Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Ат холбогдох эрүүгийн 1907004630021 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Өлгий 7 дугаар гудамж, 04 тоотод оршин суух, ******* овогт А.А /РД:/

урьд Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар гэм буруутай тооцож, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон.

Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3,  мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өршөөлийн  хуулиар 3 жил 2 хоногыг суллагдсан,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.А нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Нийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өмнө нь уусан байсан. Маргааш нь ажилтай болохоор халуун усанд орчоод дэлгүүр рүү явсан. Тэгсэн ******* нь баарнаас гарч ирээд хашгираад орилоод байсан. Би хөөе чи яагаад орилоод байгаа юм гэхэд надруу чиглээд ирсэн. Тэгээд намайг цохих гэж байна гэж бодоод би түрүүлээд цохьчихсон юм” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос *******ад найзынхаа хуриманд уригдаад ирчихсэн байсан тэгээд бага зэргийн архи уусан байсан гэхдээ тэгэж их ухаанаа алдтал согтоогүй байсан. Орой 19 цагийн үед байх хурим нь тарах болсон байсан ба би хурим болсон рестораны үүдэнд явах гээд гараад ирсэн чинь надтай хамт явсан хоёр найз үүдэнд бөөлжөөд сууж байхаар нь би бөөлжиж байгаа найз дээрээ яваад очтол цаанаас дэлгүүрийн гаднаас миний зүс таних А.А гэх залуу хүрч ирээд үгийн зөрүүгүй намайг шууд нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд амаа үзтэл миний хоёр шүд мултарч унасан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            Гэрч Т.Сы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүрэгт манай нэг найзын хурим болно гээд хуриманд нь би болон манай эхнэр *******, түүний төрсөн дүү ******* нарын хамт хуриманд нь Улаанбаатар хотоос уригдаж ирсэн юм. Тухайн хурим нь 14 цагт эхлээд орой 17 цагийн үед тарсан байх тэгээд би гадаа гараад байж байтал манай хадам дүүгийн найз /нэрийг нь мэдэхгүй байна/ бөөлжөөд байж байтал манай хадам дүү ******* цаанаас А.А ах юу байна гээд хүрээд иртэл А.А ямар ч үгийн зөрүүгүй *******ыг цохиод авсан чинь газар унасан тэгсэн ******* миний шүдийг унагачихлаа шүү дээ гэсэн чинь А.А чи муу гөлөг юу юм босоод дахиад үзэх үү гээд байсан тэгээд би А.Аыг цааш нь авч явсан. Тухайн үед А.А согтуу байсан болохоор согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод түүний дүүтэй уулзаад танай ах чинь манай дүүгийн хоёр шүдийг нь цохиод унагаасан байна гээд хэлсэн чинь “За тэгвэл хохирлыг чинь барагдуулаад өгчихье гээд байсан” тэгээд дүүтэй нь уулзаад байж байх хооронд А.А зугтаад алга болсон...” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед байсан байх ******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах халуун усанд орчихоод тэндээсээ такси бариад *******  трейдийн тийшээ явсан. Тэгээд тэндээ таксинаас буучихаад зогсож байтал ******* трейдын бааранд хүлээн авалт болж байсан юм шиг байсан. Тэгсэн тэр баарны үүдэнд нэг согтуу залуу орилоод байхаар нь “Чи яагаад орилоод байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө согтуу залуу миний өөдөөс хүрээд ирэхээр нь би нүүрэн тус газар нь цохиод авсан чинь нөгөө залуу газар унасан тэгснээ шүд уначихлаа гээд босоод ирсэн. Тэгээд би эргээд яваад өгсөн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Гэрч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүрэгт манай нэг танил хүний хурим болно гэхээр нь би болон манай нөхөр *******, манай дүү болох ******* бид нар хуриманд нь очиж оролцохоор очсон. Тэгээд хурим нэлээн орой буюу 19 цагийн үед тарсан. Манай нөхөр *******, ******* нар надаас түрүүлээд гараад явсан байсан би удалгүй араас нь гараад очтол манай нөхөр Т.С “А.А дүүг чинь цохьчихлоо гээд байсан. Тэгээд бид нар эмнэлэг орчихоод цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 17 дугаар хуудас /

 

******* эрүүл мэндийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

/хх-ийн 19-20 дугаар тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/585 дугаар:

            “1. А.Нийн биед баруун дээд 1,2-р шүдний булгарал, зүүн дээр 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 21 дүгээр тал/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 34 дүгээр тал/,

 

            Багахангай, ******* дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол,

            /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

            А.Аын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

            ******* дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,

            /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч А.А нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. А.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. А.А нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс Миний буруу. Надад өөр хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ат холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.А нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчим  архи ууж согтуурсан үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо “******* трейд”-ийн гадаа иргэн А.Нийг шалтгаангүй нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь баруун дээд 1,2-р шүдний булгарал, зүүн дээр 1-р шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгсэн А.Н нь баарнаас гарч ирээд хашгираад орилоод байсан. Би хөөе чи яагаад орилоод байгаа юм гэхэд надруу чиглээд ирсэн. Тэгээд намайг цохих гэж байна гэж бодоод би түрүүлээд цохьчихсон юм...” гэх,    

Хохирогч А.Нийн “...надтай хамт явсан хоёр найз үүдэнд бөөлжөөд сууж байхаар нь би бөөлжиж байгаа найз дээрээ яваад очтол цаанаас дэлгүүрийн гаднаас миний зүс таних А.А гэх залуу хүрч ирээд үгийн зөрүүгүй намайг шууд нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд амаа үзтэл миний хоёр шүд мултарч унасан байсан...” гэх,

Гэрч Т.Сы “...манай хадам дүү ******* цаанаас А.А ах юу байна гээд хүрээд иртэл А.А ямар ч үгийн зөрүүгүй *******ыг цохиод авсан чинь газар унасан тэгсэн ******* миний шүдийг унагачихлаа шүү дээ гэсэн чинь А.А чи муу гөлөг юу юм босоод дахиад үзэх үү гээд байсан тэгээд би А.Аыг цааш нь авч явсан...” гэх,

Гэрч А.*******ийн “...би болон манай нөхөр *******, манай дүү болох ******* бид нар хуриманд нь очиж оролцохоор очсон. Тэгээд хурим нэлээн орой буюу 19 цагийн үед тарсан. Манай нөхөр *******, ******* нар надаас түрүүлээд гараад явсан байсан би удалгүй араас нь гараад очтол манай нөхөр Т.С “А.А дүүг чинь цохьчихлоо гээд байсан...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/585 дугаар: “А.Нийн биед баруун дээд 1,2-р шүдний булгарал, зүүн дээр 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Нийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ