Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 25

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч М.Батхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Ат холбогдох эрүүгийн 1907000000190 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...................................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Г.А, /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ............................................. тоотод Г.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ажлаасаа 2.5 литртэй пиво гэртээ авч орж ирээд уугаад сууж байтал *******, Г.Мэ нар нэг шил архитай манай гэрт орж ирсэн. Тэгээд би тэр архинаас нь 3 татсан. Г.М манай эхнэрт тамхи өгөх гээд байхаар нь маргалдсан. Эхлээд намайг түлхсэн. Тэгээд яагаад түлхээд байгаа юм гээд би түлхсэн. Тэгээд би дээр нь гарч гурван удаа гараараа цохисон. Тэгээд гэр лүүгээ орсон. Г.Мтэй түрүү жилээс хойш цуг нүүрс шуудайлж ажиллаж байгаа. Бидний хооронд өмнө нь ямар нэгэн асуудал байгаагүй. Манай эхнэрт тамхи өгөх гээд байснаас болоод маргасан. Би түүнийг гутлаараа толгойд нь өшиглөөд гараараа 3 удаа хөмсөг хавьд нь цохисон. Г.Мтэй уулзаж эм тариа, мөнгө өгсөн. Биеийн байдал нь гайгүй байсан. Г.Мэс очиж уучлалт гуйсан” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 9 дүгээр гудамжинд явж байтал ******* надруу залгаад “ганц шил архи уучихмаар байна” гэж хэлэхээр нь ах нь Бадралын 9 дүгээр гудамжинд явж байна хүрээд ир гэж хэлсэн чинь удалгүй ******* хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр дэлгүүрээс ганц шил архи аваад Бадралын 11 дүгээр гудамжинд таньдаг айлдаа орж авсан нэг шил архиа хувааж уучихаад тэндээсээ гараад нарийн гудамжаар явж байтал Г.А тааралдсан шиг санагдаад байна. Тэгээд Г.Аынд орсноо санаж байна. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна, намайг Г.А гэх хүн л зодсон гэж байсан. Өмнө нь Г.Атай хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

            Гэрч Ө.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн үед байх би гэртээ нөхөр, хүүхдийнхээ хамт байж байтал манай нэг таньдаг ******* гэх дүү гаднаас орж ирэхдээ 2,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво бариад ороод ирсэн. Тэгээд нөхөр бид гурав нөгөө авчирсан пивоо уугаад сууж байтал удалгүй гаднаас Г.Мэ, Билгээ хоёр “Морьтон” нэртэй архи бариад ороод ирсэн. Тэгээд нөгөө архиа задлаад би хоёр л татсан байх өмнө нь пиво уусан байсан болохоор толгой өвдөөд орон дээр гараад хэвтэж байсан. Тэгсэн гэнэт л манай нөхөр Г.Мэтэй гэрт хэрэлдэж маргалдаж байснаа бие биенээсээ зууралдаж авч байснаа гараад явсан. Тэгээд гадаа гараад ёо ёо гээд орилох чимээ гарахаар нь би гараад очтол манай нөхөр Г.Мийн дээр нь гараад суучихсан байсан. Тэгээд би болиочээ малуудаа гэсэн чинь ******* тэр хоёрыг салгасан. Юунаас болж маргалдсан шалтгааныг нь сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар хуудас/

 

            Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед 7 дугаар хороо Бадралын 10-10 тоотод Г.А ахтай уулзахаар гэрт нь ирсэн чинь танихгүй хоёр ах тэгээд Г.Аын эхнэр Г.А ах өөрөө байсан. Тэр хэд 1 шил архи дундаа тавьчихсан архи нь талаасаа өнгөрчихсөн байсан. Тэгээд надад нөгөө архинаасаа хийж өгөхөөр нь би ганц хоёр удаа л татсан. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад гадаа гарсан. Тэгтэл тэр хоёр бие биенийгээ цохиж аваад байхаар нь би очоод салгасан чинь нөгөө танихгүй хүний дух хэсгээс нилээн цус гарсан байхаар нь би Г.А ахыг дагуулаад гэрт нь орсон. Харин нөгөө духнаас нь цус гарсан залууг хамт явсан хүн нь дагуулаад Г.А ахын хашаанаас гараад явсан. Тэгээд би Г.А ахын гэрт байж байсан чинь удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд Г.А ах бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн...”  гэсэн мэдүүлэг

 

Гэрч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх түлээ нүүрсний зах дээр нүүрс шуудайлах ажил хийж байгаад орой 20 цагийн орчимд ажлаа дуусгаад Г.М ахруу залгаад “дүү нь ганц шил архи уучихмаар байна” гэж хэлсэн чинь “ах нь одоо гэрээсээ гараад Бадралын 9 дүгээр гудамжинд явж байна. Чи энд хүрээд ир” гэхээр нь би 9 дүгээр гудамжинд очсон. Тэгээд Г.М ах бид хоёр хүнсний дэлгүүрээс 1 шил архи аваад Бадралын 11 дүгээр гудамжинд айлд очиж архиа хувааж ууж дуусаад байж байтал Г.М ах нилээн согтсон байсан. Тэгээд намайг ахыгаа хүргээд өгчих гэж хэлэхээр нь Г.М ахыг дагуулаад нөгөө айлаасаа гараад урагшаа нарийн гудамжаар гараад явж байтал Г.А тааралдаад ганц юм уух уу гэж хэлэхээр нь би Г.М ахыг дагуулаад Г.Аынд орсон. Тэгээд тэндээ нэг шил архи уучихаад хоорондоо юм яриад сууж байтал Г.А, Г.М хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тухайн үед би нилээд согтсон байсан болохоор Г.Аынхаас гарч яваад хэсэг хугацааны дараа буцаад Г.Аын хашаан дотор ороод иртэл Г.М ах Г.Аын гэрийн баруун талд хэвтэж байхаар нь яваад очтол толгой хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд би Г.М ахаас юу болсон талаар асуухад Г.А намайг зодчихлоо гэхээр нь би Г.М ахыг өргөж босгоод Г.Аын хашаанаас авч гараад цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №08 шэ/25 дугаар:

            “1. Г.Мийн биед толгойн хуйх, дух, баруун хөмсөг, хамрын нуруунд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 2-4 дүгээр хуудас/

 

            Налайх Эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

            Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1-86 дугаар “Оршин суух хаяг”-ийн тодорхойлолт

/хх-ийн 57 дугаар хуудас

 

Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 46-47 дугаар хуудас

 

Г.Аын иргэний үнэмлэхний лавлагаа,

            /хх-ийн 58-59 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Г.Аын “ХААН банк”-ны 5749984939 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

            /хх-ийн 62-65 дугаар хуудас/

 

            Г.А Ө.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 дугаар хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадралын 10-15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлт,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар:“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр тайлбар хэлэхгүй.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоож шийдэх боломжтой. Учир нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч өөрөө хохирол төлбөр авахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлгүүдийг өгсөн. Хэрэг гарсны дараа хохирогчийг дагуулж яваад эмнэлэгт үзүүлсэн байсан. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Хэлэлцүүлгийн үед нотлох баримт судлахдаа энэ хүний дансны хуулгыг судалсан. Энэ хүн боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн хэдий ч ял шийтгэлийг төлбөрийн чадваргүй гэдэг байдлаар нь оногдуулж болохгүй. Хэдийгээр эрхэлсэн ажилгүй ч улирлын чанартай ажил хийгээд явдаг. Эхнэр нь группт байдаг. Түүнийг нь тодорхойлох баримт гаргаж өгөх боломж байсангүй. Эхнэр нь бичиг баримтаа эмчдээ өгсөн. Эмч нь амарсан байсан. Сард тодорхой хэмжээний буюу 176.000 төгрөг авдаг. Шүүгдэгч Г.Ат торгох ял оногдуулах боломж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээнээс эхэлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөх боломж байгаа. Хэрэв шүүхээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм бол 6 сарын хугацаанд сард 75.000 төгрөг төлөхөөр хугацаа зааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ат холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадралын 10-15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Мийг ”эхнэрт тамхи өглөө” гэх шалтгаанаар хардан түүнийг зүүн хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь толгойн хуйх, дух, баруун хөмсөг, хамрын нуруунд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Г.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Би түүнийг гутлаараа толгойд нь өшиглөөд гараараа 3 удаа хөмсөг хавьд нь цохисон...” гэх,   

хохирогч Г.Мийн “...намайг Г.А гэх хүн л зодсон гэж байсан...” гэх,

            гэрч Ө.*******ийн “...манай нөхөр Г.Мэтэй гэрт хэрэлдэж маргалдаж байснаа бие биенээсээ зууралдаж авч байснаа гараад явсан. Тэгээд гадаа гараад ёо ёо гээд орилох чимээ гарахаар нь би гараад очтол манай нөхөр Г.Мийн дээр нь гараад суучихсан байсан. Тэгээд би болиочээ малуудаа гэсэн чинь ******* тэр хоёрыг салгасан. Юунаас болж маргалдсан шалтгааныг нь сайн мэдэхгүй байна...” гэх,

            гэрч Д.*******ын “...тэр хоёр бие биенийгээ цохиж аваад байхаар нь би очоод салгасан чинь нөгөө танихгүй хүний дух хэсгээс нилээн цус гарсан байхаар нь би Г.А ахыг дагуулаад гэрт нь орсон. Харин нөгөө духнаас нь цус гарсан залууг хамт явсан хүн нь дагуулаад Г.А ахын хашаанаас гараад явсан...” гэх,

            гэрч С.*******ийн “...би нилээд согтсон байсан болохоор Г.Аынхаас гарч яваад хэсэг хугацааны дараа буцаад Г.Аын хашаан дотор ороод иртэл Г.М ах Г.Аын гэрийн баруун талд хэвтэж байхаар нь яваад очтол толгой хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэгээд би Г.М ахаас юу болсон талаар асуухад Г.А намайг зодчихлоо гэхээр нь би Г.М ахыг өргөж босгоод Г.Аын хашаанаас авч гараад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №08 шэ/25 дугаартай “...Г.Мийн биед толгойн хуйх, дух, баруун хөмсөг, хамрын нуруунд шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “...Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээнээс эхэлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөх боломж байгаа. Хэрэв шүүхээс 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм бол 6 сарын хугацаанд сард 75.000 төгрөг төлөхөөр хугацаа зааж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол  хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 260 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад шүүгдэгч Г.А  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй бөгөөд түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧИНЗОРИГ