Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01244

 

“Ц ” ХХК, тус компанийн

ТУЗ-ийн дарга Н  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай        

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00106 дугаар шийдвэр,

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр магадлалтай,                                                                    “Ц ” ХХК, тус компанийн ТУЗ-ийн дарга Н  нарын нэхэмжлэлтэй,

             М д холбогдох

            Ц  ХХК-ийн Хас банкны 5001208336 тоот данснаас 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн хөлс гэж гаргасан 22,785,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийг төлөөлж захирал Ж.Дамбий, “Ц ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Ц ” ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.Силам, Ж.Дамбий, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш, М , Н , С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Манай компанийн үүсгэн байгуулах баримт бичиг улсын бүртгэлээр “Ц ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь үүсгэн байгуулагч Ж.Дамбий юм. Хууль зүйн үүднээс авч үзвэл албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.Дамбийгийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргийг компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан байдаг. “Ц ” ХХК-ийн дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийн 7.1-т компанийн эрх барих дээд байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. 7.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-т компанийн менежментийн багийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө. 7.9-т Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно. 7.10-т эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах, компанийн гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж заажээ. “Ц ” ХХК-ийн дүрмийн 7.4-т компанийн менежментийн багийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй өөрийгөө захирал гэж нэрлэсэн М  нь дур мэдэн “Ц ” ХХК-ийн данснаас өмгөөлөгчийн зардал 22,785,600 төгрөг гаргасан нь хууль бус үйлдэл юм. М  “Ц ” ХХК-ийн данснаас өмгөөлөгчийн зардлын мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлж өгч байсан байх магадлалтай. М  нь өөртэй нь холбоотой өмгөөлөгчийн зардлыг “Ц ” ХХК-иас гаргаж өгсөн нь хууль бус үйлдэл юм. Иймд М гээс өмгөөлөгчийн зардал гэж гаргасан 22,785,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.  “Ц ” ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар “Ц ” ХХК-аас өмгөөлөгч нарт төлсөн хөлс, унааны зардал гэж гаргасан 22,785,600 төгрөгийн шаардлагаас 13,220,500 төгрөгийг татгалзаж, одоо 9,565,100 төгрөгийг “Ц ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. “Ц ” ХХК нь 2010 оны 10 сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.Силам, Ж.Дамбий, Ц.Болдбаатар, Б.Цэрэндаш, М , Н , С.Энхтөр, Н.Гантулга, Э.Энхтайван нарын хувьцаа эзэмшигчтэйгээр байгуулагдаж албан ёсоор бүртгүүлж хуулийн этгээдийн эрх авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар “Ц ” ХХК-ийн захирлаар Ж.Дамбий бүртгэлтэй байгаа бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл өөрчлөгдөөгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх, албан ёсны бүртгэлд тусгагдсан төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал Ж.Дамбийгийн үйл ажиллагаа түүний гарын үсэг зурсан гэрээ, хэлцлийг хууль ёсны гэж үзнэ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь гэрээ, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргийг компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болно гэж заасан байдаг. “Ц ” ХХК-ийн дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн 7.1-д Компанийн эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна гэж, 7.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-д компани менежментийн багийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө гэж, 7.9-д компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно гэж, 7.10-д эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах компанийн гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хариуцна гэж заажээ.

“Ц ” ХХК-ийн дүрмийн 7.4-д компанийн менежментийн багийн орон тоо, цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгөх ёстой байтал томилогдсон шийдвэргүй, өөрийгөө захирал гэж нэрлэсэн М  нь дур мэдэн “Ц ” ХХК-ийн Хас банк дахь 5001208336 дугаартай данснаас 2014 оны 10 сараас 2017 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн зардалд 9,565,100 төгрөг зарцуулсан байна. Иймд М гээс хууль бусаар дур мэдэн зарцуулсан 9,565,100 төгрөгийг гаргуулж, “Ц ” ХХК-ийн Төрийн банкны 110000361463 дугаарын дансанд байршуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би энэ компанийн 5 дахь захирал бөгөөд 2014 оны 6 сараас хойш одоог хүртэл “Ц ” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Ж.Дамбий нь “Ц ” ХХК-ийн захирлаас 2012 онд чөлөөлөгдсөн. Ж.Дамбийгаас хойш “Ц ” ХХК-ийн захирлаар 4 захирал томилогдсон боловч бүгд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Би “Ц ” ХХК-ийн тамгыг захирал н.Амаржаргалаас авсан. Миний өмнө захирлаар н.Амаржаргал ажиллаж байсан. Би 2014 оны 10 сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн санхүүгийн нэгдүгээр гарын үсгийг зурж байна. Миний бие “Ц ” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор өмгөөлөгч авч нийт 8,865,100 төгрөгийг зарцуулсан.

Тус компанитай холбоотой маргаанууд шүүхэд хянагдаж байгаа. “Ц ” ХХК-ийн дүрмийг шинэчилж, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ж.Дамбий, Н  нар “Ц ” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүс. Би “Ц ” ХХК-ийн Хас банкны 5001208336 тоот данснаас нийт 8,865,100 төгрөгийг өмгөөллийн үйл ажиллагаатай холбогдуулан зарцуулсан. Харин бусад нэхэмжлээд байгаа мөнгө үндэслэлгүй байна. Гэхдээ би өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулсан мөнгийг хувьдаа зарцуулаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                              

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00106 дугаар шийдвэрээр: Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийг төлөөлж “Ц ” ХХК-ийн захирал Ж.Дамбий, “Ц ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н  нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М д холбогдох “Ц ” ХХК-ийн Хас банкны 5001208336 тоот данснаас 2015 оны 07 сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн хөлс, унааны зардал 9,565,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь анх шүүхэд гаргасан 22,785,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 13,220,500 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Дамбий, Н  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                   

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал болон өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00106 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 21 дүгээр магадлалыг эс зөвшөөрч бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан эрхийнхээ дагуу “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, "хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй.

Нэг: Магадлалын үндэслэх хэсэгт “2015 оны 07 сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 сарын 01-нийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн зардалд зарцуулсан 9,565,100 төгрөгийг М гээс гаргуулахаар нийт 20 төрлийн баримтын зарлагын гүйлгээний утгыг жагсаалтаар шүүхэд өгчээ. Дээрх өмгөөлөгчийн хөлсийг М  өөрийнхөө эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад зарцуулсан уу, эсхүл “Ц ” ХХК-ийн үйл ажиллагаа түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалахад зарцуулагдсан уу мөн хэн гэдэг өмгөөлөгчид аль шатны шүүх хуралдаанд оролцоход нь хэдэн оны, хэдэн сарын хэдэнд хэдэн төгрөгийн хөлс төлсөн зарцуулалтыг шаардлага тус бүрээр нь нэг бүрчлэн тодруулаагүй байна. Шүүх дээрх 20 төрлийн зардал тус бүрийн зориулалт нь тодорхойгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ц ” ХХК захирлаар М г томилоогүй байтал тэрээр компанийн тамга ашиглаж өөрийгөө захирал гэж нэрлэн “Ц ” ХХК-ийн данснаас хууль бусаар өмгөөлөгчийн хөлс нэрээр гаргасан 9,565,100 төгрөг нэхэмжилсэн. Хэргийн 95-97 дугаар хуудаст 2017 оны 11 сарын 21-ний өдөр хариуцагч М  нь “Ц ” ХХК-ийн өмгөөлөгч нарт олгосон ажлын хөлсний мөнгөн гүйлгээний дүн гээд нягтлан бодогч Б.Ганболдоор бодуулсан нийт 8,865,100 төгрөгийн тооцоог хэрэгт хавсаргасан байдаг ба хариуцагч М  нь өөртөө хувийнхаа ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгч авсан компанийн данснаас төлж байсан талаар маргаагүй. Ховд аймаг дахь “Хас банкнаас” Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар авсан “Ц " ХХК-ийн Хас банкны 5001208336 дансны хуулгаар тодорхой он сартай, өдөртэй хийсэн гүйлгээний утгатай баримтаар 2015 оны 07 сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 сарын 01-нийг хүртэлх хугацаанд өмгөөлөгчийн зардалд зарцуулсан 9,565,100 төгрөгийг М гээс гаргуулахаар нийт 20 төрлийн баримтын зарлагын гүйлгээний утгыг тодруулсан жагсаалтаар нотлогдон тогтоогдож байгаа. Уг зарцууулалтын тооцоог хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн Б.Ганболдоор бодуулсан тооцоо болон Хас банкны 5001208336 дансны хуулгаар тодорхой он сартай, өдөртэй хийсэн гүйлгээний утгатай баримтаар тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбар өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэжээ.

Хоёр: Магадлалд ”...Хэргийн 115 дугаар тал дахь “Ц ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2015 оны 02 сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолын тоггоох хэсгийн 3 дахь заалтаар М г “Ц ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар улираан томилсугай гэжээ. Тогтоолын заалтаас үзвэл М  нь уг компанид урьд нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж ойлгогдож байна. Гэтэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар компанийн захирлаар Ж.Дамбий гэж улсын бүртгэлтэй байна. Талуудын гаргаж өгсөн баримт эргэлзээтэй байхад...” гэжээ. Дээрх хариуцагчийн гаргаж өгсөн гэх баримтуудыг М  нь зохиосон зохиомол хэрэгт ач холбогдолгүй баримтууд юм. “Ц ” ХХК-д 73 хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгч гэж байхгүй, улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй бөгөөд П.Дашдорж, Б.Мянганбуу, О.Батмонгол гэх нэр бүхий 42 хүний өмнөөс хуралдсан гэх зэрэг баримтуудыг үнэлэх боломжгүй бөгөөд дээрхи хүмүүс хувьцаа эзэмшигч биш, компанид огтхон ч хамааралгүй таниж мэдэхгүй этгээдүүдийг М  нь хуралдуулж компанийн тамга дарсан байна. Дээрхи этгээдүүд М г захирлаар томилох боломжгүй гэдгийг Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Компанийн тухай хуулийг зөрчиж, хуулинд заасан үнэн зөв нотлох баримтуудыг зориудаар эргэлзээтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн 115 дугаар хуудаст “Ц ” ХХК-ийн дүрэм 2015 оны 02 сарын 25-ны 03 тогтоолын 1 хавсралт гэх нэрсийн жагсаалт баримтуудад 73 хүний нэр бичээд хариуцагч М  нь хууль бусаар авсан компанийн тамга дарсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь “Ц ” ХХК-ийн захирал Ж.Дамбий, ТУЗ-ийн дарга Н  нар хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч М  нь компанийг төлөөлөх эрхгүй гэх нотлох баримтуудыг шүүхэд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг гаргасан байхад давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх нь зориудаар бодит үнэний эсрэг нотлох баримтуудыг мушгиж гуйвуулж байгаа нь шүүхийн хараат бус байдал алдагдсан гэж хардаж байна. Компанийн тухай хуулийн 3.5-т “хязгаарлагдмал хариуцлагатай компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэжээ.

Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх “Ц ” ХХК-ийн дүрмийн 5.2-т Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1,008,000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 108 ширхэг энгийн хувьцаа байна. “Ц ” ХХК-ийн дүрмийн 5-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгө 5.2.1 Компанийн хувь нийлүүлэгчид бүгд ижил 112 ширхэг хувьцаа эзэмшинэ. Хариуцагч М  нь өөртөө өмгөөлөгч авахдаа “Ц ” ХХК-ийн дүрмийн 7, төлөөлөн удирдах зөвлөл эрхийн 7.1-т Компаний эрх барих дээд байгууллага төлөөлөн удирдах зөвлөл байна. 7.2-т Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх захирлыг томилох, 7.4-т компани менежментийн багийн орон тоо цалин санхүүгийн холбогдолтой дүрэм журмыг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоож өгнө. 7.9-т Компаний төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар гүйцэтгэх захирлыг сонгоно. 7.10-т “Эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх гэрээ, хэлцэл байгуулах компаний гүйцэтгэх захирал батлах түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төлөөлөн удирдах зөвлөийн дарга хариуцна...” гэжээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.12-т Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг, эхийн нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг бүртгүүлсэн байхаар зохицуулсан. “Ц ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар Ж.Дамбий бүртгэлтэй болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 1350 дугаар албан бичгээр нотлогдон тогтоогдсон.

Гурав: Магадлалын үндэслэх хэсэгт “хариуцагч талаас шүүхэд гэрчээр өмгөөлөгч Ц.Даваасүрэн, Н.Оюунчимэг, Т.Гансүх нарыг шүүх хуралдаанд оролцуулах “Ц " ХХК-аас өмгөөлөгчийн хөлсөнд хэдэн төгрөг, хэдний өдөр авсан талаар тодруулах зайлшгүй шаардлагатай гэх хүсэлт гаргасан бөгөөд Ц.Даваасүрэн, Н.Оюунчимэг нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж, Т.Гансүхийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч талын хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн биелэлтийг хангаагүй, зарим гэрчийг асуулгахаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь заалттай нийцээгүй байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 12 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нь “Ц.Даваасүрэн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэж байгаа тул өмгөөлөгч Ц.Даваасүрэнг гэрчээр асуух хүсэлтээсээ татгалзаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Ц ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 02 сарын 16-ны өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэлийг хуулбарлуулан гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байна гээд нэг хуудас хүсэлт гаргаж өгөөд Н.Оюунчимэг өмгөөлөгчийг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ мөн татгалзаж байна...” гэж шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдон тогтоогдсон. Хариуцагч тал хүсэлтээсээ татгалзсан байхад Захирамжийн биелэлтийг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “Ц ” ХХК-ийн хариуцагчаас болж 8 нэр бүхий хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашиг хохирсоор байхад хариуцагч М гийн хууль бусаар өөрийгөө захирал болгож компанийн эд хөрөнгийг дураараа захиран зарцуулах эрхийг өөгшүүлж, хэргийг удаашруулах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, нотлох баримтуудыг мушгин гуйвуулж удаашруулах, зохигчдыг чирэгдүүлэх зэргээр хохироосоор байгаад гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 21 дугаартай Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00106 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Бид Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 21 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь буруу байна” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нотолж чадахгүй байгаа нэхэмжлэлийн шаардлагыг заавал нотлуулахаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим, шүүх хөндлөнгийн байх зарчмуудыг алдагдуулсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотолж чадахгүй байгаа тохиолдолд хариуцагч өөрийн татгалзлаа нотлох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл нэхэмжлэгчийн нотолж чадахгүй байгаа нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг анхан шатны шүүхээр нотлуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь давж заалдах шатны шүүх хэтэрхий нэг талыг барьсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-т заасан “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” зарчим алдагдсан байна. Давж заалдах шатны шүүхээс “өмгөөлөгчийн хөлс гэсэн гүйлгээний утгатай 20 төрлийн зардал тус бүрийн зориулалт тодорхойгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ж.Дамбий нь улсын бүртгэлд л захирал гэж бүртгэгдсэн болохоос биш нэг ч удаа компаний тамга тэмдэг барьж гэрээ хэлцэл хийгээгүй, банкны гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурж үзээгүй хүн юм. Энэ нь банкны хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдож байгаа. Иймд энэ 20 төрлийн зардлыг Ж.Дамбий, Н  болон тэдгээрийн өмгөөлөгч зардал тус бүрээр нь нотолж чадахгүй нь ойлгомжтой юм. Мөн Ж.Дамбий нь “Ц ” ХХК-ийн Хас банкны 5001208336 тоот дансыг захирлын хувиар болон бусад байдлаар ч эзэмшиж ашиглаж байгаагүй бөгөөд энэ дансыг анхнаасаа М  нь эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар болон зохигчдын тайлбараар нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2- т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх", 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нарын хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй эс үйлдэхүйд анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан “М гийн хууль бусаар өмгөөлөгч нарт өгсөн хөлсийг гаргуулж өгнө үү” гэх байдал нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч М  нь хуулийн дагуу өөрийн нээлгэсэн данснаас “Ц ” ХХК-ийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулж, гүйлгээ хийж байсан хэргийн бодит байдал нь тодорхой байна. Нэхэмжлэгч Ж.Дамбий, Н  нар нь өөрсдөө 4 жилийн хугацаанд тээврийн хөлс М гээс гаргуулж авдаг байсан, одоо ч авсаар байгаа гэдэгтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Өөрөөр хэлбэл, М  нь хууль бусаар өмгөөлөгч нарт өгсөн хөлс гэдэг ойлголт байх юм бол нэхэмжлэгч нарт 4 жилийн хугацаанд олгосон тээврийн хөлсөнд төлсөн мөнгө ч хууль бус болж буцааж төлөх шаардлага бий болно. М  нь нягтлан бодогчоор 8,865,100 төгрөгийг зарцуулсан гэх тооцоолол гаргаж өгсөн нь хууль бусаар өмгөөлөгч нарт хөлс өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, маргахгүй байгаа гэх байдлаар нэхэмжлэгч тал шүүхэд тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэгч нар үндэслэлгүйгээр “М гийн хууль бусаар өмгөөлөгч нарт өгсөн 22,785,600 төгрөгийн хөлсийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд “9,565,100 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нэгд, 22,785,600 төгрөгөө багасгаж 9,565,100 төгрөгийг болгосон, хоёрт, түүнийг хууль бусаар гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Бусдыг гүтгэж нэхэмжлэл гаргаад түүнийг нь анхан шатны шүүх нотлох үүрэгтэй гэх байдлаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус юм.

Мөн хариуцагч М  нь өөрийн татгалзлаа нотлохоор өмгөөлөгч Н.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Б.Гансүх нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, өмгөөлөгч Н.Оюунчимэг, Ц.Даваасүрэн нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, одоо Увс аймагт шүүгч болчихсон Б.Гансүхийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Энэ захирамжид Б.Гансүх өмгөөлөгчийг асуухаас татгалзлаа гэж хариуцагч тал гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс Б.Гансүхийг шүүх гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгтэй нийцээгүй байна гэжээ. Бид өмгөөлөгч нарыг асуулгах тухай хүсэлт гаргахдаа “төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой, эсхүл, өөр орон нутагт байгаа бид өөрсдөө авах бололцоогүй” гэх мэтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэл дурдаагүй бөгөөд Ц.Даваасүрэн өмгөөлөгч өвчтөй байгаа, Н.Оюунчимэг өмгөөлөгч хуралтай байгаа тул өмгөөлөгч нарыг асуулгах хүсэлтээсээ анхан шатны шүүх хурал дээр татгалзсан юм. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс “өмгөөлөгч нарыг нэхэмжлэгч тал асуулгах хүсэл сонирхол байхгүй нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход шаардлагагүй гэж үзэж байгаа тохиолдолд” заавал асуулгах хүсэл сонирхол байхгүй байсан тул дээрх хүсэлтээсээ татгалзсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч талын гаргаагүй, хариуцагч талын гаргасан хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлуулах үндэслэл гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр. “Ц ” ХХК-ийн захирал нь хэн, нэгдүгээр гарын үсэг хэн зурдаг, хэн шүүхэд төлөөлөх эрхтэй гэдэг нь хэлбэрийн хувьд Ж.Дамбий, агуулгын хувьд М  гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх энэ талаар баримтууд эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Улсын бүртгэлд Ж.Дамбийгийн нэр байдаг боловч тэрээр нэг ч удаа гүйцэтгэх захирлын ажил хийж үзээгүй, нэгдүгээр гарын үсэг зурж үзээгүй байдаг. Гэтэл М гийн хувьд компанийг төлөөлж олон гэрээ хэлцэл байгуулж, компанийг ашигтай ажиллуулж, нэгдүгээр гарын үсэг зурж банктай харилцдаг талаараа нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Гурав. Анхан шатны шүүх Компаний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нь тодорхойгүй, анхан шатны шүүхийн баримталсан Компаний тухай хуулийг давж заалдах шатны шүүх яагаад буруу гэж үзсэн юм, Иргэний хуулийн ямар заалтыг баримтлах ёстой байсан талаараа тодорхой заагаагүй байж шийдвэрийг энэ үндэслэлээр хүчингүй болгосон нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дөрөв. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад М гийн хууль бусаар өмгөөлөгч нарт өгсөн хөлс 9,565,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Ж.Дамбий, Н  нар нь Ж.Энхжаргал өмгөөлөгчтэй нийлж аваад 4 жил гаруй, одоо 5 дахь жилдээ цагдаа, шүүх зэрэг хууль хяналтын байгууллагаар шалгуулж компаний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор хийгдэж буй үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа авч, зардал гаргасан. Гэтэл энэ мөнгийг М  нь өмгөөлөгч нарт хууль бусаар өгсөн гэдгийг хэн тогтоосон юм. Хэрэв хууль бусаар өгсөн гэдэг нь тогтоогдсон байлаа ч Ж.Дамбий, Н  нар энэ мөнгийг нэхэмжлэх эрх байхгүй юм. Манай компани Ховд аймагт ганцхан Хас банкинд 5001208336 тоот данстай бөгөөд энэ дансны зарлагын нэгдүгээр гарын үсгийг М  зурдаг. Энэ дансаар бүх жолооч нарын цалин хөлс бусад зардал зарцуулагддаг. Гэтэл энэ даснаас өмгөөлөгч нарт 4 жилийн хугацаанд өгч байсан мөнгийг М гээс гаргуулж энэ дансанд оруулах гээд байгаа юм уу эсхүл Ж.Дамбий, Н  нарт хувийн дансанд гаргуулж өгөх гээд байгаа юм уу гэдгийг би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нар нь манай компаний нэр дээр өөр банкинд давхар данс нээлгэх гээд чадаагүй.

Тав. Магадлалын тогтоох хэсэгт "... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэсэн атлаа Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.7-д заасан үндэслэл байхгүй байх тул Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Зохигчдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

“Ц ” ХХК-ийг төлөөлж захирал Ж.Дамбий, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н  нар хариуцагч М  холбогдуулан “... түүнийг захирлаар томилоогүй байтал тэрээр компанийн тамга ашиглаж өөрийгөө захирал гэж нэрлэн компанийн данснаас хууль бусаар өмгөөлөгчийн хөлс нэрээр гаргасан 22,785,600.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад 9,565,100.00 төгрөг болгож багасгасан байна.           

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж буруутган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа 2015 оны 07 сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 сарын 01 хүртэл өмгөөлөгчийн зардалд зарцуулсан 9,565,100 төгрөгийг М гээс гаргуулахаар нийт 20 төрлийн зарлагын гүйлгээний жагсаалтыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх баримтаар хариуцагч М г өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар, эсхүл “Ц ” ХХК-ийн эрх ашгийг хамгаалахад зориулж өмгөөлөгчид хөлс төлсөн болохыг тодорхойлох боломжгүй, мөн хэзээ, хэн гэдэг өмгөөлөгчид аль шатны шүүх хуралдаанд оролцоход нь хэдэн төгрөгийн хөлс төлсөн нь ойлгомжгүй, зардлын зориулалт нь тодорхойгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн зарим гэрчийг асуулгахаар анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалттай нийцээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нараас “Ц ” ХХК-ийн захирал нь хариуцагч М  биш, захирал Ж.Дамбий гэдгээ нотлохоор “Ц ” ХХК-ийн дүрэм болон Улсын бүртгэлийн хэлтсийн тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу захирлаар Жамцын Дамбий бүртгэлтэй байна гэсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1350 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлснийг хариуцагч үгүйсгэж, “Ц ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол, мөн тогтоолоор баталсан компанийн дүрэм  гэсэн баримтуудыг гаргажээ.

Хариуцагчийн гаргасан дээрх баримтуудыг маргаантай гэсэн үндэслэлээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаар талууд тайлбарласан, дээрх маргаан нь эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

“Ц ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 03 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар М г тус компанийн гүйцэтгэх захирлаар улираан томилсугай гэсэн баримт, түүнчлэн нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар компанийн захирлаар Ж.Дамбий гэж улсын бүртгэлд бүртгэлтэй гэсэн баримтууд нь эргэлзээтэй байна.   

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.,118.5., 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байхаас гадна шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч “Ц ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н өөс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,992 /нэг зуун жаран долоон мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг, хариуцагч М гээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,992 /нэг зуун жаран долоон мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН