Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Гт холбогдох эрүүгийн 1907005230114 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ..................................... тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт Г.Г /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 21-05 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Чтай маргалдаж, нүүр рүү нь аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын  дугаар сарын 29-ний  гэртээ архи уугаад сууж байхад Б.Ч орж ирээд нэг хийгээч гэхээр нь хийж өгсөн. Тэгээд надад 5000 төгрөг байна гээд дахиад нэг юм авч уусан. Тэгээд би ганц шуудай нүүрс авч ирээд өгчихөд яадаг юм бэ гэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд над руу аягатай бантангаа шидсэн. Тэгэхээр нь би тэр аягыг нь аваад нүүр рүү нь аваад шидчихсэн юм. Тэгсэн чинь гэр рүүгээ гараад гүйсэн” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд Их аманд байдаг хүргэн Г.Гийнд очиход ганцаараа шил архи задалчихсан уугаад сууж байсан. Би орж ойр зуурын юм ярьж цуг ууж байгаад Г.Г намайг ганц шуудай нүүрс дөхүүлээд өгөхгүй гэхээр нь чи өөрөө нүүрсээ авчихаж чадахгүй байна уу, арчаагүй пязда минь гээд барьж байсан аягатай хоолоо нүүрэнд нь цацсан чинь аяга аваад нүүр рүү шидэж баруун нүднээс гал манараад явчихсан. Чи яаж байна аа гэхэд нэмээд цээж рүү 2-3 удаа цохихоор нь би шууд гарж зугатаад дүү *******гийнд ирж болсон асуудлыг хэлсэн. Тэгээд дүүтэй цуг Налайхын эмнэлэг явсан. Эмнэлэгт очиж баруун нүдний доороо зүсэгдсэн шархандаа оёдол хийлгээд цагдаа руу ирж гомдол гаргасан. Хамаатан садан улс болохоор надад гомдол байхгүй. Анхнаасаа л манай дүү ******* гомдол гаргаж өг гээд байхаар нь уурандаа цагдаа дээр ирж гомдол гаргаж өгсөн юм. Хөнгөн шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7 дугаар хуудас/

 

Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр 18 цагт манай төрсөн ах Б.Ч манай гэрт нүд ам нь цус болчихсон орж ирээд Хаймчиг намайг зодчихлоо гэсээр орж ирсэн. Харахад баруун нүд нь хавдаж зовхи нь шалбарч цус гарчихсан байсан. Тэгээд би дагуулаад Налайхын эмнэлэгт авчирч үзүүлж харуулаад тусламж авч нүднийх нь зовхинд оёдол тавиулсан. Хаймчиг гэдэг нь Г.Гийг тэгэж дууддаг. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үдээс хойш гэртээ шил архи задлаад ганц нэг татаад сууж байхад эхнэрийн хамаатан Б.Ч орж ирээд цуг ууж суусан. Тэгээд намайг үгээр идээд доромжлоод чи арчаагүй новш юу хийж чаддаг пязда вэ гэхээр нь чамд миний амьдрал ямар хамаатайн гээд хэрэлдэж над руу аягатай хоол цацахаар нь би аягыг авч чулуудахад нүүрэнд нь онож гараараа бас нүүрэнд нь 2-3 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр хүн аллаа боль гэхээр нь би больж Б.Чын нүүр орчим нь цус болчихсон гараад явсан. Түүнээс хойш болсон асуудлыг би сайн мэдэхгүй. Гэртээ унтаж байхад цагдаа нар орж ирээд хэлтэс дээр авчирч эрүүлжүүлэхэд хийсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар хуудас/

 

Гэрч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед би ээжийнхээс гараад гэрийн үүдэнд ирэхэд манай гэрээс Б.Ч нүүр ам нь цус болчихсон гараад хойшоо гүйж араас нь манай нөхөр ална шүү чамайг гээд бархирахаар нь чи хүн аллаа шүү дээ адилхан ууж идчихээд нэгийгээ яаж байгаа юм бэ. Яасан юм юу болов гэхэд идэж байсан бантангаа над руу цацахаар нь би аягыг нь аваад цохьчихсон юм гэж хэлсэн. Гэр доторхыг харахад шал ор бантан болчихсон байсан. Хэн нь хэнийгээ юугаар цохьсон болохыг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/712 дугаар:

            “1. Б.Чын биед баруун доод зовхинд шарх, баруун нүдний салст, баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

            Г.Гийн иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

            Г.Гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

   Шүүгдэгч Г.Г нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 21-05 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Чтай маргалдаж, нүүр рүү нь аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Чын мэдүүлэг, гэрч Б.*******, Р.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс би өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Г нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 21-05 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Чтай маргалдаж, нүүр рүү нь аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд би ганц шуудай нүүрс авч ирээд өгчихөд яадаг юм бэ гэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд над руу аягатай бантангаа шидсэн. Тэгэхээр нь би тэр аягыг нь аваад нүүр рүү нь аваад шидчихсэн юм....” гэх, 

хохирогч Б.Чын “...Г.Г намайг ганц шуудай нүүрс дөхүүлээд өгөхгүй гэхээр нь чи өөрөө нүүрсээ авчихаж чадахгүй байна уу, арчаагүй пязда минь гээд барьж байсан аягатай хоолоо нүүрэнд нь цацсан чинь аяга аваад нүүр рүү шидэж баруун нүднээс гал манараад явчихсан. Чи яаж байна аа гэхэд нэмээд цээж рүү 2-3 удаа цохихоор нь би шууд гарж зугатаад дүү *******гийнд ирж болсон асуудлыг хэлсэн....” гэх,

            гэрч Б.*******гийн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр 18 цагт манай төрсөн ах Б.Ч манай гэрт нүд ам нь цус болчихсон орж ирээд Хаймчиг намайг зодчихлоо гэсээр орж ирсэн...Хаймчиг гэдэг нь Г.Гийг тэгэж дууддаг....” гэх,

            гэрч Р.*******гийн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн үед би ээжийнхээс гараад гэрийн үүдэнд ирэхэд манай гэрээс Б.Ч нүүр ам нь цус болчихсон гараад хойшоо гүйж араас нь манай нөхөр ална шүү чамайг гээд бархирахаар нь чи хүн аллаа шүү дээ адилхан ууж идчихээд нэгийгээ яаж байгаа юм бэ. Яасан юм юу болов гэхэд идэж байсан бантангаа над руу цацахаар нь би аягыг нь аваад цохьчихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн №08 шэ/712 дугаартай “...Б.Чын биед баруун доод зовхинд шарх, баруун нүдний салст, баруун дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах саналтай байна.” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...миний буруу. Дахин ийм алдаа гаргахгүй. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ