Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00159

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Сарангүн, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж-43, өөрийн байранд оршин байрлах Капитал банк ХХК-ийн /2556375/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 409 дүгээр ангид хоригдож байгаа, Хашхүүгийн Мандахад /ЧН79062618/ холбогдох,

Хохиролд 308,710,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Орхон, С.Бямбацэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Батхүү нар хүрэлцэн ирсэн байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан, иргэдийн төлөөлөгчөөр Б.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолд “Капитал банк нь нийт 490,277,041 төгрөгийн хохирол буюу хохирогч К.Авдил /А.Алаубек, А.Адалбек/ нарын 181,567,041 төгрөг, хохирогч У.Гантулгын 308,710,000 төгрөгийн хохирлыг хариуцан барагдуулсны дараа гэм буруутай этгээд болох Х.Мандахаас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй” гэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 395 дугаар магадлалаар Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 267 тоот тогтоолоор “...Хохирогч К.Авдил /А.Алаубек, А.Адалбек/ нарын 181,567,041 төгрөгийг иргэний хариуцагч Капитал банкнаас гаргуулж олгох...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, “Капитал банк нь хохирогч У.Гантулгын 308,710,000 төгрөгийн хохирлыг хариуцан барагдуулсны дараа гэм буруутай этгээд болох Х.Мандахаас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулсан байна. Капитал банк шүүхийн шийдвэрийг биелүүлж 2016 оны 03 сарын 15-ны өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Улаанбаатар хотын банкан дахь 2617001560 тоот дансанд хохирогч У.Гантулгад олгохоор шийдвэрлэсэн 308,710,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд гэм буруутай этгээд болох Х.Мандахаас банканд учирсан гэм хорын хохирол 308,710,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь миний Капитал банканд тэллэрээр ажиллаж байхдаа банкны нэрийн өмнөөс маржин арилжаанд оролцож, П.Наранцэцэг, А.Алаубек, Ж.Бямбацогт нарт 1,633,550,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөнгөнийг хүнд ялд багтааж, нийтдээ 12 жил 6 сарын ялаар шийтгэгдэж, ял эдэлж байна. Миний бие өөртөө ашиг олох зорилгоор Маржин арилжаанд оролцоогүй болно. Өмнө нь банкны хөрөнгөөр Маржин арилжаанд оролцож, 29 мянган ам.долларын алдагдал хүлээсэн. Банкнаас уг алдагдлыг нөх гэж 100,000 ам.долларын эх үүсвэр өгсөн бөгөөд дээрх алдагдлыг нөхөхөд уг эх үүсвэр нь хангалтгүй байсан тул өндөр эрсдэлтэй Маржин арилжаанд оруулж, дахин алдагдал хүлээсэн. Хохирогчдын мөнгийг хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй, зөвхөн арилжаанд оруулан, алдагдал хүлээсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон болно. Маржин арилжаа нь миний оролцоогүйгээр ханш нь хөдөлж, ашиг алдагдал гарч байдаг. Мөн 2-3 тал оролцож, гүйлгээ хийгддэг арга ажиллагаатай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк нь Хашхүүгийн Мандахад холбогдуулж 308.710.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Хариуцагч Х.Мандах нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Х.Мандах нь Капитал банканд тэллэрээр ажиллаж байхдаа банкны нэрийн өмнөөс маржин арилжаанд оролцож, П.Наранцэцэг, А.Алаубек, Ж.Бямбацогт нарт 1.633.550.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөнгөн ялыг хүнд ялд багтааж, нийтдээ 12 жил 6 сарын ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Х.Мандах нь өөртөө ашиг олох зорилгоор Маржин арилжаанд оролцоогүй юм. Өмнө нь банкны хөрөнгөөр Маржин арилжаанд оролцож, 29 мянган ам.долларын алдагдал хүлээсэн. Банкнаас уг алдагдлыг нөхөхөд уг эх үүсвэр нь хангалтгүй байсан тул өндөр эрсдэлтэй Маржин арилжаанд оруулж, дахин алдагдал хүлээсэн. Хохирогчдын мөнгийг хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй, зөвхөн арилжаанд оруулан, алдагдал хүлээсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байгаа. Маржин арилжаа нь миний оролцоогүйгээр ханш нь хөдөлж, ашиг алдагдал гарч байдаг. Мөн 2-3 тал оролцож, гүйлгээ хийгддэг арга ажиллагаатай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Капитал банк нь өөрийн гаргасан дүрэм журмаа хэрэгжүүлээгүй, “Валют арилжааны журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөөгүй байгаа юм. Хохирол учирсан гол эх үүсвэр нь Капитал банкны удирдлагууд болон түүнд хяналт тавьж байгаа хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь тогтоогдсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Х.Мандахад холбогдуулан хохиролд гэм хорын 308,710,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.Мандах нь өөрийн ашиг сонирхлын үүднээс арилжаанд оролцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 429 дугаартай Шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 395 дугаартай Магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 267 дугаартай Тогтоолоор хариуцагч Х.Мандахыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж олж авсан, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хорих ял ногдуулжээ. /хэргийн 1-р хавтасны 7-27 дах тал/

Уг эрүүгийн хэрэгт Капитал банк ХХК иргэний хариуцагчаар оролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны  дагуу иргэний хариуцагч Капитал банк ХХК-иас Х.Мандахын бусдад учруулсан хохирол болох 308.710.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Гантулгад олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар иргэний хэргийн шүүх хариуцагч Х.Мандахын гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй, дахин нотлохгүй. /хэргийн 1-р хавтасны 7-27 дахь тал/

Нэхэмжлэгч Капитал банк ХХК, төлбөр авагч У.Гантулгад 308,710,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 178 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон гүйцэтгэх баримт бичгийг хаажээ. /хэргийн 2-р хавтасны 25 дахь тал/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Х.Мандахын хохирогч У.Гантулгад учруулсан хохирлыг түүний өмнөөс арилгасан тул өөрт учирсан хохирлоо, хохирол арилгасан хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгчид учруулсан хохирлоо хариуцан арилгах, нөхөн төлөх үүрэгтэй.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Капитал банк ХХК, хохирогч У.Гантулгад 308,710,000 төгрөг төлсөн нь бичгийн баримтаар нотлогдсон, хариуцагчийн төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Мандах, хохирогч У.Гантулгад 20,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Хариуцагч Х.Мандах нь шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, түүний бусдад учруулсан хохирлыг ажил олгогч болох Капитал банк ХХК бусдад төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Х.Мандахын гэм буруутай үйлдлийн өөрт учирсан хохирлыг Х.Мандахаас шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хариуцагч Х.Мандахаас 308,710,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Х.Мандахаас 308,710,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Х.Мандахаас 1,701,500 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ                                    Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧ                                    Б.УНДРАА