Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 672

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж

Нэхэмжлэгч: Э.С

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: Г.С

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Г.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг Э.Сд өмчлүүлэхийг НЗДд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний ээж Г.З, дүү Э.У нар НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг өмчилж авсан.

2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний ээж, дүү нар гэртээ байхдаа галд өртөн өөд болсон. Гэтэл өвлөх эрх нээгдээгүй байхад ээжтэй минь хамтран амьдарч байсан Г.С-д НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжаар дээрх газрыг өмчлүүлсэн нь миний эрхийг зөрчжээ. Миний бие эхээс гурвуулаа бөгөөд нэг дүү минь нас барсан, нөгөө дүү маань АНУ-ын иргэн болсон. Миний ээж болон дүүгийн өмчлөлийн газрыг надаас өөр өвлөх эрхтэй хүн байхгүй. Миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй боловч хууль ёсны өвлөгч учир энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй субъект болно. НЗД-ын  энэхүү хууль бус шийдвэр намайг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгочихлоо.

Миний бие газрын асуудлаа хөөцөлдөхөд Нийслэлийн Газрын албаны зүгээс “...энэ газар Г.С гэх хүнд шилжсэн байна. Газрын эрхийн талаар танд нарийн мэдээлэл өгөх боломжгүй, баримт материал хуулбарлан олгохгүй. Г.С өөрөө ирвэл мэдээлэл олгох боломжтой” гэсний дагуу би Г.Сыг дагуулан Нийслэлийн Газрын албанд очиж 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий захирамжийн хувийг хуулбар үнэн тэмдэг даруулан авсан. Ингэснээр миний ээж, дүүгийн газар өмчлөх эрх өөр хүнд шилжсэн болохыг мэдэж, НЗД-ын захирамжтай танилцсан. Г.С гуай энэ асуудлыг нарийн мэдэхгүй байсан бөгөөд “Би газар миний нэр дээр байгааг одоо л мэдэж байна. Би ингэж өөрийнхөө нэр дээр шилжүүлэх тухай хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй” гэж надад хэлж байсан. Иймд НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Г.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг Э.С-д өмчлүүлэхийг НЗДд даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 1-******* тоот хашааны газрыг иргэн Г.З-д Б******* дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамжаар эзэмшүүлж улмаар НЗД-ын 2004 оны 197 дугаар захирамжаар хамтран өмчлөгчөөр Э.У нарт өмчлүүлжээ.

Иргэн Г.С нь 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б******* дүүргийн Газрын албанд, 2006 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Газрын албанд гэр шатаж бичиг баримт галд өртсөн, кадастрын зураг болон газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх өргөдөлдөө тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Б******* дүүргийн мөрдөн байцаах тасгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсний дагуу НЗД-ын 2006 оны 354 дүгээр захирамжаар тус газрыг иргэн Г.С-д өмчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.С нь Г.З болон Э.У нарын өв залгамжлагч мөн болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасан тул НЗД уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие Б******* дүүргийн 10-р хороо, ******* н*******гийн 01-******* тоотод холбогдох кадастрын зургийг авах өргөдлийг Б******* дүүргийн Газрын албанд өгч байсан. Уг газрын өмчлөлийн талаар миний нэр дээр гарсан НЗД-ын захирамжийг 2018 оны 02 дугаар сард Э.Стэй уулзаж материалтай танилцах үедээ мэдэж хуулбараа авсан болно. Дээрх газрыг Э.С******* нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйл надад байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С-с НЗДд холбогдуулан гаргасан “НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Г.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг Э.С-д өмчлүүлэхийг НЗДд даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн******* дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага гарган нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр “иргэн Б.Н******* өмчилсөн газар нь иргэн Э.С******* өмчилж буй газраас байршлын хувьд өөр …” гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг үндэслэн шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж хянан шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан учир иргэн Б.Н*******д өмчлүүлсэн газар нэхэмжлэгч Э.С******* өмчлөхийг хүсч буй маргаан бүхий газрын давхцлын талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч нь “... 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний ээж нас барсны дараа өвлөх эрх нээгдээгүй байхад НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжаар Г.******* маргаан бүхий газрыг өмчлүүлсэн нь миний эрхийг зөрчсөн” гэж, 

Хариуцагч нь “... Э.С, Г.З, Э.У нарын өв залгамжлагч мөн болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар НЗД уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр мэтгэлцэж байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, … төрийн өмч мөн.”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг.” 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх;” гэж зааснаас үзвэл төр иргэндээ газар өмчлүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч байхаар зохицуулжээ.

НЗД-ын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197 дугаар захирамжаар  иргэн Г.З, түүний хүү Э.У Б******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 261.77 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлснээр маргаан бүхий газар иргэний хувийн өмч болсон байна.

Үүний дараа НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн  гуравдугаар хавсралтаар Б******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамж, ******* тоотод байрлах 262 м.кв газрыг Г.******* гэр бүлийн зориулалтаар өмчлүүлсний дагуу 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр газар өмчлүүлэх тухай шийдвэр  гаргасан нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл НЗД Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхдээ төр өөрийн өмчийн газрыг бусдад өмчлүүлэх ёстой. Гэтэл Г.З, Э.У нарт 2004 оны 197 дугаар захирамжаар өмчлүүлсэн газрыг бусдад дахин өмчлүүлсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Г.З, Э.У нарын газар өмчлөх эрх дуусгавар болоогүй байхад төр өөрийн хөрөнгө мэтээр маргаан бүхий газрыг бусдад дахин өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус зөрчиж байна. 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт иргэний газар өмчлөх эрх дуусгавар болох үндэслэлүүдийг, 32 дугаар зүйлд иргэний өмчлөлийн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, 34 дүгээр зүйлд дайчлан авах, 35 дугаар зүйлд иргэний өмчийн газрыг хураах зохицуулалтыг тус тус хуульчилсан байх бөгөөд 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Г.З, Э.У нар нас барснаар тэдний газар өмчлөх эрх дуусгавар болохгүй юм.

Мөн иргэн Г.З, Э.У нарт өмчлүүлсэн газрыг дээр дурдсан хуулийн дагуу эргүүлэн авсан, хураасан, дайчлан авсан аливаа шийдвэр гараагүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл иргэнд өмчлүүлсэн газрыг дахин өөр иргэнд өмчлүүлсэн хариуцагчийн үйлдэл хууль бус болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Г.******* холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний газар өмчлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг Иргэний хуулиар зохицуулахаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3-д “Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ.” гэснээс үзвэл нэхэмжлэгч Э.С нь Г.З, Э.У нарын өмчлөлийн газрыг өвлөхтэй холбоотой асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй.

Иймд “... Миний ээж болон дүүгийн өмчлөлийн газрыг надаас өөр өвлөх эрхтэй хүн байхгүй тул маргаан бүхий газрыг би өмчлөх эрхтэй” гэх үндэслэлд захиргааны шүүх дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд иргэнд өмчлүүлсэн газрыг НЗД дахин өмчлүүлэх эрхгүй тул нэхэмжлэгчийн “...Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг Э.Сд өмчлүүлэхийг НЗДд даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан Э.С-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж НЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Г.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б******* дүүргийн 10 дугаар хороо, ******* н*******гийн 01 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 261,77 м.кв газрыг Э.С-д өмчлүүлэхийг НЗДд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш ******* /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДАМДИНСҮРЭН