Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 48

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч М.Батхишиг,

Хохирогч Ч.Б,

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Р.Бд холбогдох эрүүгийн 2007000350025 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ......................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Р.Б /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Р.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө архи ууж согтуурсан үедээ .................................... тоотод эхнэр Ч.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хот руу явж хадам ахынд хорхог хийж идэж мөн хөзөр тоглосон. Тэгээд хадам ах нартай 3 шил архи хувааж уусан. Орой нь буцаад Налайх явж байх замдаа би хотод үлдэнэ гээд манай эхнэр намайг үлдээхгүй гэж хоорондоо маргалдсан. Налайхад ирээд машинаас буухдаа эхнэрээ гараараа цохьчихсон...Эхнэр бид хоёр ханилаад 19 жил болж байна. Би 6 жилийн өмнөөс сахарын өвчтэй гэдгээ мэдсэн...бага үедээ 12, ихдээ 30 гардаг.” гэв.

 

    Хохирогч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай ээжийн хамаатан садан нийлж хорхог хийж идэж нэг өдрийг тоглож, наадаж өнгөрөөсөн. Манай нөхөр манай ах нартай нийлж архи уусан байсан. Би нөхрийгөө архи уусан гэж мэдээгүй. Буцаад Налайх явж байх замдаа хотод үлдэнэ гэж үглээд байсан. Тэгээд гэрийн гадаа ирээд явах гээд байхаар нь би явуулахгүй гэсэн чинь намайг нэг удаа гараараа цохьчихсон. Дух яагаад шалбарсныг мэдэхгүй байна. Манай хажуу хашааны хүргэн дүү хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Манай нөхөр сахарын өвчтэй учраас архи уудаггүй болохоор архи уусан байна гэж мэдээгүй. Бид 19 жил ханилж байгаа” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай хамаатнууд нийлээд хоол унд хийж идээд зарим нь тоглоод манай нөхөр Р.Б хамаатны хүмүүстэй ганц нэг шил архи уусан юм. Тэгээд Улаанбаатар хотоос ирэх замдаа бууна гэхлээр нь би буугаад яах юм бэ гээд бид хоёр гэртээ ирэхэд чи намайг замдаа буулгасангүй гээд над руу хашгирч орилж байгаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод дараа нь үснээс зулгаагаад орон дээр дарж хэвтүүлчихээд намайг босгохгүй байсан. Тэр үед манай том охин ******* гэрээс гарч гүйгээд манай нэг хашаанд хамт амьдардаг хүргэн дүү *******т хэлээд цагдаа дуудуулсан. Тэгээд цагдаа ирээд манай нөхрийг эрүүлжүүлэхэд хийсэн. Надад гомдол санал байхгүй. Манай нөхөр өмнө нь намайг болон хүүхдүүдээ зодож, эрхшээлдээ байлгах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зүйл байхгүй. Нөхөр маань чихрийн шижин буюу сахарын өвчтэй. Тиймээс нөхөр маань бараг архи уугаад байдаггүй. Гэхдээ жилдээ нэг, хоёр удаа архи уухаараа шөнө намайг болон хүүхдүүдээ унтуулж амруулахгүй орилж хашгирч агсраад, гэрийнхээ эд зүйлийг авч эвдлэх гээд намайг “Янхан, гичий “ гэх мэтээр элдвээр харааж зүхдэг зүйл бий. Миний санахаар 2018 оны 12 дугаар сарын үед буюу нэг жилийн өмнө намайг болон хүүхдүүдээ унтуулж амруулахгүй, надаас архины мөнгө төгрөг нэхэж, гадаа гарч архи ууна гээд агсраад агсам согтуу тавьж байсан. Р.Б 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамаатны ах, эгч нартай 0.75 литрийн “Чингис” “Талын хар” нэртэй архи хоёр шилийг, 1 литрийн виски нэг шилийг хувааж ууцгаасан. Р.Б тэр өдөр нилээн согтолттой байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 7, 8 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би аав, ээж, эгчтэйгээ хамт дөрвүүлээ 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хот руу ээжийн талын хамаатнуудтай уулзаж төрсөн өдөр тэмдэглэх гээд хамт явцгаасан юм. Тэгээд бид нар манай ээжийн ээж буюу эмээ Уранчимэгийн төрсөн дүү болох Батбаяр ахынд очоод аав хамаатны ах нартай хамт 0.75 литрийн, 0.5 литрийн 2 шил архи, 1 шил виски хувааж уусан. Тэгээд аав, ээж эгч бид дөрөв 23 цагийн үед Улаанбаатар хотоос гараад манай хамаатны ах ******* ахын машин дотор сууж явах үед аав гэнэт “Би машинаас буумаар байна, машинаа зогсоо” гээд муухай орилоод хашгираад байсан. Тэр үед ээж, аавыг “Чамайг машинаас буулгахгүй” гээд хэлсэн. Тэгээд явсаар байгаад гэртээ ирэх үед 00 цаг өнгөрөөд 01 цаг болж байсан. Аав Улаанбаатар хотоос ирэхдээ нэлээн согтуу байсан. Гэрт ороод л ус уух үедээ аяга унагааж хагалчихаад ээжтэй маргалдаад том өрөөний орон дээр хэвтсэн. Тэр үед ******* эгч бид хоёр айгаад гэрээс гараад манай хажуу талын хамар хашаанд байдаг хүргэн ах *******ын гэрт орсон. Тэгээд ******* ахыг  “Манай аав гэртээ агсам тавиад ээжтэй маргалдаад байна, та ороод салгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд ******* ах манай гэрт орсон. Тэгээд 30-40 минутын дараа цагдаа нар машинтайгаа ирэх үед эгч бид хоёр гэртээ орсон чинь ээжийн зүүн нүд нь хавдаад улайсан, уйлчихсан байдалтай байсан. Тэгээд цагдаа нар аавыг аваад явсан. Манай аав ээж болон эгч бид гурвыг зодож хүчирхийлэл үйлддэг зүйл байхгүй. Аав 4 жилийн өмнө чихрийн шижин сахарын өвчтэй болсон учраас архи уухаа больсон. Өмнө нь жилдээ 2-3 удаа архи уудаг байсан. Архи уухаараа бид нарыг айлгаж агсам согтуу тавьдаг гэрийнхээ эд зүйлийг эвдэлдэг зүйл байгаагүй. Аав ээж хоёр хоёулаа эгч бид хоёрт анхаарал халамж тавьдаг. Хоёулаа цалингаа буухаар хувцас, хоол, хичээлийн хэрэгсэл зэрэг зүйлийг авч өгдөг бас хоёулаа ангийн багштай уулзаж эцэг эхийн хуралд суудаг” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байсан манай нагац ахын хүүхэд гэрт орж ирээд манай аав ээжийг зодоод байна та ороод салгаад өгөөч гэхлээр би гэрт орсон чинь эхнэрийгээ үсдчихсэн зодож байхаар нь би салгаад дуудлага өгсөн. Нагац ах тухайн өдөр нэлээн согтуу байсан гэхдээ ухаанаа алдтал согтуу байгаагүй. Ер нь архи уухаараа хэрүүл маргаан үүсгэдэг юм. Би салгах гэж нэлээн удаан ноцолдож байж салгасан...Би энэ айлд хүргэн болоод 12 жил болж байна. Тусдаа гараад Р.Б ахтай хамар хашаанд 9 жил амьдарч байна. Анх хүргэн болж байхад их томоотой архи дарс уугаад байдаггүй хүн байсан. Сүүлийн үед архи уух нь ихсээд хэрүүл маргаан үүсгэх болсон. Гэртээ эрүүл байхдаа ямар ч асуудал үүсгэдэггүй хүн байгаа юм. Ер нь бол амьдралаа өөрөө сайн  аваад явчихдаг хүн байгаа юм аа. Өмнө нь маргаан болж байсан харин зодож байгаагүй байх би зодож байгааг нь хараагүй.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 13, 27 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.Р.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би эхнэр Ч.Бы хамт хадам ах Батбаярын гэрт 16 цагийн орчимд очсон. Тэнд хорхог хийж идчихээд хадам ахтай нийлж архи уусан. Тэндээс хэдэн цагт гарсанаа мэдэх зүйл алга. Нэг мэдэхэд Налайхад гэртээ ирсэн. Эхнэртэйгээ маргалдаж байгаад машинаас буугаад хашааны үүдэнд нүүр лүү нь нэг удаа цохисон. Гэрт ороод би гарна гээд эхнэртэй маргалдаад байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд намайг саатуулж эрүүлжүүлсэн. Эхнэрийн зүүн нүд хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/74 дугаар:

            “1. Ч.Бы биед зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

            Р.Бын иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

            Р.Бын Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-******* дүгээр хуудас/

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 43-69 дүгээр хуудас/

 

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

            /хх-ийн 71-79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч Р.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Миний буруу” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Баянзүрх 4 дүгээр гудамж, 718 тоотод эхнэр Ч.Б ”замд буулгасангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Р.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Орой нь буцаад Налайх явж байх замдаа би хотод үлдэнэ гээд манай эхнэр намайг үлдээхгүй гэж хоорондоо маргалдсан. Налайхад ирээд машинаас буухдаа эхнэрээ гараараа цохьчихсон...” гэх,    

Хохирогч Ч.Бы “...Буцаад Налайх явж байх замдаа хотод үлдэнэ гэж үглээд байсан. Тэгээд гэрийн гадаа ирээд явах гээд байхаар нь би явуулахгүй гэсэн чинь намайг нэг удаа гараараа цохьчихсон. Дух яагаад шалбарсныг мэдэхгүй байна...” гэх,

Насанд хүрээгүй гэрч Б.*******ийн “...Тэр үед ******* эгч бид хоёр айгаад гэрээс гараад манай хажуу талын хамар хашаанд байдаг хүргэн ах *******ын гэрт орсон. Тэгээд ******* ахыг  “Манай аав гэртээ агсам тавиад ээжтэй маргалдаад байна, та ороод салгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд ******* ах манай гэрт орсон. Тэгээд 30-40 минутын дараа цагдаа нар машинтайгаа ирэх үед эгч бид хоёр гэртээ орсон чинь ээжийн зүүн нүд нь хавдаад улайсан, уйлчихсан байдалтай байсан...” гэх,

Гэрч Б.*******ын “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байсан манай нагац ахын хүүхэд гэрт орж ирээд манай аав ээжийг зодоод байна та ороод салгаад өгөөч гэхлээр би гэрт орсон чинь эхнэрийгээ үсдчихсэн зодож байхаар нь би салгаад дуудлага өгсөн...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/74 дугаар: “Ч.Бы биед зүүн дээд доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, духанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Р.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бы бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, 6 жилийн өмнө сахартай болсон байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Р.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ