Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1949

 

 

 

 

 

 

  2020         11          06                                     2020/ШЦТ/1949

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх /ҮД:0445/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ө.Бөд холбогдох 2006 00000 2665 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 18 дугаар гудамжны 202а тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Өы Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.Б нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 18-2020а задгай тоот бүхий гэртээ байхдаа үл ялих шалтгаанаар өөрийн охин, бага насны Э.Хонгорзул руу төмөр цоож авч шидэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн өсгий ясанд цуурал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар иргэн С.Бямбадуламаас бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.1-2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Хонгорзулын өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед гэртээ байж байхад манай ээж Эрдэнэс, манай дүү Энхзулын хамт “ээж нь дүүтэй нь цайз орж хүнээс зээлсэн мөнгөө аваад ирье” гэж хэлээд явсан. Гэртээ би аав Ө.Бийн хамт үлдсэн, манай аав унтаж байсан. Аав ээжийг явсны дараа сэрээд намайг “ус хийгээд өг” гэж хэлэхээр нь би усыг нь хийж өгөхөөр явж байхад манай аав намайг “хурдлаач” гэж загнаад гэрт байсан ногоон өнгийн төмөр аваад шидсэн. Тухайн төмөр миний зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт оносон...” гэх мэдүүлэг /хх.6/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11271 дугаартай:

          “1. Э.Хонгорзулын биед зүүн өсгий ясанд цуурал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Бийн яллагдагчаар өгсөн: “... би унтаж байгаад сэрж охин Э.Хонгорзулыг “аавдаа ус хийгээд өгөөч” гэсэн чинь “та өөрөө босоод усаа уухгүй юу” гэхээр нь би уурлаад гэрийн зуухны урд байсан төмөр цоожийг аваад охин Хонгорзул руу шидсэн... би согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх.44-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.Б нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 18-2020а задгай тоот бүхий гэртээ байхдаа үл ялих шалтгаанаар өөрийн охин, бага насны Э.Хонгорзул руу төмөр цоож авч шидэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн өсгий ясанд цуурал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар иргэн С.Бямбадуламаас бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.1-2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Хонгорзулын өгсөн: “... манай аав намайг “хурдлаач” гэж загнаад гэрт байсан ногоон өнгийн төмөр аваад шидсэн. Тухайн төмөр миний зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт оносон...” гэх мэдүүлэг /хх.6/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11271 дугаартай:

          “1. Э.Хонгорзулын биед зүүн өсгий ясанд цуурал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Бийн яллагдагчаар өгсөн: “... би уурлаад гэрийн зуухны урд байсан төмөр цоожийг аваад охин Хонгорзул руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх.44-50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ө.Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбадулам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ө.Бийг “Хүний эрүүл мэндэд бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ө.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбадулам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ө.Бийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ө.Бөд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Ц овогт Өы Бийг “Хүний эрүүл мэндэд бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ө.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Бөд сануулсугай.

5. Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бямбадулам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР