Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 696

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: Д.А

Хариуцагч: ОБЕГ 

Гуравдагч этгээд: М.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Аийг Б******* аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д.А миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 571 дүгээр тушаалаар Б******* аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогчоор томилогдсон. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын харьяа нөөцийн салбарын нягтлан бодогчийн ажилд томилогдон ахлах дэслэгч цолтой болсон. Д.А би тус байгууллагад ажиллаж байх хугацаанд эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандан ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл тус байгууллагын санхүүгийн анхан шатны бүртгэл тооцоог хуулийн дагуу хийж холбогдох газарт хугацаанд хүргүүлж, удаа дараа аудитын байгууллагаас зөрчилгүй санал дүгнэлт авч байсан. Тус газрын дарга, хурандаа С.П нь хэлсэн ярьсандаа хүрч Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Д.А-ийг шилжүүлэн томилох тухай” Б/245 тоот тушаал гаргуулан намайг тус аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн үүрэгт ажлаас ямар ч шалтгаангүй 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн чөлөөлүүлж, мөн өдрөөс Баруун бүсийн Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор томилсон тушаал гаргуулсныг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан. Маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Д.А миний гомдолд Онцгой байдлын Ерөнхий газраас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр №3/946 тоотоор “Таны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хянан хэлэлцээд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/245 дугаар тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр гэж дүгнэснийг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн. Энэхүү хариуг Д.А би Б******* аймгийн Онцгой байдлын газрын бичиг хэргийн ажилтнаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авлаа.

Д.А би өнгөрсөн хугацаанд эрхэлсэн ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Аливаа ажилтныг байнга оршин сууж буй газраас өөр нутаг сэлгэн ажиллуулах тохиолдолд тухайн ажилтны зөвшөөрөл, санал хүсэлтийг харгалзан шилжүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэх хуультай. Гэтэл Д.А намайг Баруун бүсийн Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор ажиллуулах талаар надаас зөвшөөрөл, санал аваагүй, шилжүүлэн ажиллуулах болсон хууль зүйн үндэслэл нь тодорхой бус, гэнэт тушаал гаргаж байгаа явдалд гомдолтой байна. Д.А би Б******* аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байнга оршин суудаг, ээж Тилеубай нь өндөр насны тэтгэвэрт байгаа, бусдын асрамжид байх шаардлагатай, ээжийг би асарч байгаа зэрэг нөхцөл байдлууд байгаа учраас энэ нь намайг Баруун бүсийн Х******* аймгийн онцгой байдлын газарт шилжин ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Тус газрын дарга, хурандаа С.П нь 2018 оны 03 дугаар сарын үед Д.А надад худлаа ярьж хууран мэхэлж нэг цаасанд гарын үсэг зуруулж авсан. Гэтэл энэ бичгийг дээшээ явуулахад намайг өөр аймагт шилжүүлсэн асуудлыг намайг зөвшөөрсөн болгосон мэтээр танилцуулсан асуудлыг би одоо зөвшөөрөхгүй байна. Учир нь би эрхэлсэн ажилдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байхад юу гэж өөр аймагт сайн дурын үндсэн дээр шилжиж ажиллахыг зөвшөөрөх боломжгүй гэдэг нь хэнд ч илт тодорхой асуудал гэж ойлгож байна. Би тус байгууллагад ажилд ороод 5 жилийн нүүр үзэж байгаа буюу тогтвортой ажиллаж байгаа учраас өөр аймагт шилжин ажиллах ямар ч хүсэл зориг байхгүй, сонирхол ч байхгүй гэдгийг хэлье. Нөгөө талаас намайг өөр аймагт шилжүүлсэн тушаалд миний зөвшөөрлийг үндэслэсэн тухай дурдаагүй нь энэхүү үйл баримт худлаа болохыг нотолж байна. Д.А би ажил олгогчийн маргаан бүхий тушаалыг дараах хууль эрх зүйн болон бусад нөхцөл байдлаар эс зөвшөөрч түүнийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдохыг хүсч байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “... Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”-ийн 7.1, 2017 онд шинэчлэн найруулагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т тус тус заасны дагуу Онцгой байдлын байгууллага нь Төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын шинэчлэн баталсан 2016 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийг Баруун, Зүүн, Хойд, Өмнөд, Улаанбаатараар бүсчлэн тогтоосон бөгөөд Баруун бүсийн төвийг Х******* аймгийн Онцгой байдлын газраар тогтоож, Б*******, *******, З*******, Г*******  аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахаар зохицуулагдсан.

Б******* аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч, хошууч М.Е******* нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаар нас нөгчиж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/47 дугаар тушаалаар Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.М*******ыг Б******* аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогчийн үүргийг албан тушаалтан томилогдох хүртэл хугацаагаар албан үүргийг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон байна.

Бүсийн төвүүд нь бусад орон нутаг дахь Онцгой байдлын газруудаас илүү чиг үүргийг хэрэгжүүлдэгтэй холбоотойгоор Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийг хамгийн ойрын орон нутгийн Онцгой байдлын газраас буюу Б******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахлах дэслэгч Д.Аийг шилжүүлэн томилох шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага гаргаж, Б******* аймгийн Онцгой байдлын газарт үүрэг өгч, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаалаар томилсон.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу тушаалыг өөрт нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр танилцуулсан байна.

Б******* аймгийн Онцгой байдлын газрын Д.А-ий ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд буюу 2015, 2016 онд тус газрын санхүүгийн баримтад Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар 37,2 сая төгрөгийн зөрчил илэрсэн, мөн шалтгаангүй 10 хоног ажил тасалсан асуудлаар Б******* аймгийн Онцгой байдлын газрын Даргын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэгдсэн байна. Тус зөрчлийн талаар Д.А нь өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг ахлах нягтлан бодогчоос нягтлан бодогчоор шилжүүлэн томилуулах асуудлыг хэлэлцсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны Б/245 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн ахлах дэслэгч Д.А-ий гаргасан гомдлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх үед буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түүний гаргасан сахилгын 4 шийтгэл нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 -т заасан төрийн албанаас халах үндэслэл бий болсон байсан болно.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага нь залуу хүн тул цаашид түүнийг гаргасан алдаа дутагдлаа засаж ажиллах итгэлийг хүлээлгэж, ахлах дэслэгч Д.А-ийг албан тушаал, цол, цалинг бууруулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.1-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмын дагуу шийдвэрийн төслийг урьдчилан мэдэгдэж, 32 дугаар зүйлийн 32.1, 43 дугаар зүйлийн 43.1-т заасны дагуу шийдвэрийг мэдэгдэх арга хэмжээ авч, шилжүүлэн томилсон байна. 

Д.А-ий нэхэмжлэлд "... хууль зүйн үндэслэл нь тодорхой бус, гэнэт тушаал гаргаж байгаа ...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг 00 минутад Б******* аймгийн Онцгой байдлын газрын даргын өрөөнд газрын дарга, хурандаа С.П, Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.А, Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах ахлагч Ч.Ц нар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тушаалын төсөл танилцуулан сонсох ажиллагаа явуулж, Д.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Тушаалын төсөл танилцуулж, сонсох ажиллагааг явуулснаас хойш өөрийнх нь гаргасан гомдлыг хэлэлцэх, шалгалтын бүлэг ажиллах зэргээс шалтгаалан тушаал 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр батлагдан гарсан нь гэнэт гарсан, өөрөө мэдээгүй байсан гэх үндэслэлгүй юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн байгууллага мөн бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар Онцгой байдлын байгууллагын төрийн тусгай алба хаагчид нь цэргийн жинхэнэ алба хаагчид юм.

Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” гэж заасныг үндэслэн ахлах дэслэгч Д.Аийг шилжүүлэн томилсныг хууль зүйн үндэслэлгүй гэсэн гомдол нь өөрөө үндэслэлгүй юм.

Ахлах дэслэгч Д.А нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/799 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан хэм хэмжээнүүдийг зөрчсөн асуудлаар Б******* аймгийн Онцгой байдлын газрын ёс зүйн дэд албаны хурлаар орж байсан бөгөөд энэ тал дээрээ дүгнэлт гаргаж ажиллаагүй нь нотлогдож байх тул түүнийг дарамталсан гэх асуудал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.А хэдийгээр захиргааны шийдвэрт гомдол гаргах эрхтэй ч цэргийн алба хаагчийн хувьд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалыг хэрэгжүүлж, томилсон газраа очих үүргээ биелүүлээгүй нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.2-т заасан цэргийн алба хаагчийн хүлээх үүргийг, 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасан цэргийн алба хаагчийн хориглосон зохицуулалтыг тус тус зөрчиж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан, 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан зарчмын дагуу шийдвэрийн төслийг урьдчилан мэдэгдсэн, 32 дугаар зүйлийн 32.1, 43 дугаар зүйлийн 43.1-т заасны дагуу тушаалыг мэдэгдэж, танилцуулсан арга хэмжээ авч, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.5.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд нэхэмжлэл гаргасан үндэслэл нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Аий Б******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд М.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Ахлах Д би ...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/377 дугаар тушаалаар тус газарт няраваар томилогдсон 2018 оны 05 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд няравын ажилд туршлагажиж, данс, бүртгэл, тооллогыг заавар, журмын дагуу хөтөлж, тайлан балансыг үнэн зөв гаргаж, агуулахын эмх цэгц, хаягжуулалт, нөөц багаж хэрэгслийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж ажиллав.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/259 дүгээр тушаалаар тус газарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд заасан үүргээ биелүүлж санхүүгийн зөрчил гаргаагүй ажиллаж байна. Цэргийн албан хаагч тушаалаар хаана ч хэзээ ч ажиллахад бэлэн байдаг. Тийм учраас энэ албыг сонгож албаны төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа ба цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхийн дагуу мэргэжил, ур чадвар, ёс зүйн болон дадлага туршлагаараа албан тушаал дэвшин томилогдсон. Мөн уг хугацаанд заасан үүргээ биелүүлж захирах, захирагдах зарчмыг мөрдлөгө болгон ажиллаж байна.

М.Д би Д.А-ий нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй бөгөөд байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.А-ээс Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Д.А-ийг Б******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/572 дугаар тушаалаар  Б******* аймгийн Онцгой байдлын хэлтэст нягтлан бодогчоор томилогдсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн б/09 дүгээр тушаалаар Б******* аймаг улсын нөөцийн салбарын нягтлан бодогчоор сэлгэн ажиллаж байгаад мөн оны 04 дүгээр сарын 10-ны б/218 дугаар тушаалаар Б******* аймгийн Онцгой байдлын хэлтэст нягтлан бодогчоор буцан томилогджээ.

Улмаар маргаан бүхий 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаалаар  Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14-д заасныг тус тус үндэслэн Б******* аймгийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч нэхэмжлэгч Д.А-ыг үүрэгт ажлаас чөлөөлж, Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор ажиллуулахаар шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч “... шилжүүлэн томилохдоо өөрөөс нь зөвшөөрөл аваагүй, орон тоо хасагдаагүй, аймаг дотор сэлгэн ажиллах боломжтой, шилжүүлсэн тушаалд зайлшгүй шаардлагын улмаас шилжүүлж байгаа үндэслэлээ бичих ёстой байсан ...” гэж Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэхдээ түүнтэй тохиролцохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Б******* аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19/102 дугаар албан бичгээс үзвэл Д.А-ийг Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газарт томилох шийдвэрийн төслийг танилцуулсан бөгөөд нэхэмжлэгч уг төсөлтэй танилцаж гарын үсэг зурсан  бөгөөд  зөвшөөрөөгүй талаар санал гаргаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан “... Б.М-ыг Б******* аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогчоор томилсноор Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогч томилох шаардлага үүссэн бөгөөд ажлын туршлагатай хүнийг томилох үүднээс нэхэмжлэгч Д.А-ийг шилжүүлэн томилсон” гэж хариу тайлбарын үндэслэлээ тодорхойлж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/47 дугаар тушаалаар Б******* аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч томилогдох хүртэлх хугацаанд албан үүргийн Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахлах дэслэгч Б. М-аар хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан албан хаагчийг шилжүүлэн томилсноор тус газарт нягтлан бодогч томилох шаардлага үүсжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Аийг Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор шилжүүлэн томилох болсноо урьдчилан мэдэгдэж, улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн б/245 дугаар тушаалаар шилжүүлсэн нь Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсгүүдэд заасантай нийцсэн байна.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн.”, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “захирах, захирагдах зарчмыг мөрдөх;”, 6.2-т “Захирагч, даргын гаргасан тушаал, шийдвэрийг цэргийн алба хаагч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.”, 6.3-д “Захирагч, даргын тушаал, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна.”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Цэргийн алба хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: … 8.1.3-д “төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах;” гэж тус тус заасан байна.  

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл цэргийн алба хаагч нь даргын тушаалыг биелүүлэхээс татгалзахыг хориглох бөгөөд нэхэмжлэгч шилжүүлэн томилсон тушаалын дагуу Баруун бүсийн төв-Х******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчийн ажлаа хүлээн авсны дараа эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ хамгаалуулах нь хуулийн дээрх заалтуудад нийцэх байжээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсгийг тус тус баримтлан Д.А-ээс Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/245 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулан, Д.А-ийг Б******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДАМДИНСҮРЭН