Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 47

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Сд холбогдох эрүүгийн 1907004020033 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ............................... ажилтай, ам бүл 1, .................................... тоотод оршин суудаг, ******* овогт Э.С /РД:/  

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж мөн хугацаагаар тэнссэн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ............................................... тоотод Н.Өий зүүн шанаа, чамархайн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Я.*******, Н.Ө бид 3 Налайхад ирсэн. Тэгээд Н.Өтэй маргаад архи уухгүй гэсэн чинь уучих гэж маргалдаад тэгээд шилэн аягаар цохьчихсон” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Н.Өий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр Я.*******, түүний найз гэх Э.С нар Улаанбаатар хотоос ирээд гэртээ архи уусан юм. 14 цагийн орчимд Э.С надад “танай эхнэр чинь сайхан хүүхэн байна лээ. Би түүнтэй унтсан” гэхээр нь би “чи ингэж ярьж болохгүй” гэхэд шууд миний зүүн талын чихний ард барьж байсан аягаараа цохиж миний чихний ард хуйх зүсэгдэн цус гоожсон. Тэгээд түргэн дуудаж хамт эмнэлэг рүү түргэний машинтай явж байгаад Э.С буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн  8-9 дүгээр хуудас/

                                                                                               

Гэрч Я.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Завхан аймгаас Улаанбаатар хот руу ирсэн юм. Намайг Улаанбаатар хот руу ирж байх замд миний гар утас руу миний найз Э.С залгаад “Хаана байна, Улаанбаатар хотод ирэхээр чинь найз нь тосоод авъя” гэж хэлсэн юм. Тэгээд намайг Улаанбаатар хотод 14 цагийн үед автобуснаас буухад Э.С намайг тосож авсан юм. Тэгээд би Э.Сийн хамтаар Улаанбаатар хотод 13 дугаар хороололд байдаг “Сан” нэртэй зочид буудалд хоносон. Тэгээд маргааш өглөө нь Э.С бид хоёрыг хамт буудалд байхад манай нөхөр Н.Ө хүрч ирээд бид нар хамтдаа Налайх дүүрэг рүү гэртээ хамт ирсэн юм. Тэгээд бид нар манай гэрт ирээд Э.С, манай нөхөр Н.Ө нар 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, 1 сав пиво зэргийг хувааж уусан юм. Тэгээд архи ууж байхдаа Э.С, Н.Ө нар хоорондоо муудалцаад байсан ба намайг нэг харсан чинь Э.С гартаа барьж байсан шилэн аягаар манай нөхрийн толгой, чихний хэсэг рүү 1 удаа цохьсон юм. Тэгэхээр нь би очоод харсан чинь манай нөхөр Н.Өий чихнээс цус гараад байхаар нь би эмнэлэг рүү тусламж дуудсан юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Э.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Золоо над руу яриад Завханаас ирж байна драгон дээр ирээд тосоод авчих гэхээр нь би үдээс хойш очиж тосоод бид 2 пабд сууж, ууж байгаад Золоо Н.Ө рүү залгаад байххад утсаа аваагүй, тэгээд очих газаргүй гэхээр нь бид 2 Сансарт нэг буудалд очиж хоносон. Маргааш өглөө нь Н.Ө Золоо руу залгаад хаан байна гэхэд нь хотод ирээд буудалд байна ирээд ав гэж хэлсэн.  Тэгтэл Н.Ө удалгүй ирээд бид нар Налайх руу явсан. Замдаа архи, пиво ууж Городокд гэрт нь ирж үргэлжлүүлээд уусан. Би огт уугаагүй бөгөөд явлаа гэхэд намайг явуулахгүй ууя цуг байчих би хүргээд өгье гээд байсан юм. Тэгээд надад томроод манай ах цагдаа Налайхад намайг яаж ч чадахгүй энэ тэр гээд байснаа намайг гарах гэхэд пиво өгөөд уучих эсвэл намайг цохьчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би барьж байсан аягатай пивоор толгойд нь зүүн чихний хавьд цохьтол цус гараад эхэлсэн. Би түргэн дуудъя гэхэд хэрэггүй гээд байхаар нь би өөрөө түргэн дуудаад Налайхад цуг орж ирээд за би явлаа шүү гээд хот явсан...”гэх мэдүүлэг

/хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай дүү Э.С нь дураараа, сул чөлөөтэй тэнээд явж байх дуртай хүн. Хүнээс үг сонсож чаддаггүй хүүхэд юм. Урьд өмнө нь зодооны хэрэгт орооцолдож би очиж батлан даалтанд авч байсан. Уг хүнийх нь төлөвшил гайгүй, багаасаа төлөв томоотой 2 хөгшиний хажууд хүмүүжилтэй өссөн хүүхэд. Өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу, байгаагаа хүнээс харамлахыг мэддэггүй юм. Хааяа ийм зодоон ноцооны хэрэгт холбогдчихоод байдаг юм. Холбогдсон асуудлынх нь талаар саяхан мэдсэн. Би хүнтэй муудаад намайг архиар шахаад байхаар нь би цохьчихсон гэж хэлсэн ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/489 дугаар:

            “1. Н.Өий биед зүүн шанаа, чамархайд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн шанаа, чамархайд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 27 дугаар тал/

 

            Э.Сийн иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 40-41 дүгээр тал/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 57 дугаар тал/,

 

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол,

            /хх-ийн 60-62 дугаар тал/,

 

            Э.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 67 дугаар тал/,

 

            Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  тодорхойлолт,

            /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч Э.Сийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмлэл гаргаагүй. Н.*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Э.С нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс Би өөрийн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Өөр хэлэх тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Сд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны 74 дүгээр байрны 09 тоотод Н.Өий зүүн шанаа, чамархайн тус газарт нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

шүүгдэгч Э.Сийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Я.*******, Н.Ө бид 3 Налайхад ирсэн. Тэгээд Н.Өтэй маргаад архи уухгүй гэсэн чинь уучих гэж маргалдаад тэгээд шилэн аягаар цохьчихсон...” гэх,    

Хохирогч Н.Өий “...Э.С надад “танай эхнэр чинь сайхан хүүхэн байна лээ. Би түүнтэй унтсан” гэхээр нь би “чи ингэж ярьж болохгүй” гэхэд шууд миний зүүн талын чихний ард барьж байсан аягаараа цохиж миний чихний ард хуйх зүсэгдэн цус гоожсон...” гэх,

Гэрч Я.*******гийн “...Тэгээд бид нар манай гэрт ирээд Э.С, манай нөхөр Н.Ө нар 1 шил 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, 1 сав пиво зэргийг хувааж уусан юм. Тэгээд архи ууж байхдаа Э.С, Н.Ө нар хоорондоо муудалцаад байсан ба намайг нэг харсан чинь Э.С гартаа барьж байсан шилэн аягаар манай нөхрийн толгой, чихний хэсэг рүү 1 удаа цохьсон юм. Тэгэхээр нь би очоод харсан чинь манай нөхөр Н.Өий чихнээс цус гараад байхаар нь би эмнэлэг рүү тусламж дуудсан юм...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/489 дугаар: “Н.Өий биед зүүн шанаа, чамархайд шарх, хүзүүнд цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх цус хуралт, зүүн чихний дэлбээ, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн шанаа, чамархайд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Өий бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдолтой байна...” гэх боловч хэрэгт хохиролын талаар баримт авагдаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Э.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Э.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ