Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 925

 

 

2020        10          27                                    2020/ШЦТ/925

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

шүүгдэгч, хохирогч: Ж.Б /өөрийгөө өмгөөлж/;

шүүгдэгч, хохирогч: С.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архелогич мэргэжилтэй, “Өсвөр хүнс” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ж.Б.

 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар

хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тавантолгой” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, С.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ж.Б нь 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхоны 301 дүгээр байранд иргэн С.Бтэй маргалдаж улмаар түүний нүүрэнд гараараа цохих, газар унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч С.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхоны 301 дүгээр байранд иргэн Ж.Бтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ж.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед С.Б-ийн гэрт архи уугаад чимээ гараад байсан. Хүүхэд унтаж чадахгүй цочиж сэрээд байхаар нь хаалгыг нь тогшоод “тайван унтаж амармаар байна” гэж хэлсэн. Тэгээд С.Б-тэй маргалдаад салсан. Маргааш орой нь 17 цагийн үед эхнэр нь над руу залгаад “ороод  ир” гэсэн. 1 цаг орчмын дараа С.Б-ийн гэрт ороход үгийн зөрүүгүй намайг цохисон. Үүдэн шүд булгарч, нүдний ухархайн яс гэмтсэн. Хохирогчийн хувьд цаашдаа нүдэндээ эмчилгээ хийлгэж магадгүй. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө хажуу айлын залуу орж ирээд маргалдаад зодолдсон. Маргааш нь бас зодолдсон. Уруул сэтрээд оёдол тавиулсан. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Б /хх-ийн 18-19, 22-23/, хохирогч С.Б /хх-ийн 26-27/, гэрч С.Отгонбаатар /хх-ийн 28/, гэрч Д.Золбаяр /хх-ийн 29/ нарын мэдүүлэг, С.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, Ж.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 32-33, 34-35/, Ж.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-56, 59, 61-62/, С.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57, 69-72/, Ж.Б-ын хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 74-76/, С.Б-ийн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 78-80/, Ж.Б-ын хүсэлт /хх-ийн 84/, С.Б-ийн хүсэлт /хх-ийн 85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхоны 301 дүгээр байранд иргэн С.Б-ийг “архидан согтуурч чимээ гаргаж, амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Азжаргал хотхоны 301 дүгээр байрны 105 тоот гэртээ иргэн Ж.Быг “урьд шөнө намайг зодлоо” гэх шалтгаанаар өөр хоорондоо маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ж.Бын /хх-ийн 18-19, 22-23/: “...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Азжаргалын хотхоны 301-104 тоотод гэртээ амарч байхад 00 цагийн орчим хажуу айлын хүмүүс шуугилдаад архидаад байхаар нь хаалгыг нь тогшоод “хүүхдээ унтуулах гэсэн юм, цочиж сэрээд байна” гэж хэлсэн. Тэгтэл С.Б гэх залуу согтуу “би гэртээ байна, чи байж чадахгүй бол зайлаач пизда минь” гээд намайг заамдаж аваад уруул руу цохисон. Тэгээд зууралдаад байж байсан чинь тэдний гэрээс хоёр залуу гарч ирээд салгасан. Манай гэрээс хоёр оюутан дүү гарч ирээд салгасан. Тэр үед миний хамарнаас цус гарсан. С.Б-ийн хамраас цус гарсан. Уруул нь язарсан байсан. С.Б-ийн эхнэр хүрч ирээд “уруул нь шалбарсан байна, гэмтэл орж оёдол тавиулъя” гээд эхнэрийнх нь хамт очиж оёдол тавиулсан. Тэгээд ирээд гэр гэртээ амарцгаасан. ....маргааш нь 17 цагийн үед С.Б-ийн эхнэр над руу залгаад “орж ирж уулз” гээд 88000754 дугаараас залгахаар нь гэрт нь орсон. Эхнэр, нөхөр хоёр цуг байсан. С.Б үгийн зөрөөгүй намайг барьж аваад толгой тархи хаа таарсан газарт цохисон. Миний нүд хавдаад “одоо болиоч ээ, миний нүд хавдчихлаа” гэж хэлэхэд “чи мэддэг юм уу” гээд дахиад цохисон. Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Би “шүд хугалчихлаа” гэсэн чинь зодохоо больсон...” гэх мэдүүлгээр,

 

Ж.Бын биед “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, дээд доод уруулын салстын цус хуралт, дээд эрүүний үүдэн 2 шүдний сулрал” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 34-35/,

 

С.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7-8/: “...би тухайн үед Ж.Бтай маргалдаж байхад цохиж учруулсан. Ж.Б бас миний биед гэмтэл учруулсан. ...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч С.Б-ийн /хх-ийн 26-27/: “...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз С.Отгонбаатар, Д.Золбаяр нарын хамтаар гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Азжаргал хотхоны 301-105 тоотод 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тэгээд 23 цаг 30-40 минутын орчим хажуу айлын Ж.Б хаалга цохиод “дуу чимээгээ багасга” гэж хэлсэн. Тэр үед нь манай хоёр найз унтсан байна гээд өөрийг нь оруулж харуулсан. Ж.Б “чиний дуу хадаад байна” гээд бид хоёр муудалцаад миний нүүр лүү цохиод газар унагаагаад дээр гараад цохиж эхэлсэн. ...босоход дахин 2-3 удаа унагаасан. ...зууралдаад босоод ирсэн чинь миний уруулын дотор тал сэтэрсэн, цус нь тогтохгүй байсан. Манай хоёр найз гарч ирээд салгасан. ...маргааш нь 17 цагийн орчим Ж.Бт “чи согтуу хүн зодоод яаж байгаа юм, намайг ийм байдалтай болголоо, чи юмны учир ойлгохгүй намайг зодлоо” гэсэн чинь дахин хэрэлдэж барьцалдаад 2-3 удаа харилцан нүүр хэсэгтээ цохилцсон. Ж.Б “шүд уначихлаа, цагдаа дуудлаа” гээд гараад явсан...”  гэх мэдүүлгээр,

 

     С.Б-ийн биед “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун бугалгад зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10138 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 32-33/,

 

Ж.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9/: “...би нүүр ам руу  нь цохиогүй. ...Хоёр гараас нь зуурч газар өнхөрч ноцолдсон зүйл байгаа. Тэр үед учирсан байх. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Отгонбаатарын /хх-ийн 28/:  “...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад Д.Золбаяртай явж байгаад ...С.Бтэй таарсан. С.Б-ийн гэрт очоод ...1 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. ...унтаж байсан чинь С.Б-ийн хүүхэд гаднаас орж ирээд “аавыг зодож байна”  гэхээр нь гараад очсон чинь С.Б газар хэвтсэн Ж.Б гэх залуу унагаагаад нүүр рүү нь өшиглөж байсан. ...С.Б газарт унасан хамраас нь цус гараад хувцас нь нилэнхүүдээ цус болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Золбаярын /хх-ийн 29/: “...Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад С.Отгонбаатартай явж байгаад ...С.Бтэй таарсан. С.Б-ийн гэрт очоод ...1 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. ...унтаж байсан чинь С.Б-ийн хүүхэд гаднаас орж ирээд “аавыг зодож байна” гэхээр нь С.Отгонбаатар гарсан. Би удалгүй араас нь гарсан чинь С.Б-ийн нүүр цус нөж болсон шалан дээр хэвтэж байсан. ...С.Б-ийн уруул сэтэрсэн байсан болохоор Гэмтлийн эмнэлэг рүү явж оёдол тавиулахаар явсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ж.Б, С.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Бын “...хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 84 дүгээр талд,

 

хохирогч С.Б-ийн “...Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Ж.Б, С.Б нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ж.Б, С.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр С.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ялаар, Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, С.Б нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Б, С.Б нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ