| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0037/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Бд холбогдох эрүүгийн 1907005250022 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Баянзүрх дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, .................................. ажилтай, ам бүл 1, ............................................ тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3., 69 дүгээр зүйлийн 69.1.3.-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх ял шийтгэгдсэн, ******* Ч.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02 цагийн орчимд ........................................... тоотод байрлах гэрт нь ирж хоносон Г.Эын 540.000 төгрөгийн үнэ бүхий Lenovo /Леново/ маркийн зөөврийн компьютерийг /нөүтбүүк/ хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед манай найз бид хоёр манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гаднаас Г.Э найзтайгаа ирээд пиво уучихаад явсан. Шөнө 1 цагийн үед Г.Э нилээн согтуу орж ирсэн. Тэгээд нэг архи байсныг хувааж уусан. Тэгээд манай найз тэр хоёр унтаад өгсөн. Би согтуудаа нөүтбүүкийг нь авч нуусан. Тэгээд өглөө нь надаас нөүтбүүкээ нэхэхэд нь санаа зовоод гаргаж өгч чадаагүй. Цагдаа нар ирж үзлэг хийсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ 2019 оны 11 дүгэр сарын 28-ны өдөр би ажил тараад нэг танил багштайгаа хамт нэг газар сууж пиво ууцгаасан юм. Тэгээд оройхон хамаатны залуу Ч.Б руу яриад танайд очьё гээд Нисэхийн 49-3 тоот гэрт нь очиход нэг залуутай хамт архи ууж байсан. Тэгээд жаахан сууж пиво ууж байгаад хамт ирсэн манай найз багш явна гэхээр нь цуг гарч яваад Нисэхийн хороонд гэрт нь хүргэж өгчихөөд буцаад тэр айлдаа ирсэн. Би жаахан халамцуу байсан ч хар цүнхтэй нөүтбүүкээ тэднийд аваад очсоноо сайн санаад байна. Тэгээд гэрт нь буцаж очоод хоол хийсэн байхаар нь жаахан идчихээд юм ярьж байхад Ч.Бын найз нь унтсан. Би ч удалгүй унтаад өглөө 09 цаг өнгөрч байхад босоод гар цүнхээ аваад Ч.Бын гэрээс харихаар гарахад цүнх нэг л хөнгөн санагдахаар нь гайхаад нээж үзэхэд цүнхэн дотор байсан миний нөүтбүүк алга болсон байсан. Тэгэхээр нь би буцаж ороод Ч.******* цүнхэнд байсан нөүтбүүк яасан гэхэд мэдэхгүй гээд байсан. Би 1 цаг гаруй хугацаанд Ч.******* асууж гаргаад өгчих гэж гуйсан ч би аваагүй мэдэхгүй гээд огт халгаагаагүй. Мөн байшинд нь гадаа хашаанд нь би хайж үзсэн боловч олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаа ирээд мөн Ч.******* нөүтбүүк хаана байгааг асуухад мөн мэдэхгүй гээд байсан тул цагдаа нар Ч.Бын гэрт хайж үзэж байгаад Лисьва плитканы доод талаас гаргаж ирсэн юм. Ч.Б нь намайг унтаж байхад дээрх нөүтбүүкийг хулгайлж авсан нь тодорхой байна гэж үзэж байна. Нөүтбүүкээ буцаан авсан. Би гомдолгүй” гэх мэдүүлэг
/хх-ийн 15 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 16 цагийн үед манай найз ******* Улаанбаатар хотоос манай гэрт ирээд бид хоёр Хараа нэртэй архи хувааж уусан, орой 22 цагийн үед манай хамаатан болох Г.Э залгаад би танайд очоод ганц пиво ууя, эгчтэйгээ явж байна гэхээр нь тэг тэг гэхэд удалгүй Г.Э нэг эгчтэй нэлээд халамцуу манай гэрт ирж авчирсан том пивоо уусан. Тэгээд 00 цагийн үед тэр хоёр манай гэрээс явж 01 цагийн үед Г.Э ганцаараа буцаж ирсэн. ******* бид хоёр тэр үед хоол хийж идэж байсан ба Г.Э болсон хоолноос идчихээд том өрөөнд буйдан дээр унтсаны дараа нь би Г.Эын барьж ирсэн цүнхийг уудлахад хар өнгийн нөүтбүүк байхаар нь аваад гал тогооны өрөөндөө байх Лисьва цахилгаан зуухныхаа доор хийж нуугаад унтсан. Тэгээд өглөө Г.Э босож цүнхээ үзээд нөүтбүүк нь байхгүй болохоор надаас нэхэхэд нь би мэдэхгүй гэсэн. Г.Э дахин дахин нэхээд та хоёроос гарцаа байхгүй, нуусан бол гаргаад өг гэхээр нь би мэдэхгүй л гэсээр байсан, тэгтэл цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирээд надаас нөүтбүүкийг авсан юм уу гэхээр нь би аваагүй манайд нөүтбүүктэй ирсэнийг нь хараагүй гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар манай гэрийг шалгаж байгаад Лисьва цахилгаан зуухныхаа доор хийж нуусан Г.Эын нөүтбүүкийг олж гаргаж ирсэн. Би нөүтбүүк хулгайлж нуух үед ******* унтчихсан байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Б. *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үдээс хойш Ч.Бын гэрт ирж цуг архи уусан. Орой Ч.Б нэг хүүхэнтэй утсаар ярьж байгаад удалгүй 23 цагийн үед байх хоёр танихгүй хүүхэн ирж пиво уугаад байсан. Нэг цаг орчмын дараа пиво дуусгаж гарч явсан. Ч.Б бид хоёр будаатай хуурга хийж идчихээд сууж байхад шөнө 01 цагийн орчимд нэг хүүхэн нь ирсэн. Тэгээд удалгүй би орон дээр цаад буланд нь унтахаар хэвтэж Ч.Б тэр хүүхэнтэй юм яриад үлдсэн. Өглөө би 09 цагийн орчим сэрж босчихоод байхад тэр хүүхэн босоод явлаа гээд цүнхэээ авч гарснаа буцаж орж ирээд нөүтбүүк яачихваа авсан бол гаргаад өгчих гэхэд Ч.Б би аваагүй гээд халгаагаагүй. Та хоёроос зайлахгүй би нөүтбүүктэйгээ танайд ирсэн. Гаргаад өг гээд дахин дахин нэхэж Ч.Б би аваагүй л гээд байсан. Би Ч.Быг авчихсан байж магадгүй гэж бодоод гэрт нь болон хашаан дотор нь зөндөө хайсан боловч олдоогүй. Тэгтэл тэр хүүхэн цагдаад дуудлага өгч удалгүй цагдаа нар ирж Ч.******* асуухад би мэдэхгүй л гээд байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дугаар хуудас/
Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллаганы явцад өгсөн: “ Би өөрийн хүү Ч.Быг цагдаад нөүтбүүк хулгайлсан хэргээр шалгагдаж байгааг мэдсэн. Би өөрөө хүү Ч.******* тусдаа амьдардаг тул яг юу болсон талаар сайн мэдэхгүй юм. Манай хүү Ч.Б нь 1994 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод аав ******* бид хоёрын ууган хүү болон мэндэлсэн. Манай хүү Ч.Б нь бага насаа Налайх дүүрэгт өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн. Яагаад гэвэл аав ******* нь 3 настай байхад нь надаас салаад явчихсан одоо хүүтэйгээ ч надтай ч ямар нэг холбоо байдаггүй. Би 6 настай байхад нь хүүгээ өвөө, эмээ дээр нь үлдээгээд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад хүү Ч.Быг 16 настай байхад нь Монголд ирсэн. Манай хүү Ч.Б 2000 онд Налайх дүүргийн ******* цогцолбор сургуульд элсээд 2010 онд Эрдмийн оргил сургуулийг төгссөн. Тэгээд сургууль төгсөөд Батлан хамгаалахын их сургууль, Их засаг дээд сургуулийн хууль зүйн ангид суралцаж байгаад дундаас нь сургуулиа хаяад Налайх дүүргийн 350 дугаар цэргйин ангид ахлагчаар 7-8 жил ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан. Энэ хугацаандаа Афганистан, Судан зэрэг улсуудад ажиллагаанд явж байсан. Цэргийн ангид байхдаа спорт, урлагтаа сайн их нэртэй төртэй байсан боловч 2017-2018 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад тухайн цагаас хойш ажилгүй, архи уугаад гэр орныхоо тавилга эд хөрөнгө бүх зүйлээ зарж үрээд хийсэн ажилгүй, надаас тусдаа амьдарч байгаа юм. Архи уух болсон цагаас хойш зан авир маш их эвдэрч итгэлгүй болж, гэр орны юм эд зүйл зарж уугаад агсам согтуу тавиад байсан учир би хүүгээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэх 49-3 тоотод нь үлдээгээд өөрөө хоёр охин нөхрийн хамт тусдаа амьдрах болсон юм. Би Солонгос улсаас ирээд нэг хүнтэй танилцаад хоёр ихэр охинтой болсон. Одоо 6 настай боловч ер нь заримдаа дүү нараа тоогоод хайрлаад сүйд болдоггүй. Сүүлийн үед намайг маш их хэл амаар доромжилж ална гэж заналхийлэх эсвэл амиа хорлоно гэж байнга хэлдэг болсон юм. Уг нь бол маш мундаг юм болгонд сайнаар хэлэгддэг хүүхэд байсан боловч сүүлийн 1-2 жилийн хугацаанд л эрс өөрчлөгдөж архинд донтож элдэв асуудал гаргах болсон юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22-23 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №НА-19-211 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 42-45 дугаар хуудас/, Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, Ч.Бын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:
Улсын яллагч “Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 49-03 тоотод байрлах гэрт нь ирж хоносон Г.Эын 540.000 төгрөгийн үнэ бүхий Lenovo /Леново/ маркийн зөөврийн компьютерийг /нөүтбүүк/ хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан болох нь:
шүүгдэгч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд манай найз тэр хоёр унтаад өгсөн. Би согтуудаа нөүтбүүкийг нь авч нуусан. Тэгээд өглөө нь надаас нөүтбүүкээ нэхэхэд нь санаа зовоод гаргаж өгч чадаагүй...” гэх,
хохирогч Г.Эын “...Би 1 цаг гаруй хугацаанд Ч.******* асууж гаргаад өгчих гэж гуйсан ч би аваагүй мэдэхгүй гээд огт халгаагаагүй. Мөн байшинд нь гадаа хашаанд нь би хайж үзсэн боловч олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаа ирээд мөн Ч.******* нөүтбүүк хаана байгааг асуухад мөн мэдэхгүй гээд байсан тул цагдаа нар Ч.Бын гэрт хайж үзэж байгаад Лисьва плитканы доод талаас гаргаж ирсэн юм. Ч.Б нь намайг унтаж байхад дээрх нөүтбүүкийг хулгайлж авсан нь тодорхой байна гэж үзэж байна...” гэх,
Гэрч Б.*******ийн “...Өглөө би 09 цагийн орчим сэрж босчихоод байхад тэр хүүхэн босоод явлаа гээд цүнхэээ авч гарснаа буцаж орж ирээд нөүтбүүк яачихваа авсан бол гаргаад өгчих гэхэд Ч.Б би аваагүй гээд халгаагаагүй. Та хоёроос зайлахгүй би нөүтбүүктэйгээ танайд ирсэн. Гаргаад өг гээд дахин дахин нэхэж Ч.Б би аваагүй л гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.*******гийн “...Архи уух болсон цагаас хойш зан авир маш их эвдэрч итгэлгүй болж, гэр орны юм эд зүйл зарж уугаад агсам согтуу тавиад байсан учир би хүүгээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэх 49-3 тоотод нь үлдээгээд өөрөө хоёр охин нөхрийн хамт тусдаа амьдрах болсон юм. Би Солонгос улсаас ирээд нэг хүнтэй танилцаад хоёр ихэр охинтой болсон. Одоо 6 настай боловч ер нь заримдаа дүү нараа тоогоод хайрлаад сүйд болдоггүй. Сүүлийн үед намайг маш их хэл амаар доромжилж ална гэж заналхийлэх эсвэл амиа хорлоно гэж байнга хэлдэг болсон юм...”, гэх мэдүүлэг болон “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №НА-19-211 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эын эд хөрөнгөд 540.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Г.Э “Нөүтбүүкээ буцаан авсан. Би гомдолгүй” гэсэн байх тул Ч.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн санал болгосон 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг боломжгүй гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохиролоо нөхөн төлсөн байдал зэрэг үндсэн ёс зүйн чиг баримжааг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ч.Быг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ