Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 54

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Хохирогч Э.С,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Төд холбогдох эрүүгийн 1907004720052 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, хүн машин механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Т /РД: /  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Уурхайчдын 11-509 тоотод өөрийн эхнэр болох Э.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Өмнөговьд 2 сарын хугацаанд ажиллаж байгаад ирсэн. Манай ажлын рост 45 хоног гараад 7 хоног амардаг юм. Би 8 сард амарчихаад 10 сар хүртэл ажлын хугацааг сунгасан байсан. Тэгээд дарга залгаад Дархан руу ажиллахаар болсон гээд би Дархан явсан. Очоод нэг хоног ажилж байхад ажил зогслоо амарч болно гэсэн. Би буцаад хотод ирэхэд манай найз намайг тосж авсан. Тэгээд Налайх явах замдаа пиво уусан. Гэрт ирээд хувцасаа солиод хүнтэй уулзчаад ирье гэж хэлээд 21 цагийн орчимд гарсан. Гараад “Буян Налайх” бааранд 2 найзтайгаа ороод захиалгаа өгөөд бүжиглээд байж байтал эхнэр араас удалгүй ирсэн. Тэгээд гэрт ирээд чи намайг ойлгохгүй байна гэж маргалдсан. Намайг жаахан хориод байхаар би уурласан...Гараараа нүүр рүү нь хальтхан түлхэсхийгээд цохисон” гэв.

 

             Хохирогч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Дархан явах ажилтай болсон гээд өглөө нь залгаж байсан. Дарханаас буцаж ирээд гадуур явж байна гэдгийг нь мэдээгүй. Хамт явсан найзынх нь эхнэрээс нь сонссон. Тэгээд залгаад чи хаана байгаа юм? Налайхад ирсэн юм бишүү? гэхэд ирсэн ирсэн удахгүй гэртээ очлоо гэж хэлсэн. Тэгээд гэрт ирээд хувцасаа солиод шууд гараад явхаар нь би уурлаад хаачих гэж байгаа юм гэхэд гарчаад ирье гэж хэлээд шууд гараад явсан. Араас нь би 2 хүүхдээ аваад гарсан. “Буян Налайх” баарны тэнд явж байхад баарны гадаа найзынх нь машин байж байсан. Бааранд ороход манай нөхөр 2 хүүхэнтэй бүжиглэж байсан. Би уурлаад цохиод, үсдээд зууралдаад аваад гарсан... Намайг сүртэй цохисон юм байхгүй. Би уурлаад зодсон. Тэгээд намайг түлхээд ганц хоёр алгадсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө манай нөхөр болох Б.Т Дархан орохоор явсан. Тэгээд орой 20 цагийн орчимд Налайхад ирснээ хэлэхгүйгээр архи уугаад явж байгаад гэртээ орж ирээд хувцасаа сольчихоод надтай хэрүүл хийж байгаад гараад явахаар нь би хоёр хүүхдээ аваад араас нь гартал найз *******ынх нь машин Баян Налайх баарны гадаа зогсож байхаар нь яваад ортол архи уугаад хоёр хүүхэнтэй бүжиглээд зогсож байхаар нь би ардаас нь очоод түлхэтэл намайг барьж аваад баарнаас зууралдаад гарсан. Тэгээд гэртээ хариад байж байтал Б.Т над руу орилж чарлаад намайг боож унагаагаад гэрээсээ зайл гэж хөөхөөр нь би хоёр хүүхдээ авч гараад найзындаа очиж байж байгаад өглөө үүрээр ортол босч ирээд намайг зодсон гээд над руу дайраад намайг үсдээд боогоод байхаар нь би ах, эгч хоёр руу яриад цагдаагийн байгууллагад хандсан”  гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 3 дугаар тал/

 

            Гэрч Б.*******тэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би найз *******ын хамт Баян Налайх бааранд 21 цагийн үед сууж байхад найз Б.Т, ******* хоёр гаднаас орж ирсэн. Бид 4 нийлж суугаад архи пиво захиалсан. Б.Т босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Э.С бааранд орж ирээд Б.Тийг үсдэж, цохиод чирээд аваад гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Эргэж бид нар уулзаагүй. Бид нар тухайн баарнаас 23 цагийн үед гараад гэр рүүгээ харьсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 36 дугаар тал/

 

            Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Тухайн өдөр би Дархан замд ажиллаж байсан ажлаасаа буугаад Налайхад ирсэн. Эхнэр Э.Стай утсаар яриад Оргил дээр явж байна гэж хэлчихээд Налайх руу орж ирсэн. Найз ******* намайг тосч аваад манай гэр рүү очсон. Ажлын хувцасаа сольчихоод ******* найзтайгаа уулзах гэж Баян Налайх баар руу орсон. Бааранд яваад очиход *******, *******тэй хоёр байсан. Бид 4 нийлээд нэг шил архи авсан. Задлаад нэг нэг татчихаад бүжгийн талбай дээр бүжиглээд байж байхад эхнэр Э.С гаднаас ороод ирсэн. Чи муу юу хийж байгаа юм бэ гээд миний үснээс зулгаагаад нуруу руу гараараа цохихоор нь би инээгээд хүн амьтан байна шүү дээ гэж хэлээд бид хоёр баарнаас гарсан. Тэгээд машинд суугаад гэр рүүгээ явсан. Гэр рүү бид хоёр орсон. Эхнэр ямар хүүхнүүдтэйгээ бүжиглээд байгаа юм бэ гэхээр нь танихгүй ш шүү дээ гэж хэлсэн. Өөр ширээн дээр сууж байсан хүмүүс гэхэд уурлаад байсан. Хэсэг маргаж байгаад бид хоёр унтаж амарсан. Өглөө сэрээд өчигдөр найзуудын хажууд яаж байгаа юм бэ гэхэд битгий хуц чиний зөв юм уу гэж хэлсэн. Маргалдаж байхад Э.С руу ах нь залгасан чинь Э.С утсаа аваад намайг Б.Т зодоод байна гэж хэлсэн. Надтай яръя гэж байна гээд утсаа өгөхөөр нь би утсаар ахтай нь ярьсан. Би утсаар ярьж дуусаад гараад явсан. Гарч яваад найз *******ын гэрт очсон” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 33 дугаар тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/580 дугаар:

            “1. Э.Сын биед тархи доргилт, хүзүү, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт

            /хх-ийн 49 дүгээр тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн №225 дугаар:

            1.Шинжээчийн №08 шэ/580 дугаартай дүгнэлтэнд Э.Сын биед тархи доргилт...гэмтэл тогтоогдлоо гэсэн нь үндэслэлтэй байна. Тархи доргилт гэмтлийг зовиур, бодит үзлэг, багажийн шинжилгээг /толгойн КТГ/ үндэслэн оношлоно. Толгойд КТГ хийхгүйгээр бодит үзлэг, зовиурыг үндэслэн оношилж болох ба шинжээч эмч С.Төгсбуян нь Э.Сын биед учирсан тархи доргилт гэмтлийг зовиур /бөөлжинө, гуйвна/ болон бодит үзлэгээр /Үзлэгт: биеийн ерөнхий байдал дунд...нүдний алимны чичирхийлэлт илрэнэ...дагзны булчингийн хөшингө 2 хуруу...хамар хурууны сорилд алдана...Ромбергийн сорилд тэнцвэргүй/ тогтоосон байна.

            2. Э.Сын хүзүүний урд, цээжний урд хэсгээр олон тооны янз бүрийн байрлал бүхий зураасан хэлбэрийн хүрэн өнгийн, зүүн даланд 1х1см бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтэл үүсэх үед тархи доргилт гэмтэл үүсэх боломжгүй. Учир нь тархи доргилт нь толгойд хүч үйлчлэх үед болон биеийн доргилтын үед /унах/ үүсдэг.

            3. Э.Сын хүзүүний урд, цээжний урд хэсгээр олон тооны янз бүрийн байрлал бүхий зураасан хэлбэрийн хүрэн өнгийн, зүүн даланд 1х1см бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №08 шэ/580 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх шинжилгээ,

            /хх-ийн 43-44 дүгээр тал/

 

            Аюулын зэргийн үнэлгээний маягт,

            /хх-ийн 10 дугаар тал/

 

            Б.Тийн Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 11-14 дүгээр тал/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,\

            /хх-ийн 52 дугаар хуудас/

 

            Б.Тийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Уурхайчдын 11-509 тоотод өөрийн эхнэр болох Э.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.С, гэрч Б.*******тэй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/580 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Төд холбогдох эрүүгийн 1907004720052 дугаартай хэрэгт түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Төд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмлэл гаргаагүй. Э.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Б.Т нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Шүүгдэгчийн зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Төд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Уурхайчдын 11-509 тоотод өөрийн эхнэр болох Э.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...“Буян Налайх” бааранд 2 найзтайгаа ороод захиалгаа өгөөд бүжиглээд байж байтал эхнэр араас удалгүй ирсэн. Тэгээд гэрт ирээд чи намайг ойлгохгүй байна гэж маргалдсан. Намайг жаахан хориод байхаар би уурласан...Гараараа нүүр рүү нь хальтхан түлхэсхийгээд цохисон...” гэх,    

Хохирогч Э.Сын “...“Буян Налайх” баарны тэнд явж байхад баарны гадаа найзынх нь машин байж байсан. Бааранд ороход манай нөхөр 2 хүүхэнтэй бүжиглэж байсан. Би уурлаад цохиод, үсдээд зууралдаад аваад гарсан... Намайг сүртэй цохисон юм байхгүй. Би уурлаад зодсон. Тэгээд намайг түлхээд ганц хоёр алгадсан...” гэх,

Гэрч Б.*******тэйгийн “...Б.Т босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Э.С бааранд орж ирээд Б.Тийг үсдэж, цохиод чирээд аваад гарсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/580 дугаар: “Э.Сын биед тархи доргилт, хүзүү, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн №225 дугаар: “Шинжээчийн №08 шэ/580 дугаартай дүгнэлтэнд Э.Сын биед тархи доргилт...гэмтэл тогтоогдлоо гэсэн нь үндэслэлтэй байна. Тархи доргилт гэмтлийг зовиур, бодит үзлэг, багажийн шинжилгээг /толгойн КТГ/ үндэслэн оношлоно. Толгойд КТГ хийхгүйгээр бодит үзлэг, зовиурыг үндэслэн оношилж болох ба шинжээч эмч С.Төгсбуян нь Э.Сын биед учирсан тархи доргилт гэмтлийг зовиур /бөөлжинө, гуйвна/ болон бодит үзлэгээр /Үзлэгт: биеийн ерөнхий байдал дунд...нүдний алимны чичирхийлэлт илрэнэ...дагзны булчингийн хөшингө 2 хуруу...хамар хурууны сорилд алдана...Ромбергийн сорилд тэнцвэргүй/ тогтоосон байна...Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №08 шэ/580 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэх шинжилгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Харин  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтийг тусгана” гэж заасан байхад 2020 оны 3 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаартай яллах дүгнэлтэд Он, сар, өдөр буюу цаг хугацаа бичигдээгүй зэрэг зөрчил байх тул цаашид анхаарах нь зүйтэй

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ