| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0065/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт М.Эт холбогдох эрүүгийн 1707000000007 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4 Ээж дүү нарын хамт, ..................................................... тоотод оршин суух,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийг хорих ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугцаагаар хойшлуулсан,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-дахь хэсгэт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар М.Эоос эд хөрөнгө хураахгүйгээр 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж,
2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ******* овогт М.Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний ...................................... тоотод байрлах иргэн Д.Уийн 4 ханатай Монгол гэрийг бусдын машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед Нарантуул захаас гэртээ ирээд 4 ханатай гэр авах уу? гэж ярилцаад тэгээд өөрийнх нь хашаанаас гэрийг нь ачих гэж байгаад цагдаад баригдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Монгол гэр ............................................ тоот хашаанд бариатай байгаа бөгөөд хүн амьдардаггүй юм. Гэрээ хураах газар байхгүй болохоор тэр хашаанд бариатай хоёр жил болж байна. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр намайг хотод ажилтай явж байхад уг хашааны эзэн ******* над руу яриад манай хашаанд байгаа танай гэрийг портер машинтай хүн ачих гэж байна гэнэ шүү чи хурдан очоорой гэхээр нь би охиндоо хэлэхэд охин өвөө явж чадахгүй нь би яаж ганцаараа очих юм бэ гэхээр нь найз ******* руу яриад очоотох гэж хэлээд цагдаа руу залгаж хэлсэн. Тэгээд удалгүй ******* очиж үзээд надад эргээд хэлэхдээ хажуу талын чинь айлын залуу хотоос портер авчраад танай гэрийг ачих гэж байна гэж хэлсэн. Тэгээд шууд Улаанбаатар хотоос гараад гэртээ очсон чинь манай гэрийг буцаагаад барьсан. Нөгөө залууг цагдаа руу аваад явсан гэж манай аав хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
Гэрч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Монгол гэр үйлдвэрлээд Улаанбаатар хот Нарантуул зах дээр зарж борлуулдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Нарантуул зах дээр ажлаа хийгээд байж байхад танихгүй намхан нуруутай залуу хүрч ирэнгүүтээ ахаа дөрвөн ханатай гэр зармаар байна. Эхнэр обортонд орох гээд байна 200.000 төгрөгөөр зарах юм. Зарах гэр Налайх дүүрэгт байгаа. Та унааны зардлаа хасаад 150.000 төгрөгөөр л аваадхаач гээд гуйгаад байхаар нь би ажилтай байна өөр хүнтэй уулз гээд явуулсан. Тэгтэл өдөр хоолонд орох гээд байж байхад нөгөө залуу дахиад хүрээд ирсэн. Тэр ирэнгүүтээ эхнэр 3 цагт хагалгаанд орох гээд байна та л аваадхаач гээд надаас гуйгаад болохгүй болохоор нь би зөвшөөрөөд өөрийн ......... улсын дугаартай Киа Бонго маркын авто машиндаа нөгөө залууг суулгаад Налайх дүүрэгт 15 цагийн үед ирсэн. Тэгээд Нарлагийн гэр хороолол гэх газарт очоод нөгөө залуугийн зааснаар нэг айлын хашаанд очиход уг хашаанд хоёр Монгол гэр байсан. Тэгээд залуу баруун талын гэр рүү нь орж суугаад надад цай хийж өгөөд таваг тавьж өгсөн. Тэр хоёр гэрт хоёуланд нь хүмүүс байхгүй байсан. Тэгээд би цайг нь уух зуураа гарч бие засах гээд гарахад нөгөө зарах гэж байгаа гэр чинь энэ шдээ гээд зүүн талын гэрийг заасан. Тэгээд би нөгөө гэрт ойртоод очиход цоожтой байсан ба түлхүүр нь хаана байна гэж нөгөө залуугаас асуухад түлхүүрийг нь манай дүү аваад явсан. Ойрхон явж байгаа байх гэсэн. Тэгэхээр нь би за за хүлээгээд байж байядаа гэхэд танд таалагдаж байна уу 150.000 төгрөгөөр авах уу гэхээр нь за яахав болж байна. Дүүг чинь хүлээе дээ гээд баруун талын гэр рүү нь орж цайгаа уугаад толгойгоо норгоод гараад ирэхэд нөгөө залуу чинь зүүн талын цоожтой гэрээ буулгаад зогсож байхаар нь чи яагаад гэрээ буулгаад байгаа юм бэ дүүг чинь ирэхээр болъё гээ биздээ наад гэр чинь хулгайн гэр биш биз дээ иймээ тиймээ асуудалтай гэр биш биз дээ гэхэд хулгайн эд зүйл биш ээ итгэхгүй байвал урд талын Орхон эгчийг таньтай уулзуулъя гэхээр нь өөрийнх нь гэр мөн юм байна гэж бодоод буулгасан гэрийг нь машин дээрээ ачаад зогсож байхад нэг согтуу ах хүрч ирээд нөгөө залуугаас 6000 төгрөг нэхсэн ба тэр ах урьд нь манай талийгаач ахтай хамт мекирт явж байсан ах мөн шиг байсан.Араас нь эхнэр нь ороод ирэнгүүт нөгөө ахыг манай ахын найз гэдгийг сайн таньсан. Тэгээд ******* ах юу байна гээд ойр зуурын зүйл ярингаа энэ гэр энэ залуугийн гэр мөн үү гэхэд үхсэн нь энэний гэр байдаг юм бэ хулгайлах гэж байхгүй юу наадах чинь өчигдөр надаас 6000 төгрөг зээлээд алга болсон юм гэсэн. Тэгтэл нөгөө залуу чинь хашаа даваад зугтаах гэхээр нь би хойноос нь очиж барьж аваад чи яагаад худлаа хэлж байгаа юм бэ одоо энэ гэрээ буцаагаад барь гэж гэрийг бариулсан. Тэгээд цагдаа дуудъя гэхэд ******* ахын эхнэр түр байж бай наадах чинь ээж, дүүтэйгээ хамт амьдардаг юм. Ээж нь ядруухан хүн байгаа юм наадахаа цагдаа магдаа гээд яах вэ гэхээр нь би түр хүлээгээд гэрийг нь бариулаад байж байхад уг гэрийн эзэн гаднаас ороод ирсэн ба яадаг муу хулгайч вэ гээд гэрээ бариулж дуусгаад ээж рүү яръя гээд байж байхад хоёр цагдаа орж ирсэн. Тэр хоёр цагдаа нөгөө залууг надтай хамт аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Налайх дүүргийн Нарлагийн 15-15 тоотод байдаг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байхад манай нохой хүн рүү дайрахлаар нь гэрээсээ гараад ирсэн чинь цэргийн ангид ажилладаг ******* гэх хүний хүү болох нэрийг нь мэдэхгүй залуу манайд орж ирсэн. Орж ирэнгүүтээ ******* эгчээ надад энд таних айл байхгүй байна. Надад 6000 төгрөг зээлдүүлээч би одоо төрийн банкнаас цалингаа аваад өгье гэж манай эхнэрээс гуйсан. Тэгээд байхаар нь манай эхнэр хүнээс 6000 төгрөг зээлдүүлж нөгөө залууд өгөөд араас нь төрийн банкин дээр очоод 6000 төгрөгөө авах гээд хүлээгээд байсан чинь нөгөө залуу ирээгүй алга болсон. Тэгээд өнөөдөр 16 цагийн үед эхнэр бид хоёр гэрийнх нь урдуур гарч явах үедээ нөгөө залууг гэртээ байж магадгүй гэж бодоод хашаагаар нь шагайсан чинь нөгөө залуу чинь хашаандаа хамт амьдардаг айлын гэрийг нэг машин дээр ачаад зогсож байхаар нь би хашаа руу нь орсон чинь манай найзын дүү зогсож байсан ба найзын дүү намайг таниад бид хоёр ойр зуурын зүй ярих үед энэ ачиж байгаа гэр энэ залуугийн өөрийнх нь гэр мөн үү гэхээр нь би наад залуу чинь худлаа ярьж байгаа юм наадахны чинь гэр биш байгаа юм гэж хэлсэн.Тэгтэл жолооч залуу болилоо чи хулгайн гэр зарах гэж байгаа юм байна гээд ачиж байсан гэрээ буулгаад өөртэй нь нийлээд буцаагаад гэрээ барьсан. Тэгээд байж байтал гэрийн эзэн өвөө, эмэгтэй хоёр ирсэн. Мөн цагдаа нар ирээд нөгөө залууг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Г.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр намайг Дорнод аймагт явж байхад манай дүү над руу залгаад танай хүү хашаанд чинь байгаа айлын гэрийг буулгаад бусдад зарах гэж байна гэж хэлэнгүүт нь би гэрийн эзэнд нь хэл дуулгасан. Тэгээд байж байхад ын найз охин өөрөө над руу залгаад би хоёр ихэр хүүхэдтэй болсон гэхдээ авхуулах гэж байна 600.000 төгрөг хэрэгтэй байна. той ярих гэсэн юм гэртээ байна уу гэхээр нь би ын хийсэн үйлдлийн талаар болон цагдаад баригдсан талаар нь хэлсэн. Тэгээд утсаа тасалсан бөгөөд хэсэг хугацааны дараа над руу залгаад би 300.000 төгрөгийг нь өгөөд үлдэгдлийг нь дараа өгөхөөр болоод хүүхдээ авхуулчихлаа гээд утсаа тасалсан. Тэгснээ бүүр орой над руу залгаад би Налайх дүүрэгт ирсэн байна. Цагдаа нь хаана байдаг юм бэ гэж ярьж байсан. Би хүүгээ ямар шалтгаанаар яагаад бусдын гэрийг буулгаж зарах гэж байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/
“Дамно” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №НА-39 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 33-35 дугаар хуудас/
Налайх дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/
М.Эын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
Улсын яллагч “Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.Эт холбогдох дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч М.Э нь Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагын 11-15 тоотод байрлах иргэн Д.Уийн 4 ханатай монгол гэрийг хулгайлж бусдад зарахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч М.Эт холбогдох эрүүгийн 1707000000007 дугаартай хэрэгт түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. М.Эт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хорих оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, Шүүгдэгч 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 1 сар 8 хоног цагдан хоригдсон. М.Э нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн Шүүхээс шүүгдэгч М.Эт тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ гаргая. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг маань өөрөө сонгох санкицтай үүн дээр нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулах санкицтай. Шүүгдэгч Т.ын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ ямар нөхцөл байдалд үйлдэгдсэн бэ гэдгийг харгалзан үзнэ үү. Тухайн үед түүний хамтран амьдрагч нь жирэмсэн зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай энэ нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч 2020 оны 03 дугаар 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой. Түүний цагдан хоригдсон хоногыг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах нөхцөл гарсан байна гэж үзэж байна.Иймд шүүгдэгчид 312 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж түүнийг цагдан хоригдсон хоногт нь тооцуулан ял эдэлсэнд тооцохоор шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагын 11-15 тоотод байрлах иргэн Д.Уийн 4 ханатай Монгол гэрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч М.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тухайн үед Нарантуул захаас гэртээ ирээд 4 ханатай гэр авах уу? гэж ярилцаад тэгээд өөрийнх нь хашаанаас гэрийг нь ачих гэж байгаад цагдаад баригдсан...” гэх,
хохирогч Д.Уийн “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр намайг хотод ажилтай явж байхад уг хашааны эзэн ******* над руу яриад манай хашаанд байгаа танай гэрийг портер машинтай хүн ачих гэж байна гэнэ шүү чи хурдан очоорой гэхээр нь би охиндоо хэлэхэд охин өвөө явж чадахгүй нь би яаж ганцаараа очих юм бэ гэхээр нь найз ******* руу яриад очоотох гэж хэлээд цагдаа руу залгаж хэлсэн. Тэгээд удалгүй ******* очиж үзээд надад эргээд хэлэхдээ хажуу талын чинь айлын залуу хотоос портер авчраад танай гэрийг ачих гэж байна гэж хэлсэн. Тэгээд шууд Улаанбаатар хотоос гараад гэртээ очсон чинь манай гэрийг буцаагаад барьсан. Нөгөө залууг цагдаа руу аваад явсан гэж манай аав хэлсэн...” гэх,
Гэрч Ш.Нын “...Тэгээд ******* ах юу байна гээд ойр зуурын зүйл ярингаа энэ гэр энэ залуугийн гэр мөн үү гэхэд үхсэн нь энэний гэр байдаг юм бэ хулгайлах гэж байхгүй юу наадах чинь өчигдөр надаас 6000 төгрөг зээлээд алга болсон юм гэсэн. Тэгтэл нөгөө залуу чинь хашаа даваад зугтаах гэхээр нь би хойноос нь очиж барьж аваад чи яагаад худлаа хэлж байгаа юм бэ одоо энэ гэрээ буцаагаад барь гэж гэрийг бариулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Гийн “...Тэгээд өнөөдөр 16 цагийн үед эхнэр бид хоёр гэрийнх нь урдуур гарч явах үедээ нөгөө залууг гэртээ байж магадгүй гэж бодоод хашаагаар нь шагайсан чинь нөгөө залуу чинь хашаандаа хамт амьдардаг айлын гэрийг нэг машин дээр ачаад зогсож байхаар нь би хашаа руу нь орсон чинь манай найзын дүү зогсож байсан ба найзын дүү намайг таниад бид хоёр ойр зуурын зүй ярих үед энэ ачиж байгаа гэр энэ залуугийн өөрийнх нь гэр мөн үү гэхээр нь би наад залуу чинь худлаа ярьж байгаа юм наадахны чинь гэр биш байгаа юм гэж хэлсэн.Тэгтэл жолооч залуу болилоо чи хулгайн гэр зарах гэж байгаа юм байна гээд ачиж байсан гэрээ буулгаад өөртэй нь нийлээд буцаагаад гэрээ барьсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Чгийн “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр намайг Дорнод аймагт явж байхад манай дүү над руу залгаад танай хүү хашаанд чинь байгаа айлын гэрийг буулгаад бусдад зарах гэж байна гэж хэлэнгүүт нь би гэрийн эзэнд нь хэл дуулгасан...” гэх мэдүүлэг болон Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №НА-39 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин шүүгдэгч М.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагын 11-15 тоотод байрлах иргэн Д.Уийн 4 ханатай Монгол гэрийг хулгайлсан үйлдлийг машин механизм ашиглан хулгайлсан гэж яллах дүгнэлтэндээ дурдсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-т заасан хэсгээр яллаж /шүүх хуралдаанд/ байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас М.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Уийн эд хөрөнгөд 570.000 төгрөгийн хохирол учирсан боловч Д.У нь “хохирол, гомдол саналгүй” гэсэн байх тул М.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, нас зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд М.Эыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эыг 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Эын 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 312 цагийг хассугай.
5. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ