Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 38

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

Хохирогч Ц.Н,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1907002470143 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Б /РД: /

урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14, 39 зүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 5 жил хорих ялаар шийтгэсэн,

мөн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэсэн, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* дэлгүүрийн орчим хамтран амьдрагч Ц.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ц.Н бид 2 өглөө гэрээсээ гарч “*******” дэлгүүрийн хажуугаар явж байгаад *******, ******* гэх 2 хүнтэй тааралдаж архи уусан. Ингээд цаашаа Ц.Н бид 2 айлд оччихоод буцаад алхаж явтал Ц.Нын нэг таньдаг найз нь тааралдаад тэд хамт явсан. Тэгээд би удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаад “*******” дэлгүүрийн тэнд очиход *******, ******* 2 архи уугаад сууж байсан. Би архинаас нь хамт уугаад сууж байтал Ц.Н нилээн удаж байгаад ирсэн. Хаагуур явав, яагаад намайг орхиод явчихав гэж хэлээд бид 2 маргалдсан. Би явлаа гэж хэлээд явтал араас чулуу шидэж надтай зууралдаж, элдэв бусаар хэлж уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж харж гараараа нүүр рүү нь цохисон. Тэгээд Ц.Н доошоо суучихаар нь би яваад өгсөн. Тэгээд гэртээ ирээд байж байтал орой цагдаа ирсэн. Ийм асуудал болсон” гэв.

 

    Хохирогч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б.Б бид 2 гэрээсээ гараад явж байтал би таньдаг хүнтэйгээ таарч хүлээгээд сууж бай гэж хэлээд хүнтэй уулзчихаад эргээд ирэхэд Б.Б архи уучихсан сууж байсан. Тэгээд бид 2 маргалдсан” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Хохирогч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “Би Б.Б гэх залуутай хоёр жилийн өмнө танилцаад хамтран амьдарч байгаа. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би хамтран амьдрагч *******ын хамт ******* гэх дэлгүүрийн орчим явж байх үедээ *******, Гамбуууш нартай таарсан. Тэр хоёр нэг шил 0,75 литрийн сайхан нэртэй архи авсан. Бид нар тухайн архийг гудамжинд уусан. Юм яриад сууж байх үед Б.Б намайг хардаад байхаар нь уурлаад бид хоёр маргалдаж муудалцсан. Б.Б миний толгойруу гараараа цохисон. Тэр үед би ухаан алдан болсон зүйлийг санахгүй байна. Нэг ухаан ороход эмнэлэг дээр сэрсэн. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Энд тэндгүй хөх няц болчихсон байсан. Би эмнэлэгт тариа хийлгүүлээд гэр лүүгээ явсан”  гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар хуудас/

 

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед дэлгүүрийн хажуу талд догол хашааны хажууд Ц.Н, Б.Б, Өнөрөө, Ганбаатар бид 0,75 литрийн сайхан нэртэй архи уусан юм. Биднүүс архи уугаад байж байсан чинь Ц.Н тал хуванцар савтай кола, 1 атар талх барьчихсан бид нар дээр ирсэн юм. Ц.Ныг хамтран амьдрагч Б.Б нь энэ надаас өдөр зугтаагаад явсан гэж хэлээд Ц.Нын зүүн нүдний дээд хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд би тэр хоёрыг салгаад би шууд гэрлүүгээ салсан. Ийм зүйл болсон. Б.Б, Ц.Н, Ганбаатар, Өнөрөө нар үлдсэн. Б.Б Ц.Ныг дахиж зодсон эсэхийг мэдэхгүй байна”  гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дугаар хуудас/

 

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Б архи уухаараа Ц.Ныг байнга зоддог. Би Ц.Нын гэрт 1 жил орчим цуг амьдарсан энэ хугацаанд Б.Б Ц.Ныг зодоод зүүн хацарыг хазаж байсан. Ц.Нын зүүн гаран дээр хөх няц болтол нь зодож байсан. Би Ц.Нд Б.Бас салаач гэж хэлэхээр өөрөө салдаггүй байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 21 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “ 2018 оны 02 дугаар сарын эхээр Ц.Н гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Ц.Нтай бараг нэг жил гаран хамт амьдарч байгаа. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 09 цагаас эхлээд гэрийнхээ ойролцоо байдаг гэдэг нэртэй дэлгүүрээс сайхан нэртэй 0,75 литрийн архи авч хамт уудаг Гамбууш, аа, Ц.Н нарын хамт уусан. Ц.Н Өнөрөө гэдэг залуутай 16 цагийн үед санагдаж байна уулзаад яваад өгсөн. Ц.Н буцаж 18 цагийн үед эргэж ирэхдээ нэлээн халамцуу ирсэн. Би Ц.Нд хандаж чи хаачаад ирж байгаа юм намайг орхиж явлаа гэж маргалдсан. Босоод явах гэхэд явуулахгүй зууралдаад холдохоор араас чулуу шидсэн. Би эргэж очоод тайвшир гэхэд уурлаад над руу дайраад байсан. Гэнэт миний уур хүрээд баруун гараараа духны орчим нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Би ээжийндээ очоод унтаж байхад цагдаа орж ирээд чам дээр дуудлага ирсэн гээд намайг аваад дүүргийн цагдаа дээр авч ирж эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/298 дугаар:

            “1. Ц.Нын биед тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун мөр, цээж, нуруу, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 32 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 28-30 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ******* дугаар хуудас/,

 

            Б.*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

            Нийслэлийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 43 дугаар хуудас/

 

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

      Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан тайлбартаа

Улсын яллагч  “Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* дэлгүүрийн орчим хамтран амьдрагч Ц.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Нын мэдүүлэг, гэрч Г.а, Б. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “би өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* дэлгүүрийн орчим хамтран амьдрагч Ц.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Би явлаа гэж хэлээд явтал араас чулуу шидэж надтай зууралдаж, элдэв бусаар хэлж уурлаад эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж харж гараараа нүүр рүү нь цохисон. Тэгээд Ц.Н доошоо суучихаар нь би яваад өгсөн...” гэх,  

хохирогч Ц.Нын “...Бид нар тухайн архийг гудамжинд уусан. Юм яриад сууж байх үед Б.Б намайг хардаад байхаар нь уурлаад бид хоёр маргалдаж муудалцсан. Б.Б миний толгойруу гараараа цохисон. Тэр үед би ухаан алдан болсон зүйлийг санахгүй байна. Нэг ухаан ороход эмнэлэг дээр сэрсэн. Миний баруун нүд хөхөрч хавдсан. Энд тэндгүй хөх няц болчихсон байсан. Би эмнэлэгт тариа хийлгүүлээд гэр лүүгээ явсан...” гэх,

            Гэрч М.ын “...Ц.Ныг хамтран амьдрагч Б.Б нь энэ надаас өдөр зугтаагаад явсан гэж хэлээд Ц.Нын зүүн нүдний дээд хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд би тэр хоёрыг салгаад би шууд гэрлүүгээ салсан...” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.ын “...Б.Б архи уухаараа Ц.Ныг байнга зоддог. Би Ц.Нын гэрт 1 жил орчим цуг амьдарсан энэ хугацаанд Б.Б Ц.Ныг зодоод зүүн хацарыг хазаж байсан. Ц.Нын зүүн гаран дээр хөх няц болтол нь зодож байсан...”, гэх мэдүүлэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №08 шэ/298 дугаар: “...Ц.Нын биед тархи доргилт, баруун дээд доод зовхи, баруун мөр, цээж, нуруу, баруун бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв. гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ц.Н “Би гомдол, саналгүй” гэсэн байх тул Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх саналтай байна.” гэх,

Хохирогчоос “240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...надад хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Иймд Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч ******* овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЧИНЗОРИГ