Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Дад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч В.Д /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сонинцэцэгийн өмгөөлөгч А.Дулмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Дын гаргасан давж заалдах гомдлоор В.Дад холбогдох 201626011143 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ............ын ............, 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч, операторчин мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө “Эрдэнэс таван толгой” ХХК-д галч, машинистын ажил эрхэлж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ............ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/,

В.Д нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 16-17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36 дугаар гудамжны 30 тоотод “...хамтран амьдрагч Х.Оюуныг зодлоо...” гэж маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Цийн толгойн тус газар нь модон сандлаар цохиж, хөлөөрөө толгой, хөлөн тус газар нь өшиглөж зодсоны улмаас “...гавлын дагз, зулай ясны заадас дагасан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх нимгэн цусан хураа, тархины няцралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: В.Дын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас В.Дад холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

............ овогт ............ын ............ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Дыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар В.Дын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар В.Дын урьдчилан цагдан хоригдсон 331 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

В.Дын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4 дэх хэсгийн 508.4.1, 508.4.4-т заасныг тус тус баримтлан В.Даас 3.615.955 төгрөгийг ............д, 7.453.295 төгрөгийг ............ад, 9.667.145 төгрөгийг ............д, 12.028.585 төгрөгийг ............д, 3.173.185 төгрөгийг ............т, 7.861.335 төгрөгийг ............т тус тус гаргуулж, харин хохирогчийн хууль ёсны төлөлөөгч банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн сандлын хугарч бутарсан 11 ширхэг модны хэсэг, 9 см урт ажлын хэсэгтэй шар өнгийн отверка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

В.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт холбогдохдоо гэр бүл, өөрийн бие болон өмч хөрөнгөө хамгаалж талийгаач Цогтгэрэлтэй зодолдсон. Энэ зодооноос болж талийгаачид үхэлд хүргэх гэмтэл учирсан гэдгийг бүрэн нотлоогүй гэж үзэж байна.

З.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 17 цаг 30 минутад дуудлага авч 10 минутын дараа очиход 2 найз бололтой зодолдсон байсан. Биед үзлэг хийхэд зүүн чихний дээд талд жоохон зулгарч шалбарсан байсан. Мөн зүүн гарын тохой хавиар үзүүртэй зүйлээр хатгасан шархтай, тархи толгой нил шороо болчихсон, амин чухал үзүүлэлтүүд хэвийн байсан. Би цагдаагийн ажилтанд Цогтгэрэлийг эрүүлжүүлж болно гэж бичиг хийж өгсөн.” гэж, Ц.Доржханд мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18 цаг 30 минутад эрүүлжүүлэх байранд үзлэг хийгээд эмчийн тэмдэглэлд биед нь байгаа бүх шарх соривыг тэмдэглэн зүүн гарын шууг цуурсан байж болзошгүй гээд ямар ч байсан коридорт сууж бай дахин түргэний эмч дуудая гээд... хүн багатай 3 дугаар камерт оруулсан. Тэгээд 20 цаг 20 минутад 103 дугаарт дуудлага өгсөн, 3 цагийн дараа 103 ирсэн.” гэж, О.Цэвэлмаа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 1 цаг 14 минутад дуудлага авч 1 цаг 24 минутад очсон. Гэмтэл согог судлалын эмнэлэгт 2 цагийн орчимд гэмтлийн эмчийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн гэмтлийн эмнэлэг орох замдаа Цогтгэрэл намайг хүлж байгаад зодсон гэж хэлсэн байдаг мөн өмдөндөө шээсэн байсан.” гэж, Ц.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд “...Гэмтлийн эмнэлэгт 2 цагийн үед хүлээн авсан.” гэж тус тус мэдүүлжээ.

Иймд талийгаач Цогтгэрэлийг эрүүлжүүлэх байрнаас өгч явуулсан авч явсан гэх хүмүүсийн цагийн зөрүү, мөн хүлгийг хаана хэрэглэдэг яагаад өмдөндөө шээсэн, тухайн үед ажиллаж байсан камерын бичлэг яагаад алга болсон мөрдөн байцаагч надаас байцаалт авахдаа өмгөөлөгчгүй байцаалт авч уншуулахгүй гарын үсэг зуруулж байсан. Энэ бүгдийг шалган тодруулж миний үүсгэсэн гэмтлээс болсон уу, ахин нэмж гэмтэл авсан уу гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна. Анх үзсэн эмч нүдний цус хуралтын талаар дурдаагүй эрүүлжүүлж болно гэсэн байдаг. Шинжээч эмч нар гэмтлийг тогтоосон болохоос цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн байгаа. Шууд үхэлд хүргэх гэмтэл эсэх, цаг тухайд нь алба хаагчид ажилдаа хариуцлагатай хандсан бол энэ хүний амь нас хохирох байсан эсэх нь эргэлзээтэй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч В.Дын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг хүн, байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ гэсэн тодорхой заалт байдаг. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд маш тодорхой мөрдөн байцаалтын ажиллагаануудыг нэмж хийлгэх талаар заасан. Тухайн үед эрүүлжүүлэх байрны камер ажилласан байсан эсэхийг тухайн өдрийн жижүүр болон цагдаагийн ажилтнууд болон эрүүлжүүлэх байрны эмчээс нэмж тодруулах шаардлагатай гэсэн. Гэрч Оюуныг бичиг үсэг мэдэх эсэх талаар, мөн хэргийн газар байгаагүй Р.Оюуны ямар учраас байсан үндэслэлийг тогтоох гэсэн. Дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлж байгаад зодсон гэх мэдүүлгийн эх сурвалжийг дахин нягтлан тогтоох зэрэг тодорхой заалтуудаар мөрдөн байцаалтын шатанд буцаасан боловч шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй орж ирсэн. 2 дахь удаагаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх заалтыг өгөөд буцаасан боловч эдгээр асуудлуудыг тодруулаагүй. Цаг хугацаа орон зайн хувьд хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг өгч чадахааргүй хүмүүсийг гэрчээр байцааснаар орж ирсэн. Ийм учраас шүүхийн шийдвэрт заасан заалтыг биелүүлээгүйгээс хэргийн ээдрээ, төвөгтэй эргэлзээтэй байдал хэвээр үлдсэн. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх Х.Оюун гэх цорын ганц гэрч байдаг. Гэрчийн мэдүүлэгт “ноцолдсон, зодолдсон. Би тухайн үед хаана яаж цохисныг мэдээгүй” гэж байж байгаад шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хүсэлтээр оролцохдоо “би бичиг үсэг огт мэдэхгүй. Би нэрээ тавьж чадна. Миний мэдүүлгийн агуулгад юу дурдсаныг мэдэхгүйгээр гарын үсэг зурсан” гэж мэдүүлсэн. Үүнийг шүүхээс бичиг үсэг мэдэх эсэх асуудал буюу хувийн байдал, боловсролын байдлыг тогтоох гэсэн үүрэг даалгавар өгсөн боловч огт биелүүлээгүй. Сүүлийн анхан шатны шүүх хуралдаанд орж ирэхдээ “би мэдрэлийн өөрчлөлттэй учраас тухайн үед буруу мэдүүлэг өгсөн байна. Одоо зөв мэдүүлэг өгье. Гэхдээ би бичиг үсэг мэдэхгүй хүн” гэдгээ хэлсэн нь Р.Оюуны өгсөн мэдүүлгүүд хэрэгт ач холбогдолтой байсан боловч харилцан ноцтой, зөрүүтэй нотлох баримтуудыг шүүх үндэслэлдээ заахдаа хувийн байдал буюу бичиг үсэг мэдэх эсэх, түүний өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг шийтгэх тогтоолд заагаагүй нь эргэлзээ бүхий байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг оролцогчийн хүсэлтээр шинжээч эмч Ганболдыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд ирж байна гээд тухайн үед утсаа салгаад алга болсон. Шүүх хуралдаанд оролцоогүй. Аргагүй эрхэнд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо илт зөрүүтэй. Нэг дүгнэлт гаргасан 2 шинжээчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт, энэ хэрэгт ач холбогдол бүхий харилцан ноцтой зөрүүтэй нотлох баримтуудыг анхан шатны шүүх үндэслэлдээ авч заахдаа тухайн мэдүүлгүүдийг шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй гэхээр асуудал уг дүгнэлтүүдэд тогтоогдоогүй гээд орхисон. Ямар үндэслэлээр яагаад тогтоогдоогүй гэдгийг заагаагүй. Ноцтой, зөрүүтэй нотлох баримтуудыг авч шийдвэрийн үндэслэлийг заахдаа хөнгөн хандсан. О.Цэвэлмаа амь хохирогчийг эрүүлжүүлэх байрнаас авч гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн хамгийн сүүлд амь хохирогчийн үгийг сонссон буюу намайг хүлж байгаад зодсон гэж хэлээд өөр зүйл яриагүй би гэмтлийн эмнэлэгт хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг байдаг. Гэтэл тухайн үед ажиллаж байсан эмч, цагдаагийн ажилтнуудын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Тэр үед ажиллаж байсан гэх мэдүүлэг, ажлаагүй байсан гэх мэдүүлэг байдаг. Сүүлийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтийг тавьсан боловч тухайн үед камер ажиллаж байсан эсэх талаар мэдүүлэг өгөх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч шал согтуу байсан. Драйгер үлээлгэхэд согтолтын зэрэг өндөр байсан учраас гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Тэгэхээр анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарахгүй орхисонд гомдолтой байна. Хэрвээ энэ гэрчийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүх хуралдаанд дуудаж авч ирээд мэдүүлгийг авсан бол камер ажиллаж байсан эсэх зөрүүтэй байдал буюу амь хохирогчийн хамгийн сүүлд өгсөн намайг хүлж байгаад зодсон гэх мэдүүлгийн эх сурвалжийг нотлоход ач холбогдолтой байсан. 3 дахь гэрч орж ирээд би сэтгэцийн өвчтэй гэж мэдүүлсэн. Гэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарахын оронд аль мэдүүлэг нь ямар үндэслэлээр тогтоогдоод тэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгааг шүүх шийтгэх тогтоолдоо заагаагүйд гомдолтой байна. Энэ хэрэгт хэргийн газар байгаагүй гэх Р.Оюуныг гэрчээр байцаасан тэмдэглэл байдаг. Үүнийг гол нотлох хүн нь өөрийгөө бичиг үсэг мэдэхгүй, анхны өгсөн мэдүүлэг худал, би сэтгэцийн өөрчлөлтэй гэж мэдүүлээд байгаа гэрч Х.Оюун нотлож тогтоох, цорын ганц гэрч байсан. Гэвч энэ үндэслэлийг нарийн тогтоогоогүй. Энэ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, 1 дүгнэлт гаргасан 2 шинжээчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Түүнийг шүүхээс няцаахдаа, үйл баримтыг тогтоохдоо мэдүүлэг зөрүүтэй гээд байхад тусгагдаагүй гээд шийдвэр гарсан. Дагзанд үүсэх гэмтэл, гавлын ясны цөмрөлт, савж унах, бусад хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ гээд ийм 2 өөр зөрүүтэй мэдүүлэг гарсан. Өөрийгөө бичиг үсэг мэдэхгүй гээд байгаа гэрч Оюун анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ усны тэрэг дээрээс савж унахыг харсан гэх мэдүүлэг байдаг. Ийм ноцтой, хэрэгт туйлын ач холбогдол бүхий мэдүүлгүүд байсан боловч харилцан ноцтой зөрүүтэй гарсан. Энэ нотлох баримтуудыг шүүх үндэслэлдээ заахдаа бусдыг нь үндэслэлдээ тодорхой заагаагүй. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна. Амь хохирогчийн ар гэрт шүүхээс гэм хорын хохиролд нийт 43.799.500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ үндэслэл болгосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгосны дэвтрээр нотлогдсон гэж үзсэн боловч аргачлалыг бодсон нотлох баримтыг үндэслэхээс биш шүүх өөрөө энэ аргачлалаар бодож гэм хорын хохирлыг барагдуулахаар зааж байгаа нь хууль зүйн боломжгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сонинцэцэгийн өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд маш их гомдолтой байдаг. 6-15 насны 4 хүүхэдтэй, ажилгүй, амьдралын хүнд байдалд байдаг. Нөхөр нь ар гэр, амьдралаа авч явдаг байсан гол хүн нь байсан. Шүүгдэгчийн талаас оршуулгын зардал, гэм хорын хохирол, төлбөрийг төлөгдөөгүй. Энэ хэрэг 2 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн талаар гэм буруугийн асуудлаар хэд хэдэн удаа хуралдсан. Мөрдөн байцаалтад 2 удаа буцаасан. Энэ дагуу ажиллагаа хийгдсэн. В.Д нь сандлаар Цогтгэрэлийн толгой руу цохиж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг нь 2016 оны 5 дугаар сараас хойш явж байна. Хэргийн болсон үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон гэж үзэж шийтгэх тогтоол гарсан. Урьд шүүхийн буцаасан заалтуудыг биелүүлээгүй байсан гэж ярьж байна. Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад тодорхой үйл баримтуудыг тогтоо гээд тухай бүр нь буцаахад тухай бүрт нь ямар ямар үйл баримтуудыг тогтоох холбогдох гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийсэн. Энэ хэрэгт шинжээчийн 3 дүгнэлт гарсан. Гурвуулаа эргэлзээ бүхий буюу зөрүүлсэн дүгнэлт гэж байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ямар байдлаар шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж ярьдаг вэ гэхээр шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулаад шинжээч эмч нарын асуусан асуултад хариулсан байдлыг харахад тэр мэдүүлгээс зөрүүтэй гэсэн асуудал яригддаг. Тиймээс шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэсэн асуудал хэрэгт байхгүй. Гэрч Оюун нь шүүгдэгчтэй тухайн үед гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч байсан. Гэрч Оюуны хувьд хэрэг учрал болсноос хойш гэрчээр мэдүүлэг өгөхдөө удаа дараа анхнаасаа тогтвортойгоор, үйл баримтыг болсноор нь ярьсан. Гэрч Оюуны мэдүүлэг хэзээнээс эргэлзээ бүхий нотлох баримт тогтоогдсон бэ гэхээр анхан шатны шүүх хуралдаан буюу шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөний дараа болсон шүүх хуралдаанаас эргэлзээ бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Үүнийгээ дараа нь үгүйсгээд мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх В.Дад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

В.Д нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 16-17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36 дугаар гудамжны 30 тоотод “...хамтран амьдрагч Х.Оюуныг зодлоо...” гэж маргалдан хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Цийн толгойн тус газар нь модон сандлаар цохиж, хөлөөрөө толгой, хөлөн тус газар нь өшиглөж зодсоны улмаас “...гавлын дагз, зулай ясны заадас дагасан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх нимгэн цусан хураа, тархины няцралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч В.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг унтаж байтал гэнэтхэн хүн хашгираад юм шидээд байгаа бололтой пижигнээд чимээ гараад ирэхээр нь би сэрж харсан. Намайг сэрээд харах үед Цогтгэрэл манай Оюуныг хоёр удаа нүүр рүү нь гараараа цохиод унагаахаар нь би босоод “та юу болж байна” гэж хэлээд бариад автал Цогтгэрэл миний баруун талын нүд рүү гараараа цохиод авсан. Би Цогтгэрэлтэй барьцалдаж аваад бид хоёр том өрөөнд давхараараа унасан. Би Цогтгэрэл ахыг дийлэхгүй байсан. Цогтгэрэл ах их бяртай учраас намайг хааш нь л бол хааш нь татаад байсан. Би Цогтгэрэл ахтай давхараараа унаад буцаж босож ирэхдээ цагаан өнгийн жижиг модон сандал авч цээж нуруу ар хавьд нь нэг удаа цохисон. Тэгтэл сандал бутраад уначихсан. Тэгтэл Цогтгэрэл хаанаас отверк авсан гэдгийг мэдэхгүй байна. Нэг отверк аваад миний зүүн талын гар руу дүрсэн. Би Цогтгэрэлийн гарт нь байсан отверкыг авах гэж нилээд ноцолдож байж автал Цогтгэрэл ах манай гэрээс гарч гүйсэн. ...Хашаанаас гарч гүйхдээ биеийнхээ урд хэсгээр харуулдаж газар унахаар нь би барьж аваад зуралдаад байж байтал Цогтгэрэл ах “байж бай, учраа олъё” гэж хэлэхээр нь би аваад хашаа руу орсон. Манай хашаанд ороод би Цогтгэрэлийг хориод байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. ...Цогтгэрэл хашаанаас гарч гүйх үедээ биеийнхээ урд хэсгээр харуулдаж унах үед нь би араас нь гүйж очоод 1 удаа бөгс рүү нь, цээж рүү нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би нүүр толгой руу нь өшиглөөгүй байхаа яг санахгүй байна. Гэхдээ би Цогтгэрэлийг өшиглөх нь өшиглөсөн, энэ бол үнэн. Тэгээд Цогтгэрэл “болъё, учраа олъё” гэж хэлээд манай хашаанд орж ирсэн. ...зодоон болох үед Оюунаа болон талийгаачийн жаахан хүү тэгээд би талийгаач Цогтгэрэлээс өөр хэн нэгэн хүн байгаагүй. Харин гадаа гудамжинд байх үед сургуулийн насны хоёр эмэгтэй байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-169, 171-172 хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сонинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...18 цаг өнгарч байхад манай том охин Аминаа “ээжээ цагдаа аавыг суулгаад ирж байна” гэж хэлэхээр нь гэрээс гараад харсан чинь манай гэрийн хойд хаалган дээр цагдаагийн алаг тэрэг ирчихсэн байсан. Би яваад очсон чинь талийгаач цагдаагийн автомашины хойд талын сандал дээр нь хажуу тийшээ харсан хувцас хунар нь энэ тэндээ цус нөж болчихсон нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. ...Би тэгээд Оюунаагийн гэрт очсон чинь байшингийнх нь хаалга үүд нь дэлгээстэй цонхнууд нь хагарсан байсан. ...цагдаагийн газар эрүүлжүүлэх дээр ирээд эрүүлжүүлэх байрны эмчээс асуусан чинь танай нөхрийг чинь аймаар зодчихсон байна лээ, гар нь хугарсан бололтой мөн нүдэнд нь цус хурсан байсан таталт өгөөд байсан. 103 дуудаад өчигдөр орой өгөөд явуулсан гэж хэлсэн. Тэр хамт байсан хүмүүс нь зодуулсан биш зодсон юм шиг байна лээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-44, 2 дугаар хавтаст хэргийн 38, 109 хуудас/,

гэрч Х.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...0.33 литрийн жижиг архи аваад Цогоо ахад оруулж ирж өгөөд “Та наад архиа гэртээ очоод уучих, В.Д бид 2 архи уухгүй” гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгээд байж байтал 20-30 минутын дараа байшингийн хаалга гаднаас нүдэхээр нь Цогоо ахыг дахиад архи нэхэх гэж байна гэж бодоод хаалгаа тайлж өгөлгүй хэсэг хэвтсэн. Гэтэл байшингийн том өрөөний цонх гаднаас нь цохиод хагалчихсан. Тэгэхээр нь хаалга тайлаад өгтөл Цогоо ах орж ирээд үгийн зөрүүгүй миний баруун, зүүн талын шанаа руу гараараа тус бүр 1 удаа цохисон. Тэр үед миний толгой манараад суух үед В.Д босч ирээд “Та яахаараа эмэгтэй хүн зоддог юм бэ” гэж хэлээд зууралдаад авсан. Тэр үед Цогоо ах В.Дын зүүн талын хөмсөг рүү гараараа цохиод авсан. Гэтэл В.Д том өрөөнд байсан цагаан өнгийн модон сандлыг аваад Цогоо ахын толгой руу 2 удаа цохих үед Цогоо ахын баруун чихний ар хэсгээс нь цус гараад эхлэхээр нь “В.Даа чи хүн аллаа шүү дээ, одоо боль” гэж хэлээд Цогоо ахыг цохиулахгүйн тулд Цогоо ахыг газар түлхэж унагаад дээрээс нь тэврээд хэвтчихсэн. Гэтэл В.Д намайг “Чи холд” гэж хэлэхээр нь холдолгүй Цогоо ахыг дараад хэвтэж байтал “Та нарыг алаад өгье л дөө” гэж хэлээд миний нуруу руу болон Цогоо ахын толгой руу сандлын модоор хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би Цогоо ахад “Та гайгүй юу” гэж асуутал “Би гайгүй ээ” гэж хариулсан. Тэгэхээр нь би “Та гараад гүйчих” гэж хэлээд гэрээс гаргаад гүйлгэх үед В.Д араас нь гараад хөөгөөд гүйсэн. ...араас нь гараад иртэл Цогоо ах манай гэрийн хашааны гадаа хэвтэж байсан бөгөөд В.Д хажууд нь зогсож байхаар нь Дэлгэрбатыг Цогоо ахыг дахиад зодож магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгөх гэтэл миний утасны цэнэг дуусаад унтарчихсан байсан. Энэ үед 9-10 дугаар ангийн гэмээр 2 охин хажуугаар явж байхаар нь “Миний дүү нар утсаа өгч байгаач, энэ 2 хүн зодолдоод байна, цагдаад дуудлага өгөх гэсэн юм” гэж хэлтэл нэг нь утсаараа цагдаа руу залгаад надад өгсөн. ...Цогоо ахын толгой хэсэг рүү нь 2 удаа цохисон. Мөн намайг Цогоо ахыг дараад хэвтчихсэн байх үед сандалны хугарсан модоор 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохисон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-56 дугаар хуудас/,

гэрч О.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...цагдаагийн эрүүлжүүлэх байранд очиход үүдэнд шалан дээр нимгэн ноосон цэнхэр цамцтай, жинсэн өмдтэй залуу хана тал руу харсан эвхэрээд хөлөө нугалаад хэвтэж байхаар нь сэрээгээд “бие нь яаж байна, чамайг хэн гэдэг вэ” гэхэд өөрөө “Ц.Цогтэрэл 30 настай” гэж хэлсэн. Тэгээд би даралтыг нь үзэхээр цамцыг нь тайлуулахад зүүн гар нь энд тэнд том том хөхөрсөн байхаар биед нь үзлэг хийхэд зүүн гар шуу бугалга тэр чигтээ хөхөрч няцарсан, тохойн нугалаас гадна талдаа 0.2 см орчим өнгөц өөх нь гарсан шархтай, шархнаас цус гарсан зүйл байхгүй байсан. Зүүн нүдний дээд зовхи хөхөрсөн хавдаагүй нүд нь цус хурсан байсан. ...нүүрэндээ хатсан цустай чихнээс цус гараагүй, цээжин дээрээ өнгөц урагдсан гэх улайлттай байхаар нь тэр залууг цагдаагаар түшүүлж өөрийх нь хөлөөр нь алхуулж түргэний автомашины шалан дээр суулгаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 02 цаг 00 минутанд хүргэж өгөхөд үзлэгийн өрөөнд ороод крантнаас ус уугаад нүүрээ угаагаад байж байхаар нь би гэмтлийн эмчид эмнэлэгт өвчтөн илгээх хуудас бичгийг Ц.Цийн хамт хүлээлгэж өгсөн. ...Би өмдийг нь тайлж үзлэг хийгээгүй. Баруун нүдэнд 0.1 см орчим бүлэнтэй 1 см орчим цус хуралттай мөн таталт өгсөн гэж хэлсэн болохоор би тархиндаа гэмтэл авсан байж магадгүй гэж үзээд гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. ...Мөн өмдөндөө шээсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58, 2 дугаар хавтаст хэргийн 211-214 дүгээр хуудас/,

гэрч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 7-ны шөнө 2 цагийн үед 103 буюу яаралтай түргэн тусламжийн эмч Цогтгэрэл гэх хүнийг хүргэж ирсэн. Уг хүн ирж үзүүлэхдээ ухаан саруул, өөрөө алхаж, өөрөө бусдад зодуулсан гэж тайлбарлаж байсан. Анхны үзлэг хийхэд гавал тархины гэмтэлтэй байсан. Рентген зураг авахуулах бичиг хийж өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

гэрч Р.Оюунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр өдөр 15 цагийн үед би эмийн сан орж зүрхний эм авах гээд явж байтал эмийн сангийн үүдэнд улаан өнгийн цамцтай 3-4 насны эрэгтэй хүүхэд уйлаад явж байсан. Би яагаад уйлсан талаар нь асуухад “манай аавыг хүн зодоод байна, манай ээжийг Солио гэдэг” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдийг дагуулж ээж аавынх нь байгаа газар руу явж байтал Толгойтод байдаг Оюунаа гэдэг эмэгтэй өөдөөс халамцуу ирсэн. Тэр ирээд “Оюунаа эгчээ манай нөхөр Солиогийн нөхрийг зодоод байна” та салгаад өгөөч гэсэн. Тэгээд цуг гэрийнх нь үүдэнд очиход Оюунаагийн нөхөр Солиогийн нөхрийн толгой, цээж рүү өшиглөөд байсан. Тэгээд би “боль” гэж болиулаад салгатал Солиогийн нөхрийг Оюунаа нөхөртэйгээ хамт дагуулаад гэр рүүгээ аваад орсон. Тэгээд би буцаад явсан. Тэр үед 8-9 дүгээр ангийн бололтой 2 охин хажууд байсан. Тэр 2 охин цагдаад дуудлага өгсөн гэсэн. ...Солиогийн нөхөр намайг алхаад очиход Оюунаагийн хашааны хаалганаас 4-5 метр зайд автомашины шороон зам дээр доошоо хараад хэвтэж байсан. Хамарнаас нь цус гараад нүүрний хэсэг нь нил цус болсон, хувцас нь бас шороо болчихсон байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

гэрч Ц.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Ц нь саатуулах байранд ирэхдээ толгой нь зүүн дээд хэсэгтээ ирмэгтэй юмаар цохьчихсон юм шиг шархтай тэрнээс нь цус гарчихсан зүүн гарын тохой нь шалбараад хөхөрсөн мөн эрээн булчин нь хөхөрсөн зүүн гарын сарвуу арын хэсгээрээ бага зэргийн хавдартай улайсан, нүдэнд цус хуралт үүссэн байдалтай ирсэн. ...Эмчийнхээ тэмдэглэл дээр биед нь байгаа бүх шарх сорвийг тэмдэглээд зүүн гарынх нь шууг цуурсан байж болзошгүй гээд ямар ч байсан коридорт сууж бай дахин түргэний эмч дуудъя гээд хүн багатай 3 дугаар камерт оруулсан. Тэгээд 20 цаг 20 минутад Цогтгэрэлийг үзүүлэх гэж дуудлага өгсөн. Саатуулах байрны 93022452 гэсэн дугаараас залгасан ба тэгээд байж байтал 3 дугаар камерт саатуулагдаж байсан нөгөө Цогтгэрэлийг өнхөрөөд уначихлаа гэж хэлэхээр цагдаа Лхагвасүрэн, Цолмонбаяр нараар камерны хаалгыг онгойлгуулаад оруултал хамаг биенийх нь хөлс нь гарчихсан нааран дээр хэвтэж байсан. ...Өөрөөс нь “яасан, юу болсон юм” гэж асуусан чинь “найз нартайгаа архи уугаад хоорондоо маргалдаад зодоон хийсэн юм аа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,

гэрч Ч.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын 36-30 тоотоос 18 цагийн орчим согтуу агсам тавьсан гэсэн толгойдоо шархтай гарынхаа тохой хэсэгт гэмтэлтэй Цогтгэрэл гэдэг хүнийг эргүүлийн офицер ахмад Батбаяр 103 эмчийн бичигтэй саатуулахаар ирж эмчид хүлээлгэж өгсөн. ...Тухайн хүнийг хүн бага байсан 3 дугаар камерт оруулсан. ...камерт ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй. Учир нь саатуулах байранд саатуулагдаж байгаа хүмүүсийн үйл хөдлөл бусад зүйл болон аюулгүй байх талаар хором бүр хяналт тавьж эргэж тойрч ажилладаг. Энэ хүн тухайн үед гаднаас хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд эрүүлжүүлэх байранд биеийн байдал нь муудаад 103 руу дуудлага өгч явуулсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ч.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хашаанаас хоёулаа согтуу нас нь 35-40 орчим насны гэмээр ямар хувцастай байсныг санахгүй байна 2 эрэгтэй хүн гарч ирээд автомашин явдаг зам дээр хоорондоо зодоон хийгээд байсан. Анх хашаа руу хүүхэд дагуулаад орсон ахыг нөгөө ах унасан байхад нь өшиглөөд зодоод байсан. ...Тухайн үед Хулан бид хоёроос цагдаа дуудаж өгөөч гэж анх гарч ирсэн эгчийн хувцас хунар нь энэ тэндээ урагдчихсан байсан. ...Харин Толгойтын эцэст нүүрс зардаг Оюунаа гэдэг эгч доороос ирээд болсон зүйлийг харчихаад цагдаа нар ирэхээс өмнө яваад өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Толгойтын эцсийн автобусны буудлаас хойшоо гэр рүүгээ явж байсан чинь бид хоёрын урдаас эрэгтэй хүүхэд хөтөлсөн 30 орчим насны гэмээр согтуу ах гарч ирээд нэг айлын хашааны наад талаас том чулуу аваад ганц хаалгатай, цэнхэр өнгийн хашаа руу явж ороод байшингийн шилийг нь хагалах шиг болсон. Ямар ч байсан шил хагарах чимээ гарсан. Тэгтэл хашаанаас нэг эгч уйлчихсан байдалтай гарч ирээд Болорцэцэг бид хоёроос цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. ...Энэ үед нөгөө хашаанаас хоёр согтуу ах гарч ирээд бие биетэйгээ зодоон хийгээд байсан. Анх хашаа руу хүүхэд хөтлөөд чулуу бариад орсон ахыг аймаар зодоод байсан. Миний харснаар хөлөөрөө нүүр рүү нь газар унасан байхад нь дэвсээд зодоод байсан. Нөгөө эхнэр нь гээд байсан эмэгтэй. ...Оюунаа эгчийг дагуулж ирэх үед нөгөө газар унасан чулуу барьж хашаа руу орсон ахыг нөгөө согтуу ах газар унагасан зодсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

гэрч Г.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дуудлагаар очиход тэр хашаанд байсан байшинтай айлын урагшаа харсан том цонх хагарсан байдалтай хашаан дотор нэг залуу толгойгоо хагалуулсан байдалтай зүүн шанаа цус болчихсон байсан. Нөгөө залуу нүднийх нь дээр цус гараад хатчихсан байдалтай хоорондоо ямар нэгэн байдлаар зодоон хийсэн маргалдсан байдалтай байсан. ...толгойгоо хагалуулсан согтуу эрэгтэйг автомашиндаа суулгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд хүргэж ирсэн. ...Тухайн үед толгойгоо хагалуулсан гэх залуугийн биеийн ил харагдах хэсэгт зүүн шанаанаас цус гараад хатчихсан хувцас хунар нь нил шороо болсон байдалтай гар нь бас юмаар зүссэн гэсэн байхаа шарх болсон байсан. ...Байшинд орж шалгасан тэр үед байшингийн шалан дээгүүр нил цус болчихсон цонхны шил хагарчихсан гэрийн дотор эд зүйл хөглөрчихсөн зодоон хийсэн бололтой хамаг юм нь замбараагүй болсон байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Амь хохирогчийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 16 цагаас 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 04 цаг хүртэл хугацаанд ухамсарт үйлдэл хийх чадвартай гэдэг нь яг ямар хугацааг хамааруулж ойлгохыг тархины гэмтлийн байрлал, хэмжээ, хэлбэр, судасны цусан хангамж, бүлэгтэй, цусны эргэлтийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг тул нарийвчлан тогтоох боломжгүй. Харин ухаантай байдал нь юмс үзэгдлийн бодит байдлыг тусган авч бие хүн хүрээлэн буй орчинтойгоо харилцах харилцааг хэлнэ. ...Амь хохирогч Ц.Ц нь дээрх гавал тархины гэмтлийг авсан цагаас хойш 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 04 цаг хүртэл ухаан алдах цаг хугацаанд ухамсарт үйлдэл хийх чадвартай. Ингэхдээ шинжээч эмч О.Болороогийн мэдүүлснээр үйлдэл хийх боломжтой гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй. ...дээрх цусан хурааны үүсэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтсэн судаснаасаа хамаараад шингэн цус бүлэгнэж тархиа дарах хүртлэх хугацааг ойлгоно. ...Амь хохирогчид үүссэн гавал тархины яс дагзны төвгөрөөс дээш суман заадсыг дагаж явж дух зулайн зааг хүрсэн хугарал, цус хураанаас гадна тархинд эдийн няцрал, бүрхүүлийн цус харвалт, дух зулай, дагзны хуйхны доор хар хүрэн цус хуралттай гэсэн гэмтлүүдтэй байсан нь унахаас гадна мохоо зүйлийн цохих, өшиглөх зэрэг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байсан. ...амь хохирогчийн цогцост зүүн мөр, баруун зүүн шуу, сарвуу, цээж, 2 хөлийн өвдөг шилбэнд цус хуралт зулгаралтууд бүхий гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Амь хохирогч Ц.Цийн цогцост үзлэг хийж гаргасан давтан шинжилгээгээр урьд өмнө нь гаргасан №896 дүгнэлт, №912 дугаартай дүгнэлтүүдтэй зөрүүтэй зүйл байхгүй. Мөн урьд гаргасан дүгнэлтүүдээс гадна хавтаст хэргийн материалд авагдсан шинжээч эмч М.Энхбаярын байцаалттай танилцахад “амь хохирогч Ц.Цийн гавал тархинд үүссэн гэмтлийг авсан дариуд төдийлөн удалгүй ухаан алдсан байх магадлалтай, хүний хөлийн цохилтоос гэмтсэн байх боломжгүй” гэсэн нь үндэслэлгүй мэдүүлсэн байна. Дээрх гэмтэл нь хүний хүчин зүйлийн үйлчлэл болох цохилт, өшиглөлтөөс үүсэх боломжтой гэмтэл юм. ...дээрх гэмтлийг авсан дариуд богино хугацаанд ухаан алдах, толгой өвдөх, толгой эргэх, бөөлжих, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед дээрх шинж тэмдгүүд бүдэг юмуу эсвэл хожуу илэрч болдог юм. ...таталт өгөх гэдэг нь ухаангүй болж биеийн булчингууд огцом агших үйл явдлыг хэлнэ. Энэ төрлийн үед богино хугацаанд таталт үүсэж эргээд хэвийн нөхцөлд орох тохиолдол ч бий.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ухаан алдах хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд хатуу хальсан доорхи цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархийг дайрч, тархи хавагнан амьдралын чухал төвүүдийг дайрснаар хүн ухаан алдаж унадаг бөгөөд энэ цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...хатуу хальсан доорхи цусан хураа нь гэмтэл авснаас хойш тархийг дарж ухаан алдах хугацааг саруул үе гэдэг бөгөөд энэ үед хүн ухамсарт ухаантай үйлдэлт хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ...дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих болон ашиглах үед үүсэх боломжтой гэмтэл юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141-142, 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ц.Цийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Цогтгэрэл нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 3адлан шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Ц.Ц нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй болно. Талийгаач Ц.Цоптэрэл нь АВО системээр ОхВ (I) бүлгийн цустай байжээ. Талийгаач Ц.Цийн биед учирсан гавал тархины гэмтэл нь дагз хэсгээр савж унахад үүсгэгдэх боломжтой. Талийгаач Ц.Цд учирсан гэмтэл нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.” гэх 896 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,

“...Гавал тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд ухамсарт ухаантай. Гавал тархины голомтот гэмтлийн улмаас тархи хавагнаж амьдралын чухал төвүүд дарагдах хүртэл ухамсарт ухаан хадгалагдах боломжтой. Ц.Ц нь дээрхи тархины гэмтлийн улмаас тэнцвэрээ алдаж унасан байж болно.” гэх 912 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/,

“...Амь хохирогч  Ц.Ц  нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны  өдрийн  16  цагийн орчим тархины хүнд гэмтэл авснаас хойш 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 04 цаг хүртэл ухаан алдаж унах хүртлээ ухамсарт үйлдэл хийх чадвартай. Хавтаст хэргийн материалын 0136 дугаартай хуудасны 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн №912 дугаартай дүгнэлтэд дурьдсан “гавал тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд ухамсарт ухаантай, гавал тархины голомтот гэмтлийн улмаас тархи хавагнаж амьдралын чухал төвүүд дарагдах хүртэл ухамсарт ухаанаа хадгалах боломжтой гэдэг нь тархины гэмтлийн байрлал, хэмжээ, хэлбэр, судасны цусан хангамж, бүлэгнэлт, цусны эргэлтийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Ухамсарт ухаан нь юмс үзэгдлийн бодит байдлыг тусган авч бие хүн хүрээлэн буй орчинтойгоо харилцах харилцааг хэлнэ. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №896 дугаартай дүгнэлт, хавтаст хэргийн материалын №912 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.” гэх 357 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч В.Дын гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр В.Дын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч В.Дын давж заалдах гомдол гаргахдаа дурдсан “...Эрүүлжүүлэх байранд амь хохирогчийг зодсон байж болзошгүй, ...Шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй гарсан, ...гэрч Х.Оюуны сэтгэцийн байдал эргэлзээтэй тул өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй... хэргийг дахин прокурорт буцааж шалгуулах ёстой” гэсэн тайлбаруудыг үндэслэл бүхий нотлох баримтуудыг дурдаж няцаан дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу шүүгдэгч В.Дад холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч В.Дын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                    Ц.ОЧ