| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2016/00230/И |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 12
*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Хэргийн индекс: *************************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Оюунцэцэг
Г.Давааренчин
Оролцогчид
Прокурор *******
Хүсэлт гаргагч *******
Түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлоор *******ийн “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 92.462.436 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ОХУ-д сургууль төгсөөд барилгын яамны томилолтоор “******* *******” ХК-д ирж ажилласан. 1988 оноос уулын цехэд механик инженерээр, 2004 оноос Худалдаа хангамж борлуулалт эрхэлсэн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж үйлдвэрийн удирдлагуудтай хамт баривчлан авч явсан. Ингээд хэрэг үүсгээд намайг Дарханы мөрдөнд 2 хоног хорьж байгаад Улаанбаатар хотод ганц худаг буюу 0461 дүгээр ангид сар хорьсон. Тэгээд намайг 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс бусдын батлан даалтанд гаргасан. Намайг бүтэн жил Авлигатай тэмцэх газар шалгасан байгаа. 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн үүнээс хойш Авлигатай тэмцэх газрын ажлаас түдгэлзүүлэх тогтоолоор ажиллах боломжгүй болж байсан. Мөн хэрэгсэхгүй болгосон тогтоолоо хавсаргаад хуулийн дагуу ажилдаа орох талаар тухайн үед ажиллаж байсан “******* *******” ХХК-ийн захирал ******* хандан ажилдаа орох талаар хүсэлтийг гаргаж байсан боловч намайг хойшлуулсаар байгаад ажилдаа орж чадаагүй. Мөн Шоовдор даргын үед мөн ажилд орох хүсэлтийг өгсөн байгаа. Өмчийн харилцаа өөрчлөгдөж ТУЗ-ийн шийдвэр гараагүй гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Ийм шалтгаанаар сэтгэл санаа, эд материалаар хэлмэгдэж байгаадаа гомдолтой байна.
Ингээд би ажилгүй байсан хугацааны цалин 53.925.780 төгрөг, нийгмийн даатгалыг нөхөн төлөх 6.453.711 төгрөгийн бичилт хийлгэх, сэтгэл санааны хохирол 16.083.800 төгрөг, цагдан хоригдсон 32 хоногийн 6.144.000 төгрөг, хууль зүйн туслалцаанд өгсөн 10.000.000 төгрөг нийт 92.462.436 төгрөгний хохирлыг тус тус нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлага бол Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөний улмаас учирсан хохирол 92.462.436 төгрөгийг төрөөс гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаас эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Шоовдор нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа. 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнээр тооцон холбогдох хүмүүсийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шалгасан байна.
...Дараах тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсдэг. Мөн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн баривчилсан, цагдан хоригдсон, албан үүргийг эрхлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлах арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан байдаг. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, түүнийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авна гэж заасан байна. 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 05/29 дугаартай тогтоолоор зарим сэжигтэн яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан.
Энэ хугацаанд иргэний нэхэмжлэгчийг 32 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр уг хэргийг сэжиглэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагаа нь бол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж байна.
Мөн шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэсэн байдаг учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ биз гэсэн саналыг гаргаж байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн гаргаснаар мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдож, сэтгэл санааны хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэж үзэж байгаа гэжээ.
Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийдвэрээр:
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Засгийн гарзрын нөөц сангаас 25.704.623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66.757.813 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:
Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ цалингийн дундаж хэмжээг буруу тооцсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг буруу тооцсон. 2005 оны НХХсайдын 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу тооцоход нэхэмжлэгч нь 2013 оны 6,7,8 сард нийтдээ 41 хоног ажилласан нэг өдрийн цалин 65187 төгрөг байхад шүүх нэг өдрийн цалинг 41437 төгрөг гэж буруу тооцож гаргасан байна.
Мөн хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан эдийн бус хохиролд 16.083.800 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар хэрэгт нотлох баримт авагдсаар байтал үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* эрүүгийн хэргийн улмаас 32 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.4 дэх хэсэгт хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй гэж заасан байдаг. Өнөөдөр уг хэргийг сэжиглэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагаа нь бол хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж прокурорын хувьд үзэж байна гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын шүүхэд буцаахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч ******* нь шаардлагын үндэслэлээ “2013 оны 08 сарын 19-ний өдөр Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэсгээс Эрүүгийн хуулийн 150 дугаар 150.3, 265 дугаар зүйлийн 265.2-д зааснаар сэжигтнээр тооцон үндэслэлгүйгээр 32 хоног цагдан хоригдож, улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 07 сарын 14-ний өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хууль бусаар цагдан хорьж ажил эрхлэхийг түдгэлзүүлж, нэр төрд халдан сэтгэл санаа, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учирсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1, 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу хохиролд 92.462.436 төгрөг гаргуулах” гэж тайлбарлажээ.
Хэдийгээр хүсэлт гаргагчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд гаргаж өгсөн боловч хүсэлт гаргагч нь Хөтөлийн “******* Шохой” ХК-нд хөдөлмөрийн болон контракт аль гэрээгээр ажиллаж байсан, түүний үндсэн цалин ба цалингийн урамшууллыг хэрхэн тооцож олгодог эсэх нь тодорхойгүй, мөн *******ийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”-оор түүнийг ажил, албан тушаалыг түдгэлзүүлсэн бөгөөд энэхүү тогтоолыг хэдийд хүчингүй болгосон, түүнчлэн түүнд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан зэрэг нь тодорхойгүй байна.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаанаас учирсан хохирлыг арилгуулах тухай хүсэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд мэтгэлзэх зарчим хамаарахгүй тул хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг тогтоохын тулд шүүгч өөрийн санаачилгаар хэрэгт нотлох баримт бүрдүүлэх боломжтой байтал шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт байхгүй, өөрөөр хэлбэл үйл баримт нь тодорхойгүй байхад зөвхөн хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Г.ДАВААРЕНЧИН