| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0029/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батхишиг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч М.Батхишиг,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Ат холбогдох эрүүгийн 2007000000010 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа уурхайд ажилладаг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам эхийн хамт …………………………… тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн ******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ******* овогт Б.А, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод И.Бын нүүрэн тус газарт зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа буугаад 21 цаг өнгөрч байхад хадам ах И.Бтой 1 шил архи уусан. Тэгэж байтал том баз ах нь орж ирээд би архи өгөх гэхэд И.Бод өгөхгүй байсан. Тэгээд өмөөрч байгаад хоорондоо зодолдож нүүр, уруулан тус газар нь гараараа цохисон. Тэгээд цагдаа ирээд аваад явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч И.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* тоот хашаандаа хүргэн Aийн хамт байдаг. Би байшиндаа ганцаараа амьдардаг ч ганц бие болохоор хүргэн Aийн гэрт хамт өвөлжиж байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* тоотод амьдардаг хүргэн Б.А над руу байн байн залгаж байгаад орой Ж дүүг дагуулж манай гэрт нэг архитай ирж цуг ууцгаасан. манай хүргэн A хийж өгсөн архинаас уугаад байхаар нь би уурлаад та битгий уу, ууж яваад энд тэнд ойчоод хөлдөж үхэв. Битгий наадахдаа өг гэж Б.Ат хэлэхэд та яахаараа хүргэнээ дээрэлхэж байдаг юм гээд надтай маргалдаж Aийг гаргаж явуулсан. Тэгээд та Aийг дээрэлхээд байгаа юмуу гээд зүүн нүдний хавьд нэг удаа цохиж үснээс татаж чирч гадаа гаргаж унагаад нүүрэн тус газарт 2 удаа өшиглөсөн. Тэгтэл дүү Ж татаж болиулсан. Тэр үед миний уруул амнаас цус гарч би түргэн болон цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Түргэний машин ирж намайг авч яваад эмнэлэг дээр авчирч урууланд оёдол тавьсан. Үүнээс өөр ямар нэг эмчилгээ хийлгээгүй, хохирол төлбөрийн баримт байхгүй. Зарцуулсан мөнгө төлбөргүй тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 3-8 дугаар тал/
Гэрч И.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны Налайх дүүргийн 3-р хороо Замчин 15-109 тоотод байрлах Амергажийн гэрт манай нөхөр болох Б.А нь И.Бын хамт нэг шил 0.75 литрийн “Хараа” архи хувааж ууж байгаад 23 цагийн орчимд гаднаас Амергаж орж иртэл И.Б Амергажийг зодох гээд дайрахаар нь манай нөхөр Б.А гэрт орж ирээд гадуур хувцсаа тайлаад үлдсэн архиа ууя гэтэл И.Б чи намайг зодох гэж байгаа юм уу гээд хоёулаа барьцалдаж аваад И.Быг газар унагасан байх үед нь Б.А түүнийг хоёр удаа нүүр хэсэгт өшиглөхөөр нь би салгаад гараад явсан” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 9-10 дугаар тал/
Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би эхнэр Ж болон түүний дагавар 2 хүүхэд, хадам ээж Канипа нарын хамт ******* тоот хашаанд амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой би ажлаасаа буугаад эхнэр бид 2 И.Б ахтай уулзахаар ******* тоотод хүргэн ах Aийн гэрт 22 цагийн үед очсон. Ойрд уулзаагүй гээд баярын нэг юм. 0.7 литрийн “Хараа” архи авч ороод И.Б ахтай уусан. 23 цагийн үед гаднаас том хүргэн ах A гэрт орж ирээд сууж байхад И.Б энийг харахаар уур хүрээд байдаг юм гээд дайрахаар нь би хорьж болиулсан. Тэгтэл И.Б аяга аваад A руу шидэхэд оноогүй. Тэгээд энийг ер нь алчихъя гээд дайрах гэхээр нь би бас хорьж болиулсан. A ахыг манай гэр рүү очиж бай гэж гаргачихаад буцаж орж ирээд за үлдсэн архиа хуваагаад уучихъя дүү нь ингэсгээд харилаа гэхэд И.Б чи хувцсаа тайлаад намайг зодох гээд байгаа юмуу, чам шиг баньд амжихгүй шүү гээд дайрсан. Тэгэхээр нь би түүнийг түлхэж хойш нь унагаад гэрээс нь чирч гаргаад нүүрэнд нь 2 удаа өшиглөхөд эхнэр болиулсан. Бид 2 явах гэхэд И.Бийн уруулаас цус гарчихсан цагдаа дуудаж байсан. Удалгүй машинтай цагдаа нар ирээд намайг хэлтэс дээр авчирч эрүүжүүлсэн” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 13-15 дугаар тал/
Гэрч И.Aийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эхнэр бид 2 хадам дүү И.Бын хашаанд гэр бариад амьдардаг юм. Хадам дүү И.Б энэ өвөл байшиндаа амьдраагүй. Гэрт бид хоёртой өвөлжиж байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гадуур явж байгаад орой 22 цагийн үед байх гэртээ ирэхэд И.Б, хүргэн Б.Атай архи уугаад сууж байсан. Намайг ороход Б.А надад архинаас хийж өгөхөд нь нэг татсан. Тэгтэл И.Б та архи уулаа, эргэж яваад гар хөлөө хөлдөөвөл яахын чамайг зодно шүү, хасаг минь зайл гэсэн. Тэгээд намайг загнахаар нь би эхнэр Тогтоортой хамт гараад Б.Аын гэрт очсон. Түүнээс хойш болсон асуудлын талаар мэдэхгүй. Сүүлд нь тэр 2 муудалцсан сураг байсан” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 18-19 дүгээр тал/
2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 21-22 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/53 дугаар:
“1. И.Бын биед дээд урууланд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 23 дугаар тал/
Б.Аын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 41-47 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 49 дүгээр тал/,
Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаар “Оршин суух хаягийн тодорхойлолт”,
/хх-ийн 53 дугаар тал/,
Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 54 дүгээр тал/,
******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол,
/хх-ийн 62-67 дугаар хуудас/,
******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, /хх-ийн 68-81 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох
баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “ Шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэрэгт түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Ат ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. И.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Б.А нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно.Шүүгдэгчид Торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Учир нь 1 ам бүлд 5 хүн амьдарч байна. Сард 400-500 төгрөгийн орлоготой. Шүүхээс гарсан ял шийтгэл нь биелэгдэх боломжтой байх ёстой” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Торгуулийн ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ат холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны орой Налайх дүүргийн 3 дугаар хороо 15-109 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч И.Б “A архи өглөө” гэх шалтгаанаар маргалдан баруун гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь дээд урууланд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...том баз ах нь орж ирээд би архи өгөх гэхэд И.Бод өгөхгүй байсан. Тэгээд өмөөрч байгаад хоорондоо зодолдож нүүр, уруулан тус газар нь гараараа цохисон....” гэх,
Хохирогч И.Бын “...та Aийг дээрэлхээд байгаа юмуу гээд зүүн нүдний хавьд нэг удаа цохиж үснээс татаж чирч гадаа гаргаж унагаад нүүрэн тус газарт 2 удаа өшиглөсөн. Тэгтэл дүү Ж татаж болиулсан. Тэр үед миний уруул амнаас цус гарч би түргэн болон цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” гэх,
Гэрч И.Жийн “...Б.А гэрт орж ирээд гадуур хувцсаа тайлаад үлдсэн архиа ууя гэтэл И.Б чи намайг зодох гэж байгаа юм уу гээд хоёулаа барьцалдаж аваад И.Быг газар унагасан байх үед нь Б.А түүнийг хоёр удаа нүүр хэсэгт өшиглөхөөр нь би салгаад гараад явсан...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/53 дугаар: “И.Бын биед дээд урууланд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч И.Бын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...Түргэний машин ирж намайг авч яваад эмнэлэг дээр авчирч урууланд оёдол тавьсан. Үүнээс өөр ямар нэг эмчилгээ хийлгээгүй, хохирол төлбөрийн баримт байхгүй. Зарцуулсан мөнгө төлбөргүй тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагчаас “Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд:Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, нас зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ