөлж/;
шүүгдэгч: Т.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А, Т.А нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, Э.А,
2. Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн техникч мэргэжилтэй, “Алтай Констракшн” ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, , урьд ял шийтгэлгүй, Т.А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.А, Т.А нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 21 ширхэг нарс мод бэлтгэсэн,
мөн яллагдагч Э.А нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 21 ширхэг нарс модыг 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6209 УББ улсын дугаартай “Хьюндей Портер” маркийн хэрэгслийг 80.000 төгрөгөөр хөлсөлж тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 6-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9/, 6209УББ дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, 21 ширхэг нарсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 16-21, 22-31/,21 ширхэг нарс мод болон төмөр хөрөөг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/, ”Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайлан /xx-ийн 35-39/, Нийслэлийн Байгаль орчны газрын Модны экологи-Эдийн засгийн үнэлгээний дүгнэлт /xx-ийн 48-50/, иргэний нэхэмжлэгч Г.Нацаг /xx-ийн 57-58, 59/, гэрч Д.Болд-Эрдэнэ /xx-ийн 62/, гэрч Э.Цэрэнхүү /xx-ийн 63-64/, гэрч Ж.Эрдэнэ /xx-ийн 65-67/, гэрч Ч.Бүтэнсайн /xx-ийн 74/, гэрч X.Батбаасан /xx-ийн 75/, гэрч А.Оюун-Ундрах /xx-ийн 77/, гэрч А.Отгонбаатар /xx-ийн 77/ нарын мэдүүлэг, эд зүйл, баримт бичиг, ...хүлээн авсан туахй тэмдэглэл /хх-ийн 78-80/, гэмт хэрэг үйлдэгдсэн газрын эзэмшигч нарын талаарх мэдээлэл /xx-ийн 155-196/, Э.Цэрэнхүүгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /xx-ийн 108-116/, Э.А, Т.А нарын хохирол төлсөн баримт /xx-ийн 210, 213, 224/, Э.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /xx-ийн 117-118/, Э.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /xx-ийн 130-131/, Т.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /xx-ийн 83, 132, 215, 217-219/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 201-203/, Т.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /xx-ийн 140-141/, Э.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /xx-ийн 148-149/ болон шүүхийн шатанд Т.А хохирлоос төлсөн гэх баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А, Т.А нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 21 ширхэг нарс мод бэлтгэсэн,
шүүгдэгч Э.А нь дээрх зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 21 ширхэг нарс модыг 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүxбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6209 УББ дугаартай “Xьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 80.000 төгрөгөөр хөлсөлж тээвэрлэсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
иргэний нэхэмжлэгч Г.Нацагийн /xx-ийн 57-58, 59/: “...Сүxбаатар дүүргийн 20 дугаар хороо “Гүнжийн ам” гэх газарт шинэс, нарс төрлийн холимог моднууд ургадаг. Тухайн газрын хяналтыг орон нутгийн байгаль хамгаалагч, Нийслэлийн Байгаль орчны газраас давхар хяналт тавих ёстой байдаг. ...Гэрчилгээгээр тухайн газрыг эзэмшиж байгаа боловч тухайн газарт ургасан хуурай болон үндсээрээ унасан модыг бэлтгэхийн тулд байгаль хамгаалагчаас бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэх зөвшөөрлийг заавал авна. ...Би байгаль орчинд учруулсан хохирол болох 733.446 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Болд-Эрдэнийн /xx-ийн 62/: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “Гүнжийн булаг” зуслангаас 6209 УББ дугаартай, цэнхэр өнгийн портер машин мод ачаад гарлаа” гэх дуудлага Нийслэлийн Байгаль Орчны газарт ирсэн. Дуудлагын дагуу араас нь яваад Сүxбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Цагаан худаг” нэртэй автобусны буудал дээр явж байхад нь зогсоон бичиг баримтыг нь шалгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад авчирсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Цэрэнхүүгийн /xx-ийн 63-64/: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ буудал” гэх нэртэй ачааны машин зогсдог цэгт өөрийн 6209 УББ дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан.Тэгсэн Бүтнээ гэх нэртэй хүн “би ажилтай байна, та ажилд явах уу” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Тэгээд 80775534 дугаартай утаснаас залгаад “ачаа ачих уу” гэж хэлэхээр нь “ачна” гэж хэлсэн. “Сэлбэ, Бэлхийн эцэс рүү хүрээд ир” гэхээр нь 50.000 төгрөгөөр ачаа ачихаар болоод явсан.Сэлбийн эцэс дээр очиход Э.А гэх нэртэй хүн суугаад цаашаа явах замаа заагаад явсан. Цаашаа явах зам өгсүүр байсан болохоор ...манай нөхөр Эрдэнэ “ачааны хөлсийг 80.000 төгрөг болго, тэгэхгүй бол ачихгүй” гээд үнийн дүн дээр Э.Атой маргалдсан. Би тэр хоёр маргалдахыг болиулаад 60.000 төгрөгөөр ачихаар тохиролцоод цааш явсан. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо “Гүнжийн ам” гэх нэртэй газар очиж мод ачсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Эрдэнийн /xx-ийн 65-67/: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Э.Цэрэнхүү бид хоёр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ буудал” гэх нэртэй ачааны автомашин зогсдог цэг дээр 6209 УББ дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан.Тэгтэл хамт ачаа ачдаг Бүтнээ гэх нэртэй хүн “би ажилтай байна, та ажилд явах уу” гэхээр нь “тэгье” гэхэд 80775534 дугаартай утаснаас залгаад “ачаа ачих уу”гэхэд нь “ачна” гэж хэлсэн. “Сэлбийн эцэс дээр хүрээд ир” гээд бид хоёр яваад очтол 30 орчим насны тарган залуу байсан. ...Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Гүнжийн ам” гэх нэртэй газрын хашааны үүдэнд ирэхэд тухайн залуу “мод ачна” гэж хэлэхээр нь “мод ачихгүй, цагдаа, байгаль орчны хүн таарвал яах юм” гэхэд тухайн залуу “би өөрөө хариуцлагыг нь хүлээнэ” гээд модоо манаачтай нь хамт ачсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ч.Бүтэнсайны /xx-ийн 74/: “...Би Т.А, Э.А нарыг танихгүй, харин Ж.Эрдэнээ, Э.Цэрэнхүү, Оргил нарыг танина. Ж.Эрдэнэ, Э.Цэрэнхүү нар нь эхнэр, нөхөр хоёр байгаа юм. Эдгээр хүмүүс нь Дарь-Эхийн шинэ буудал дээр хувиараа ачаа ачдаг. Бид нар нэг газар хамт ажилладаг хүмүүс болохоор нэгнийгээ завгүй үед нь нөгөөдөө хэлээд явуулдаг. Оргил над руу ачаа ачуулах талаар залгаж байсан. Би тухайн үед нь завгүй байсан учир Ж.Эрдэнээ ахын утсыг өгөөд яриулсан...” гэх мэдүүлгээр,
гэрч X.Батбаасангийн /xx-ийн 75/: “...Би Э.А гэх хүнийг танихгүй. 2020 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гүнжийн ам” гэдэг нэртэй газар 2000м2 зуслангийн байшинг газартай нь хамт худалдан авсан. Т.А гэх хүн тухайн газрын манаач хийж байгаа. Би Т.А-тай уулзаад үргэлжлүүлэн манаачийн ажил хийлгэх талаар ярилцсан. Энэ үеэс л Т.Аг мэднэ. Өөр ямар нэгэн харьцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлгээр,
Т.Агийн яллагдагчаар өгсөн /xx-ийн 140-141/: “...2020 оны 05 дугаар сард ...гэрийнхээ ойролцоо байдаг Э.А гэх залууг гуйгаад “ахдаа мод бэлдэлцээд өгөөч, ах нь түлшнийхээ модыг бэлдэх гэсэн юм, манай хашаанд үндсээрээ унасан моднууд байгаа, тэрнээс хөрөөдөөд л болно” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хашаан дотор үндсээрээ унасан моднуудаас хөрөөдөж бэлдсэн. Сүүлд цагдаагийн албан хаагчид очиж үзлэг хийсэн байгаа.Нийтдээ 20 гаруй ширхэг мод бэлдээд түлээний орчим хураасан байсан. Тэгтэл 2020 оны 07 дугаар сарын дунд үед Э.А утсаар залгаад “ахаа манай гэрт хүрээд ирээч, уулзах хэрэг байна” гэхээр нь “за за” гэж хэлээд яваад очиход “ахаа нөгөө бэлдсэн модыг чинь настай хүнд өгөх гэсэн юм, би тэгж байгаад ахиад бэлдээд өгнө” гэж хэлэхээр нь “тэг тэг” гэж хэлсэн. Маргааш нь портер хөлсөлж ирээд модыг ачиж явж байгаад цагдаад баригдсан гэж над руу утсаар залгасан. Гэрийнхээ ойрхон байсан унасан моднуудыг цэвэрлэх, цэгцлэх журмаар моднуудыг бэлдсэн, өөр ямар нэгэн зорилго байхгүй, түлшний мод л гэж бэлдсэн...” гэх мэдүүлгээр,
Э.Аийн яллагдагчаар өгсөн /xx-ийн 148-149/: “...2020 оны 05 дугаар сард ...Т.А ах “миний хардаг хашаан дотор үндсээрээ унасан моднууд байгаа, энэ моднуудыг хөрөөдөж бэлдмээр байна” гэхээр нь “за” гэж хэлээд бэлдсэн.Т.А ах бид хоёр тэдний хашаанд байсан үндсээрээ унасан моднуудыг хөрөөдөж бэлдээд гэрийнх нь ойролцоо байдаг түлээн дээр үлдээсэн. ...Ямар нэгэн зөвшөөрөл байгаагүй. Миний буруу...” гэх мэдүүлэг болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 6-7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-ийн 16-21, 22-31/, 21 ширхэг нарс мод болон төмөр хөрөөг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/, Нийслэлийн Байгаль орчны газрын Модны экологи-Эдийн засгийн үнэлгээний дүгнэлт /xx-ийн 48-50/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Т.А, Э.А нар нь “Гүнжийн ам” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, Э.А нь дээрх 21 ширхэг нарс модыг тээвэрлэж явсныг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, байгаль экологид хохирол учирсан болохыг Модны экологи-Эдийн засгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж буй Т.А, Э.А нарын тус бүрийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” болон “тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан гаргуулах үндэслэл, хэмжээ нь бүрэн тогтоогдсон 2.200.338 төгрөгөөс шүүгдэгч Э.А нь өөрт ногдох 1.100.169 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 210, 224/ тул бусдад төлөх төлбөргүй.
Харин шүүгдэгч Т.А нь өөрт ногдох 1.100.169 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалт, шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 213/ бөгөөд үлдэгдэл 100.169 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул уг төлбөрийг түүнээс гаргуулж Нийслэлийн Байгаль орчны газарт олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Аг “бусадтай бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Аийг “бусадтай бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Т.Аг 1 жил 3 сарын хугацаагаар, Э.Аийг 1 жил 5 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчийн төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг устгах, Нийслэлийн Байгаль орчны газрын хашаанд хадгалагдаж буй 21 ширхэг нарс модыг зохих журмын дагуу улсын орлого болгохыг Нийслэлийн Байгаль орчны газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бусадтай бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Э.А нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчийн төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөөг устгах, Нийслэлийн Байгаль орчны газрын хашаанд хадгалагдаж буй 21 ширхэг нарс модыг зохих журмын дагуу улсын орлого болгохыг Нийслэлийн Байгаль орчны газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497.1, 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Агаас 100.169 төгрөгийг гаргуулж Нийслэлийн Байгаль орчны газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А, Т.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ