| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1931/Э |
| Дугаар | 1980 |
| Огноо | 2020-11-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1980
2020 11 18 2020/ШЦТ/1980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Д.Бд холбогдох эрүүгийн 2006 00000 2659 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 12-224 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамааралтай хүн болох Л.Азжаргалын толгойн тус газар толгойгоороо мөргөж, 2 чихнээс нь гараараа базсаны улмаас түүний биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол /хх-2/, хохирогч Л.Азжаргалын мэдүүлэг /хх-3-5/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны №11414 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 12-224 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамааралтай хүн болох Л.Азжаргалын толгойн тус газар толгойгоороо мөргөж, 2 чихнээс нь гараараа базсаны улмаас түүний биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан “...Лувсан овогтой Азжаргал миний бие нөхөр болох Дагвацэрэн овогтой Бд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн үед зодуулсан чих сэтлэсэн удаа дараа зодуулж байгаа. Ийм хүчирхийлэлд амьдарч байгаа тул хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх гомдол /хх-2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Азжаргалын өгсөн “...Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед нөхөр болох Бтай хамт машинтай гэр рүү явж байх үед нөхөр надаас мөнгө нэхээд байхаар нь би уур хүрээд мөнгийн шидсэн чинь “чи яагаад уурлаад байгаа гэж хэлсэн тэгсэн хашааны гадна ирээд би машинаас буугаад зогсож байсан чинь намайг гэр рүү ор” гэж миний хувцаснаас татаж чангаагаад байхаар нь би орохгүй гэж хэлсэн чинь намайг гэр рүү оруулаад намайг баруун гараараа миний толгой болон нуруу руу цохиод авсан би уйлаад сандал дээр сууж байсан чинь миний хоёр чихнээс хоёр гараараа базаж зулгаагаад толгой руу нэг удаа хүчтэй мөргөсөн тэр үед Бгийн утас дуугараад утсаар ярьж байх үед би эгч рүү залгаж хэлсэн тэгээд намайг эгч ирээд цагдаагийн хэсэг рүү аваад ирсэн...” /хх-3-5/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11414 дугаартай шинжээчийн “...Л.Азжаргалын биед баруун чихний дэлбээнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-14-15/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Бгийн өгсөн “...Би яг тэр өдөр юу болсныг тодорхой сайн санахгүй байна. Манай эхнэр бид хоёр ер нь маргалдаж муудалцдаг. Тэр өдөр бас л нэг явган хэрүүл эхэлсэн бөгөөд манай эхнэр Азжаргал гэрээсээ явлаа гээд гарах гэхээр нь би куртикнээс нь татаад гэртээ оруулсан. Миний хэлж байгааг ойлгохгүй өөдөөс орилоод байхаар нь би “чи яагаад миний үгийг сонсдоггүй юм бэ” гэж хэлээд хоёр чихнээс нь 2 удаа гараараа татсан. Тухайн үед чихнээс нь бага зэрэг цус гарах шиг болсон би сайн хараагүй. Тэгээд манай эхнэр өөрийн төрсөн эгч рүүгээ залгаад удаагүй ах, эгч хоёр ирээд тэд нар гараад явсан. Би ах, эгчид нь бол болсон явдлаа хэлсэн, нэг нь амьдрах гээд байхад үгүйсгээд байхаар нь би уурласан гэдгээ хэлсэн. Тэгээд би 1-2 хоног гэртээ байж байгаад Сэлэнгэ аймаг руу явсан. Тэр үеэс хойш хөдөө орон нутгаар хүний ачаа ачиж өгөөд явж байсан...” /хх-41-42/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 12-224 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гэр бүлийн хамааралтай хүн болох Л.Азжаргалын толгойн тус газар толгойгоороо мөргөж, 2 чихнээс нь гараараа базсаны улмаас түүний биед баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА