Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 728

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б.Ө” ХХК, “БД” ТББ 

Хариуцагч: Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, БХ 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Б.Ө” ХХК “БХгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах, 

Нэхэмжлэгч “БД” Н******* ТББ нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах. 

Шүүх хуралдаанд: “БД” ТББ-ын тэргүүн Р.Э нэхэмжлэгч “Б.Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч “БХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б.Ө” ХХК-ийн захирал Э.З, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Манай Монсудар хэвлэлийн газар нь Боловсролын чиглэлээр ажилладаг. “Б.Ө” ХХК нь олон жилийн туршлагатай, олон сурах бичгийг өөрийн нэрээр эрхлэн гаргасан. Энэ жил Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БХгээс зарласан сурах бичиг зохиох шалгаруулалтад оролцох зорилгоор тендерийн “урилга”-тай танилцсан боловч учир битүүлэг агуулгатай, юу ч гэж ойлгож болох, зүйл заалтуудаар дүүрсэн байв. Тиймээс зохион байгуулагчдаас тодруулга хүрсэн боловч тендерийн шалгаруулалтын дараа тодруулга өгнө гэсэн хариу бидэнд ирүүллээ. Энэ тендерт оролцохын тулд дараах тодруулгыг хүргүүлсэн. Ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэх?, Ажлын ямар хөлс төлөвлөсөн? Мөн ямар захиргааны баримт бичгийг үндэслэж энэхүү шалгаруулалтыг зохион байгуулж байгааг тодруулсан боловч Бидэнд заасан 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тодруулгын хариуг ирүүлсэн ба туйлын тодорхойгүй ямар ч тоот нэр заагаагүй БХгийн тушаалаар зохион байгуулж, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны баталсан төсвийн дагуу хэмээн хариуг ирүүлсэн. 

Улмаар манай компани дахин дээрх тушаал, шийдвэрүүдтэй танилцаж оролцмоор байгаа тухайгаа илэрхийлэхэд шалгаруулалтын материал авахын 1 хоногийн өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 48 тоотод заасан хариуг ирүүлсэн ба БХгийн захирлын тушаалыг сурах бичгийн эх зохиох баг шалгаруулалтын дараа танилцуулж болно хэмээн мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл оролцогч компанийн хувьд наад захын үндэслэлтэй мэдээллээ авахыг хүссэн боловч биднийг оролцуулалгүй өрсөлдөх боломжийг бүрэн хязгаарласан. Үүнтэй холбогдуулан зайлшгүй мэдээлэл авч байж оролцох багаа бүрдүүлэх, үйл ажиллагааны зардал зэргийг тодорхойлох боломжтой байсан. 

Сурах бичиг сурагчийн гарт очихдоо 1 дүгээрт тухайн сурах бичгийн агуулгыг зохиох, 2 дугаарт эх бэлтгэх буюу ном хэлбэрт оруулах, 3 дугаарт цаасан дээр буулгах буюу хэвлэх гэсэн 3 үе шатыг дамждаг. Энэ үе шатны эхлэл буюу агуулгыг зохиох ажил хууль бус гэж үзэж байна. Тус сонгон шалгаруулалтын зардал бүгд төрийн хөрөнгөөс санхүүжиж, шалгаруулалтад орсон багш нартай төрийн хөрөнгөөр гэрээ байгуулж ажилладаг. Бид тухайн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт өгсөн боловч үндэслэлгүй хариу хэлэн татгалзсан нь бидний эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Өмнөх жилүүдэд оролцож байсан багш нар л энэ ажилд дахин оролцсон.

Сонин дээр урилга нэртэйгээр зар тавьдаг. Энэ үйл явдал нь тендерийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа мэт харагдаж байгаа боловч тийм биш юм. Тухайн сонгон шалгаруулалт Тендерийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Төрийн хөрөнгөөс санхүүжилт зардал нь гардаг байтал БХгээс хаалттайгаар зохион байгуулан шийдвэрлэж, гэрээ байгуулсан нь хууль бус байна. Мөн манай байгууллагын оролцох эрхийг хязгаарласан. Тус сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг удаа дараа илэрхийлж, тодруулгаар оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч сонгон шалгаруулалтын өмнөх өдөр бидэнд хариулт биш албан бичиг ирүүлсэн. 

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан түдгэлзүүлэх хүсэлтийг давагдашгүй хүчин зүйл буюу 120.000 сурагчдын эрх ашиг хөндөгдөж байна гэдэг үндэслэлээр удаа дараа хүчингүй болгосон байтал одоог хүртэл тус сонгон шалгаруулалтад зарлагдсан сурах бичгүүд сурагчдын гарт очоогүй байгаа бөгөөд, энэ нь тухайн сурах бичгүүд хэвлэгдээгүй эсвэл эх бэлтгэлийн ажил дуусаагүй гэдгийг харуулж байна. Хамгийн гол нь сонгон шалгаруулалт нь хууль зөрчсөн. Ямар журмаар яаж шийдвэрлээд байгаа нь тодорхойгүй байна.

БХ болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам нь оролцогч байгууллагын хувьд гаргасан тодруулга, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, мэдээлэл гаргаж өгөөгүй, биднийг оролцох эрхээр хязгаарласан үйлдэл нь сонгон шалгаруулалт зарласан дүр үзүүлсэн үйлдэл болсон ба шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан үйлдэл болсон. 

Мөн төрийн хөрөнгөөр сурах бичиг зохиогч нарыг санхүүжүүлдэг энэхүү ажилд жил бүр тогтсон багш, эрдэмтэд энд тэндэхийн сурах бичгээс хуулбарлан, орчуулж хийсээр заншсан ба энэ шалгаруулалтад өөр ямар ч сайн сурах бичиг боловсруулах чадвартай баг орох боломжгүйгээр хязгаарласан ажил боллоо. 

Сурах бичиг зохиох баг сонгон шалгаруулах болон хугацаанаас хамаараад хамгийн чухал асуудал бол сурах бичгийн чанар сөхөгдөж байгаа юм. Энэ удаа сурах бичгийн чанарыг хөндөлгүй, эх үндэс болох сурах бичгийг биш зохиож байгаа багш нарыг сонгон шалгаруулсан нь хууль бус байна. 

Иймд “БХгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах” гэжээ. 

Нэхэмжлэгч “БД” ТББ-ын тэргүүлэгч Р.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэл нь хувийн эрх ашгийн үүднээс гаргасан асуудал биш юм. Төр, захиргааны байгууллагаас гаргасан бүх шийдвэр бичиг баримт зөв зүйтэй, ард нийтийн эрх ашигт зохицож байх ёстой. Манай байгууллага 2009 оноос хойш “Боловсролын өнөөгийн тогтолцоог шинэчлэх, судалгаа хийх, үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг дэмжих” гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг н******* төрийн бус байгууллага байтал ямар ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар тодруулах нь зохимжгүй юм. Манай төрийн бус байгууллага олон нийт, сурагчдын эрх ашгийн төлөө олон сурах бичигт судалгаа анализ хийж, шүүхэд хүртэл хандаж сурах бичгийн агуулгыг дахин сайжруулах шийдвэрийг гаргуулж байсан. 

Энэ жил БХгээс зарласан сурах бичиг зохиох тендерийг шударга бус, хууль зөрчин зохион байгууллаа. Боловсролыг тэргүүлэх салбар болгох, хөдөлмөрийг үнэлэх талаар төр засгаас гаргасан тогтоол журмууд маш олон. Гэвч тэдгээр журмууд ойлгомжгүй, асуудлыг шийдвэрлэх түвшинд хүрч чаддаггүй батлагддаг. Үүний нэг бол ерөнхий боловсролын сургуулийг сурах бичиг зохиох хэвлүүлэх түгээх журам юм. 

Сурах бичгийг зохиох, эх бэлтгэх, хэвлэх, түгээх гэсэн 4 үйл ажиллагааг зохицуулсан журам байдаг. Тус журамд тодорхой зүйл байхгүй учраас яаж ч хувирган, тайлбарлаж болдог. Ямар нэгэн асуудал гарахаар тухайн байгууллагатай хийсэн гэрээгээр зохицуулагдана гэж хэлдэг. Тухайн гэрээ нь олон нийтэд ил биш бөгөөд зөвхөн тендерт ялсан компани болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хооронд байгуулагддаг гэрээ юм. Тухайн тендерт оролцож үзье гэсэн бодолтой хүмүүс олон байдаг. Гэтэл тэдэнд тус гэрээг харах боломж байдаггүй. Сурах бичгийн сонгон шалгаруулалт буюу тендерт ялсан багш нар нь тухайн тендертэй холбоотой бүх зүйлийг мэддэг учраас бусад хүмүүс тухайн тендерт оролцох боломжгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тухайн тендертэй холбоотой асуудлаар энэ үйл ажиллагаанд ямар хүмүүс оролцох, хэдэн төгрөгийн төлбөр төлдөг, хэдэн хоногийн дотор сурах бичгийн эхийг зохиодог, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцох тухай тодруулга авах гэхээр хариулдаггүй.

БХгээс сонгон шалгаруулалтын урилгыг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн сонинуудад нийтэлсэн бөгөөд оролцогч нарт зориулсан наад захын мэдээллийг тусгаагүй, жил бүр оролцдог багш нартаа тааруулан гаргасан нь илт байгаа юм. 

Иймд тус үйл ажиллагаанд оролцох хүсэлттэй этгээдүүд байвч оролцох боломжгүй байна. Хүүхдийн эрхийн асуудал учраас олон тоогоор буюу нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг харах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч жил болгон дуртай сурах бичгээ гаргаж, хүмүүсийг цалинжуулж, бизнес хийх боломж олгож байна. Өнгөрсөн жил “Бизнесийн сурах бичиг” гэж гаргасан бөгөөд энэ жил тус сурах бичгийг ашигладаг эсэхийг мэдэхгүй байна. Бид өнгөрсөн жил “Иргэний боловсрол” сурах бичгийг муу хийсэн учир тус шүүхэд хандаж байсан. Шүүх арай гэж түүнийг ойлгон засаж залруулах талаар даалгасан боловч эргэж мэдэгдсэн зүйл байхгүй тэр чигт хаячихсан. Энэ жил “Эрүүл мэндийн сурах бичиг” гэж гаргасан. Чиглэл бүрээр янз бүрийн сурах бичиг гаргаж бизнес хийх нь хариуцагч байгууллагын гол ажлын нэг болсон байна. 

 Иймд сурах бичгийн эх зохиох журмыг тодорхой болгож, сурах бичиг сонгон шалгаруулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийх шаардлагатай байна. Хамгийн сайн сурах бичиг шалгардаг байх ёстой. Гэтэл таньдаг хүмүүс, сайн гэгддэг хүмүүс сурах бичиг хийх ёсгүй. Иймд тухайн хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү. 

Урилгаас харагдах боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн хүн байхыг шаардаж байгаа боловч бидний нотлох баримт болгон хүргүүлсэн. 2017 оны “Бизнес судлал 10” номын зохиогчдын албан тушаал, мэргэжлийн зэрэг гэх мэт нөгөө шаардаад байдаг шалгуураа огт тавиагүй, хэн ямар үүрэгтэй оролцсон талаарх мэдээлэл огт дурдагдаагүй байна. Энэ нь сурах бичиг зохиох баг сонгон шалгаруулах энэ ажил үндсээрээ худалд хуурмаг, хууль бус ажил болох нь нотлогдож байгаа юм. 

Хэдий нээлттэй хэвлэл мэдээлэл, сайтад зар нь тавигддаг ч ямар хүмүүс, ямар төсөв хөрөнгөөр, ямар дүрэм журмын баримталж зохиогчийн багийг сонгож сурах бичиг бичүүлдэг нь тодорхойгүй байсаар байна. Бидний БХд тавьсан тодруулга, асуулгад ямар ч хариу ирүүлдэггүй билээ. 

Бид өмнөх жилүүдэд ч сурах бичгийн зохиогчийн баг сонгон шалгаруулалт бол цаанаасаа зохиомол ажил төдийгүй жил бүр нөгөө л хэдэн багш нар төрөл бүрийн гадаадын сурах бичгээс эхээ хуулан, эсвэл өмнөх жилүүдийн сурах бичгээ өнгө зүсийг нь өөрчлөн шинэ ном нэртэйгээр, сурах бичгийн ямар ч хөгжлийн арга зүй байхгүйгээр гаргадаг. Хичээлийн шинэ жил эхлэхэд сурах бичиг сурагчдын гарт очихгүй, сурах бичигтэй холбоотой завхрал энэ жил дахин үргэлжилж байна. 

Эцэстээ Монголын нийт сурагчдын эрх ашгийг хөндсөн энэхүү ажилд бид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа бөгөөд ШӨХТГ-аас энэхүү сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй тендерийн хуулийн дагуу дахин зарлах “Зөрчил арилгуулах тухай” шийдвэр гарсан. 

А/263 тоот тушаал нь сурах бичгийн эх зохиох багийг сонгон шалгаруулсан тухай тушаал байдаг. Манай зүгээс тухайн асуудлыг зохицуулж байгаа хууль, журам болохгүй байна гэдгийг хэлж байгаа. Нэхэмжлэгч нар байнга болохгүй байна гэж шүүхэд хандаад байдаггүй бөгөөд удаа дараа тухайн асуудлыг хэлэлцье гэж холбогдож байсан. Бидний зүгээс тухайн журмыг засч, үүнийг тус журамд оруулж өгнө үү гэж шүүхэд хандаж байсан. 2018 оны 12 дугаар сарын эхэнд тус журмыг албажуулан, тодорхой болгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, зөвлөх гэх мэтчилэн хүмүүс олуулаа биднийг хүлээн авч уулзаж байсан. Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга бид оноос өмнө шийдвэрлэнэ гэж хэлэхэд нь манай зүгээс итгэл хүлээлгэн, хэд хэдэн сурах бичигт өөрчлөлт оруулан, засвар хийснээ өгсөн боловч тухайн байгууллага ямар ч хариу өгөөгүй. 

А/263 тоот тушаалаар сурах бичгийг зохиох багш нарыг сонгон шалгаруулан томилсон гэдэг боловч хариуцагчийн хариу тайлбар дээр Монгол улсын стандарт MNS5418:2008 стандарт дээр судлаач, арга зүйч, мэргэжлийн багш, редактор, дизайнер зэрэг хүмүүс байна гэж заасан. Гэтэл тийм хүн энэ багт байхгүй. Хариуцагч нар өөрсдөө сонгон шалгаруулалтаа хуулийн дагуу явуулаагүй бөгөөд тухайн стандартаа зөрчсөн гэж үзэж байна.

Иймд “Н******* ТББ нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч БХгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БХ нь сурах бичиг зохиоход оролцох хүсэл, сонирхолтой ерөнхий боловсролын багш, их дээд сургуулийн багш, мэргэжилтэн, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтныг зохиогчийн багийн гишүүнээр ажиллах нээлттэй боломж бүрдүүлэх үүднээс урилгыг “Зууны мэдээ” сонины 2018 оны 03 дугаар сарын 21-ний №58 /5765/ дугаарт нийтлүүлсэн. 

“Б.Ө” ХХК-иас ирүүлсэн албан бичигт тодорхой хариултыг хүргүүлсэн. Тухайн ажлыг гүйцэтгэх хугацаа, ажлын хөлс зэргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулах саналыг хүргүүлсэн. БХгийн захирлын А/7 тоот тушаалыг танилцуулах боломжгүй байсан. Учир нь сурах бичиг зохиогчийн багийн гишүүдийг MNS 5418:2008 “Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангасан эсэхийг үнэлэх ажлын хэсгийн гишүүдийн нэрсийг уг тушаалаар баталсан. 

Боловсролын тухай хуулийн 16.1-т Боловсролын эрдэм шинжилгээ, аргазүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагад сургалт судалгаа, аргазүйн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ” хэмээн заасан. 

Сонин болон вебсайтад хүмүүсийг нээлттэй оролцуулах талаар зар оруулсан. Тус сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтад олон төлөөлөл оролцсон бөгөөд тооны харьцаагаар жишиж үзэхэд 30 хувьд ерөнхий боловсролын сургуулийн багш нар, 30 хувьд мэргэжлийн байгууллага, 30 хувьд их дээд сургуулийн багш нар гээд тэнцүү оролцсон гэж үзэж байна. Тус журамд заасны дагуу сонгон шалгаруулалтад зохиогчийн багууд нээлттэй оролцоно гэж заасан байсан бөгөөд бүх зүйл нээлттэй тодорхой байсан. Тухайн сонгон шалгаруулалтын зар гарсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс тодорхой албан бичиг ирүүлсэн бөгөөд үүнд манай байгууллага өөрсдийн ажлын чиг үүргийн дагуу хариултыг өгсөн. Үүний дараагаар зохиогчийн багийг БХгийн дарга эрх үүргийнхээ дагуу томилсон байсан. Нэхэмжлэгч талаас эх зохиох багийг шалгаруулах комиссын гишүүдтэй танилцах хүсэлт ирүүлэхэд нь татгалзсан хариу өгсөн. Манай байгууллага А/131 дүгээр журмын 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдад өөрсдийн саналыг хүргүүлсэн. Зохиогчийн баг нь ямар шаардлагаар шалгардаг тухай тус журмын 2 дугаар зүйлийн 2.3-дахь заалтаар Зохиогчийн баг нь бага дунд боловсролын ерөнхий сурах бичигт тавигдах шаардлагыг хангах ёстой. 

Тухайн шаардлага нь онолын хувьд шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн гишүүн, редакторын чиглэлээр мэргэшсэн гишүүн, практикийн түвшинд хэрэгжүүлдэг гишүүн гээд 3 төлөөлөлтэй байх ёстой бөгөөд тусгайлан хэдэн ч гишүүнтэй байх боломжтой гэж заасан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Сайдын баталснаар сурах бичгийн зохиогчийн баг томилогдсон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2009 оны 131 дүгээр тушаалын хавсралт “ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг  зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2-т сурах бичгийн эхийг зохиох багийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын саналыг үндэслэн яамнаас томилно, мөн тус журмын 2.3-т зохиогчийн баг нь MNS 5418:2008 “Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангасан байна гэснийг тус тус үндэслэн шаардлага хангасан зохиогчийн багийн нэрсийг БХ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд санал болгож хүргүүлсэн. Эрхзүйн баримт бичгүүдийн зүйл, заалтаас үзвэл тус хүрээлэн нь “Б.Ө” ХХК-ийн оролцох эрхийг хязгаарлаагүй, шударгаар өрсөлдөх боломжоор бусад багийн гишүүдтэй адил тэгш хангасан гэж үзэж байна”гэжээ.

Хариуцагч Боловсрол,соёл, шинжлэх ухаан спортын сайд Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БХ нь сурах бичгийн агуулга, арга зүй асуудлаар судалгаа, шинжилгээ, сургалтын ажлыг тасралтгүй эрхлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэх байнгын бүтэц бүхий байгууллага тул шинээр зохиох сурах бичгийн агуулга, арга зүйн асуудлыг хариуцдаг. Иймээс сурах бичиг зохиох багийг БХгийн саналыг үндэслэн батлахыг журмаар зохицуулсан байдаг. 

Тус хүрээлэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан “ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д “Сурах бичгийн эхийг зохиох багийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын саналыг үндэслэн яамнаас томилно” мөн зүйлийн 2.3-д “Зохиогчийн бага нь MNS 5418:2008 “Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангасан байна” гэснийг тус тус үндэслэн 2009 оноос хойш сурах бичгийн эх зохиох багийг бүрдүүлж, санал болгох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. 

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/120 тоот тушаал буюу шинээр сурах бичиг, багшийн номын жагсаалт батлах тухай тушаалаар сурах бичгийн жагсаалтыг тодорхой гаргасан. А/163 тоот тушаалаар БХгийн сонгон, шалгаруулж ирүүлсэн багийг албажуулж томилсон тушаал юм. Сонгон шалгаруулалтыг БХ дээр хийж, тухайн тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангаж ирсэн хүмүүсийг албажуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг тус 2 акттай холбогдуулан гаргасан гэж ойлгож байсан.  

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна гэж заасан байдаг. Тус заалтын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд А/120, А/263 дугаар тушаалыг гаргасан. 

Нэхэмжлэгч “БД” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2009 оны 131 тоот журамтай холбоотойгоор олон удаа маргаж,  Монгол Улсын Дээд шүүхэд хүртэл шийдэгдсэн тохиолдол байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. “Б.Ө”  ХХК нь тухайн сонгон шалгаруулалтад ороогүй учир сонгон шалгаруулах ямар комисс орсон нь хамааралгүй. Тус маргаанд 2009 оны журам ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Энэ талаар маргаагүй учир А/120 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй. 2009 оны 131 тоот тушаалаар баталсан журмын аль хэсэг нь буруу гэдгийг мөн хариуцагч байгууллагуудаас юу хүсээд байгаа нь тодорхойгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын гаргасан А/120 тоот тушаал болон А/263 тоот тушаал нь нэхэмжлэгчийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй.  

Сурах бичиг зохиох чадвар туршлага бүхий багийг яаманд санал болгохын тулд сурах бичиг зохиоход оролцохыг урьсан урилгыг БХ мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэдэг. Сурах бичгийн эх зохиох сонирхолтой хүмүүс зарлагдсан сурах бичгийн нэр төрөл бүрээр бага болж, сурах бичиг зохиоход оролцох саналаа илэрхийлсэн материалыг БХд ирүүлэхэд тус хүрээлэн MNS 5418:2008 “Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангах сурах бичиг бичих багийг сонгодог. Хэрвээ урилгад нэр заасан ямар нэг сурах бичгийг зохиох багийн санал ирээгүй тохиолдолд тухайн сурах бичигтэй ижил төрлийн сурах бичгийг зохиоход өмнө оролцож байсан хүмүүст БХгээс санал тавьж баг бүрдүүлдэг. 

БХгээс сурах бичигтэй холбоотой Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах сонгон тухай хуулийн дагуу шалгаруулалт зарлаагүй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны өмнө хүлээсэн үүргийн дагуу шинээр зохиох сурах бичиг тус бүрийг зохиох багийг бүрдүүлж санал болгосон болно. Иймд тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б.Ө” ХХК “БХгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах, 

Нэхэмжлэгч “БД” Н******* ТББ нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 дугаар тушаалаар  шинээр зохион хэвлэн нийлүүлж, ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд сургалтад ашиглах VI ангийн 3, VII ангийн 4, IX ангийн 1 /казах хэл, уран зохиол/, X ангийн 2, XI ангийн 3 нэрийн XII ангийн 8 нэрийн, тусгай хэрэгцээт боловсролын 2 нэрийн сурах бичиг, 1 нэрийн багшийн ном, IV-IX ангийн эрүүл мэндийн хичээлийн сурах бичгийн жагсаалтыг хавсралтаар баталж, хавсралтаар баталсан сурах бичиг тус бүрийг зохиох багийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2018 оны 3 дугаар сард багтаан шалгаруулж гэрээ байгуулах, сурах бичиг зохиох ажлыг мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, явцад нь хяналт тавьж ажиллахыг БХд үүрэг болгож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.  

Дээрх сайдын тушаалыг үндэслэн гарсан БХгийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/07 дугаар тушаалаар  дээр дурдсан сурах бичиг, багшийн номын эх зохиох баг шалгаруулах ажлын хэсэг, сурах бичгийн эх зохиох баг, зохиогчид тавих шалгуурыг тус тус баталж, сурах бичгийн эх зохиогчийн баг шалгаруулах ажлын дүгнэлт, багийн бүрэлдэхүүний талаарх саналыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны дотор БСШУСЯ-нд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгажээ.

БХгээс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Зууны мэдээ болон бусад сонинд “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг зохиоход оролцохыг урьж байна” гэсэн зарыг нийтлүүлсэн  байх бөгөөд уг зарын дагуу ирүүлсэн материалыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр баг шалгаруулах үйл ажиллагааг  явуулж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 66 тоот албан бичгээр  шалгаруулсан багийн нэрсийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын яаманд хүргүүлсэн ажээ. 

Улмаар БХгээс шалгаруулсан багуудаар сурах бичиг, номын эхийг зохиолгохоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/263 дугаар тушаалаар  шийдвэрлэж, багуудтай гэрээ байгуулан мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг БХ, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газарт үүрэг болгосон байна.  

Нэхэмжлэгч нараас 2018-2019 оны хичээлийн жилд сургалтад ашиглах сурах бичгийн эх зохиох сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг бүрэн нийтлээгүйгээс тус сонгон шалгаруулалтад оролцох “Б.Ө” ХХК-ийн эрхийг хязгаарласан, сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулаагүй, шаардлагагүй сурах бичгийн жагсаалт гаргасан, эх зохиох багийн шаардлага стандартад нийцээгүй, сонгон шалгаруулалтаар сурах бичгийн эх зохиох багийг биш сурах бичгийг шалгаруулах байсан бөгөөд багийг шалгаруулснаар хуулийн этгээдийн оролцох боломжийг хааж байна гэсэн үндэслэлүүдээр шүүхэд маргаж байна. 

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.7 дахь заалтад “цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах” эрхийг  боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр хуульд тусгажээ. 

Уг эрхийнхээ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд /хуучин нэрээр/ “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ыг 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 131 дүгээр тушаалаар баталсан байна . 

Уг журмын Хоёр дахь хэсэгт сурах бичгийн эх зохиох, бэлтгэх үйл ажиллагааны талаар тусгасан байх бөгөөд 2.1 Сурах бичгийн эхийг зохиогчийн баг зохионо. 2.2 Сурах бичгийн эхийг зохиох багийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага /цаашид хүрээлэн гэнэ/-ын саналыг үндэслэн яамнаас томилно. 2.3 Зохиогчийн баг нь MNS 5418:2008 “Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангасан байна. 2.4. Хүрээлэн нь зохиогчийн багийг агуулга, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана гэсэн энэ 4 заалтаар сурах бичгийн эх зохиох үйл ажиллагааг зохицуулж байгаа нь туйлын хангалтгүй боловч энэ журам одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.  

Нэхэмжлэгч “Б.Ө” ХХК нь БХгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сурах бичгийн эх зохиох багийг сонгон шалгаруулах зард сурах бичгийн эх зохиох багийн шаардлагыг дутуу тавьсан, мэдээллийг бүрэн дүүрэн тусгаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Тухайлбал, дээр дурдсан журамд Зохиогчийн баг нь MNS 5418:2008 “Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага” стандартыг хангасан байна гэж заасан байх бөгөөд БХгийн 2018 оны А/07 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан баг, зохиогчид тавих шаардлагад энэ талаар бүрэн тусгаагүй байна. 

Тодруулбал стандартын  3-ын 3.2-т заасан сурах бичгийн зохиогч гэж сурах бичгийн судлаач, арга зүйч, мэргэжлийн багш, редактор, дизайнер зэрэг төлөөллөөс бүрдсэн зохиогчийн баг байна гэж заажээ. Гэтэл сурах бичгийн зохиогчийн шаардлагыг тухайн боловсролын болон шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, тухайн боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн, сурах бичгийг сургалтын практикт ашигладаг 5-аас доошгүй гишүүнтэй байх гэсэн нь дээрх стандартад заасан зохиогчийн багийн шаардлагыг хангаагүй байна. Мөн зард тухайн ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэх талаар тусгаагүй, утга, найруулгын алдаатай зар байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч “Б.Ө” ХХК тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Харин сонгон шалгаруулалтын талаар бүрэн мэдээлэл өгөөгүй эс үйлдэл нь тусдаа захиргааны акт бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тус компаниас гаргаагүй.

Нэхэмжлэгч “БД” Н******* ТББ нь боловсролын өнөөгийн тогтолцоог шинэчлэх, судалгаа хийх, үр дүнг олон нийтэд мэдээлэх ажлыг дэмжих үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2009 онд байгуулагджээ . Уг байгууллага нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх бөгөөд хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаал нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.7 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 131 дүгээр тушаалаар баталсан  “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын хүрээнд гарсан байх тул дээрх тушаалуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

“БД” Н******* ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулаагүй, сурах бичгийг ямар тохиолдолд дахин зохиох шаардлагатай болохыг тусгасан журам байхгүйгээс шаардлагагүй сурах бичгийн жагсаалт гаргасан, эх зохиох багийн шаардлага стандартад нийцээгүй, сонгон шалгаруулалтаар сурах бичгийн эх зохиох багийг биш сурах бичгийг шалгаруулах байсан зэрэг асуудал нь “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-д тусгагдах асуудал байх тул уг үндэслэл дээрх сайдын тушаалуудыг хүчингүй болгож сонгон шалгаруулалтыг дахин явуулах хууль зүйн үндэслэл болохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

Харин шүүхийн энэхүү шийдвэр нь “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-тай холбогдуулан гарах аливаа нэхэмжлэлд саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.7 дахь заалтыг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.Ө” ХХК-ийн БХгээс 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан дунд, ахлах ангийн сурах бичиг зохиох сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах, нэхэмжлэгч “БД” Н******* ТББ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/120 болон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/263 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 3 дугаар сарын 20-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зарлахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон БХд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдЗах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Л.ӨЛЗИЙЖАРГАЛ