| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/09617/И |
| Дугаар | 186 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Зөн билэгт хаан ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан захиалгын менежерийн албан тушаалд сарын 400,000 төгрөгөөр тооцож олгохоор харилцан тохиролцсон. Тус компани нь ажилд орсноос хойш цалин хөлсийг минь цаг тухайд нь олгохгүй байсан. Ажил орж ирэхээр, мөнгө орж ирэхээр нь цалингаа өгнө гэсээр намайг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тушаал гаргахдаа ч надад ажилласан хугацааны минь цалин болон ээлжийн амралтын олговрыг бодож олгоогүй. Хэлэхээр өгнө, жаахан хүлээчих л гэдэг байсан. Ажилд орсон цагаасаа эхлэн ажлаас гарах хүртлээ миний цалинг цаг тухайд нь өгөхгүй байсан ч гэсэн ажил олгогчийн нөхцөл байдлыг ойлгон хүлээн авч, итгэж найдан компанийн ажлыг чин сэтгэлээсээ, санаачлагчтай хийдэг байсан. Гэвч тус компанийн удирдлагууд ажил орж ирээд мөнгө олохоороо ажилтнуудынхаа цалин хөлсийг эн тэргүүнд өгөх биш, өөрсдөө хувьдаа зарцуулж, амрах зугаалах, баяр тэмдэглэх зэрэгт л зарцуулж, ажилтнууд бидний цалинг дараа өгнө, удахгүй өгнө, дараагийн ажлаас өгнө, энэ ажлыг дуусгаад мөнгө орж ирэхээр өгнө гэсээр хүлээлгэсээр байдаг ба зарим ажилтнууд цалингаа ч авч чадалгүй, хэд хоног, хэдэн сараар цалингүй ажиллаад ажлаас гарсан.
Миний бие ажлаас гарсныхаа дараа цалин хөлсөө авахын тулд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаснаар НМХГ-ын Дэд даргын 02-03/448 тоот удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 02-06-036/249 тоот МХГ-ын ахлах байцаагчийн акт гарч, тус компанид арга хэмжээ авагдсан.
Улсын байцаагчийн хугацаатай акт гарсаар байтал тус актыг хугацаанд нь биелүүлэхгүй байсаар өдийг хүрлээ.
Намайг шаардахаар элдэв шалтаг тооцож, “өгнө гээд байхад”, “одоо өгнө”, “хуваагаад өгчихнө”, “удахгүй өгнө” гэх мэтээр хойшлуулсаар, удаа дараа утасдаж шаардахаар бүр утсаа ч авахгүй, миний дугаарыг хаачихсан, өөр дугаараас залгахаар утас нь зүгээр дууддаг болсон. Төрийн эрх бүхий байгууллагын тавьсан актыг биелүүлэхгүй, төрийн хууль журмыг үл тоож, олон сараар чирэгдүүлж байна.
Иймд Зөн билэгт хаан ХХК-иас 1,242,631 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Зөн билэгт хаан ХХК-ийн захирал Э.Туяацэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: 1,242,631 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02-06-036/249 тоот улсын байцаагчийн актад нэхэмжлэгч Г.Мөнхжаргал нь хариуцагч Зөн билэгт хаан ХХК-д захиалгын менежерийн ажил албан тушаалд ажиллаж байсан, нэг сарын 400,000 төгрөгийн үндсэн цалинтай байсан нь тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж шимтгэл төлөх үүрэгтэй тул хариуцагч Зөн билэгт хаан ХХК-д нэхэмжлэгч Г.Мөнхжаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч шүүхэд мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй талаар баримт авагдсан, шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд мэдэгджээ. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Зөн билэгт хаан ХХК-иас 1,242,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхжаргалд олгож, Г.Мөнхжаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Зөн билэгт хаан ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,735 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Зөн билэгт хаан ХХК-иас 34,735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мөнхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ