Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0461

 


“С” ХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Г.У нар,

Гомдол гаргагч: “С” ХК,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Т

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0020253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн ,

Хэргийн индекс: 128/2022/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4 дэх заалтыг баримтлан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0020253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “С” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ дараахь нөхцөл байдлуудыг тухайлан тодорхойлж дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байгаа болно. Үүнд: Оюуны өмчийн газрын 40-0022347 мэдүүлгийн дугаар бүхий “Шимт” гэх барааны тэмдгийн 29 ангиллыг "Хатаасан ааруул, ээзгийн, сүү сүүн бүтээгдэхүүн;” буюу хатаасан ааруул, ээзгийтэй холбоотой сүү сүүн бүтээгдэхүүн гэж нарийвчилсан байдлаар тодотгож олгосон байна. Тодруулбал, Монгол хэлний дүрмийн дагуу "ийн” гэх харьяалахын тийн ялгалын нөхцөлийг “ээзгий” гэх нэр үгэнд ашиглаж "сүү сүүн бүтээгдэхүүн”-д хамааруулсан байдлаар тодотгоод энэхүү хамаарал бүхий нэр томьёоны утга төгсөхөд “;” тэмдгээр төгсгөж, дараагийн үг бичигдсэн байдаг.

2.2.Иймд, "Шимт" барааны тэмдгийг 40-0022347 мэдүүлгийн дагуу сүү сүүн бүтээгдэхүүнд олгоогүй, харин хатаасан ааруулын сүүн бүтээгдэхүүн, ээзгийн сүүн бүтээгдэхүүнд олгож байсан байх тул Оюуны өмчийн газраас урьд нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй гэж үзсэн.

2.3.Энэхүү "Шимт" барааны тэмдгийг урьд нь 2020 оны 40-0022347 мэдүүлгийн дагуу олгоогүй гэдгийг нотлох дараагийн үндэслэл нь энэхүү мэдүүлгийг гаргаж, барааны тэмдэг авсан Н.Г гэх иргэн нь Оюуны өмчийн газарт 2022.02.21-ний өдөр дахин 40-2022 0030543 дугаар бүхий мэдүүлэг гаргаж, "Шимт" барааны тэмдгийг 29 ангилалд “сүү; шингэн сүү; бэлчээрийн малын сүү; хуурай сүү; өтгөрүүлсэн сүү; хатаасан сүү; ингэний хоормог; гүүний саам; сүүн бүтээгдэхүүн; ургамлын гаралтай сүү; мал, амьтны гаралтай сүү ..." гэж мэдүүлсэн байгаагаас тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, 2020 онд авсан 40-0022347 мэдүүлгээр сүү, сүүн бүтээгдэхүүнд барааны тэмдэг авсан байсан бол тус мэдүүлэгч нь 2022 онд дахин 40-2022-0030543 мэдүүлгээр “сүү; шингэн сүү; хуурай сүү"-нд барааны тэмдэг авахаар хандахгүй байснаас гадна энэхүү 2022 оны мэдүүлгийг үзвэл үг тус бүр нь “;” тэмдгээр тусгаарлагдсан байгаа нь өмнөх мэдүүлгээр зөвхөн хатаасан ааруул, ээзгийн сүү сүүн бүтээгдэхүүнд барааны тэмдэг бүртгүүлсэн болохыг нь нотолж байна.

2.4.Мөн манай компанийн зүгээс “Шимт сүү” гэх нэрээр барааны тэмдэгт бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хандсан тухайн ажиллагаа явагдаж байсан бөгөөд Оюуны өмчийн газар барааны тэмдэгт бүртгэх эсэх талаар шийдвэр гараагүй байхад шууд зөрчсөн гэж улсын байцаагчийн зүгээс дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болсон гэж үзэж маргасан бөгөөд энэ нөхцөл байдал л шүүх тухайлан дүгнэлт өгөөгүй болно.

2.5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг тодорхойгүй, шүүх болон хэргийн оролцогч нар шууд дүгнэх боломжгүй нөхцөл байдлуудыг тогтоолгох шаардлагатай гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч энэхүү нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй гэж шүүх урьдчилан, шууд дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Иймд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар шийдвэрийг хүчингүй, болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч “С” ХК-аас “Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0020253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч А.Т-т холбогдуулан гаргажээ.

2.Хариуцагчаас иргэн Н.Г-ийн гомдлын дагуу[1] “С” ХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[2] “С” ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Н.Г-ийн эзэмшдэг “Шимт” барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж “Шимт сүү” нэртэй бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан нь барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн үндэслэлээр гурван сая төгрөгөөр торгожээ.

3.Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

4.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.”,  

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:”, 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал;...”,

Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”,

Тухайн хуулийн 13 дугаар 13.1-д “Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно:”, 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол”, 13.1.2-т “барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол”, “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.гэж тус тус заажээ.     

5.Оюуны өмчийн газрын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 тоот тушаалаар[3] гуравдагч этгээд Н.Г-ийн гаргасан мэдүүлгийг үндэслэн олон улсын 29, 35, 39, 43 ангиллаар “Шимт” гэх үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг 2030 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл иргэн Н.Г-д олгохоор зөвшөөрч, улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ[4] олгожээ.

6.Гомдол гаргагч “С” ХК нь “Шимт сүү” гэсэн нэртэй сүүн бүтээгдэхүүн[5] худалдаанд гаргаж, шинэ бүтээгдэхүүн, байгалийн шимийг шингээв гэх байдлаар сурталчилгаа явуулсан, мөн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “С” ХК нь “Шимт сүү” гэх барааны тэмдгийг 29 ангилалд улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан боловч тус барааны тэмдгийг эзэмших онцгой эрх олгогдоогүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдов.

7.Үүнээс дүгнэхэд, “С” ХК нь “Шимт сүү” гэсэн нэртэй сүүн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаснаар ялгагдах шинж чанарт хамаарах “Шимт” гэсэн үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдэгтэй ижил утгатай, улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төрлийн сүүн бүтээгдэхүүнд уг “Шимт” гэсэн барааны тэмдгийг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэж үзэн, уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан барааны тэмдэг эзэмшигчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж торгуулийн шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг шүүхээс хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

8.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д барааны тэмдэг нь үг байдлаар илэрхийлэгдэж болохоор заасны дагуу “Шимт” гэсэн үгийг ялгагдах шинж чанарыг илэрхийлэн барааны тэмдэг байдлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “Шимт” гэх үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг ялгагдах шинж чанар агуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

9.Оюуны өмчийн газрын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/163 тоот тушаал, улсын бүртгэлийн 40-0022347 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээгээр гуравдагч этгээд Н.Г-д “Шимт” барааны тэмдгийг ангилал 29-д “Хатаасан ааруул, ээзгийн, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жүүс, шүүс, хандмал, ундаа, хандалсан ундаа, хатаасан ааруулын ундаа, уусдаг ааруул” гэж заасан бүтээгдэхүүнд ашиглах эрхийг олгосон гэдэг нь тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагчийн ““Шимт”  барааны тэмдгийг 40-0022347 мэдүүлгийн дагуу сүү сүүн бүтээгдэхүүнд олгоогүй, харин хатаасан ааруулын сүүн бүтээгдэхүүн, ээзгийн сүүн бүтээгдэхүүнд олгож байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

10.“Шимт” барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосон байхад уг барааны тэмдгийг тухайн эзэмшигчээс өөр этгээд ашиглах, хэрэглэх нь барааны тэмдэг эзэмшигчийн хуульд заасан онцгой эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоор дээр дурдсанаар хуульд тодорхой заажээ.

“С” ХК-ийн зүгээс “Шимт сүү”  гэх нэрээр барааны тэмдэгт бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хандсан байгаа нь уг нэрээр өөрийн бүтээгдэхүүнийг нэрлэх, худалдаанд гарах эрхийг үүсгэхгүй.

Тодруулбал, “С” ХК-д “Шимт сүү” гэх нэрээр барааны тэмдэг олгохоор эрх бүхий этгээд шийдвэрлэж, улсын бүртгэлд бүртгэсний дараа “Шимт” гэсэн үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг ашиглах боломжтой болох боловч “С” ХК нь уг барааны тэмдгийг эзэмшигч биш, харин гуравдагч этгээд Н.Г “Шимт” гэсэн үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг эзэмшигч гэдэг нь тогтоогдож байна.

Иймд гомдол гаргагчийн “манай компанийн зүгээс “Шимт сүү” гэх нэрээр барааны тэмдэгт бүртгүүлэхээр Оюуны өмчийн газарт хандсан, бүртгэх эсэх талаар шийдвэр гараагүй байхад оюуны өмч зөрчсөн гэж улсын байцаагч дүгнэсэн нь илт үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Г.У нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 17-22 дахь тал

[2] Хэргийн 6 дахь тал

[3] Хэргийн 102, 108 дэх тал

[4] Хэргийн 27, 59 дэх тал

[5] Хэргийн 9, 25, 29-30 дахь тал

[6] Хэргийн 25, 37, 43-44, 47, 136 дахь тал