Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1906

 

 

 

 

 

  2020        11          02                                      2020/ШЦТ/1906

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбатын хууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнхорлоо, түүний өмгөөлөгч Ч.Ганболд /ҮД:1429/,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Баярням /ҮД:0226/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох 2006 03433 2419 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамжны 28 дугаар байрны 42 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Хорго хотхоны 2-2 дугаар байрны 17 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Нийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Харгиа” амралтын газарт насанд хүрээгүй Э.Эрхэмбатын гараас татаж, хазан үнсэж, бэлэг эрхтнээр тамхилах үйлдлээр биед нь баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1, 3 дугаар хурууны зулгаралт, бэлэг эрхтний зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн: “2020 оны  08 дугаар 12-ны өдөр эхнэр болон найзуудын хамт амралтын газар очиж амарсан. 08 дугаар сарын 13-ны өглөө босоод машин руугаа явж байтал нэг эгч урдуур орж ирээд “чихэр байвал өгөөч” гэсэн. “Хүүхдүүдэд чихэр тараасан чинь нэг хүүхдэд дутчихлаа” гэсэн. Би “том чихэр болох уу” гэхэд “болно” гэж хэлсэн. Би найзын хамт чихэр тарааж өгөөд, хөөрхөн банди байхаар нь Монгол ёсоороо тамхилаад үнссэн. Тэгтэл эгч “манай хүүхдээс үнэн сэтгэлээсээ уучлалт хүс” гэхээр нь үнэн сэтгэлээсээ уучлалт гуйя гээд уучлалт гуйсан. “Дахиад үнэн сэтгэлээсээ уучлалт гуй” гэхээр нь дахиад үнэн сэтгэлээсээ уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнхорлоо өгсөн: “Төр засгийн байгууллагаас миний хүүхдийг гэмтсэн гэдгийг нотолсон байна. Нэг дутуу зүйл яваад байна. Энэ нь 10 гаруй хүүхэд ширээ тойроод тоглож байхад миний хүүхдийг шувталсан юм. Миний хүүхэд “ахиж тэр хүүхдүүдийг харахгүй, ахиж хэзээ ч энэ хүүхдүүдийг харж чадахгүй” гээд уйлаад байсан. Дараа нь уйлаад байна гэхээр нь би очоод “уучлалт гуйгаарай” гэсэн. Энэ хэрэгт хамгийн аймшигтай нь шүүгдэгчийн “саасаар байсан саасаар байх болно” гэдэг нь юм. Олон удаагийн мэдүүлэг дээр би байнга бичиж байна. Одоогийн байдлаар насанд хүрээгүй хүнийг Монгол Улсад ирээдүйд эцэг болох асуудлыг тогтоох боломжгүй гэсэн. Гадаад буюу Солонгос улсад энэ шинжилгээг хийж болно гэж хэлсэн. Бид шинжилгээ өгүүлэхээр захиалга өгсөн. Хүүхэд бол маш их сэтгэл зүйн цочролтой байна. Лагерь дээр уулзсан хүүхдүүдээ Монгол найзууд гээд их таатай байсан. “Дахиж тэр хүүхдүүдтэй уулзахаасаа ичиж байна” гээд бухимддаг. Бид Монгол Улсад жилд 1 удаа ирдэг. Зуны амралтаар уг лагерь дээр гарах гэж сүүлийн 6 жил ирж байна. Энэ удаад тойроод тоглож байсан хүүхдэд би чихэр тараасан байсан. Хажуу айлын хүүхдүүд мэдүүлэг өгсөн байсан... Тэр дунд манай хүүхэд хамгийн хөөрхөн нь харагдсан юм шиг байна лээ. Манай хүүхэд цагаан харагдсан байх. Тэр хүүхдүүд гадаа тоглоод их бор болсон байсан. Шүүгдэгч өөрийнхөө үйлдлийг санахгүй байх шиг байна. Цагаан футболктой залуу уучлалт гуйгаад байсан. Би “”тэр хүнийг өөрийг нь гуйлга” гэж хэлээд “улбар шар футболктой” гэхэд түрүүний үйлдэл давтагдсан. Би дахиж очоод 2 дахь удаагаа сануулсан. Би тэдгээр хүмүүсийг харж байхад нь цагдаа дуудсан. Хэлж байсан үгийг нь занал гэж ойлгож байна. “Цагдаа дуудлаа” гэхэд “цагдаа шүүх бидэнд хамаагүй” гэж хэлсэн. Төр загсаа хүндэлдэггүй юм байна лээ. Дараа нь цагдаа нэлээн ажил болж байж олсон...” гэх мэдүүлэг,

Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн: “... 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр... Дискийг уншуулж үзэхэд 21 минут 02 секундийн үргэлжлэх хугацаатай бичлэг байх ба бичлэгийг тоглуулж эхлүүлэхэд зөрчил гаргагч Н.Бын хамт амралтад байсан гэх найз нарынхаа хамт Харгиа амралтын газрын хашааны машины зогсоол дээр ярилцаж байгаа бичлэг байв. Хэсэг байж байгаад Эрхэмбатын ээж гэх улаан куртиктэй эмэгтэй тэд нар дээр ирж уулзаад ярьж байгаад гар утсаараа залгаж утсаар ярьж байсан дүрс байв. Түүний дараа Дулам гэх эмэгтэй Н.Бын хамт хашаа руу буцаад орж байгаа дүрс байлаа. Тухайн үед уг хэрэг нь Харгиа амралтын хашаан доторх гэр байшин амралтын голд болсон учир тухайн үйл явдал болсон гэх газарт камер байхгүй учир бичлэг хийгдээгүй байлаа. Тэр үед хашаанаас гарч ирээд 2 цагаан машинд хуваагдаж суугаад эхлээд дугаар нь тодорхой биш цагаан өнгийн суудлын машин, араас нь залгуулаад 30-90 улсын дугаартай машинтай гарч засмал зам руу орсон байв. Уг бичлэгийн тусламжтайгаар машины эзэмшигчийг тодруулж Дулам гэх эмэгтэй байсныг олж тогтоогоод зөрчил гаргагч Н.Б болохыг тогтоосон болно...” гэх тэмдэглэл /хх.4/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбатын өгсөн: “... тэр хүмүүстэй хамт явсан  дунд зэргийн нуруутай 35-40 орчим насны, эрэгтэй, улбар шар фудболка өмссөн, махлагдуу биетэй хүн нь миний баруун гараас угзарч татаад миний баруун хацраас хазах шиг болоод гараа доош нь явуулаад өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтнээс бариад 4-5 удаа базсан. Миний төмсгийг бараг хагалах шахсан, тасрах гэж байгаа юм шиг өвдсөн. Би уйлахад ээж хажууд байхдаа нөгөө хүнд уурлаад намайг гэрт оруулаад ээж тэр хүмүүстэй очиж уулзсан...” гэх мэдүүлэг /хх.6-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн Б.Түмэнхишигийн өгсөн мэдүүлэг /хх.16-18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9345 дугаартай:

“1. Э.Эрхэмбатын  биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1, 3-р хурууны зулгаралт, бэлэг эрхтний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй. 

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.28-29/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.14-15/,

Ахлах мэргэжилтний тэмдэглэл /хх.42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Харгиа” амралтын газарт насанд хүрээгүй Э.Эрхэмбатын гараас татаж, хазан үнсэж, бэлэг эрхтнээр тамхилах үйлдлээр биед нь баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1, 3 дугаар хурууны зулгаралт, бэлэг эрхтний зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг учруулсан болох нь:

Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбатын өгсөн: “... дунд зэргийн нуруутай 35-40 орчим насны, эрэгтэй, улбар шар пудволк өмссөн, махлагдуу биетэй хүн нь миний баруун гараас угзарч татаад миний баруун хацраас хазах шиг болоод гараа доош нь явуулаад өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтнээс бариад 4-5 удаа базсан. Миний төмсгийг бараг хагалах шахсан, тасрах гэж байгаа юм шиг өвдсөн...” гэх мэдүүлэг /хх.6-10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9345 дугаартай:

“...1. Э.Эрхэмбатын  биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 1, 3-р хурууны зулгаралт, бэлэг эрхтний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдагдуулахгүй. 

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.28-29/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнхорлоо өгсөн: “Төр засгийн байгууллагаас миний хүүхдийг гэмтсэн гэдгийг нотолсон байна. Нэг дутуу зүйл яваад байна. Энэ нь 10 гаруй хүүхэд ширээ тойроод тоглож байхад миний хүүхдийг шувталсан юм... Одоогийн байдлаар насанд хүрээгүй хүнийг Монгол Улсад ирээдүйд эцэг болох асуудлыг тогтоох боломжгүй гэсэн. Гадаад буюу Солонгос улсад энэ шинжилгээг хийж болно гэж хэлсэн. Бид шинжилгээ өгүүлэхээр захиалга өгсөн. Хүүхэд бол маш их сэтгэл зүйн цочролтой байна... Тэр дунд манай хүүхэд хамгийн хөөрхөн нь харагдсан юм шиг байна лээ. Манай хүүхэд цагаан харагдсан байх. Тэр хүүхдүүд гадаа тоглоод их бор болсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Н.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбат нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Баас жич нэхэмжлэх эрхтэй болно..

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Н.Бт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Нийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Бт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Бт сануулсугай.

          5. Н.Бт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбат, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнхорлоо нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР