Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1948

 

 

 

 

 

 

    2020        11          06                                      2020/ШЦТ/1948

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Түмэннаст, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

            Иргэдийн төлөөлөгч Д.Бат-эрдэнэ,

            Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэр,

            Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Отгонбаатар,

            Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/, Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Л.Мд холбогдох 2003 00311 1778 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, охин, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 612 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Лийн М /РД: /,

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

            Л.М нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 56 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сутай дээд сургуулийн урд талын автомашины замд М.Мянганбаярын жолоодож явсан 31-93 УНИ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнд оролцож байх үед нь хамтран амьдрагч Ц.Батбаярыг санаатайгаар зам руу түлхсэний улмаас автомашинд мөргүүлэн амь насыг нь хохироож алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мы өгсөн: “Би СӨХ-ийн байранд жижүүр хийдэг байсан. Өглөө нь байраа цэвэрлээд байж байтал гэр бүлийн найз “банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгөөч” гээд дуудсан. Би цэвэрлэгээгээ дуусгаад хажуу талын хүндээ даатгаад зээлийн хүнтэй уулзахаар бид 4 явсан. Цайзад байх банк бус санхүүгийн байгууллага дээр очиход зээл олгох боломжгүй гээд буцаад явсан. Бид хоёрыг “ажил дээрээ байрладаг, зурагт үздэг, антен байхгүй юм чинь манайхаас аваад яв” гэсэн. Бид нар Офицероос гарах гэж байгаад болиод дүүргийн ард байдаг 2 найзынхаараа ороод  тавуулаа 2 шил архи хувааж уусан. Өөр гэр бүлийн найз бид 2 гэртээ очиж хонох гэсэн чинь “оройтчихлоо, танайд хоноё” гэхээр нь авах гээд очтол талийгаачийн өмнө нь маргалдаж байсан хүн байж байсан болохоор талийгаач ахиад маргалдсан. Би найз хүүхэн, найзын нөхөр, нөхрөө дагуулаад тэднийхээс гарсан. Эхний гарцаар бид нар ногоон гэрлээр гарсан. Дараагийн гарцаар гарах гээд “би хурдан яваарай” гэж хэлээд түлхсэн. Гэрч Мянганбаярын хэлж байгаа шиг хүчтэй түлхсэн зүйл байхгүй. Ямар ч дуу чимээгүй гэнэт машин ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэрийн өгсөн: “05 дугаар сарын 12-нд өглөө 09 цаг өнгөрч байхад ээж маань залгаад “ах чинь мөргүүлчхэж” гэж хэлэхэд би очсон. Эмнэлгийн үүдэн дээр очиход сэхээнд орсон гэж хэлсэн. “Юу болсон юм бэ?” гэхэд хажуугаас хүн “машин мөргөсөн” гэж хэлсэн. Хүмүүс нь байгаа юм уу гэхэд энэ 2 байна гэхээр нь хартал 2 залуу нэг нэгнээ дэрлээд унтаж байсан. Би эмчтэй нь уулзахад “хагалгаанд орсон найдваргүй байна, сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай” гэж хэлсэн. Би жолооч Мянганбаярын мэдүүлэг дээр гомдолтой байна. Хүн амь тавиад үхэх гээд ирэхээрээ баас, шээсээ гадагшлуулдаг. “Согтуу юм тасраад унтсан байна, өмдөндөө бааж шээгээд” гэж хэлээд доромжилсон. Би очоод “энэ хүн нөхрийнхөө хажуугаас холдож чадахгүй байхад та нар памперсыг нь дөхүүлээд өгөхгүй, яаж байгаа юм” гэхэд “тийм юм байхгүй, яахаараа тэгдэг юм” гэдэг байдлаар харьцсан. Согтуу хүн байж болно, гэхдээ согтуу байлаа гээд гудамжны архичин байдлаар хандаж болохгүй гэж бодож байна. “Нийгмийн даатгал төлөөд эрүүл мэндийн даатгалыг төлүүл, тэгэхгүй бол дараагийн эмчилгээнүүд төлбөртэй болно, ер нь найдваргүй шүү” гэж хэлсэн. Даатгал бөглүүлэх гээд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод байж байтал дүү дуудаад “та нар яаралтай ирж салах ёс хий, ямар ч аргагүй болсон гэж эмч хэлж байна” гэхээр нь шууд яваад очсон. Эмнэлгээс гараад жолооч залууд хэлэхэд “бид нар явлаа” гээд явсан. “Энэ хүний амьд, үхсэн гэдгийг нь мэдэхгүй байж хаяад яваад өгчхөж болж байгаа юм уу” гэхэд юм дуугарахгүй шууд өөдөөс дайраад гараад явсан. Мыг алчихъя гэж бодоод түлхсэн гэж бодохгүй байна. Нөгөө машин нь харсаар байж сигнал өгсөн бол хөөе гээд юм болох байсан байх. 20 километр цагийн хурдтай явж байгаад мөргөсөн гэсэн. Хэрвээ 20 километр цагийн хурдтай явж байгаад мөргөсөн бол тэргэнцэртэй ч болов амьд байх байсан. Хүн дайрч алчхаад уучлаарай гэж хэлээгүй. Байцаалт дээр таарахаараа архичин хүн гай болсон юмнууд гэдэг байдлаар ханддаг...” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэрийн өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед манай ээж Цэрэнханд над руу утсаар яриад “ах чинь машинд дайруулаад гэмтлийн эмнэлэгт очсон байна, чи хурдан очих хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би шууд Гэмтэл Согогийн Үндэсний Төвд 09 цагийн орчимд очиход талийгаач ах маань сэхээн амьдруулах тасагт ухаан алдсан байдалтай байсан. Мөн эмнэлгийн хүлээлгийн танхимд М гээд хамтран амьдрагч нь ахыг мөргөсөн машины жолооч гэх бас нэг залуугийн хамт байсан. Тэгээд юу болсон, яасан талаар асуухад М нь “бид хоёр гарцаар гарч явтал энэ залуу ирээд машинаар мөргөчихсөн” гэж хэлсэн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад жолооч залууг сэрэхээр нь та хоёр чинь яахаараа хүн мөргөчихдөг юм гэхэд “чамтай ярих юм байхгүй, цагдаагаар шийдүүлдэг журмаараа шийдүүлнэ” гэсэн... Ахынхаа буяны ажилд нийт 9.545.900 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Ер нь бол 10 орчим сая төгрөгийн зардал гарсан. Буяны ажлын зардлын мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.1.42-44/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мянганбаярын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 11-ний шөнө Даваасүрэн ахтай уулзаад машиныг нь өгөх гэхэд тэнд авто зогсоолд машин тавих газар байхгүй байсан учраас Номины авто зогсоол орох гээд тэндээсээ хөдлөөд явсан. Тэгээд би төв зам руугаа ороод Баянзүрх дүүргийн хойд талд байдаг буцаж эргэдэг газар буцаж ирээд баруун тийшээ явсан. Тэгээд би буцаж эргэх зорилготой зорчих хэсгийн 3-р эгнээгээр ойролцоогоор 30-40 км цагийн тогтмол хурдтай явж байсан. Тэгээд Кино үйлдвэрийн баруун урд талд байдаг гэрлэн дохиотой явган хүний зохицуулдаг гарц ойртоод ирж байсан. Гарцын ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зам хөндлөн гарах гэж байгаа шинжтэй хэсэг хүмүүс зорчих хэсгийн тусгаарлах зурвас дээр зогсож байсан. Тэгэхээр нь би хурдаа сааруулсан. Тэр үед би гэрлэн дохиог харахад явган хүний дохио нь улаан өнгө ассан, тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио ногоон өнгөтэй байсан. Тэгээд би тэр хүмүүсийг зам хөндлөн гарах хариу ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан учир хурдаа нэмж хасалгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд 20 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би явган хүний гарцыг бараг өнгөрч байтал зам хурд тусгаарлах зурвас дээр зогсож байсан эгч талийгаачийг зам руу санаатайгаар түлхэж унагаасан. Яг тэр мөчид би тоормос гишгээд баруун тийш рулээ дараад зогссон. Зогсох үед талийгаачийг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөж унагасан. Тэгсэн талийгаач зам дээр дээшээ харсан байдалтай амьсгаатай хэвтэж байсан. Тэгэхээр нь би замын урд талаар цагдаагийн машин явж байхаар нь очоод осол гарсан талаар дуудлага мэдээлэл өгсөн... тэгсэн удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн, түргэний эмч үзээд Гэмтлийн эмнэлэг рүү эхнэртэй нь цуг аваад явсан... тэгээд би эмнэлэг дээр Даваасүрэн ахын хамт талийгаачийг үзүүлсэн. Тэгээд 00 орж бөөлжиж байснаа тасраад унасан... Би 10 хүрэхгүй метрийн зайнаас харсан. Хараад би хурдаа хассан. Талийгаач өөрөө зам хөндлөн гараагүй гэрлэн дохио хүлээгээд зогсож байгаа байдалтай байсан. Тэгээд талийгаачийн араас нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.1.50-51/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасүрэнгийн өгсөн: “... гарцын урд тусгаарлах зурвас дээр 2 хүн зогсож байсан. Тэгээд машин явах чиглэлийн ногоон гэрэл ассан, явган хүний гэрлэн дохио улаан гэрэл ассан байсан. Тэгээд явган хүний гарц нэвтэрч байтал тусгаарлах зурвас дээр байсан 2 хүний нэг нь нэгнийгээ зам руу хүчтэй түлхсэн. Тэр мөчид миний сууж явсан машин тоормослоод тэр хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.1.53-54/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Мы гэрчээр өгсөн: “Тэр өдөр манай 2 найз болох Гэрэлсайхан, Мөнхжаргал нар манайд ирсэн. Тэгээд тэр 2 найз маань нөхөр бид хоёроос зээл хөөцөлдүүлэх талаар ярихаар ирсэн байсан. Тэгээд би ажлаа хийж дуусчхаад хажуу талын орцны жижүүр Лхамаа гэдэг хүнд “та манай орцыг анзаарч байгаарай” гэж захиад нөхөр, найзуудын хамт гарсан. Тэгээд зээл хөөцөлдөхөд нь хэрэгцээтэй бичиг баримтыг авна гээд Баянзүрх дүүргийн доошоо уруудаад тэр хоёр найзын гэрт нь очсон юм. Тэгээд хоёр найзынхаа гэрт талийгаачийн дүү Мөнхнасан руу залгаад утсаар нь зээлд бүртгүүлэх талаар холбогдсон. Тэгээд тэр найзындаа 2 орчим болсон. Тэгээд манай найзын эхнэрийнх нь утсаар авдаг зээл нь болсон юм. Харин нөхрийнх нь болоогүй юм. Тэгээд бид нар 16 цагийн орчим гараад цайз 16 руу явцгаасан. Тэгээд тэнд очоод манай найз Мөнхжаргал ББСБ дээр очоод зээл авах гээд хурууныхаа хээг уншуултал болоогүй юм. Тэгээд буцаад би талийгаачтай, хоёр найзын хамт Баянзүрх дүүрэг лүү Гэрэлсайхан, Мөнхжаргал нарын гэрт нь очсон. Очих замдаа Бажаа гэдэг Гэрэлсайхантай хамт ажилладаг ахтай таараад цуг явцгаасан. Замаараа нэг шил архи авсан. Тэгээд Гэрэлсайхан, Мөнхжаргал хоёрын гэрт нь очоод хоол цай хийж идээд замдаа авсан нэг шил архиа хувааж ууцгаасан. Тэгээд Гэрэлсайхан, Мөнхжаргал хоёр дахиад нэг шил архи авч ууя гэхээр нь Мөнхжаргал бид хоёр дэлгүүр явж 1 шил архи авсан. Тэгээд буцаж ирээд авсан архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад Гэрэлсайханаас зурагтын антен аваад Гэрэлсайхан, Мөнхжаргал нарын хамт талийгаач бид хоёр гэрээс нь гарцгаасан. Хашааны хаалга хүртэл талийгаач бид хоёрыг гаргаж өгсөн. Тэгээд талийгаач бид хоёр Өгөөмөр захын тэнд байдаг хуурай ах Бөхөө гэдэг хүнийд манай найзууд байна гэж ярихаар нь очсон юм. Тэгтэл манай найзууд байхгүй байсан. Тэгэхээр нь хойд талынх нь гудамжинд талийгаач бид хоёрын таньдаг айл байдаг юм. Тэднийд яваад очтол манай хоёр найз болох Зул, Нэргүй нар байсан. Тэгээд яваад ортол гэрийн эзэн Баясгалангийнд талийгаачтай урьд  нь муудалцаж байсан Дархаа гэж хүн сууж байсан. Тэгээд намайг ортол талийгаач Дархаа 2 муудалцаад заамдалцаад байж байсан. Тэгэхээр нь би болон манай найзууд салгаад талийгаачийг гэрээс нь аваад гарсан. Тэгээд талийгаач, манай найз Зул, Нэргүй бид 4 манайд очихоор явцгаасан. Тэгээд ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад бид 4 Кино үйлдвэр явдаг далангаа дагаад явсаар байгаад Кино үйлдвэрийн урд талын автобусны буудал дээр ирсэн. Тэгээд замдаа явж байхдаа бид 2 маргалдсан. Талийгаач бид 2 бие бие рүүгээ хараал хэлсэн. Тэгээд Кино үйлдвэрийн явган хүний эхний гарцаар гарах үед цуг явж байсан найзууд маань хойно үлдсэн байсан. Тэгээд дараагийн гарцаар гарах үед юу болсон мэдэхгүй түс тас гээд л явчихсан. Нэг мэдсэн талийгаач газар унасан байсан. Тэгээд мөргөсөн машинаас 2 хүн бууж ирсэн. Нэг нь туранхай хар хувцастай залуу байсан. Тэгээд цагдаа дуудах гэтэл миний утас болохгүй байсан. Тэгээд нэг цагдаа ирсэн. Тэр цагдаа ирээд түргэн дуудсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд талийгаачийг үзээд гэмтэл рүү авч явахад нь би хамт суугаад эмнэлэг орсон. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд талийгаач алхаж гишгээд гайгүй байсан. Тэгээд жаахан байж байгаад талийгаач би бөөлжлөө гээд 00 ороод бөөлжөөд байсан. Тэгээд эмч талийгаачийн тархины нарийн зургийг нь авна гэж байсан. Тэгээд би тэргэнцэр аваад талийгаачийг суулгаад зураг авдаг өрөө лүү очсон. Тэгээд үзүүлтэл толгой нь гэмтэл авсан байна гээд яаралтай хагалгаанд оруулсан. Тэгээд өдөр 16 цагийн үед нас барсан...” гэх мэдүүлэг /хх.1.56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Нэргүйн өгсөн: “Би нөхөр Зулын хамт орой 19 цагийн үед Баясаа гэх айлынд очсон. Нөхөр бид 2 Баясаагийнд зургуулаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байгаад байгаад тамхинд гараад иртэл талийгаач Батбаяр эхнэр Отгоогийн хамт ирсэн байсан. Хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна. Тэгээд орж ирээд байж байсан чинь талийгаач Батбаяр Дархаа хоёр муудалцсан. Тэгээд муудалцахаар нь тэр хоёрыг бид салгасан. Салгаад байж байтал Отгоо гэрийн гаднаас орж ирээд талийгаачийг аваад гэрээс гарсан. Тэр үед би нөхрийн хамт талийгаачийнд очих гээд цуг Баясаагийнхаас гарцгаасан. Тэгээд бид нар 14-р хорооны далангаар дээшээ өгсөж яваад Кино үйлдвэрийн автобусны харалдаа гарч ирсэн. Тэр үед түрүүлээд талийгаач эхнэр Отгоогийн хамт явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Тэр үед би замын урд талд зам хөндлөн гарах гээд зогсож байсан. Тэгсэн манай нөхөр Зул хойно хоцорч явж байсан учир би нөхрөө хүлээгээд зогсож байсан. Тэгээд манай нөхөр “ТҮЦ онгорхой байна уу, тамхи авъя” гэхэд нь буудлын ТҮЦ рүү хартал ТҮЦ хаалттай байсан. Тэгтэл Отгоо миний нэрээр дуудаад орилсон. Тэгэхээр нь би гүйгээд очтол талийгаач машинд дайруулчихлаа гэж Отгоо хэлсэн. Тэгээд зам руу хартал талийгаач Батбаяр зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд талийгаачийг мөргөсөн машинаас хүн буугаад ирсэн байсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Тэгээд талийгаачийг түргэний эмч эхнэр Отгоогийн хамт түргэний машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “... Би тэр өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 00 цагийн орчим хэлтэс дээр ачлагын машины жолооч ирээд кино үйлдвэрийн явганы гарц дээр хүн мөргүүлсэн талаар мэдээлэл өгсөн... тэгээд би ганцаараа Кино үйлдвэр дээр хэрэг болсон газар дээр очоод хэргийн газрыг хамгаалалтад авсан... намайг хэргийн газарт хамгаалалт аваад зогсож байхад мөргөсөн машины жолооч нь мөргүүлсэн хүнтэй хамт явж байсан 2-3 хүмүүс рүү “та яагаад мөргүүлсэн хүнийг машины урдуур түлхэж байгаа юм бэ” гэж хэлээд байсан би юу болсон талаар жолоочоос асуухад “намайг ногоон гэрлээр явган хүний гарцыг нэвтрэх үед голын тусгаарлах зурвасын хашлага дээр хүмүүс зогсож байгаад нэгийгээ түлхсэн” гэж хэлж байсан. Тэгээд намайг очсоноос хойш 2-3 минутын дараа мөргүүлсэн хүн өөрөө босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.68/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1097 дугаартай:

            “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрх цусан хураа, баруун чамархай, дух, зулай, тархины баганан хэсгийн эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, баруун 3, 4, 5-р, зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна.

4.   Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ” гэх дүгнэлт /хх.1.81-86/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Мы яллагдагчаар өгсөн: “... ажил руу алхаж яваад кино үйлдвэрийн эхний гарцаар нь гараад дараагийн гарц дээр талийгаач түс тас гээд машинд мөргүүлсэн юм... Би санаатайгаар түлхэж машинд мөргүүлээгүй. Харин хурдан яв гээд түлхсэн юм. Замын гэрэлтүүлэг бол байсан... Би санамсар болгоомжгүйгээр ийм байдал үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ би үнэхээр тийм санаатайгаар хамтран амьдрагчаа алчихъя гэж үнэндээ бодоогүй. Надад ийм санаа бодол үнэхээр байхгүй. Юу ч гэмээр юм бэ дээ, гэнэтийн л юм болчихлоо...” гэх мэдүүлэг /хх.1.135-137, 2.133-134/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.13-20/,

“Асгат сервис” ХХК-ны ломбардын гадна талбайг хянасан хяналтын камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.28-34/,

Хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнхцэцэг /хх.1.74-75/, Л.Саруул /хх.1.76-77/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

“Авто Тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн харьяа Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2627 дугаартай дүгнэлт /хх.97/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.138/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.139-143, шинээр гаргасан 3 хуудас/,

Хохирлын баримтууд /хх.1.183-203/,

Хохирлын тооцоо /хх.1.221/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.2.23/,

Хохирол нөхөн төлсөн баримтууд /шинээр гаргасан 5 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.М нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 56 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сутай дээд сургуулийн урд талын авто машины замд М.Мянганбаярын жолоодож явсан 31-93 УНИ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн гэрлэн дохиогоор замын хөдөлгөөнд оролцож байх үед нь хамтран амьдрагч Ц.Батбаярыг зам руу түлхсэн болгоомжгүй үйлдлийн улмаас автомашинд мөргүүлж түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэрийн өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед манай ээж Цэрэнханд над руу утсаар яриад “ах чинь машинд дайруулаад гэмтлийн эмнэлэгт очсон байна, чи хурдан очих хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би шууд Гэмтэл Согогийн Үндэсний Төвд 09 цагийн орчимд очиход талийгаач ах маань сэхээн амьдруулах тасагт ухаан алдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.42-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мянганбаярын өгсөн: “... Талийгаач өөрөө зам хөндлөн гараагүй гэрлэн дохио хүлээгээд зогсож байгаа байдалтай байсан. Тэгээд талийгаачийн араас нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Даваасүрэнгийн өгсөн: “... явган хүний гарц нэвтэрч байтал тусгаарлах зурвас дээр байсан 2 хүний нэг нь нэгнийгээ зам руу хүчтэй түлхсэн. Тэр мөчид миний сууж явсан машин тоормослоод тэр хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Нэргүйн өгсөн: “... Отгоо миний нэрээр дуудаад орилсон. Тэгэхээр нь би гүйгээд очтол талийгаач машинд дайруулчихлаа гэж Отгоо хэлсэн. Тэгээд зам руу хартал талийгаач Батбаяр зам дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд талийгаачийг мөргөсөн машинаас хүн буугаад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Бат-Эрдэнийн өгсөн: “... мөргөсөн машины жолооч нь мөргүүлсэн хүнтэй хамт явж байсан 2-3 хүмүүс рүү “та яагаад мөргүүлсэн хүнийг машины урдуур түлхэж байгаа юм бэ” гэж хэлээд байсан би юу болсон талаар жолоочоос асуухад “намайг ногоон гэрлээр явган хүний гарцыг нэвтрэх үед голын тусгаарлах зурвасын хашлага дээр хүмүүс зогсож байгаад нэгийгээ түлхсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.68/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1097 дугаартай:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс дээрх цусан хураа, баруун чамархай, дух, зулай, тархины баганан хэсгийн эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн аалзан хальс доорх цус харвалт, баруун 3, 4, 5-р, зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчингүй байна.

4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ” гэх дүгнэлт /хх.81-86/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Мы яллагдагчаар өгсөн: “... ажил руу алхаж яваад кино үйлдвэрийн эхний гарцаар нь гараад дараагийн гарц дээр талийгаач түс тас гээд машинд мөргүүлсэн юм... Би санаатайгаар түлхэж машинд мөргүүлээгүй. Харин хурдан яв гээд түлхсэн юм. Замын гэрэлтүүлэг бол байсан... Би санамсар болгоомжгүйгээр ийм байдал үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ би үнэхээр тийм санаатайгаар хамтран амьдрагчаа алчихъя гэж үнэндээ бодоогүй. Надад ийм санаа бодол үнэхээр байхгүй. Юу ч гэмээр юм бэ дээ, гэнэтийн л юм болчихлоо...” гэх мэдүүлэг /хх.1.135-137, 2.133-134/,

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.13-20/,

Асгат сервис” ХХК-ны ломбардын гадна талбайг хянасан хяналтын камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх.28-34,/

“Авто Тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ийн харьяа Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2627 дугаартай дүгнэлт /хх.97/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мы өгсөн: “Эхний гарцаар бид нар ногоон гэрлээр гарсан. Дараагийн гарцаар гарах гээд “би хурдан яваарай” гэж хэлээд түлхсэн. Гэрч Мянганбаярын хэлж байгаа шиг хүчтэй түлхсэн зүйл байхгүй. Ямар ч дуу чимээгүй гэнэт машин ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэрийн өгсөн: “... Мыг алчихъя гэж бодоод түлхсэн гэж бодохгүй байна....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Амь хохирогч Ц.Батбаярыг мөргөсөн автомашиныг тухайн үед жолоодож явсан гэрч М.Мянганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эгч талийгаачийг зам руу санаатайгаар түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг санаатай алсан сэдэлт, санаа зорилго тогтоогдохгүй байна.

Харин Л.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой буюу хайхрамжгүй хандсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт Л.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөн, шүүгдэгч Л.Мыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Л.Мы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэрийн баримтаар нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардлын 5.595.000 төгрөг, баримтгүй ч гэсэн оршуулгын шашны зан үйлийн 3.950.000 төгрөг, нийт 9.545.900 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Л.М нь хохиролд 4.500.000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх 5.045.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн гомдол санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Л.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зарим төрлийн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч хүний амь насыг хохироосон тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд дээрх хүсэлтүүдийг тус тус хангах үндэслэлгүй юм.

Л.Мыг  2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс цагдан хорьсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, 02747456 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Отгонбаатарт буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаа зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Л.Мд холбогдох 2003 00311 1778 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

2. Б овогт Лийн Мыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг урьд нь цагдан хорьсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, 02747456 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Л.Отгонбаатарт олгосугай.

7. Л.М хохиролд 4.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэлд 688.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Моос 5.045.900 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхдэлгэрт олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                      С.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                М.ТҮМЭННАСТ

                                                                                          Г.ХАТАНЦЭЦЭГ