Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1981

 

 

 

 

 

 

 

 

   2020        11           18                                  2020/ШЦТ/1981

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овгийн Г.Тд холбогдох эрүүгийн 2006 00000 2696 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын 418-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Бандитай маргалдан улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөж, түүнийг түлхэн толгой хэсгээр нь өлгүүр мөргүүлэн биед нь зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Бандийн мэдүүлэг /хх-8-10/, гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-15-16/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11559 дугаартай дүгнэлт /хх-23-24/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын 418-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Бандитай маргалдан улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөж, түүнийг түлхэн толгой хэсгээр нь өлгүүр мөргүүлэн биед нь зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бандийн “...Өчигдөр би ажлаасаа 20 цагийн үед тараад тэгээд явсаар байгаад 21 цагийн үед Тгийнд очсон. Би тэднийд ганцаараа эрүүл очсон. Учир нь тэднийд манай эхнэр байсан юм. Тэднийд манай эхнэр Т түүний эхнэр хүүхдүүд байсан. Тэд нар хоол хийж байсан. Тэгээд хоол идчихээд Т 1 шил хар Экс нэртэй 0.75 грамын архи гаргаж ирсэн. Тэр архийг Т түүний эхнэр бид 3 хувааж уусан. Манай эхнэр архи уугаагүй. Тэгээд дахиад нэг шил архи уусан. Тэгээд 2 дахь архийг яаж ууж дуусгаснаа би санахгүй байна. Тэгээд Т бид 2 муудалцсан юм шиг байна лээ. Миний санаж байгаагаар би тэдний байрны орцны үүдэнд ганцаараа миний толгойноос цус гарсан байдалтай сууж байсан. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Өглөө би эрүүжүүлэхэд сэрсэн. Цагдаа дээр яаж ирснээ хүртэл санахгүй байна...” /хх-8-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхцэцэгийн “...Бандийн эхнэр хүүхэд 2 нь манайд байсан юм. Тэгээд өчигдөр орой 21 цагийн үед Банди манай гэрт ирсэн тэр үед манайд би тэрний эхнэр мөн манай нөхөр тэдний болон манай хүүхдүүд байсан. Бид нар хоол унд хийж идээд гэрт байсан. Бид нар хоол унд хийж идээд гэрт байсан нэг шил экс нэртэй 0.75 граммын архи задлаад Банди манай нөхөр бид 3 хувааж уусан. Харин  Цагаанаа уугаагүй. Тэр үед Бандиа манай нөхөр 2 юм яриад сууж байснаа тэр архиа ууж дуусаад дахиад нэг шил архи уусан. Тэгээд манай нөхөр Бандиа 2 юм яриад сууж байснаа Бандиа чанга чанга дугараад байхаар нь би тэрнийг хүүхэдтэй айлд битгий чанга яриад бай гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эхнэр хүүхдээ дагуулаад явна гэхээр нь би Цагаанааг явуулахгүй гээд бас нөхөртөө тэрнийг согтуу хүнтэй битгий явуулаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүн босч ирээд тэр 2 хоорондоо муудалцаад барилдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд голоор нь ороод Бандиаг түлхээд гэрээс гаргачихсан. Тэгсэн чинь тэр хаалга балбаад өшиглөөд байхаар нь би хаалга онгойлгосон чинь тэр орох гээд би тэрнийг цааш түлхэх үедээ би хий түлхээд цааш уначихсан юм. Тэгсэн чинь манай нөхөр Бандиа намайг цохьчихлоо гэж бодоод тэр 2 орцонд барилцаж аваад бие биенээ цохилцоод байсан. Тэгэхээр нь арай гэж тэр 2-ийг салгаад Бандиаг орцонд ганцааранг нь үлдээсэн чинь тэр цагдаа дуудчихсан байна лээ. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн...” /хх-14-16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11559 дугаартай шинжээчийн “...Ц.Бандийн биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-23-24/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Т нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололын 418-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Бандитай маргалдан улмаар нүүр рүү нь толгойгоороо мөргөж, түүнийг түлхэн толгой хэсгээр нь өлгүүр мөргүүлэн биед нь зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овгийн Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА