| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0026/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт И.Бод холбогдох эрүүгийн 1907005100005 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ............................. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт И.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч И.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” зочид буудлын гадна талбайгаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 23 цагийн орчимд Л.Бийн өмчлөлийн Портер маркийн ******* Улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Х-Pro” маркийн 100 ампер цагтай 138.600 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аккумуляторыг хууль бусаар нууцаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авсан,
мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Уурхайчдын 1а-322 тоот хашааны үүднээс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 23 цаг 30 минутын орчимд “ГСАЗ” ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай Синотрак Хово маркийн тээврийн хэрэгслийн 160 ампер цагтай 520.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумуляторыг хууль бусаар нууцаар тээврийн хэрэгсэл ашиглан тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би анх караокед 2 пиво уугаад дуулж суусан. Тэгээд ариун цэврийн өрөөнд нь хүмүүс бөөлжөөд байхаар нь “Хово” маркийн машины хажууд бие засаад цоожгүй сул байхаар нь аккумуляторыг нь аваад харанхуй буланд аваачиж тавьчихаад машин хайгаад зам руу гарсан. Зам руу доошоо уруудаад явж байтал цагаан Портер машин харагдсан таньдаг машин юм шиг харагдахаар нь очсон чинь Төв аймгийн номертой байсан. Тэгээд аккумулятор нь сул байхаар нь аваад тээшин дээр нь тавьчихаад буцаад зам руу гараад машин олоод энэ гурвыг авчихъя гэсэн бодолтой явж байтал ******* таараад түүнээс аккумулятор хүргээд өгчих гээд гуйсан. Юун аккумулятор юм бэ гэхээр нь манай найзын аккумулятор байгаа юм. Царцчихаад асдаггүй. Дулаахан газар байлгаж байгаад өглөө авч ирээд машиныг нь асаачих юм гэтэл хаанаас ачих юм бэ гэхээр нь 1 дүгээр хорооны тэнд хүнтэй уулзаадахъя гэж хэлсэн. Тэгээд Мустанг буудлын гадаа зогсоод чи энд байж бай би энд байгаа найзууд дээрээ оччихоод ирье гээд хальт үүдэнд нь оччихоод буцаад Портер дээр султгаж тавьсан аккумулятороо аваад *******ын Портер дээр тавьсан. Айболот тэр аккумуляторыг тавьсныг мэдээгүй. Тэгээд ******* одоо хаачих юм бэ гэхээр нь 1 дүгээр хороонд байгаа Ховоны аккумуляторыг авна. Манай найзууд байгаа юм. Би өглөө авч ирж ирээд тавьчих юм гэж хэлээд тэр аккумуляторыг тавиад гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Гэрийн гадаа хүргүүлэхэд ******* энэ яагаад 3 аккумулятор болчихсон юм бэ гэхээр нь 1 нь Портерын аккумулятор байгаа юм. Би маргааш эзэнд нь аваачиж өгөх юм гэж хэлсэн. Тэгээд ******* юу ч мэдэлгүй явсан. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Бусдын эд зүйлийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Харин хэргийнхээ зүйлчлэл дээр маргаж байгаа. Хүндрүүлж зүйлчилсэнд нь гомдолтой байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 20:30 цагийн орчимд ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мустанг” зочид буудлын гадна зогсоолд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавиад би өөрөө уг зочид буудалд орж нэг өрөө авч ороод байж байгаад шөнө 03:00 цагийн үед явах гээд гарч ирээд машинаа асаах гэсэн чинь аккумулятор нь алга байсан тэгээд би Улаанбаатар хот явах ажилтай байсан учир хүний машин гуйгаад явсан тэгээд буцаад 12:30 цагийн орчимд ирж цагдаагийн байгууллагад хандсан, дуудлага өгсөний маргааш орой нь цагдаагаас миний аккумуляторыг олж өгсөн юм. Би алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул надад өөр хохирол, гомдол, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг тул дахин цагдаа, шүүхийн байгууллага дээр хүрэлцэн ирэх боломж муу байна, миний хувьд гомдол саналгүй тул шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 24-25 дугаар тал/
Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цагт 04-55 УНЧ улсын дугаартай Хово самосвал маркийн машин унаад орой 20 цагийн үед ******* дүүрэгт ирсэн юм. ******* дүүрэгт ирээд 1 дүгээр хороо Уурхайчдын 1а-322 тоотын үүдэнд буюу эгчийнхээ хашааны урд унаж ирсэн машинаа тавьчихаад тэндээсээ такси бариад гэртээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны 19 цагийн үед машин дээрээ ирээд машинаа асаах гэсэн чинь ямар ч тоггүй байхаар нь буугаад хартал машины 2 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. “ГСАЗ” ХХК-иас надад хариуцуулан өшсөн машин тул бүрэн бүтэн байдлыг би өөрөө хариуцдаг. 2 аккумляторыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын акума төвөөс нэг ширхэгийг нь 400.000 төгрөгөөр худалдан авсан. Би нийт 800.000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 32-33 дугаар тал/
Гэрч Ү. *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Багахангай дүүрэгт ачаа буулгаж ирээд орой 23 цагийн үед гэр рүүгээ харьж яваад “Хорго” буудлын хажууд найз И.Бтой таарсан юм. И.Б надтай таараад ухаан нь эрүүл, амнаас нь архи үнэртэж байсан. Би И.Быг юу хийж явж байгаа юм бэ гэж асуусан чинь И.Б найз нартайгаа ганц хоёр шил архи уугаад явж байна гэж надад хэлээд, намайг Цайз яваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн юм. Тэгээд И.Бтой хамт явж байсан чинь И.Б “Мустанг” буудлын өмнө намайг зогсоогоод өөрөө “Мустанг” буудалд орчихоод гараад ирсэн юм. “Мустанг” буудлаас гарч ирээд манай найз нар энд архи уугаад тасарсан байна гэж хэлээд миний машинд суусан. Би тэр үед гар утсаар яриад байж байсан. Тэндээсээ цаашаа яваад “Буян *******”-ын урд талын гэрлэн дохион дээр зогсож байсан чинь И.Б гэрлэн дохиогоор баруун эргэ гэж надад хэлэхээр нь би баруун тийшээ эргээд явсан чинь “Баян *******” гэсэн караокены булан эргээд улаан хүрэн өнгийн Хово маркийн машин зогсож байсан чинь И.Б тэр машины хажуу талаар намайг оруулж зогсоосон. Энд зогсож яах гэж байгаа юм бэ гэж И.Боос асуухад эндээс юм авах ёстой юм гэж надад хэлээд 1 ширхэг аккумулятор гаргаж ирээд миний машин дээр ачсан. Тэгээд цаанаас дахиад 1 ширхэг аккумулятор ачих гээд И.Б дийлэхгүй байхаар нь би тэр аккумуляторыг машинаасаа буугаад ачсан. Миний машин дээр өөр 1 жижиг аккумулятор тавьсан байхаар нь би И.Бод чи хулгай хийгээд байгаа юм биш үү? гэж асуусан чинь И.Б би хулгай хийгээгүй, манай найз нарын аккумлятор байгаа юм, манай найз нар буудалд тасраад унтчихсан байгаа, би энэ аккумуляторуудыг нь гэртээ аваачиж цэнэглэх юм гэж надад хэлэхээр нь би И.Бод итгээд 3 ширхэг аккумуляторыг нь ачаад И.Бын гэрт нь буулгасан. Би тэндээсээ шууд гэрлүүгээ харьсан ийм зүйл болсон” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 37-39 дүгээр тал/
Шүүгдэгч И.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би “Баян *******” караокед 1 лааз пиво уучихаад гараад, хашаа руу бие засаад зогсож байсан чинь “Баян *******” караокены хойд талын зогсоол дээр улаан хүрэн өнгийн том ачааны Хово маркийн машин зогсож байхаар нь уг машины 2 ширхэг аккумуляторыг тайлж аваад машины арынх нь дугуйн дор тавьсан. Тэндээс яваад Мустанг зочид буудлын урд талд цагаан өнгийн Портер маркийн машин байхаар нь машины буруу талд байсан 1 ширхэг аккумуляторыг тайлж аваад дугуй засварын харанхуй буланд нуусан. Тэндээсээ ачиж авч явах машин хайж байсан чинь багын найз ******* гэх залуутай таараад хулгайлсан 3 ширхэг аккумулятороо машинд ачаад гэртээ хүргүүлсэн. Хулгайлсан 3 ширхэг аккумулятор одоо ******* дүүргийн 3 дугаар хороо, Замчны 15-109 тоот хашаанд байх гэрийн амбаарт байгаа. ******* хулгайн эд зүйл ачиж явж байгааг мэдээгүй. Түүнд манай найзын аккумулятор байгаа юм, гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. ******* намайг хүргэж өгчихөөд явсан. Би ямар нэгэн байдлаар *******од мөнгө төгрөг төлөөгүй. Тэр өдрөөс хойш 2 өдрийн дараа цагдаа ирээд бүх аккумляторыг хурааж аваад явсан. Би уусан пивондоо болоод дахиад юм уух гэхээр мөнгөгүй байсан тул хулгай хийчихсэн юм. Тэрнээс биш урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Ямар нэгэн байдлаар хулгай огт хийж байгаагүй. Тухайн үед би бараг эрүүл байсан. 2 лааз пиво уусан жаахан л халсан байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 45-46 дугаар тал/
Гэрч Э. *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн : “2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай “Мустанг” зочид буудалд 12 цаг гээд ээлжийн ажлаа авсан намайг тухайн өдөр буудал ажиллуулж байхад 3-4 хүн орж ирж буудалласан тэр хүмүүсийн нэг нь портер маркийн авто машины жолооч байсан ба өдөр гарч яваад орой 21-22 цагийн үед ирж буудалд орсон. Тэгээд шөнө дунд гарч явсан тэгэхдээ ямар нэгэн байдлаар аккумулятор алдагдсан талаар хэлээгүй. Маргааш өдөр ирээд аккумулятор алдагдсан талаар мэдэх зүйл бий юу гэж асуугаад буудалд ямар хүмүүс орж гарсан талаар асуусан. Тухайн өдөр өөр ямар нэг хүн буудалд хоноогүй харин нэг намхан казак залуу ганцаараа орж ирээд буудлын өрөө асуучихаад л гарсан. Надад тэр аккумулятор алдагдсан талаар өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 49 дүгээр тал/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өөрийн хүү И.Быг ямар хэргийн учир цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болохыг мэдэхгүй байна. Ямар хэрэгт орооцолдсоныг нь өөрөөс нь асуухаар хулгайн хэрэг гээд тодорхой хэлэхгүй байгаа. Миний хүү уг нь хэрэг түвэг хийхээргүй л хүүхэд байгаа юм. Яг юу болсон талаар надад бол ерөөсөө тодорхой хэлээгүй. Миний хүү И.Б нь зан төлөвийн хувьд гайгүй сайн хүүхэд, миний хувьд буруу хүмүүжил үзүүлж байсан удаагүй. Одоо тусдаа амьдардаг. Миний хүү уг нь их төлөв даруу, үг цөөтэй, хар бор ажилд сайн, хааяа л жаахан архи уугаад байдгаас бусдаар бол гайгүй төлөв даруу л хүүхэд. Эхнэр хүүхэдтэй байсан боловч нэг хүүхэд нь өөд болоод салчихсан юм. Эхнэрээсээ салснаас хойш архи дарс амсаад байх болсон. Миний хувьд нас дээр гарсан бие хаа тааруухан байдаг. Тархины судас нарийссан тул удахгүй хүнд хагалгаанд орох болчихоод байгаа. Бие хаа муудсан, эмнэлэг домлого гээд явж байгаа үед манай хүү И.Б л намайг асарч сувилдаг юм. Манай хүү хуучин байшинд ганцаараа амьдардаг. Амьдарч байгаа хашааны газар нь манай хүүгийнх, өөр нэг их эд хөрөнгө гээд байх юм байхгүй. Гэр оронд нь байх ойр зуур ахуйн хэрэглээний зүйлүүд нь өөрийнх нь. Нэг их айхтар хөрөнгө гэх зүйл байхгүй. Унах унаа аювтомашин ч байдаггүй. Ахуй амьдралын хувьд бол тааруухан л гэж хэлнэ. Ямар ч байсан ажил төрөл хийгээд өөрөө хоол ундаа залгуулаад л байдаг юм” гэх мэдүүлэг,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-19-149 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 55-56 дугаар хуудас/
“Вендо” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Н01-020 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 115-116 дугаар хуудас/
“Вендо” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №Н19-74 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 60-67 дугаар хуудас/
И.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 87 дугаар хуудас/
******* дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1683 дугаар “Оршин суух хаягийн тодорхойлолт”,
/хх-ийн 88 дугаар хуудас/
И.Бын жолоочийн лавлагаа, мэдээлэл
/хх-ийн 89 дүгээр тал/
Гэрлэлт цуцалсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 93 дугаар хуудас/
Б.Айдосын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар
/хх-ийн 93 дугаар хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”,
/хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”,
/хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд
/хх-ийн 15 дугаар тал/,
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”
/хх-ийн 16-18 дугаар хуудас/,
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл”,
/хх-ийн 19 дүгээр тал/,
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”,
/хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 94 дүгээр хуудас/
Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:
Улсын яллагч “Шүүгдэгч И.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. И.Б нь бусдад төлөх төлбөргүй. И.Б нь хулгай хийсэн үйлдэлдээ маргахгүй байгаа. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаад байгаа. Энэ тохиолдолд тухайн аккумуляторыг тээврийн хэрэгсэл ашиглахгүй зөөвөрлөөд гэртээ аваачихад маш хүндрэлтэй. Тийм учраас учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан. Хуульд анхнаасаа учрах саадыг арилгах зорилгоор гэж байхгүй. Учрах саадыг арилгах зорилгоор гэж байгаа. Тухайн 3 ширхэг аккумуляторыг хулгайлчихаад саад учраад байна. Энэ учирсан саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж байгаа учраас хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь улсын яллагч эрүүгийн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тогтоогоогүйгээс И.Бын үйлдсэн гэмт хэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар ирсэн. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоохоор хуульчилсан байгаа. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь тухай эд зүйлийг өмчлөлдөө авч захиран зарцуулах боломжтой болсноор гэмт хэрэг төгссөнд тооцогддог. И.Бын хувьд тухайн аккумуляторыг машинаас салгаж авсан. Өөрийн өмчлөлдөө авчихсан байсан. Энэ нь гэрч *******ын мэдүүлэг, мөн мөрдөн байцаалтын шат буюу шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн И.Бын өөрийнх нь мэдүүлгээр тогтоогддог. Тухайн аккумуляторыг салгаад караокены харанхуй буланд тавьчихсан байсан. Машин авч ирэхэд гэрч ******* караокенээс юм аваад гараад ирье гэдэг байдлаар ороод гараад ирсэн гэдгийг гэрчилдэг. Тэгэхээр тухайн эд хөрөнгө буюу гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа Хово машинаас аккумулятор салгаж авснаар төгссөнд тооцохоор хуулийн зохицуулалт байна. Энэ хуулийн зохицуулалтыг улсын яллагч буруу тайлбарлаж хэрэглэснээр И.Бын зүйлчлэл хүндэрсэн гэж үзэж байна. Мөн Портер маркийн авто машинд тухайн үйлдлийг хийсэн байгаа. Портер маркийн авто машинаас аккумуляторыг салгаад өмчлөлдөө авсан байсан. Тэгээд Хово маркийн авто машинаас аккумулятор авчихаад эргээд зөөхдөө тухайн аккумуляторыг авч явсан. Үүнд мөн гэмт хэрэг төгссөн. Төгссөн байхдаа тухайн эд хөрөнгийг зөөвөрлөсөн байдал тогтоогддог. Мөрдөн байцаалтын шатанд Портерийн хулгайлагдсан гээд байгаа аккумуляторыг үнэлсэн байдаг. Ингээд үнэлгээгээр 136.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирлыг тогтоохоор заасан. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн хохирол нь 300.000 төгрөг хүрэхгүй байгаа тохиодолд тухайн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг байдлаар хэрэгсэхгүй болгох боломжтой.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч И.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн орчим ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-*******” караокед 2 пиво ууж гарч бие засахдаа Уурхайчдын 1а-322 тоот хашааны үүдэнд “ГСАЗ” ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай Синотрак Хово маркийн тээврийн хэрэгслийн 160 ампер цагтай 520.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумулятор,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Портер олох зорилгоор ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” зочид буудлын гадна талбайд зогсож байсан Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Х-Pro” маркийн 100 ампер цагтай 138.600 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аккумуляторыг тус тус хууль бусаар нууцаар хулгайлсан болох нь:
шүүгдэгч И.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...хулгайлсан 3 ширхэг аккумулятороо машинд ачаад гэртээ хүргүүлсэн. Хулгайлсан 3 ширхэг аккумулятор одоо ******* дүүргийн 3 дугаар хороо, Замчны 15-109 тоот хашаанд байх гэрийн амбаарт байгаа...” гэх,
хохирогч Л.Бийн “...шөнө 03:00 цагийн үед явах гээд гарч ирээд машинаа асаах гэсэн чинь аккумулятор нь алга байсан тэгээд би Улаанбаатар хот явах ажилтай байсан учир хүний машин гуйгаад явсан тэгээд буцаад 12:30 цагийн орчимд ирж цагдаагийн байгууллагад хандсан, дуудлага өгсний маргааш орой нь цагдаагийн хэлтсээс миний аккумуляторыг олж өгсөн. Би алдагдсан эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан тул надад өөр хохирол, гомдол, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг тул дахин цагдаа, шүүхийн байгууллага дээр хүрэлцэн ирэх боломжгүй байна, миний хувьд гомдол саналгүй тул шүүх хуралд суухгүй...” гэх,
хохирогч Б.*******ийн “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны 19 цагийн үед машин дээрээ ирээд машинаа асаах гэсэн чинь ямар ч тоггүй байхаар нь буугаад хартал машины 2 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. “ГСАЗ” ХХК-иас надад хариуцуулан өгсөн машин тул бүрэн бүтэн байдлыг би өөрөө хариуцдаг. 2 аккумуляторыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байрлах “Акума” төвөөс нэг ширхэгийг нь 400.000 төгрөгөөр худалдан авсан. Би нийт 800.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ү.*******ын “...Энд зогсож яах гэж байгаа юм бэ гэж И.Боос асуухад эндээс юм авах ёстой юм гэж надад хэлээд 1 ширхэг аккумулятор гаргаж ирээд миний машин дээр ачсан. Тэгээд цаанаас дахиад 1 ширхэг аккумулятор ачих гээд И.Б дийлэхгүй байхаар нь би тэр аккумуляторыг машинаасаа буугаад ачсан. Миний машин дээр өөр 1 жижиг аккумулятор тавьсан байхаар нь би И.Бод чи хулгай хийгээд байгаа юм биш үү? гэж асуусан чинь И.Б би хулгай хийгээгүй, манай найз нарын аккумулятор байгаа юм, манай найз нар буудалд тасраад унтчихсан байгаа, би энэ аккумуляторуудыг нь гэртээ аваачиж цэнэглэх юм гэж надад хэлэхээр нь би И.Бод итгээд 3 ширхэг аккумуляторыг нь ачаад И.Бын гэрт нь буулгасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.*******ын “...Тэгээд шөнө дунд гарч явсан тэгэхдээ ямар нэгэн байдлаар аккумулятор алдагдсан талаар хэлээгүй. Маргааш өдөр ирээд аккумулятор алдагдсан талаар мэдэх зүйл бий юу гэж асуугаад буудалд ямар хүмүүс орж гарсан талаар асуусан. Тухайн өдөр өөр ямар нэг хүн буудалд хоноогүй харин нэг намхан казак залуу ганцаараа орж ирээд буудлын өрөө асуучихаад л гарсан. Надад тэр аккумулятор алдагдсан талаар өөр мэдэх зүйл байхгүй...”, гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-19-149 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, “Вендо” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №Н01-020 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан, “Вендо” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №Н19-74 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”, “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл”, “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл”, “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч И.Б 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн орчим ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баян-*******” караокед 2 пиво ууж гарч бие засахдаа Уурхайчдын 1а-322 тоот хашааны үүдэнд “ГСАЗ” ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай Синотрак Хово маркийн тээврийн хэрэгслийн 160 ампер цагтай 520.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумулятор,
Мөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнийн 23 цаг 30 минутын орчим Портер олох зорилгоор ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” зочид буудлын гадна талбайд зогсож байсан Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Х-Pro” маркийн 100 ампер цагтай 138.600 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аккумуляторыг машин механизм ашиглаж гэж *******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т заасан хэсгээр яллаж /шүүх хуралдаанд/ байгаа нь үндэслэлгүй байна.
Тухайлбал: Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Хово маркийн машины хажууд бие засаад цоожгүй сул байхаар нь аккумуляторыг нь аваад харанхуй буланд аваачиж тавьчихаад машин хайгаад зам руу гарсан Зам руу доошоо уруудаад явж байтал цагаан Портер машин харагдсан таньдаг машин юм шиг харагдахаар нь очсон чинь Төв аймгийн ноймортой байсан. Тэгээд аккумулятор нь сул байхаар нь аваад тээшин дээр нь тавьчихаад буцаад зам руу гараад машин олоод энэ гурвыг авчихъя гэсэн бодолтой явж байтал Айболот таараад түүнээс аккумулятор хүргээд өгчих гээд гуйсан...” гэж,
Гэрч Ү. *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Багахангай дүүрэгт ачаа буулгаж ирээд орой 23 цагийн үед гэррүүгээ харьж яваад “Хорго” буудлын хажууд найз И.Бтой таарсан юм.
...намайг Цайз яваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн юм. Тэгээд И.Бтой хамт явж байсан чинь И.Б “Мустанг” буудлын өмнө намайг зогсоогоод өөрөө “Мустанг” буудалд орчихоод гараад ирсэн юм.
...“Баян *******” гэсэн караокены булан эргээд улаан хүрэн өнгийн Хово маркийн машин зогсож байсан чинь И.Б тэр машины хажуу талаар намайг оруулж зогсоосон. Энд зогсож яах гэж байгаа юм бэ гэж И.Боос асуухад эндээс юм авах ёстой юм гэж надад хэлээд 1 ширхэг аккумулятор гаргаж ирээд миний машин дээр ачсан. Тэгээд цаанаас дахиад 1 ширхэг аккумулятор ачих гээд И.Б дийлэхгүй байхаар нь би тэр аккумуляторыг машинаасаа буугаад ачсан. Миний машин дээр өөр 1 жижиг аккумулятор тавьсан байхаар нь би И.Бод чи хулгай хийгээд байгаа юм биш үү? гэж асуусан чинь И.Б би хулгай хийгээгүй, манай найз нарын аккумулятор байгаа юм, манай найз нар буудалд тасраад унтчихсан байгаа, би энэ аккумуляторуудыг нь гэртээ аваачиж цэнэглэх юм гэж надад хэлэхээр нь би И.Бод итгээд 3 ширхэг аккумуляторыг нь ачаад И.Бын гэрт нь буулгасан.” гэж мэдүүлснээс үзэхэд энэ хэрэгт шүүгдэгч И.Быг машин механизм ашиглаж үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, мөн Л.Бийн өмчлөлийн Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Х-Pro” маркийн 100 ампер цагтай 138.600 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг аккумуляторыг хулгайлсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд *******, Багахангай дүүргийн Прокурорын газраас И.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч И.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бийн эд хөрөнгөд 138.600 төгрөгийн, хохирогч Б.*******ийн эд хөрөнгөд 520.000 төгрөгийн хохирол учирсан ба 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Л.Бөд 1 ширхэг аккумулятор, хохирогч Б.*******ид 2 ширхэг аккумуляторыг тус тус хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр нотлогдож байх тул И.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оногдуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг сонгох санкцитай. Хорих ял нь 6 сараас эхэлж байгаа. Тэгэхээр шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, нас зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд И.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 ******* овогт И.Быг *******, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ