Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 851

 

     “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00240 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарт холбогдох      

1 806 584.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Анхбаярын 10480011997 дугаар данс, 4063500043755607 тоот картад визагийн гүйлгээгээр 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУ-д байрлах “Телтов” /Тeltow/ таван одтой зочид буудалд захиалга өгч, төлбөрт 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 613.65 ам.долларын 2 удаагийн гүйлгээгээр нийт 1 227.30 ам.долларын нэхэмжлэх  банкинд ирсэн. Уг гүйлгээг шалгахад визагийн Флоор лимит /Floor limit/ буюу карт хүлээн авахдаа картын үлдэгдэл, түүний төрлийг шалгаагүй, карт гаргагчаас зөвшөөрөл аваагүй, зөвхөн картын идэвхитэй төлөвийг шалгаж, гүйлгээ оруулах эрхтэй үйлчилгээний байгууллагын хүсэлтийг хүлээн авсан байсан. Манай банк 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээг буцаан нэхэмжлэх Чэржебайк /Chargeback/ үүсгэж, маргаан гаргасан ч уг мөнгийг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр карт хүлээн авагч банкнаас үйлчилгээ үзүүлсэн хэмээн Репсентмент /Repsentment/ хийж, буцаан татсан. Гүйлгээний баримтыг үндэслэн карт хүлээн авагч банкны холбогдох ажилтнуудтай и-мэйлээр холбогдож, гүйлгээг буцаах гэсэн боловч буцаах боломжгүй үйлчилгээ гэсэн хариу өгсөн. Энэ талаар Т.Анхбаяртай холбогдоход “миний эзэмшдэг карт дотоодын карт бөгөөд байрны мөнгө төлөхөд ашиглагддаг, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэж болохгүй, гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгөхөд түүгээр гүйлгээ үл хүлээн зөвшөөрөх тухай маягт бөглүүлсэн. Гэвч карт хүлээн авагч банкнаас ирүүлсэн гүйлгээний баримтад “Улаанбаатар хот, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 47 тоот хаягт оршин суугч Цэвээндоржийн Болортуяа гэдэг хүн тухайн захиалгыг хийсэн байна” гэсэн. Манай банкнаас Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарын энэ үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт хандахад хариуцагч Т.Анхбаяраас “цагдаад өгсөн өргөдлөө татаж авна уу, хохирлыг 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлнө” гэсэн хүсэлт өгсөн. 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэний журмаар хянан шийдвэрлэх асуудал учир эрүүгийн хэрэг үүсгээгүй. Хариуцагч Ц.Болортуяа ХБНГУ руу явахаар Телтов /Тeltow/ зочид буудалд өрөөний захиалга өгч, өөрийнхөө визийг мэдүүлсэн байдаг. “Төрийн банк” ХХК, Т.Анхбаяр нарын хооронд байгуулсан картын гэрээнд үйлчлүүлэгч нь картын нууц дугаарыг бусдад задруулахгүй байх, картыг бусдад өгч, төлбөр тооцоо гүйцэтгэхгүй байх тухай тодорхой зохицуулсан. Т.Анхбаяр энэ үүргээ зөрчиж, эхнэр Ц.Болортуяад карт, нууц кодыг өгсөн, Ц.Болортуяа тухайн картыг дотоодын төгрөгийн карт гэдгийг мэдсэн атлаа ХБНГУ руу явахаар Телтов /Тeltow/ зочид буудалд өрөө хадгалах захиалга өгснөөс манайд 1 806 584.16 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч дансны доод үлдэгдэл хүрэлцэхгүй, данснаас гадаад төлбөр тооцоо хийгдээгүй гэж тайлбарладаг ч энэхүү төлбөрийг манай гадаад банкин дахь данснаас шууд суутган авсан бөгөөд “Виза интернейшнл” ХХК-ийн дүрэм, түүнтэй байгуулсан гэрээний дагуу Кредит /Credit/ буюу дансны доод үлдэгдлийг чухал болгодоггүй, картын идэвхитэй төлөвийг үндэслэн тухайн хүнд итгэдэг томоохон үйлчилгээний байгууллагад захиалга өгсөн ба татгалзах боломжгүй үйлчилгээ болсон. Иймд хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 1 806 584.16 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд төлбөр тооцоог картаар гүйцэтгэж болохоор зохицуулсан боловч энэхүү карт нь Валид онли Монголиа /Valid only Mongolia/ буюу зөвхөн Монгол Улсад хүчинтэй карт тул гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй. Мөн тус картанд 4 893.40 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 1 227.30 ам.долларын гүйлгээ хийгдэж буй нь үндэслэлгүй, Төрийн банк нь энэ төрлийн гүйлгээг хийх бол харилцах дансны үлдэгдлийн хэмжээнд гүйцэтгэх ёстой. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт зааснаар харилцагчийн зөвшөөрлөөр төлбөр тооцоо гүйцэтгэх ёстой атал үлдэгдэл хүрэлцэхгүй байхад 1 227.30 ам.долларын гүйлгээ хийсэн нь нэхэмжлэгчийн хариуцлагын асуудал юм.

Тус 4063500043755607 тоот дансны 2011 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны зарлагын гүйлгээг үзэхэд гадаад улс руу хийгдсэн гүйлгээ байхгүй. Маргааны гол асуудалд шинжээчийн дүгнэлтээр хариулт өгсөн гэж ойлгож байна. “Төрийн банк ХХК-иас хариуцагч Т.Анхбаярт зөвхөн Монгол Улсад гүйлгээ хийгддэг карт өгч, төгрөгийн картын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний үндсэн дээр олон улс дамжсан гүйлгээ хийж болох уу” гэдэг асуултанд шинжээч “Т.Анхбаяр болон Төрийн банк ХХК нарын хороонд дотоодын гүйлгээний карт олгогдсон байна, энэ картаар олон улсын гүйлгээ хийх боломжгүй” гэсэн байна. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт “банк нь харилцагчтай байгуулсан гэрээний дагуу, харилцах дансны үлдэгдэлд багтаан гүйлгээг хийнэ” гэж заасан байхад түүнээс давсан гүйлгээ гарсан нь банкны өөрийн дотоод зохион байгуулалт, ажилтнуудын хариуцлагатай холбоотой. Нэхэмжлэлд дурдаад байгаа 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1 200.00 ам.доллар нэхэмжлэх тус банкинд ирээд 29-ний өдөр банкнаас төлбөрийг буцаан нэхэмжилсэн байдаг. Үүнээс 2 хоногийн дараа шилжсэн мөнгө буцаад “Төрийн банк” ХХК-ийн дансанд ороод ирсэн, банк өөрийн дансанд тухайн мөнгө орж ирсний дараа 6 дугаар сарын 04-ний өдөр Олон улсын “Виза интернейшнл” ХХК-д буцаагаад өгсөн.  

Гэтэл энэ мөнгө “Төрийн банк” ХХК-ийн дансанд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд байхад буцаан шилжүүлэхгүй байх боломжгүй байсан уу?.  Шинжээчийн дүгнэлтэд зааснаар ам.долларын гүйлгээ хийх хэмжээ тогтоох, аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх нь банкны үүрэг, банк уг асуудалтай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалтуудыг авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж дүгнэсэн байна. Данснаас гүйлгээ хийдэг лимит гэж байгаа, банк өөрөө хязгаар тогтоосон бол тухайн мөнгө шилжихгүй байсан. “Төрийн банк” ХХК, Т.Анхбаяр нарын хооронд байгуулсан гэрээний 6.1.1, 6.1.4-т зааснаар үйлчилгээний байгууллага өдөрт үйлчлүүлэх гүйлгээний тоо, мөнгөний дээд хэмжээ, цахим банкны гүйлгээ, шилжүүлгийн дээд хэмжээ зэргийг тогтоох боломжтой. Хариуцагч Т.Анхбаяр нь байгуулсан гэрээний үүргээ зөрчснөөр банкинд хохирол учирсан уу, эсхүл түүний эхнэр картыг уншуулснаас болж хохирол учирсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Хариуцагч Ц.Болормаа карт уншуулсан үйлдэлд гэм буруутай бол Т.Анхбаярын гэм буруутай үйлдэл энд ямар хамаатай вэ гэдэг асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 903 292.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 903 292.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 855.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 21 928.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нар давж заалдах журмаар шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Анхбаяр миний эзэмшдэг төлбөрийн картан дээр "Valid only in Mongolia" буюу Зөвхөн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх тухай заасан ба энэ нь олон улсын гүйлгээ хийх боломжгүй. Энэхүү карт болон дансаар Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр гүйлгээ хийх боломжтой, харин гадаад улсын мөнгөн тэмдэгтээр гуйлгээ хийх боломжгүй. Гүйлгээ хийсэн өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Т.Анхбаяр миний эзэмшдэг дансны үлдэгдэл 4 893 төгрөг байсан бөгөөд ийм үлдэгдэлтэй данснаас 1227.30 ам.долларыг шилжүүлэх боломжгүй. Банк мөнгийг шилжүүлэхээс өмнө эсхүл 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл нийт 5 өдрийн турш дээрх мөнгө дээрх Төрийн банкны эзэмшилд буцаж орж ирсэн байх үед хянаж зохицуулалт хийх боломжтой байсан. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт зааснаар  Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 1227.30 ам.долларын үнийн дүн бүхий гүйлгээ хийх зөвшөөрлийг банкинд өгөөгүй. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд энэхүү гүйлгээ нь Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарын буруутай үйлдлээс шалтгаалсан гэхээс илүү банк, түүний ажилтны хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нарт холбогдуулан 1 806 584,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч  маргажээ.

“Хадгаламж банк” ХХК-ийн хариуцагч Т.Анхбаярын эзэмшдэг 10480011997 тоот иргэдийн энгийн харилцах дансанд 406350043755607 тоот “Төгрөгийн дотоодын энгийн дебит виза” картанд 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУлсад байрлах Телов /Teltow/ таван одтой зочид буудлын захиалгын төлбөрт 613.65 ам.долларын 2 удаагийн гүйлгээ буюу нийт 1227.30 ам.доллар буюу 1 806 584.16 төгрөгийн нэхэмжлэхийг үүсгэж, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Хадгаламж банк” ХХК-ийн дансны гүйлгээгээр дамжин хийгдсэн болох нь “Хадгаламж банк” ХХК-ийн депозит дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

“Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь “Төрийн банк” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 007/2013/БЭХА/164 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч талд дээрх төлбөр тооцоотой холбоотой шаардах эрхээ шилжүүлсэн талаар талууд маргаагүй /хх-5, 50-51/.

Хариуцагч Т.Анхбаярын 406350043755607 тоот төгрөгийн дотоодын энгийн дебит виза картанд 1 806 584.16 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь дээр дурдсан бичиг баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар дээрх үйл баримт нотлогдсон гэж үзэв.

“Хадгаламж банк” ХХК болон хариуцагч Т.Анхбаяр нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ”Карт эзэмших хүсэлт”-ийн маягтын дагуу төлбөрийн карт болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулагдснаар хариуцагч Т.Анхбаяр нь уг гэрээний 5.1.3-д зааснаар “төлбөрийн картыг зааврын дагуу хэрэглэх”, 5.1.8.4-т зааснаар “өөрийн пин код болон бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай мэдэгдэх” эрх, үүргийг хүлээсэн боловч төлбөрийн картаа зориулалтын бус зорилгоор ашигласан, бусад этгээдэд картны кодоо шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор уг картыг ашиглан гадаад улс орны байгууллагын өмнө зочид буудлын урьдчилгаа төлбөр 1 806 584.14 төгрөгийн төлбөр төлөх өр үүсгэснийг банк төлсөн. Ийнхүү нэхэмжлэгчийн дансны гүйлгээгээр дамжин хийгдсэн өр төлбөр, түүнийг нэхэмжлэгч банк төлсөн талаар хариуцагч маргаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоотойгоор бусад байгууллагын өмнө өр үүсгэж, банк хохирсон нь тогтоогдсон /хх-203-204/. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Анхбаяр нь картын данс эзэмшигчийн хувьд журам зөрчсөнөөс нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзэв.

Харин нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас хариуцагч Т.Анхбаярын картны төрөл, гадаад гүйлгээг хийх эрхтэй эсэхийг бүрэн шалгаагүйгээс гадна картны мэдээллийг бусдад дамжуулснаас үүссэн үр дагаврын талаар харилцагч нарт тодорхой тайлбарлан таниулсан тухай баримт хэрэгт баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт заасан харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх журмыг зөрчсөн, мөн харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй байхад банк гүйлгээг зөвшөөрсөн, дотоодод үйлчлэх төгрөгийн картаар олон улсын гүйлгээ хийх хязгаарлалтыг тавиагүй гэж тайлбарлан маргасан боловч энэ нь хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Анхан шатны шүүх гэм хор үүсэхэд нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн буруутай эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэн хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч нар нь уг картын дугаар, холбогдох мэдээллийг гадаадад буй этгээдэд цахим сүлжээгээр дамжуулан өгсний улмаас үүсэх үр дагаврын талаар мэдээгүй, мэдэх боломжгүй гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах зохицуулалт биш тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00240 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад   “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Анхбаяр, Ц.Болортуяа нараас 903 292.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 903 292.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Анхбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                              ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

                                                                                                                     Д.БАЙГАЛМАА