Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байрлах Ариг банк ХХК-ийн /2111683/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 4-486 тоотод оршин суух, Шомбуузын Элбэгдоржид /ОЮ66030610/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,540,391 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Ш.Элбэгдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Аригбанк ХХК-ийн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Элбэгдорж нь Ариг Банктай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 14/139 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг зээлийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 39 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.3 дугаар зүйлийн дагуу зээлийн хуваарьт төлбөрийг удаа дараа зөрчсөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна.

Иймд 1. Зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 13,997,398 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 8,496,949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 37,543 төгрөг, нотриатын зардал 8,500 төгрөг, нийт 22,540,391 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү.

2. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох УБ, Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн хотхон наран 4 дүгээр гудамжны 486 тоотод хаягт байршилтай Ү-2204041479 тоот улсын бүртгэлийн дугаартай, 154 мкв талбайтай хувийн сууц, Г-2204016088 улсын бүртгэлийн дугаартай 700 мкв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Элбэгдорж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ариг банкнаас зээлийг Батсайханы Билгүүн гэх этгээд авсан бөгөөд зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэсэн учраас намайг хашаа, байшингаа барьцаалан өгөхийг гуйсан. Би зээлийг аваагүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ариг банк ХХК, хариуцагч Ш.Элбэгдоржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,540,391 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа зээлийн 14,000,000 төгрөгийг би аваагүй, зээлдэгч Б.Билгүүн авсан, харин Б.Билгүүний ээж Ариг банктай ярилцаж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх тайлбарыг, шүүх хуралдааны явцад зээлийг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ариг банк ХХК, хариуцагч Ш.Элбэгдорж болон иргэн Б.Билгүүн нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14/139 тоот Зээлийн гэрээ, мөн өдөр 14/139 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.

Зохигч гэрээ байгуулсан талаар маргаагүй, хариуцагч зээлийн гэрээний дагуу олгогдсон 14,000,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч Ш.Элбэгдоржоос зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 13,997,398 төгрөг, хүүгийн төлбөрт 8,496,949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,543 төгрөг, нийт 22,540,391 төгрөгийг нэхэмжилсэн нь “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын дүнг маргаагүй ба гагцхүү нэхэмжлэгчээс зээлдэгч Б.Билгүүний 2101007181 тоот зээлийн дансанд шилжүүлсэн 14,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, зээлдэгч Б.Билгүүн өөрөө авсан гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлээс татгалзсан. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч тус мөнгийг хүлээн аваагүй байх боловч зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр, барьцааны гэрээнд барьцаалуулагчаар тус тус оролцсон байхын зэрэгцээ 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Билгүүнтэй 14,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, банкны зээлийг иргэн Б.Билгүүн төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Ш.Элбэгдорж төлж, Б.Билгүүнээс төлбөрийг гаргуулахаар тохиролцсон гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан байна.

Энэ нь нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарт зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Ш.Элбэгдорж, зээлдэгч Б.Билгүүн нарт олгосон, зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хэн нь хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгч нарын эрх хэмжээний асуудал гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч гэрээний 1.10-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цэргийн хотхон наран 4 дүгээр гудамж  486 тоотод орших 700 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-2204016088 дугаартай 9,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, мөн хаягт орших 154 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204041479 дугаартай 37,059,344 төгрөгөөр үнэлэгдсэн хувийн сууц, хашааг тус тус худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хариуцагч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 242.12-т заасны дагуу хамтран зээлдэгч Б.Билгүүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Ш.Элбэгдоржоос 22,540,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Элбэгдоржоос 22,540,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Цэргийн хотхон наран 4 дүгээр гудамж 486 тоотод орших 700 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-2204016088 дугаартай 9,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, мөн хаягт орших 154 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204041479 дугаартай 37,059,344 төгрөгөөр үнэлэгдсэн хувийн сууц, хашааг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,652 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Элбэгдоржоос 270,652 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Аригбанк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ