| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0057/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Хохирогч Д.В,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Вгийн В.Оад холбогдох эрүүгийн 1907005060045 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, эхнэр, 4 хүүхдийн хамт, ................................ тоотод оршин суух, ******* овогт Д.Вгийн В.О /РД: /
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-д зааснаар 5 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Шүүгчийн захирамжаар 2013 оны 05 дугаар сарын 15 ны өдөр Дарьт 433 хорих ангиас 1 жил 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28 өдрийн 16 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 20 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтанд хамрагдсан,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч В.О нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* тоотод өөрийн төрсөн эцэг В.Д.Ваг орны толгой мөргүүлж, гуя руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш гэртээ ороход аав хажуу айлын хүнтэй цуг архи ууж байсан. Цуг байсан хүнийг нь би хөөж явуулаад удаагүй байхад манай авгай ажлаасаа ирсэн. Тэгээд аав над руу хүүхдүүдээ аваад зайл гээд дайраад байхаар нь би аавыг 2 өшиглөсөн. Дараа нь гараад явсан тэгээд цагдаа нар намайг аваад явсан” гэв.
Хохирогч В.Д.В нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр хүүгийнхээ уурыг хүргэсэн. Муухай үг хэлсэн, хүүхдүүдээ аваад яв гэж хэлсэн. Би хүүгээ бариад дийлэх биш дээ. Хүүгээ юу гэж муу яваасай гэж хүсэх билээ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч В.Д.Вгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай хажуу талын Хишгээ гэх айлд найз нь хоёр шил архитай ирсэн. Тэгээд тэр архийг нь хуваагаад уучихаад байж байгаад би хүү В.Оыг шоронгийн ялтан хулгайч гээд хэлчихсэн чинь В.О уурлаад надтай барьцалдаж байгаад намайг В.О орны толгой мөргүүлж унагаагаад миний зүүн гуяны хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэгээд хэрүүл маргаан болж байгаад би цагдаа дуудах гээд алхаж явахад өөдөөс цагдаа нар ирээд В.Оыг эрүүлжүүлэхэд өгч явуулсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар хуудас/
Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа буучихаад гадуур явж байгаад 15 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр В.О, хадам аав Д.В нар согтуу байсан. Аяга цай уух гээд байж байхад тэд хоорондоо муудалцаад байсан. В.О ширээн дээр байсан Сайхан нэртэй архинаас өөрөө хийж 2 татчихаад намайг уу гэхээр нь уухгүй гэхэд чи хэзээ ийм болчихсон юм гичий минь аавыгаа аваад зайлаарай гэж хэлэхээр нь унтаж амраач гэж нөхөрт хэлсэн боловч намайг тоохгүй байсан. Хадам аав муу ялтан минь гэж хэлээд В.О руу заазуур аваад дайрахаар нь би болиоч гэж хэлээд болиулах гэхэд нөхөр намайг түлхэсэн. Тэр хоёр зууралдаж ноцолдож байгаад орон дээр давхаралдаад унасан. Би гэрээс цагдаа дуудсан. Эргэж орж ирэхэд хадам аавын нүд нь хөхөрөөд хавдчихсан байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/665 дугаар:
“1. Д.Вгийн биед нүүр, зүүн гуянд цус хуралт, цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 28 дугаар хуудас/
Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн яаралтай тусламж, үйлчилгээний хуудас,
/хх-ийн 22-23 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 32 дугаар хуудас/
В.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 34 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 36 дугаар хуудас/
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 53-57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “******* овогт Д.Вгийн В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Прокуророос зүйлчилсэн гэмт хэрэг дээр маргах зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлага дээр ярихад В.О нь бага насны 4 хүүхэд, өндөр настай эцгээ харж асардаг. Одоо ноолуурын улирал учир ямаа самнаж мөнгө олох боломжтой. Тодорхой хэмжээний орлого олох боломжтой учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх,
Хохирогчоос “Миний хүүд минь торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгчээс “Надад хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Оад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч В.О нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* тоотод өөрийн төрсөн эцэг В.Д.Ваг орны толгой мөргүүлж, гуя руу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч В.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд аав над руу хүүхдүүдээ аваад зайл гээд дайраад байхаар нь би аавыг 2 өшиглөсөн...” гэх,
Хохирогч Д.Вагийн “...би хүү В.Оыг шоронгийн ялтан хулгайч гээд хэлчихсэн чинь В.О уурлаад надтай барьцалдаж байгаад намайг В.О орны толгой мөргүүлж унагаагаад миний зүүн гуяны хэсэгт хоёр удаа өшиглөсөн...” гэх,
Гэрч Э.Мын “...Хадам аав муу ялтан минь гэж хэлээд В.О руу заазуур аваад дайрахаар нь би болиоч гэж хэлээд болиулах гэхэд нөхөр намайг түлхэсэн. Тэр хоёр зууралдаж ноцолдож байгаад орон дээр давхаралдаад унасан. Би гэрээс цагдаа дуудсан. Эргэж орж ирэхэд хадам аавын нүд нь хөхөрөөд хавдчихсан байсан...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/665 дугаар: “Д.Вгийн биед нүүр, зүүн гуянд цус хуралт, цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч В.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Вагийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд В.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч В.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Вгийн В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч В.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ