| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0024/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч С.Цэрэндалай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1907005120184 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, .................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Б.Б, /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ж.Цтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг галын дэгээ төмрөөр цохиж баруун сарвууны 5-р хурууны шивнүүр ясны хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Ц эгчтэй маргасан. 1 жил гаруй хугацаанд уурхай дээр хүмүүс байлгах гээд барьсан байсан гэр Ж.Ц эгчийнх байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй, манай нөхөр мэднэ. Ж.Ц эгч тэр өдөр ирээд намайг хоол хийж байхад надтай марган эхлээд намайг үсдээд авахаар нь би дэгээ төмрөөр цохисон. Болсон асуудлын талаар санаж байна. Би буруугаа хүлээж байна. Урьд нь зодоон хийж байгаагүй болохоор тэр хүнд хохирол, хор уршиг учирна гэдгийг тооцоолоогүй. Дараа нь хохирогчтой уулзсан хэн хэн нь буруутай гэдгээ ойлгосон. 500.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Одоо хохирогчийн биеийн байдал зүгээр байгаа. Ж.Ц эгч баримтаар тэдэн төгрөгийн хохирол учирлаа гэдэг зүйл хэлээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би 13 цагийн орчимд хуурай ах ******* бид хоёр захаас такси бариад Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорлоогийн уурхай дээр очсон. Би тухайн газарт ******* гэдэг залуугаас гэрийнхээ мөнгийг авах зорилгоор очсон. Уурхайн хоолны гэрт ортол Б.Б хоол хийгээд ганцаараа сууж байсан. Цай хийгээд өгөхөөр нь уугаад мэнд мэдээд сууж байх үедээ би Б.Б та нар гэр аваачаад өгчихгүй гэхэд юун тэр гэр би яаж мэддэг юм. *******тэй ярилцахгүй юу гэхээр нь чи мэдэлгүй яадаг юм хамт очиж авсан биз дээ. Гэхэд муу ямбий гэр өгчихөөд сүртэй авгай вэ гэж хэлэхэд чи юу яриад байгаа юм бэ хүний гэр авч явчихаад аваачаад өгчихгүй яасан юм гэхэд зайл архичин авгай минь гэж хараасан. Тэр үед миний уур хүрээд чи муу яах гээд байгаа юм гэхэд Б.Б босч ирээд миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Үснээс зулгааж чирээд гэрийнхээ үүд орчимд аваачсан. Хамт явсан хоёр хүн салгаж гэрээс нь гарсан. Би буцаад ороход Б.Б чамайг алчихсан ч яадаг юм, чиний араас гомдол нэхэж ирэх хүн байх биш гэхэд нь чам шиг архичинтай юу ярихав дээ гэж хэлээд гарах гэтэл толгойруу галын дэгээ төмрөөр цохисон. Толгойгоо бариад эргээд хартал төмрөөрөө зүүн гарлуу цохисон. Айсандаа би гараад явсан. Зүүн гар эвгүй болчихсон байсан. Араас Б.Б орилоод байсан. Очсон таксиндаа суугаад Налайхруу ирж эмнэлэгт үзүүлэхэд сарвууны савхан яс хугарсан байна гээд гарны сарвуу хэсгийг гипсдсэн. Б.Б эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 9-13 дугаар хуудас/
Гэрч З.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд Улаанбаатар хотод байхад манай ээж Ж.Ц надруу гар утсаар залгаад “Б.Б намайг зодчихлоо эмнэлэгт үзүүлчихээд цагдаа орох гэж байна. Чи эртхэн ирэх боломж байна уу?” гэхээр нь би ирсэн. Манай ээж 2018 онд Б.Б гэх хүнд гэр хэрэгтэй байна гэхээр нь өөрийн гэрээ бариулаад 2019 оны 4 дүгээр сард авах гэтэл манай гэрийг алга болгочихсон байсан. Тэгээд ээж гэрээ нэхэж Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах уурхай дээр очих үед нь зодсон гэж хэлсэн. Би тухайн асуудал болох үед байгаагүй болохоор тодорхой сайн мэдэхгүй байна. Манай ээжийн баруун гарын хуруу нь хугарч гэмтсэн, толгой нь хавдсан байна. Одоогоор өөр зүйл мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр миний ажиллаж байсан уурхай дээр худ Ж.Ц хоёр ахын хамт 13 цагийн үед ирсэн. Мэнд мэдэлцээд Ж.Ц хүргэнийхээ цалинг авья гэхээр нь би мэдэхгүй гэж хэлчихээд буруу хараад зогсоход нуруу руу нэг зүйл цохисон. Эргээд харахад шалан дээр алх байсан. Та одоо яагаад байгаа юм бэ гээд бид хоёр муудалцаад бие биенийхээ үснээс зулгаасан. Хамт ирсэн хоёр хүн нь бид хоёрыг салгаад, тэр 3 гараад явсан. Би үргэлжлүүлээд хоолоо хийсэн. Орой нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэчихээд гэртээ ирээд байж байтал цагдаа нар орж ирээд намайг дагуулаад дүүргийн цагдаа дээр авчирсан. Согтуу байна мэдүүлэг авахгүй гээд намайг явуулсан” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэрч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад уурхай дээр уулзаад ажилчдын хоол хийдэг гэрт Ж.Ц болон хамт явсан жолоочийн хамт орсон. Б.Б гэрт хоол хийгээд сууж байсан. Ж.Ц Б.Б хоёр гэрийн асуудлаас болж маргалдаж байгаад хоёр биенийхээ үснээс зулгаасан. Б.Б зуухныхаа хажууд байсан галын дэгээ төмөр аваад Ж.Цийн гар руу нь цохисон. Жолооч бид хоёр дундуур нь орж салгасан. Хоёр тийш нь болгосны дараа Б.Б галын төмрөөр дахиж Ж.Цийн толгойруу цохисон. Би босоод Ж.Ц жолооч хоёрыг цааш нь түлхээд гэрээс гаргасан. Гэрээс гарсны дараа гар хачин болчихлоо гэхээр нь барьж үзээд үеэрээ гэмтсэн байж магадгүй гэхэд гар өвдөөд байна гэж байсан. Таксиндаа суугаад бид нар Налайхын төврүү буцаж ирсэн. Ж.Ц би цагдаа руу явж гомдол гаргалаа гээд явсан” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр таксинд явж байгаад 13 цагийн үед санагдаж байна Ж.Ц гэх хүн нэг эрэгтэй настай хүний хамт миний машинд суугаад Хорлоогийн уурхай дээр очсон. Тухайн уурхайн хоол хийдэг гэрлүү орсон. Би машиндаа суугаад үлдсэн. Удаад байхаар нь араас нь ортол Б.Б гэх хүүхэнтэй Ж.Ц эгч нэг гэр яриад хэрэлдэж, маргалдаад байсан. Муудалцаж байгаад үсдэлцээд авахаар нь хамт явсан ах бид хоёр салгаж, гэрээс нь гарсан. Ж.Ц эгч буцаад орсон. Араас нь ороход Б.Б Ж.Ц гэх эгчийг галын төмрөөр нэг удаа толгойруу нь дараа нь толгойгоо барьсан гарлуу нь галын төмөрөөр нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гараад машиндаа суугаад Налайхруу ирсэн. Ж.Ц эгч нөгөө хүнийхээ хамт онцгойгийн тойрог дээр буусан. Тухайн үед гэрт өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүү Абиртхааны хадам ээж Ж.Ц эгчээс 2018 онд 4 ханатай монгол гэр уурхай дээр барих гэж авсан. Худалдаж авахаар аваагүй. Тухайн гэр 2019 оны 6 дугаар сард зарим ханууд нь алга болчихсон байсан. Ж.Ц эгчид би энэ талаар хэлээд гэр авч өгнө гэж тохиролцсон байсан ч сүүлдээ мөнгийг нь өгөхөөр болсон. Тухайн хэрэг гардаг өдөр Ж.Ц эгч намайг байхгүй үед энэ талаар надтай уулзах гэж ирээд манай эхнэртэй уулзаж ийм хэрэг гарчихсан байна” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 25-27 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/681 дугаар:
“1. Ж.Цийн биед баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 31 дүгээр хуудас/
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 32-33 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 47 дугаар хуудас/
Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 154 дугаар “Оршин суух хаягийн тодорхойлолт”,
/хх-ийн 49 дүгээр хуудас/
Б.Бгийн Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 50 дугаар хуудас/
Б.Бгийн “ХААН банк”-ны 5779073205 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/хх-ийн 55 дугаар хуудас/
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0119025 дугаар “Шийтгэлийн хуудас”,
/хх-ийн 56 дугаар хуудас/
“Төрийн банк”-ны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч Б.Б нь “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Цтэй маргалдаж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 08/681 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувьд эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн өгсөн мэдүүлгээр шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Мөн хэргийн материалаас харахад шүүгдэгч нь хохирол хор уршгаа арилгасан, өнөөдрийн шүүх хуралдаанд торгуулийн ял төлөх нь хүндрэлтэй байна гэдэг зүйлийг ярьж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, ял оногдуулахдаа шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноох саналтай байна. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн учир бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээж хохирлоо төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй. Улсын яллагчийн зүгээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Б.Б нь 3-8 насны 3 хүүхэдтэй. Зээлтэй, зээл төлдөг учраас торгох ялыг төлж барагдуулж чадахгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэллээ. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирогчийн хууль бус, зүй бус гэм буруутай үйлдэл байгаа. Үүнийг шүүгдэгч өөрөө ярьдаг. Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноож өгнө үү гэдэг саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Цтэй хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг галын дэгээ төмрөөр цохиж баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Ж.Ц эгч тэр өдөр ирээд намайг хоол хийж байхад надтай марган эхлээд намайг үсдээд авахаар нь дэгээ төмрөөр цохисон. Болсон асуудлын талаар санаж байна. Би буруугаа хүлээж байна. Урьд нь зодоон хийж байгаагүй болохоор тэр хүнд хохирол, хор уршиг учирна гэдгийг тооцоолоогүй. Дараа нь хохирогчтой уулзсан хэн хэн нь буруутай гэдгээ ойлгосон. 500.000 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэх,
хохирогч Ж.Цийн “...Би буцаад ороход Б.Б чамайг алчихсан ч яадаг юм, чиний араас гомдол нэхэж ирэх хүн байх биш гэхэд нь чам шиг архичинтай юу ярихав дээ гэж хэлээд гарах гэтэл толгойруу галын дэгээ төмрөөр цохисон. Толгойгоо бариад эргээд хартал төмрөөрөө зүүн гарлуу цохисон. Айсандаа би гараад явсан. Зүүн гар эвгүй болчихсон байсан...” гэх,
гэрч З.*******ийн “...Тэгээд ээж гэрээ нэхэж Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах уурхай дээр очих үед нь зодсон гэж хэлсэн. Би тухайн асуудал болох үед байгаагүй болохоор тодорхой сайн мэдэхгүй байна. Манай ээжийн баруун гарын хуруу нь хугарч гэмтсэн, толгой нь хавдсан байна. Одоогоор өөр зүйл мэдэхгүй байна...” гэх,
гэрч Ч.*******ын “...Б.Б зуухныхаа хажууд байсан галын дэгээ төмөр аваад Ж.Цийн гарлуу нь цохисон. Жолооч бид хоёр дундуур нь орж салгасан. Хоёр тийш нь болгосны дараа Б.Б галын төмрөөр дахиж Ж.Цийн толгойруу цохисон. Би босоод Ж.Ц жолооч хоёрыг цааш нь түлхээд гэрээс гаргасан. Гэрээс гарсны дараа гар хачин болчихлоо гэхээр нь барьж үзээд үеэрээ гэмтсэн байж магадгүй гэхэд гар өвдөөд байна гэж байсан...” гэх,
гэрч М.*******ийн “...Удаад байхаар нь араас нь ортол Б.Б гэх хүүхэнтэй Ж.Ц эгч нэг гэр яриад хэрэлдэж, маргалдаад байсан. Муудалцаж байгаад үсдэлцээд авахаар нь хамт явсан ах бид хоёр салгасан. Гэрээс нь гарсан. Ж.Ц эгч буцаад орсон. Араас нь ороход Б.Б Ж.Ц гэх эгчийг галын төмрөөр нэг удаа толгойруу нь дараа нь толгойгоо барьсан гарлуу нь галын төмөрөөр нэг удаа цохисон. Тэгээд гэрээс гараад машиндаа суугаад Налайхруу ирсэн...” гэх,
гэрч А.ийн “...Тухайн хэрэг гардаг өдөр Ж.Ц эгч намайг байхгүй үед энэ талаар надтай уулзах гэж ирээд манай эхнэртэй уулзаж ийм хэрэг гарчихсан байна...” гэх мэдүүлэг, болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №08 шэ/681 дугаартай “...Ж.Цийн биед баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цийн бие махбодид хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноож өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ