Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 66

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч Э.Ариунболд,

Хохирогч Т.Х,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Мд холбогдох эрүүгийн 2007000860049 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ................................ тоотод аав, ээж, дүүгийн хамт оршин суух, ******* овогт О.М /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч О.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .................................... тоот хашааны үүдэнд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Т.Хтай маргалдан улмаар хамар руу нь нэг удаа мөргөж биед нь хамрын таславчын муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай урчуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр Найзынхаа гэрт 2 пиво уучихаад найзындаа унтаж байсан. Тэгээд Т.Х орж ирээд бос гар гэж хэлээд татаж чангаагаад байсан. Би жаахан унтаж байгаад архиа гаргачихаад явъя гэж хэлсэн. Тэгээд нэг удаа мөргөсөн” гэв.

 

    Хохирогч Т.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “О.******* манай дүүтэй 2 том пиво уусан байсан. Намайг гэрт нь орж ирэхэд орон дээр унтаж байсан. Би бос, бос, яв, яв, гэртээ харьж унт гэхэд жаахан унтаж байгаад явна гэж хэлсэн. Тэгээд босоод миний хамар руу мөргөсөн” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Налайх дотроо таксин явж байгаад орой эхнэрээ ажлаас нь аваад *******.30 цагт гэртээ ирсэн. Манай дүү *******ийнх манай хашаанд цуг амьдардаг юм. Тэгээд би гэртээ орох гэтэл манай дүүгийнд хүмүүс дугараад байхаар нь гэрт нь яваад ортол манай дүүгийн орон дээр О.М гэх залуу гутал, хувцастайгаа хэвтэж байхаар нь “хөөе айлын орон дээр гутал, хувцастайгаа хэвтээд байхдаа яадаг юм бэ гэр орон гэж байдаг бол очиж амар” гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд намайг зодох гээд дайрахаар нь би гараад хашааныхаа хаалганы хажууд зогсож байтал О.М хашаанаас гараад явахаар нь би хаалгаа хаах гээд зогсож байтал О.М гэнэт цаанаас гүйж ирээд намайг заамдаж аваад хаалганы шон модонд шахаад миний хамар хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь миний хамарнаас цус  гараад эхэлсэн. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь О.М зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг,

/хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

            Гэрч З.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* цагийн үед манай нөхөр Т.Х намайг ажил дээрээс аваад бид хоёр гэртээ харьсан. Тэгээд би шууд гэртээ ороод харин нөхөр Т.Х дүүгийнх рүүгээ яваад орчихсон. Тэгээд гэртээ байж байгаад нөхрийнхөө араас *******ийн гэрт яваад ортол манай нөхөр *******ийн найз О.М гэх залуутай хэрэлдээд байж байхаар нь би нөгөө О.М гэх залууг “та нар одоо хэрэлдээд яахав гэртээ очиж амар гэж хэлсэн чинь О.М нь “намайг сая унтаж байхад танай нөхөр татаад сэрээчихлээ” гэж байсан.  Тэгээд О.М гэрээс гараад явсан. Тэгсэн манай нөхөр хашааны хаалгаа хаах гээд зогсож байтал О.М манай нөхөр дээр буцаж хүрч ирээд ерөөсөө чамайг алаад хаячихъя гэж хэлээд манай нөхрийг заамдаж аваад нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд ******* бид хоёр салгаад О.М цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 13 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/121 дугаар:

            “1. Т.Хн биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

            /хх-ийн 21-******* дугаар хуудас/

 

            Налайх Эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

            /хх-ийн 52-69 дүгээр хуудас/

 

            Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            О.Мйгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч О.******* нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10-17 тоот хашааны үүдэнд 2020 оны 02 дугаар сарын 09-ны оройны 23 цагийн орчимд Т.Хтай маргалдан улмаар хамар луу нэг удаа мөргөж биед хамрын таславчын муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Хгийн мэдүүлэг, гэрч З.Мийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн 2007000860049 дугаартай хэрэгт түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. О.*******д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийг /120/ хоногын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Т.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. О.******* нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Хохирогчоос “ Хэлэх зүйл байхгүй” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс торгуулиа 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлмөөр байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 10-17 тоот хашааны үүдэнд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Т.Хтай маргалдан улмаар хамар руу нь нэг удаа мөргөж биед нь хамрын таславчын муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаалтай урчуулсан болох нь: 

шүүгдэгч О.Мгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэр өдөр Найзынхаа гэрт 2 пиво уучихаад найзындаа унтаж байсан. Тэгээд Т.Х орж ирээд бос гар гэж хэлээд татаж чангаагаад байсан. Би жаахан унтаж байгаад архиа гаргачихаад явъя гэж хэлсэн. Тэгээд нэг удаа мөргөсөн...” гэх,    

Хохирогч Т.Хгийн “...О.******* манай дүүтэй 2 том пиво уусан байсан. Намайг гэрт нь орж ирэхэд орон дээр унтаж байсан. Би бос, бос, яв, яв, гэртээ харьж унт гэхэд жаахан унтаж байгаад явна гэж хэлсэн. Тэгээд босоод миний хамар руу мөргөсөн...” гэх,

Гэрч З.Мийн “...Тэгсэн манай нөхөр хашааны хаалгаа хаах гээд зогсож байтал О.М манай нөхөр дээр буцаж хүрч ирээд ерөөсөө чамайг алаад хаячихъя гэж хэлээд манай нөхрийг заамдаж аваад нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд ******* бид хоёр салгаад О.М цаашаа яваад өгсөн” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/121 дугаар: “Т.Хн биед хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Хн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд О.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт О.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ