Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0180/З |
Дугаар | 221/МА2022/0490 |
Огноо | 2022-07-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0490
“С” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Нэхэмжлэгч: “С” ХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагч,
Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 381 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Б.Э нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2022/0180/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр:
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХК-ийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:
Анхан шатны шүүхийн 381 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хэсэгт “сав баглаа дээрх орц гэсэн хэсэгт А.Үнээний сүү, В.Үнээний хатаамал сүү гэсэн тэмдэглэгээг тусгасан нь тус бүтээгдэхүүн нь чухам ямар орцтой бүтээгдэхүүн болох нь ойлгомжгүй байх бөгөөд хоёрдмол утга санаа агуулсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь “С” ХК-ийн Шинэ сүү бүтээгдэхүүний саван дээр А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү гэсэн тэмдэглэгээний хамт “орцны төрлийг огнооны хажуугаас харна уу” гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү тэмдэглэгээг үндэслэн тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн огнооны хамт энэ бүтээгдэхүүн нь А буюу үнээний сүү, эсхүл В буюу үнээний хатаамал сүү эсэхийг тухай бүрд нь тэмдэглэж зааж өгсөн байдаг. Тодруулбал, тухайн сүүний саван дээрээс уг бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэгдсэн болон орц найрлагад нь ямар төрлийн сүү багтсан болохыг нэг бүрчлэн тодорхой харах боломжтой байхад шүүх “бүтээгдэхүүний орц ойлгомжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр, Шинэ сүүний дээрх орц найрлагын тэмдэглэгээ нь “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошоглолтод тавих шаардлага MNS 6648:2016”-ийн 5.1.2-т заасны дагуу хариуцсан мэргэжлийн байгууллага хүлээн зөвшөөрөгдөж, үүний дагуу манай компани нэмэлт тэмдэглэгээ хийсэн.
Мөн түүнчлэн хариуцагчаас явуулсан шалгалтад хамрагдсан бусад байгууллагууд буюу тухайлбал, Монфреш, бусад компаниудын сүүний савлагаа А, В тэмдэглэгээтэй хэр нь тухайн сүүний орц найрлагыг хэрхэн ялгах талаар тодорхойлоогүй буюу “орцны төрлийг огнооны хажуугаас харна уу” гэх зэрэг ялгах мэдээллийг тусгаагүй алдаатай байх бөгөөд тухайн асуудалд дүгнэлт хийхдээ ялгамжтай байдлаар мэдээллийг тодорхойлж, хэрэглэгчдэд ойлгомжтой мэдээллийн бүрдлийг хангасан “С” ХК-ийн бүтээгдэхүүнийг үндэслэлгүйгээр буруутгаж байгаа нь ойлгомжгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.
2.2.128/ШШ2022/0381 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хэсэгт “Шинэ сүү гэх оноосон нэрээр худалдаалж байгаа нь Монгол хэлний их тайлбар тольд шинэ гэх үгийг тайлбарласан хуучин бус, сая гарсан, хуучраагүй гэх тайлбартай нийцэхгүй байна”, 8 дугаар хэсэгт “Шинэ сүү гэх оноосон нэр нь хатаамал сүүний агууламжтай бүтээгдэхүүнийг илэрхийлэх ойлголт бус, хэрэглэгчид шинэ сая гарсан гэх ойлголт төөрөгдүүлэхүйц байх тул нэхэмжлэгч “С” ХК нь хэрэглэгчийг бодит мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэхээр байна” гэж үзсэнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Монгол хэлний их тайлбар толь гэж дурдсан нь шаардлага хангасан хэрэгт авагдсан нотлох баримт биш бөгөөд зөвхөн хариуцагчийн амаар тайлбарласан, албан бус эх сурвалжийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн шүүх “шинэ сүү гэх оноосон нэр нь хатаамал сүүний агууламжтай бүтээгдэхүүнийг илэрхийлэх ойлголт бус, хэрэглэгчид шинэ сая гарсан гэх ойлголт төөрөгдүүлэхүйц байх тул” гэсэн нь үндэслэлгүй буюу манай компанийн Шинэ сүү гэх бүтээгдэхүүний хувьд малчдын хотноос шинээр нь сааж, үйлдвэрийн хэсэгт хүлээн авч, боловсруулан, хэрэглэгчдэд шинээр үйлдвэрлэн хүргэж байгааг илэрхийлж байгаа болно.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт МNTR2:2011”-ийн нэр томьёоны 2.1.2-т түүхий сүү, 2.1.3-д бүтэн сүү, 2.1.5-д тосгүй сүү, 2.1.6-д ундны сүү, 2.1.7-д халааж боловсруулсан сүү, 2.168-д ариутгасан ундны сүү, 2.1.12-т хатаамал сүү, 2.1.13-д тосгүй хатаамал сүү гэх мэт томьёолсон байхаас Шинэ сүү гэдэг нэр томьёо байхгүй ба “С” ХК-ийн бүтээгдэхүүн нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолын агуу баталсан зохицуулалтын нэр томьёололд орсны дагуу сүүн бүтээгдэхүүний орц найрлага, шимт бодисыг алдагдуулахгүй ханган үйлдвэрлэж байна.
2.3.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагч Б.Бат-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №78 дугаартай албан шаардлага нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №01/40 дугаартай удирдамжийг үндэслэсэн байх бөгөөд тус удирдамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 сарын 29-ний өдрийн хооронд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, танилцуулга бэлтгэсэн байдаг. Тус танилцуулгын буюу 13 дугаар хуудасны дүгнэлт хэсгээс үзэхэд Шударга өрсөлдөө, хэрэглэгчийн төлөө газар нь стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт, шалгалт хийсэн байдаг.
Стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрмийн 3-т “Стандартчилал, хэмжил зүйн төв нь үйл ажиллагаандаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн акт, энэ дүрмийг удирдлага болгоно”. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд төрийн болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина”. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллага буюу стандарт хэмжил зүйн газар шалгаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллах ёстой.
Мөн тус танилцуулгын 14 дүгээр хуудсанд хэрэглэгчийн судалгаа авсан байна. Хэрэглэгчийн судалгаа нь тодорхой бус бүтээгдэхүүн болгоноор аваагүй буюу өөрсдийн цахим хуудас болох фэйсбүүк хуудсыг ашиглан цөөн хэдэн хаяг, зээн холбогдогч нь тодорхойгүй, хуурамч хаягтай этгээдүүдээс тодорхой бус, хэт ерөнхий судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүн нь тусгайлан манай байгууллагын бүтээгдэхүүний тухай тодорхой үр дүнг харуулаагүйг шүүх хурлын тэмдэглэл хэсэгт хариуцагчаас асуусан асуултын хариулт хэсгээр нотлогдож байна. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дээрх судалгааг дүгнэлт хэсэгт үндэслэж танилцуулгыг бэлтгэж, улмаар албан шаардлага хүргүүлэх үндэслэлийн нэг хэсэг болсон байхад дүгнэлт агуулгын хувьд үндэслэл бүхий байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөлгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой үнэл,ж дүгнээгүй гэж үзэж байна.
Хуулийг буруу хэрэглэсэн гэх хэсэгт:
128/ШШ2022/0381 тоот шүүхийн шийдвэрийн Тогтоох эсгийн 1 дүгээр хэсэгт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг тус тус баримталж, хуулийг буруу хэрэглэсэн байдаг.
2.4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасан байх бөгөөд улмаар үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид ямар мэдээллийг бараа, бүтээгдэхүүний сав баглаа боодолд тусган хүргэн талаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан байх бөгөөд “С” ХК-ийн бараа бүтээгдэхүүний савлагаанд агуулагдсан мэдээлэл нь тус хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхад шүүх аль зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа талаар үндэслэх хэсэгт огт дүгнээлгүй хэр нь ийнхүү хуулийг баримталсан нь ойлгомжгүй байна. “С” ХК-ийн бүтээгдэхүүн хуулийн шаардлага хангасан мэдээлэл хүргэсэн талаар дараах хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлав.
- Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таньцын тухай код, /Шинэ сүүний сав баглааны урд талын нүүрэнд компанийн логог, бүтээгдэхүүний нэрийг тусгасан бөгөөд ард талд нь компанийн хаяг, кодыг тусгасан/
- Барааны зориулалт, хэрэглээний шин чанар, /Шинэ сүүний сав баглааны ард талын нүүрэнд бүтээгдэхүүний зориулалт, хэрэглээний шинжийг тусгасан/
- Барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга зүй, /Шинэ сүүний сав баглааны ард талын нүүрэнд “орц” гэж тодорхойлон тусгасан, “хадгалах горим” гэж тусгасан, “хэрэглэх арга зүй” гэж тодорхой мэдээлэл мөн тусгасан/
- Барааны нэр төрөл, үнэ, /Шинэ сүүний сав баглааны урд талын нүүрэнд бүтээгдэхүүний нэрийг “Шинэ сүү” гэж том үсгээр нүүрний голын хэсэгт тодорхой тусгасан/
- Барааны хэмжээ, хэмжих нэгж, /Шинэ сүүний сав баглааны урд талын нүүрэнд “500 мл” гэж тусгасан/
- Барааны баталгаат болон эдэлгээний хугацаа, /Шинэ сүүний сав баглааны хажуу талын хэсэгт үйлдвэрлэсэн хугацаа, ард талын хэсэгт хадгалах хугацааг тус тус тодорхой тусгасан/
- Барааг зөв хэрэглэх тухай заавал, /Шинэ сүүний сав баглааны ард талын хэсэгт хэрэглэх зөвлөмж, зааврыг тодорхой тусгасан/
2.5 Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан. “С” ХК-ийн хувьд хуулийн шаардлага хангасан мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхээр стандартад нийцүүлэн сав баглаатайгаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн бөгөөд хэрэглэгчийг төөрөгдүүлэх худал, буруу, дутуу мэдээллийг алиныг ч тусгаагүй, сурталчлаагүй, аливаа ийм үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Гэтэл дээрх зүй бус үйлдлийг гарган бүтээгдэхүүнээ худалдсан гэх нотлох баримт байхгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №01/40 дугаартай удирдамжийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хийсэн хяналт шалгалтын танилцуулгад дурдсан судалгааны үр дүн нь тодорхойгүй, хэт ерөнхийгөөс үүдэн төөрөгдөж буй эсэхийг тогтоогоогүй байхад шүүх тус хуулийг ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй, учир зүйн холбогдолгүй байна.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0381 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “С” ХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ерөнхий байцаагчид холбогдуулан гаргажээ.
2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/40 дугаартай удирдамжийн[1] дагуу дотоодод үйлдвэрлэж буй сүүний хаяг шошго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох зорилготой хяналт шалгалтыг хариуцагчаас явуулсан.
3.Уг шалгалтад “С” ХК багтсан бөгөөд удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтад үндэслэж, маргаан бүхий акт болох 78 дугаар албан шаардлагыг[2] гаргасан.
4.Маргаан бүхий 78 дугаар шаардлагаар:
-“Шинэ сүү” гэх сүүний оноосон нэрийн агуулгад тохируулан савлах, бүтээгдэхүүний нэрээс зөрүүтэйгээр хэрэглэгчийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох,
-Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошгололт хийж хуулийн хэрэгжилтийг хангах,
-Хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү гэх тэмдэглэгээг хасах, Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгах” ажлыг гүйцэтгэж, зөрчлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний дотор арилгаж, мэдээлэл ирүүлэх, албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдэгджээ.
5.Нэхэмжлэгч “С” ХК-ийн “Шинэ сүү” бүтээгдэхүүний савлагааны зурагт[3] “Орц” хэсэгт А.Үнээний сүү, В. Цэвэршүүлсэн ус, хатаамал сүү гэж хаалтад “Орцын төрлийг огнооны хажуугаас харна уу” гэж бичсэн, харин орц хэсэгт үнээний сүү, үнээний хатаамал сүүний аль нь болохыг шууд зааж А эсвэл В тэмдэглэгээг тавиагүй гэдэг нь тогтоогдож байна.
6.Ийнхүү “Орц” хэсэгт бүтээгдэхүүний найрлагыг тодорхой тавиагүй байгаа нь Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих MNS 6648 : 2016 шаардлагын[4] 5.2, 5.7-д заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч талаас “Шинэ сүү” бүтээгдэхүүний орцыг үнээний сүү /шингэн сүү/ эсхүл цэвэршүүлсэн ус, хатаамал сүү /хуурай сүү/ гэдгийг мэдэхийн тулд бүтээгдэхүүний найрлага, орцыг тухайн бүтээгдэхүүний орц гэсэн хэсгээс бус огноо гэсэн хэсэгт В тэмдэглэгээ хэсгээс мэдэх боломжтой гэж тайлбарлах боловч энэ нь дээр дурдсан стандартын шаардлагын дагуу орц, найрлагын мэдээллийг орц гэсэн хэсэгт шууд мэдээлэх агуулгаас зөрүүтэй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
7.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй ба нөгөө талаас үйлдвэрлэгч хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангах үүрэгтэй.
8.Хэрэглэгчээс “С” ХК-ийн үйлдвэрлэсэн сүү нь шингэн сүү /үнээний сүү/ эсхүл хурай сүү /хатаамал сүү/ цэвэршүүлсэн усаар үйлдвэрлэсэн эсэхийг огноо гэсэн хэсгээс ямар нэг үсгийн тэмдэглэгээгээр бус харин тухайн бүтээгдэхүүний орц гэсэн хэсгээс шууд харан мэдээлэл авах боломжтой байх нь тухайн бүтээгдэхүүний талаар бодит мэдээллээр хангагдах эрхэд нийцэхээр байх тул энэ талаарх маргаан бүхий хариуцагчийн шаардлага болон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9.Маргаан бүхий 78 дугаар шаардлагаар нэхэмжлэгч компанийн “Сайхан сүү” 1 л, “Сүү milk” 1 л, “Шинэ сүү” 500 гр, “Шимт сүү” 1 л савлагаанд дурдагдсан орцын талаарх тэмдэглэгээ нь зөрчил, дутагдалтай гэж үзэн шаардлага хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд зөвхөн “Шинэ сүү” бүтээгдэхүүний савлагаан дээрх тэмдэглэгээний талаар гомдол гаргасныг дурдах нь зүйтэй.
10.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...манай компанийн “Шинэ сүү” гэх бүтээгдэхүүний хувьд малчдын хотноос шинээр нь сааж, үйлдвэрийн хэсэгт хүлээн авч, боловсруулан, хэрэглэгчдэд шинээр үйлдвэрлэн хүргэж байгааг илэрхийлж байгаа болно... Шинэ гэх ойлголт шинэ бүтээгдэхүүн буюу хуучин биш гэх ойлголтыг илэрхийлэхээс бус хатаамал биш байх агуулгыг илэрхийлдэг гэх үндэслэл байхгүй болно...” гэж маргажээ.
11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Шинэ сүү” бүтээгдэхүүний орц, найрлагыг заасан B үсгийн тэмдэглэгээтэй байх ба энэ нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбарласнаар хатаамал сүү /хуурай сүү/ ба цэвэршүүлсэн усаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж үзэхээр байна.[5]
12.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар хатаамал сүү /хуурай сүү/ ба цэвэршүүлсэн усаар шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “шинэ” буюу шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэлгүй, “шинэ сүү” гэх ойлголт нь шингэн сүү буюу үнээний сүүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж ойлгогдоно, хатаамал сүү /хуурай сүү/ ба цэвэршүүлсэн усаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Шинэ сүү” гэж нэрлэх нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл, тайлбар хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.
13.Дүгнэхэд, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.” гэх хуулийн агуулгаас үзэхэд үйлдвэрлэгчийн хувьд хэрэглэгчийг барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангах үүргийг хүлээлгэж байгаа зохицуулалт юм.
14.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг” гэсэн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа...-г ...төөрөгдүүлэх... замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж заасан.
15.Энэхүү заалт нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалттай холбоотой буюу нэг талаас хэрэглэгчийн эрхийг тодорхойлсон, нөгөө талаас үйлдвэрлэгчийг үүргийг тодорхойлсон заалт юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч этгээд нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчийг төөрөгдүүлэх байдлаар гаргахыг хориглосон ба уг заалт нь хэрэглэгчийн эрхийг хамгаалсан заалт юм.
16.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “С” ХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний орц, найрлагыг тухайн бүтээгдэхүүний “Орц” гэсэн хэсэгт заагаагүй, огноо гэсэн хэсэгт зааж өгсөн, түүнчлэн бүтээгдэхүүний орцыг А эсхүл В үсгээр орлуулан ойлгох талаар тэмдэглэсэн, мөн хатаамал сүү /хуурай сүү/ ба цэвэршүүлсэн усаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Шинэ сүү” нэрээр худалдаанд гаргаж байгаа нь хэрэглэгчийг үнээний сүү /шингэн сүү/-гээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж ойлгоход хүргэж байгаа үйл баримтууд нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хэрэглэгчийн үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхийг хангаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд маргааны үйл баримтад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9-д заасныг анхан шатны шүүхээс зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ