| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/09455/И |
| Дугаар | 178 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 75 дугаар байр 31 тоотод оршин суух, Мядарын Мягмаржавын /ШБ66070570/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол, 903-78 тоотод оршин суух, Оросоогийн Отгонтуяад /ЧО86052761/ холбогдох,
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод орших зуслангийн газраас О.Отгонтуяаг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний эзэмшлийн 3056/13509, 8864632821414 дугаар бүхий 700 м.кв зуслангийн газарт О.Отгонтуяа нь миний зөвшөөрөлгүй, дур мэдэн хашаа байшинг барьсан тул миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Отгонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: М.Мягмаржав гэгч нь нэхэмжпэлдээ өөрийнхөө зөвшөөрөлгүй дур мэдэн хашаа байшин барьсан гэжээ. Гэтэл бид 2006 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шарга морт дахь 700 м.кв зуслангийн газарт хашаа барьж өөрийн эзэмшилдээ авсан. Ингээд үүнээс хойш уг хашаандаа өвлийн байшин барьж одоог хүртэл өндөр настай миний эцэг эх амьдарч байгаа юм. Биднийг 2006 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгааг хажуу айлын хүмүүс болон хорооны засаг дарга мэдэж байгаа нотлоно. М.Мягмаржав гэгч нь нэхэмжлэлд бичсэн шиг газар гэдгийг мэдээгүй зөвхөн шүүхээс нэхэмжпэл өгсөн гэхэд л М.Мягмаржав гэж хүний нэрийг сонслоо. Бид одоо Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд өөрийн газраа өмчилж авахаар баримтаа өгчихсөн байгаа, биднийг хүлээж бай гэсэн учраас бид хүлээж байгаа. Иймд М.Мягмаржавын газар дээр дур мэдэн хашаа байшин бариагүй харин өөрийнхөө газар дээр хашаа байшингаа барьчихсан амьдарч байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мягмаржав, хариуцагч О.Отгонтуяад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод орших зуслангийн газраас О.Отгонтуяаг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Мягмаржав, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод орших 700 м.кв талбай бүхий зуслангийн газрыг 2009 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр иргэн С.Сүхбаатараас хэлцэл хийх замаар шилжүүлэн авсан, тус маргаан бүхий газрыг 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэрээр нэхэмжлэгчид 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т зааснаар нэхэмжлэгч М.Мягмаржав маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий газрыг 2006 оноос эхлэн эзэмшин хашаа барьж, өвлийн байшин барьсан, тус газрыг өмчлөн авахаар эрх бүхий этгээдэд хандсан талаар дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаар үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагч маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болохоо нотлох баримтаар нотлоогүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу хариуцагч О.Отгонтуяаг хууль бус эзэмшигч гэж үзэхээр байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр шүүх хуралдааны товд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Хариуцагч эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иймд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод орших нэгж талбарын 18645328214141 дугаартай, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газраас хариуцагч О.Отгонтуяаг эд хөрөнгийн хамт албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мягмаржавын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод орших нэгж талбарын 18645328214141 дугаартай, 700 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газраас хариуцагч О.Отгонтуяаг эд хөрөнгийн хамт албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Отгонтуяагаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мягмаржавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ