| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2019/1014/З |
| Дугаар | 221/МА2022/0462 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2022/0462
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,
Нэхэмжлэгч: “П” ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2019/1014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 2, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Анхан шатны шүүх "Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч “П” ХХК нь маргаан бүхий газарт суурьшил үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж газар ашиглуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон, уг хуулийн 11 дүгээр зүйлд "/Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд/ байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг тусгайлан заасан. Хуулийн уг зохицуулалтаар дархан цаазат газрын хамгаалалтын болон хязгаарлалтын аль ч бүсэд аливаа зориулалтаар "цогцолбор, барилга байгууламж" барьж байгуулах, аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохыг зөвшөөрөөгүй, уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул "Дархан цаазат газарт хууль зөрчин газар ашиглах эрх олгосон" гэх үндэслэлээр “П” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.
Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг тогтоосон байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг хуулиар тогтоосон дэглэмд нийцэхгүй, зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зорилгоор Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгож ирсэн, мөн хуулиар хүлээсэн "дархан цаазат газар нутагт хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, дархан цаазат газарт "барилга байгууламж бариулах"-аар гэрээ байгуулж, эрхийг баталгаажуулж ирснээс Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нь уг хуульд зааснаар хамгаалагдаж ирээгүй нь нийтэд илэрхий үйл баримт боловч энэ нь хүчин төгөлдөр хууль, хуулиар тогтоосон журмыг цаашид мөрдөхгүй байх учир шалтгаан, үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохыг хуулиар зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх “П” ХХК нь маргаан бүхий газарт суурьшил үүсээгүй байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-г зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж илт хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан байна.
2.2.Анхан шатны шүүх "... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т "тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн. гэж тус тус заасан тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ." гэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосныг анхан шатны шүүх газар ашиглах эрхийг цуцлах зохицуулалттай хамааруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хууль зөрчсөн захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хүчингүй болох, цуцлагдах боломжтой, хэргийн оролцогчдоос дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон нь "хууль ёсны эсэх" талаар маргаж буй энэ тохиолдолд шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр "хуульд үндэслэх" зарчимд нийцэх юм.
Тус хэрэгтэй ойролцоо төрлийн шүүхийн маргаануудыг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдөх үйл ажиллагааг нэгэнт хуульчлан тогтоосон байх тул хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар олгосныг хууль бус гэж үзнэ хэмээн хуулийг хэрэглэсэн байдаг.
2.3.Анхан шатны шүүх "... шуудангаар хүргүүлээгүй байх тул маргаан бүхий актыг мэдэгдээгүй гэж үзэхээргүй байна" гэсэн тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "mne.mn" сайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цуцлах аж ахуйн нэгжүүдийн сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан ба Тушаал хүчингүй болж байгаа талаар "Өдрийн сонин"-ны 16 дугаар нүүрт байршуулж, яаманд бүртгэлтэй хаяг руу шуудангаар дамжуулан хүргүүлэхээр "Монгол шуудан" ХК-д хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн маргаан бүхий газар нь гуравдагч этгээдийн ашиглалтад байхгүй буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өөр этгээдэд газар ашиглах, шугам байгуулах шийдвэр олгоогүй, цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулах зөвшөөрөл ч олгох бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, үндэслэлгүй дүгнэлтийг хийж агаарын шугам байгуулах зөвшөөрлийг олгосон нь үндэслэлгүй гэж хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийжээ.
Иймд анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4, 39.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-г тус тус үндэслэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, мөн зарим хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24 ний өдрийн 0220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “П” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.
2.“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар[1] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон үндэслэлээр 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтын 21-д нэхэмжлэгч “П” ХХК хамаарч байна.
3.Маргаан бүхий А/355 дугаар тушаал нь нэхэмжлэгч компанид Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон өмнөх шийдвэрээ эргэн харж, хуульд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгосон агуулгатай байна.
4.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 тушаалаар[2] “П” ХХК-аас “Гийчин” сувиллын газар буюу 1400 м.кв талбай бүхий 3 давхар объект барих зориулалттай газар ашиглах эрх олгох хүсэлтийг[3] үндэслэн Богдхан уулийн дархан цаазат газар, Хан-Уул дүүрэг, “Ч” гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрын 5 хугацаатай газар ашиглах эрхийг нэхэмжлэгч компанид олгожээ.
5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг “дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар” гэж ангилахаар заажээ.
6.Дархан цаазат газар, түүний дэглэмийн талаарх харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар бүлгээр, байгалийн цогцолборт газрын талаарх харилцааг 3 дугаар бүлгээр зохицуулжээ.
7.Өөрөөр хэлбэл, дархан цаазат газар ба байгалийн цогцолборт газар аль аль нь тусгай хамгаалалттай газар нутаг хэдий ч тухайн бүс дэх дэглэм нь ялгаатай байхаар хуулиар зохицуулсан байна.
8.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар бүлэг, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрчээ.
9.Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д дархан цаазат газарт уг хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар буюу уг хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хоригложээ.
10.Харин Тусгайн хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3-р бүлэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болохоор заажээ.
11.Дээр дурдсан хуулийн агуулгаас дүгнэхэд, байгалийн цогцолбор газарт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төслийн дагуу барьж болохоор заасан бол дархан цаазат газарт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох болон ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах талаар хуульд заажээ.
12.Тодруулбал, дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар байнгын буудаллах барилга байгууламж барих, тогтмол үйл ажиллагаа явуулах орон байр, барилга барихыг хуулиар зөвшөөрөөгүй байна.
13.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрхтэй хэдий ч энэхүү хуульд заасан бүрэн эрх нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмээр хязгаарлагдахаар байна.
14.Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1.3 дахь заалтаар Улаанбаатар хотын урд хэсэгт орших Богдхан уулыг дархан цаазтай газарт хамааруулж, дархан цаазат газрын хилийг тогтоож, "Богдхан уулын дархан цаазат газар" гэж нэрлэхээр шийдвэрлэжээ.
15.Богдхан уулын орчмын газар нь дархан цаазат газар тул эрх бүхий этгээдээс тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хил хязгаар дотор Тусгайн хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан дархан цаазат газрын онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүсийн дэглэм мөрдөгдөнө.
16.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/189 тушаалаар нэхэмжлэгч “П” ХХК-д Богдхан уулийн дархан цаазат газарт “аялал жуулчлалын” зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулахыг хуульд хориглосон заалтыг зөрчсөн гэж маргаан бүхий А/355 дугаар тушаал гаргасан хариуцагчийн үйлдлийг хуульд нийцээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй юм.
17.Хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагааны зориулалтаар газар ашиглуулахаар гаргасан шийдвэр нь хууль бус бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч “П” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/189 тушаалыг эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
18.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс нь хойш таван жилийн дотор захиргааны байгууллага хүчингүй болгож болохоор заасны дагуу нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон маргаан бүхий 2019 оны А/355 дугаар тушаал нь уг хуулийн заалтыг зөрчөөгүй.
19.Маргааны үйл баримтаас нэхэмжлэгч компани нь “Гийчин” сувиллын газар байгуулж, 3 давхар объект барих зориулалттай газар ашиглах эрх олгох хүсэлтийг гаргаж, маргаан бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн, үүнийг үндэслэн нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгогдсон гэдэг нь тогтоогдож байхад анхан шатны шүүхээс “маргаан бүхий газарт суурьшил үүсээгүй тул нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж газар ашиглуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
20.Маргаан бүхий А/355 тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй байтал анхан шатны шүүхээс “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж дүгнэн маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “П” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ