| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0028/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Э.Ариунболд /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн *******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Эд холбогдох эрүүгийн 1907003610189 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, Геологич мэргэжилтэй, хувиараа .................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ө.Э /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ө.Э нь ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи гэх газарт 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Тоёота Приус-20 маркийн ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 7 настай Э.Хийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 8 дугаар сарын 11-ний өглөө бид нар 3 гэр бүлээрээ тэрэлж явсан. Тэгээд өглөө машинаа байрлуулж зогсох гэж байгаад ухрах гэсэн чинь машин хий эргээд ухрахгүй байсан. Тэгээд манай ах машины урд талаас түрж өгсөн. Манай ******* гэдэг бэр машины хойд талын хаалгаар буусан. Буухдаа хаалгаа онгорхой орхисон байсан. Тэгээд би хаалгаа хаах гэсэн чадахгүй байсан тул хаалгаа хаа гэхэд бэр ******* ирээд хаалгаа хаасан. Эргээд харахад дүү маань машины урд байсан. Тэгээд дүүгээ дайрсан. Машины хаалгыг хаах үед машины урд хүүхэд байгаагүй. Миний хувьд 10 жил жолоо барьж байна. Хохирол төлбөрт 1.700.000 төгрөг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны хохирогч Э.Хийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрийнхэнтэйгээ ******* дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж рүү салхинд гарахаар аав *******ын машинд ээж бид гурав суугаад бусад ах дүү нар маань өөр өөрсдөө машинтайгаа явцгаасан. Тэгээд 11 цагийн үед Горхид байрлах Нарлаг зуслангийн хойд талд очоод бүгдээрээ машинаасаа бууцгаагаад байж байтал Ө.Э эгч ирээд машинтайгаа хойшоо ухраад зогсох гэсэн боловч хий эргээд хөдлөхгүй байхаар нь аав ******* очоод түлхэх гэхээр нь би хамт очоод машины урд хараад зогсож байтал аав урдаас нь хойшоо түлхэж өгсөн. Тэгсэн ч машин нь хөдлөхгүй байсан. Тэгтэл машинд сууж байсан хүмүүс нь буугаад хөдлөхгүй зогсохоор нь би хойш нь дахиад түрэхийг хараад машины урдаас холдолгүй зогсож байтал гэнэт урагшаа хөдлөөд би машинд мөргөгдөөд унахад миний дээгүүр машин гараад зогссон. Ингээд уйлаад орилоход аав ирээд машин доороос татаж гаргаад шууд эмнэлэг рүү явсан. Миний баруун хөлний дунд чөмөг голоороо тасарч, нуруу зулгарсан, зүүн эгэм хугарсан гэсэн. Эмчилгээний зардлыг Ө.Э эгч бүгдийг нь төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр *******ын ах дүү нар салхинд гарахаар болоод ******* дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж рүү 09 цагийн үед ******* машинаа жолоодоод би хүүгийнхээ хамт хажууд нь суугаад бусад ах дүү нар нь тус тусдаа машинтай явцгаасан. Ингээд 11 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хороо, Горхид байрлах Нарлаг хүүхдийн зуслангийн ард тал газар очсон. Бид нар машинаас буугаад шууд байрлах газар руугаа алхсан ба ардаас Ө.Э ирж зогсоод хойшоо ухрах гэтэл машин хий эргээд манай нөхөр ******* очоод урдаас нь хойшоо түрж өгч байгаа харагдсан ба бид нар тоолгүй шууд хойшоо алхаад явж байтал гэнэт ард хүн орилох чимээ гарахаар нь буцаад хартал манай хүүгийн толгой яг машин доогуур орж байгаа харагдахаар нь сандараад орилоод гүйхэд Ө.Э машинаа зогсоогоод буугаад ирсэн. Ингээд ******* машин доогуур ороод хүү Э.Хийг татаж гаргаж ирэхэд маш их уйлсан байдалтай байсан ба шууд эмнэлэг рүү аваад явсан. Би хараагүй болохоор юунаас болж осол болсныг мэдэхгүй байна. Осол болохыг аав нь хажууд нь байсан болохоор сайн харсан байх. Өөр харсан хүн байхгүй байх. Хүн орилохоор нь би эргээд харсан юм. Эмчилгээний зардал нийт 1.500.000 төгрөг гарсан. Энэ зардлыг Ө.Э төлсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч Ө.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай ах дүү нар салхинд гарахаар болоод ******* дүүргийн 6 дуаар хороо Тэрэлж рүү явсан. Бид 09 цагийн үед ******* дүүргээс Ө.Э болон миний машинтай явцгаасан. 11 цагийн үед ******* дүүргийн 6 дугаар хороо, Горхид байрлах Нарлаг хүүхдийн зуслангийн хойд талд уулын энгэрт очоод бууцгаагаад Ө.Э араас ирж зогсоод хойшоо ухраад зогсох гэтэл машин нь хий эргээд дээшээ гарахгүй байсан ба би урдаас нь хойш түрж өгч дэмнэхэд манай хүү Э.Х миний баруун талд ирээд зогсож байсан. Тэгтэл Ө.Э зогсоод машинаас нь хүмүүс буугаад манай эхнэртэй нийлээд түрүүлээд дээшээ алхаад явсан ба дахиад машиныг хойш нь түрэх гэтэл машины арын хаалгыг онгорхой орхисон байхаар нь би очоод хаагаад эргээд хартал гэнэт машин урагшаа хөдөлсөн ба урд нь хүү маань зогсож байгаад мөргөгдөөд газар унахаар нь би зогсоорой гээд орилоход Ө.Э машинаа зогсоосон боловч уруу газар байсан болохоор гулгаад бага зэрэг яваад зогссон ба хүү маань машины доор орохоор нь би гүйж очоод доороос нь татаж гаргахад хөл нь эвгүй болсон уйлаад байхаар нь шууд эмнэлэгрүү аваад явсан. Тухайн үед хүү маань уйлаад би тэврээд өөр тэврэх хүн байхгүй, унаж явах машингүй байсан ба Ө.Эы машинаар шууд эмнэлэг рүү явсан. Бүгд сандарсан байсан ба хөл хөл гэж орилоод илт айхтар хугарсан, няцарсан юм мэдэгдэхгүй болохоор нь шууд эмнэлэгрүү явсан. Ямар нэг байдлаар ослын газрыг орхисон зугтаасан зүйл байхгүй. Миний дүү Ө.Э 1982 онд ******* дүүрэгт төрсөн. Манайх эцэг эхээс 8-уулаа ба Ө.Э манай хамгийн бага дүү. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 1989 онд ******* дүүргийн 1 дүгээр арван жилийн сургуульд элсэн орж суралцаад 2003 онд төгссөн. Төгссөнөөсөө хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад Мөнх-Эрдэнэ гэх залуутай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон ба ойр ойрхон төрсөн болохоор тогтож ажил хийгээгүй. Одоо том хүүхэд нь 4 дүгээр ангид суралцдаг, дунд хүүхэд нь 2 дугаар анги, бага хүүхэд нь ой гарантай. Шулуун шударга зантай, шийдэмгий, цэвэрч нямбай 3 хүүхдийнхээ сайн ээж нь. Нөхөр нь Солонгос улсруу яваад 1 жил гаран болж байгаа. Энэ хугацаанд хүүхдүүдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлж байгаа. Элдэв муу хорт зуршил байхгүй, архи уухгүй, тамхи татдаггүй. Муу тал гэвэл үе үе хурц ааштайгаас өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нөхрийн 2 дүүгийн гэр бүл, манай гэр бүлийнхэн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэлхий хаднаас хойш нэрийг нь мэдэхгүй газарт зугаалахаар очсон юм. Би тухайн үед бэр дүү Ө.Эы машинаар зугаалах газраа очсон. Би очоод машиныхаа хаалгыг хаалгүй дутуу хаагаад буусан юм. Гэтэл Ө.Э машины арын хаалга хаачих гэж хэлэхээр нь би хаалгыг нь хаачихаад буцаад цаашаа эргэсэн. Э.Хийн ээж ******* хүүхэд мөргөчихлөө гэж чанга орилохоор нь би буцаад харсан чинь Э.Хийг аав ******* нь тэвэрчихсэн сууж байсан. Би Э.Хийг хэр зэрэг гэмтсэнийг мэдэхгүй байна. Толгой болон биенээс нь цус гарсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ө.Эы мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...Тухайн үед би амрах газраа ирээд машинаа зогсоогоод дотор сууж явсан хүмүүс буугаад жолооч талын арын хаалгаар манай бэр ******* хаалгаа хаахгүй онгорхой буусан. Ингээд би машинаа байрлуулахаар ухрах гэтэл хаалга онгорхой байсан учир ухарч болохгүй байсан болохоор хаалгаа хаа гэтэл ******* ирээд хаалгаа хаагаад л би урагшаа харахад хаазан дээр хөл гишгэгдээд машин урагшилахад хүүхдийн толгой машины гол хэсэгт харагдаад би машинаа зогсоогоод буугаад хартал Э.Х газар унасан хэвтэж байсан. Э.Х хөл хөл гээд орилоод байхаар нь шууд Баяраа ах машиндаа Э.Хийг суулгаад *******ын эмнэлэг дээр ирсэн. Би тухайн үед машинаа хойшоо ухрааж байрлуулах гэж байтал өгсүүр байсан ба газар нойтон тул машин хий эргээд хойшоо явахгүй байж байтал ******* буусан юм. Тэгээд би хаалгаа хаа гэж хэлээд дахин хаазан дээрээ гишгэхэд машин урагч яваад хүүхэд мөргөсөн. Тухайн үед миний машины бүх зүйл хэвийн ажиллагаатай байсан ба харин би өөрөө тормоз гишгэх гэж байгаад хаазаа андуурч гишгэснээс болоод осол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/427 дугаар:
“1. Э.Хийн биед зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугаралыг хадсан мэс заслын дараах байдал, баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2019.8.14 ГССҮТ/ зүүн шилбэнд 2 АБ зэргийн түлэгдлийн шарх, нуруун зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүнд дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарал нуруунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн шилбэнд 2 АБ зэргийн түлэгдлийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт
/хх-ийн 33 дугаар хуудас/
Шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаар:
“Хариулт 1: Уг осол нь зам тээврийн осол мөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17.-д “Зам тээврийн осол”-тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас , эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдрэх гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал.
Хариулт 2: Жолооч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй, байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчөөгүй байна.
Хариулт 3: Жолооч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 35-36 дугаар хуудас/
“Мөнх ерөөлт интернэшнл” ХХК-ийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2019/01 дугаар “Шинжээчийн дүгнэлт”
/хх-ийн 41-47 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 6-7 дугаар хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 8-11 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 68 дугаар хуудас/
******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт,
/хх-ийн 64 дүгээр хуудас/
Ө.Эы гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 65 дугаар хуудас/
Ө.Эы эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа,
/хх-ийн 66 дугаар хуудас/
Ө.Эы тээврийн хэрэгслийн лавлагаа,
/хх-ийн 67 дугаар хуудас/
Ө.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 63 дугаар хуудас/
Жолоочийн үнэмлэх /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Эы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ө.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ө.Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх саналтай байна. Хэрэгт хураагдсан шүүгдэгч Ө.Эы 954609 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс харахад Ө.Э нь авто тээврийн хэрэгслийн жолооны аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсний улмаас хохирогч Э.Хийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.700.000 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч одоо хүүгийн биеийн байдал сайжирсан цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн учраас Ө.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Э нь хохирогч хүүгийн аавынх нь төрсөн дүү байгаа. Ө.Э нь 3 хүүхдээ сургууль цэцэрлэг нь зөөж, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэж яваа. Нөхөр нь Солонгос улсад гэрээт ажилтан хийж, эдийн засгийн асуудлаа зохицуулж явдаг. Энэ мөнгөнөөс хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч хүү ч гэсэн Ө.Эд гомдол санал байхгүй гэдэг. Иймд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялын санал дээр татгалзах зүйлгүй. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулыг төлөх боломжтой. Мөн тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.Эы 954609 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Эд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.Э нь ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи гэх газарт 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Тоёота Приус-20 маркийн 44-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 7 настай Э.Хийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ө.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай ******* гэдэг бэр машины хойд талын хаалганаас буусан. Буухдаа хаалгаа онгорхой орхисон байсан. Тэгээд би хаалгаа хаах гэсэн чадахгүй байсан тул хаалгаа хаа гэхэд бэр ******* ирээд хаалгаа хаасан. Эргээд харахад дүү маань машины урд байсан. Тэгээд дүүгээ дайрсан....” гэх,
Хохирогч Э.Хийн “...Тэгтэл машинд сууж байсан хүмүүс нь буугаад хөдлөхгүй зогсохоор нь би хойш нь дахиад түрэхийг хараад машины урдаас холдолгүй зогсож байтал гэнэт урагшаа хөдлөөд би машинд мөргөгдөөд унахад миний дээгүүр машин гараад зогссон. Ингээд уйлаад орилоход аав ирээд машин доороос татаж гаргаад шууд эмнэлэгрүү явсан. Миний баруун хөлний дунд чөмөг голоороо тасарч, нуруу зулгарсан, зүүн эгэм хугарсан. Эмчилгээний зардлыг Ө.Э эгч бүгдийг нь төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын “...хойшоо алхаад явж байтал гэнэт ард хүн орилох чимээ гарахаар нь буцаад хартал манай хүүгийн толгой яг машин доогуур орж байгаа харагдахаар нь сандараад орилоод гүйхэд Ө.Э машинаа зогсоогоод буугаад ирсэн. Ингээд ******* машин доогуур ороод хүү Э.Хийг татаж гаргаж ирэхэд маш их уйлсан байдалтай байсан ба шууд эмнэлэгрүү аваад явсан. Би хараагүй болохоор юунаас болж осол болсныг мэдэхгүй байна. Осол болохыг аав нь хажууд нь байсан болохоор сайн харсан байх. Өөр харсан хүн байхгүй байх. Хүн орилохоор нь би эргээд харсан юм. Эмчилгээний зардал нийт 1.500.000 төгрөг гарсан. Энэ зардлыг Ө.Э төлсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх,
Гэрч Ө.*******ын “...Тэгтэл Ө.Э зогсоод машинаас нь хүмүүс буугаад манай эхнэртэй нийлээд түрүүлээд дээшээ алхаад явсан ба дахиад машиныг хойш нь түрэх гэтэл машины арын хаалгыг онгорхой орхисон байхаар нь би очоод хаагаад эргээд хартал гэнэт машин урагшаа хөдөлсөн ба урд нь хүү маань зогсож байгаад мөргөгдөөд газар унахаар нь би зогсоорой гээд орилоход Ө.Э машинаа зогсоосон боловч уруу газар байсан болохоор гулгаад бага зэрэг яваад зогссон ба хүү маань машины доор орохоор нь би гүйж очоод доороос нь татаж гаргахад хөл нь эвгүй болсон уйлаад байхаар нь шууд эмнэлэгрүү аваад явсан. Тухайн үед хүү маань уйлаад би тэврээд өөр тэврэх хүн байхгүй, унаж явах машингүй байсан ба Ө.Эы машинаар шууд эмнэлэгрүү явсан....” гэх,
Гэрч А.*******гийн “...Ө.Э машины арын хаалга хаачих гэж хэлэхээр нь би хаалгыг нь хаачихаад буцаад цаашаа эргэсэн. Э.Хийн ээж ******* хүүхэд мөргөчихлөө гэж чанга орилохоор нь би буцаад харсан чинь Э.Хийг аав ******* нь тэвэрчихсэн сууж байсан. Би Э.Хийг хэр зэрэг гэмтсэнийг мэдэхгүй байна. Толгой болон биенээс нь цус гарсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэгүүд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №08 шэ/427 дугаар: “...Э.Хийн биед зүүн дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугаралыг хадсан мэс заслын дараах байдал, баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2019.8.14 ГССҮТ/ зүүн шилбэнд 2 АБ зэргийн түлэгдлийн шарх, нуруун зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүнд дунд чөмөг ясны дунд хэсгийн хөндлөн зөрөөтэй далд хугарал, баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарал нуруунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн шилбэнд 2 АБ зэргийн түлэгдлийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаар: “1.Уг осол нь зам тээврийн осол мөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17.-д “Зам тээврийн осол”-тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас , эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдрэх гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал. 2.Жолооч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй, байх бүх нөхцлийг хангана” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчөөгүй байна. 3.Жолооч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна” гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ө.Эы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Хийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч “нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй” гэснийг үндэслэн шүүдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Ө.Эы 954609 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгох саналтай байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.700.000 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч одоо хүүгийн биеийн байдал сайжирсан цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэсэн учраас Ө.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Э нь хохирогч хүүгийн аавынх нь төрсөн дүү байгаа. Ө.Э нь 3 хүүхдээ сургууль цэцэрлэг нь зөөж, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэж яваа. Нөхөр нь Солонгос улсад гэрээт ажилтан хийж, эдийн засгийн асуудлаа зохицуулж явдаг. Энэ мөнгөнөөс хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч хүү ч гэсэн Ө.Эд гомдол санал байхгүй гэдэг. Иймд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялын санал дээр татгалзах зүйлгүй. 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулыг төлөх боломжтой. Мөн тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.Эы 954609 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгуулах саналыг гаргаж байна” гэх санал, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ө.Эы 954609 дугаар жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ