| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0056/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
Улсын яллагч Э.Ариунболд,
Хохирогч Г.Н,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2007000530058 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ..................................... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь .............................. тоотод 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд эхнэр болох Г.*******тэй маргалдан улмаар нүүр рүү нь алгадаж, толгой руу нь гараараа цохиж, хэвлий рүү нь өшиглөж биед нь тархи доргилт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Маргааш 16 цагийн үед гэртээ ирсэн. Дүүгийндээ түр байсан юм. Миний гар утсанд фэйсбүүкийн танихгүй хүнээс мессеж ирсэн. Тэрийг эхнэр хараад намайг хардаад маргаан болсон. Би эхнэрийнхээ толгой тус газар нь 2 удаа цохисон. Уг оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө 04 цагт ажилтай нислэгтэй байсан болохоор Налайхаас өглөө эрт унаа явахгүй учир 16 цаг 30 минутын үед хот руу явсан.” гэв.
Хохирогч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай нөхрийн ажлын шинэ жил 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон. Маргааш нь 16 цагийн үед гэртээ ирэхэд нь би фэйсбүүкийг нь харж байхад мессеж ирсэн. Тэгээд маргаан болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Б.Б нь өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотод шинэ жилтэй гээд яваад ирэхгүй байхаар нь фэйсбүүк хаягаар нь орж шалгасан чинь нэг эмэгтэй хүнээс яг очиж байна хаана байгаа юм хайраа гэсэн үгтэй мэссэж ирсэн байхаар нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед жаахан уусан байдалтай орж ирэхээр нь миний уур хүрээд өмсөж байсан таавчигаараа нүүрэнд нь нэг удаа цохиж авсан чинь намайг баруун гараараа цохиж аваад тэгээд жаахан гайгүй байж байснаа намайг үсдэж аваад газарт унагааж байгаад толгой хэсэгт 3-4 удаа цохиж авсан. Миний хэвлий хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж нуруу хэсэгт өшиглөж намайг зодож байхад манайд байсан манай хадам Б.З хүргэн Ж.Н хамаатны дүү Тамираа нар байсан. Тэд нар салгаад тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм.” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 7 дугаар тал/
Гэрч Ж.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүргийн 2 дугаар хороо 7 дугаар байр, 62 тоотод хоёр өрөө байрны нэг өрөөнд нь би эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нэг өрөөнд хадам ах Б.Б эхнэр хүүхдийн хамт түр амьдарч байсан. Тухайн өдөр эхнэр хүүхдийн хамт өрөөндөө амарч байхад 15 цагийн үед санагдаж байна. Б.Б эхнэр *******тэйгээ маргалдаад байгаа чимээ сонсогдсон. Би өрөөнөөс гарч тэр хоёрын амьдарч байсан өрөөнд яваад ороход Б.Б эхнэр *******тэйгээ хэрэлдээд зууралдаад зогсож байхаар нь би боль гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Б.Б гэрээс гарч явсан. Б.Б гараад явахаар нь би өрөө рүүгээ эргэж орсон” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар тал/
Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн ах Б.Б байгууллагынхаа шинэ жил тэмдэглэнэ гээд явсан. Тэр өдөр ах гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө ахын эхнэр ******* ахын фэйсбүүк хаяг руу ороод хүнтэй бичсэн юмнуудыг нь уншаад уурлаад байсан. Өдөр 15 цагийн үед санагдаж байна ах гаднаас орж ирсэн. Ахыг орж ирэнгүүт нь бэр уурлаад хаагуур хоноод ирж байгаа юм гээд ах руу дайрсан. Тэр хоёр өрөө рүүгээ хамт яваад орсон. 20-30 минут бэр орилоод байсан. Би хүүхдүүдийг аваад гал тогооны өрөөнд орж ирээд сууж байх үед ах уурлаад эхнэр рүүгээ яасан ядаргаатай юм би унтаж амармаар байна гэж чангаар хэлэхээр нь би өрөөнд яваад орсон чинь битгий хуц гэж бэр хэлж байсан. Та хоёр боль гэж хэлсэн боловч намайг тоохгүй байсан. Бэр ******* ахыг цохиод эхэлсэн. Дүү Тамираа ахыг салгаад холдуулсан. Нөхөр Ж.Н орж ирээд ахыг салгаад аваад гарсан. Ах эргэж эд зүйлээ авах гэж орж ирсэн чинь бэр эгч ах руу дайраад чамайг ажлаас халуулна. Чи маргааш ажилдаа явга гэж бодоо юу гэхэд ах чи ер нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиод өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 28 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1530 дугаар:
“1. Г.*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”
/хх-ийн ******* дугаар тал/
Аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 9 дүгээр тал/
Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа, /хх-ийн 11 дүгээр тал/
“Лазер мед” эмнэлэгийн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн компьютер томографийн оношлогоо,
/хх-ийн 35 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 48 дугаар тал/
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт, /хх-ийн 55 дугаар тал/
Б.Бгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний биед санаатай хөнгөн хохирол санаатай урчуулсан гэм буруутайд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 нэгж тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулаж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн зүгээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч .Б.Б нь Налайх дүүргийн 2 дугаар хороо 7-62 тоотод 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед эхнэр Г.******* “фэйсбүүкнээс танихгүй хүнээс мессеж ирсэн байна” гэх шалтгаанаар хардаж маргалдан улмаар нүүр рүү нь алгадаж, толгой руу нь гараараа цохиж, хэвлий рүү нь өшиглөж биед нь тархи доргилт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Миний гар утсанд фэйсбүүкийн танихгүй хүнээс мессеж ирсэн. Тэрийг эхнэр хараад намайг хардаад маргаан болсон. Би эхнэрийнхээ толгой тус газар нь 2 удаа цохисон...” гэх,
Хохирогч Г.*******ийн “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед жаахан уусан байдалтай орж ирэхээр нь миний уур хүрээд өмсөж байсан таавчигаараа нүүрэнд нь нэг удаа цохиж авсан чинь намайг баруун гараараа цохиж аваад тэгээд жаахан гайгүй байж байснаа намайг үсдэж аваад газарт унагааж байгаад толгой хэсэгт 3-4 удаа цохиж авсан. Миний хэвлий хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөж нуруу хэсэгт өшиглөж намайг зодож байхад манайд байсан манай хадам Б.З хүргэн Ж.Н хамаатны дүү Тамираа нар байсан. Тэд нар салгаад тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм...” гэх,
Гэрч Ж.Нгийн “...Б.Б эхнэр *******тэйгээ маргалдаад байгаа чимээ сонсогдсон. Би өрөөнөөс гарч тэр хоёрын амьдарч байсан өрөөнд яваад ороход Б.Б эхнэр *******тэйгээ хэрэлдээд зууралдаад зогсож байхаар нь би боль гэж хэлээд тэр хоёрыг салгасан...” гэх,
Гэрч Б.Згийн “...Ах эргэж эд зүйлээ авах гэж орж ирсэн чинь бэр эгч ах руу дайраад чамайг ажлаас халуулна. Чи маргааш ажилдаа явга гэж бодоо юу гэхэд ах чи ер нь яагаад байгаа юм бэ гэж хэлээд гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиод өшиглөсөн...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1530 дугаар: “Г.*******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Г.Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ