Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/67

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

Улсын яллагч Э.Ариунболд,

Хохирогч М.А,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

Гэрч Б.Б, Д.А,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батдэлгэр,

Шүүгдэгч О.Г, Ч.Чн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Г, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 1907002610030 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................. тоотод оршин суух, ******* овогт О.Г /РД: / 

Монгол Улсын иргэн 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..................................... тоотод оршин суух, ******* овогт Ч.Ч /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч О.Г нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бүүвэйтийн 2 тоотын гадаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд М.Атэй маргалдан улмаар машинаас зүүн гарыг нь мушгин баруун гарнаас нь татан унагаж, дух руу нь мөргөж биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт гэмтэл зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ч.Чн нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд М.Атэй маргалдан улмаар түүний сууж явсан “...................” ХХК-ний өмчлөлийн Тоёота Ланд Круйсер-200 маркын ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн буруу талын /зүүн/ хойд крыло хэсэг рүү бетоны тагаар /чулуу/ нэг удаа цохиж хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 715.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Тэрэлжид эхнэр, 2 хүүхдийн хамт гэртээ байж байсан. Тэгээд гэрийн ард машин ирээд машины хаалга дугарахаар нь гараад хартал М.А, гурван залуутай манай гэрээс 10 алхамын зайд зогсоод хоёр залуу нь шээж байсан. Тэгээд би “юун хүмүүс вэ” гэж асуухад дуугараагүй. М.А камераар зураг аваад зогсоод байсан. Тэгээд би дахиад “юун хүмүүс вэ” гэж асуухад М.А “чамд ямар хамаатай юм бэ гөлөг минь” гэсэн. Тэгээд “юун хүмүүс яах гээд байгаа юм” гээд яваад очиход М.А хэл амаар доромжилж эхэлсэн. Манай газар дээр гэрээ барьсан байна, зайлаараа гуйлагчид минь гэж хэлсэн. Би тэр хүмүүстэй хэрүүл хийгээгүй аав, ээж рүүгээ залгаад хүмүүс ирчихээд хэл амаар доромжлоод байна яваад ир гэж хэлсэн. Тэгээд М.Ад та аав, ээжийг иртэл хүлээж бай гэж хэлтэл “энэ ямар олон үгтэй хулгайч вэ” гэж хэлээд миний эмзэг эрхтэн рүү 4-5 удаа өшгилөхөд би урд нь өвдөг сөхрөөд унасан. Би тэгээд “цагдаад хэлнэ” гэхэд “битгий хуц чамайг би гөлөг болгож чадна шүү” гэсэн. Тэгээд би явуулахгүй гээд машины хаалгаас нь татахад намайг 2-3 удаа алгадсан. Алгадхаар нь машины хаалгыг нь онгойлгоод толгойгоо машин руу хийсэн. Тэгэхэд толгойн дээрээс шууд цохиод эхэлсэн. Тэгээд хамт явсан гурван залуугийн нэг нь шилэн хүзүүн дээрээс татаад шидсэн. Тэр дор нь би ээж рүүгээ залгаад цагдаад бариулсан. Араас нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Цагдаа нар намайг хараад ахын дүү шууд явж мэс засалд үзүүл гэж хэлсэн. Тэгэхэд М.А цагдаа нарт намайг архи уучихсан над руу дайраад байсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд Налайх дүүргийн мэс заслын тасагт очиж үзүүлээд 13А маягт аваад Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг явсан. Очоод эхоны зураг авхуулсан. Гэмтэл дээр очоод би ухаан алдаж унасан. Толгойн зураг авхуулах гэхэд мөнгө байхгүй байсан болохоор зураг авхуулаагүй. Тэгээд буцаад гэртээ ирсэн гэв. 

 

Шүүгдэгч Ч.Чн нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би Налайх руу явж байхад манай хүү О.Г утасдаад Маргад гэдэг компаниас ирээд нэг эмэгтэй гурван залуу ирж зодчихоод “та нар миний найзын өгсөн 5 га газар дээр 25 жил амьдарсан бол одоо зайл гуйлагчингуудаа” гэж хэлээд намайг аймар зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд эргээд Тэрэлж рүү явсан. Замдаа явж байгаад М.Атэй таараад гараа өргөөд зогсоосон. М.Атэй уулзаад “яагаад хүүхэд зодоод газар дээрээсээ хөөж туугаад байгаа юм бэ?” гэхэд танай хүүхдийг бид нар зодоогүй хэрүүл маргаан үүсгээгүй гэж хэлсэн. Миний эзэмшлийн 5 га газарт та нар гэрээ барьсан байна гэхээр нь хэн энэ газрыг та нарт өгсөн юм бэ? гэхэд Дархан газрын дарга Батмөнх гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дархан газар хамт очиж уулзая гэж хэлсэн. Тэгээд би “шүүх захиргаа гэж байгаа шүү” гэж хэлэхэд “чи хэзээч намайг дийлэхгүй шүү” гэж хэлээд над руу салаавч гаргаад хөдлөхөд нь би уурандаа гараараа нэг удаа машины ар хэсэг рүү цохьсон” гэв.

 

             Хохирогч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манайх тэр газрыг Байгаль орчны яамны сайдын тушаалаар ном журмын дагуу авсан газар. Тухайн газар юм барих санаатай барилгын зураг төслийн нэг залуутай тухайн газар дээрээ очоод зураг аваад бичлэг хийгээд зогсож байхад цаад гэрээс нэг залуу гарч ирээд “юун хүмүүс яваад байгаа юм бэ” гээд орилоод байсан. Би эхэндээ юм дуугараагүй согтуу хүн байна гэж бодсон. Сүүлдээ “юун хүмүүс яагаад зураг аваад байгаа юм бэ” гэхээр нь “чамд хамаагүй” гэхэд “муусайн Маргадын писдакууд уу” гэж орилоод “та нар намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд хувцасаа тайлаад мөрөн дээрх шивээсээ гаргаад машин руу ирж хаалга онгойлгоод намайг татаад унагаасан. Тэгсэн манай нөхөр машин тойрч гүйж ирээд араас нь татах гэсэн чинь нүцгэн хүн баригдахгүй машины хойд талын хаалга онгойлгоод ард сууж байсан хүний хөлнөөс татаж унагаад хоорондоо ноцолдсон. О.Г нь хэл амаар доромжилсон. “Чамайг алсан байхад би 25 жилийн ял аваад та нарын насан дээр гараад ирнэ. Би бүгдийн чинь ална шүү” гэсэн. Тухайн үед машинаа цохиулчихаад бууж ирээгүй гэж худлаа хэлж байна. Машины ар хэсэг рүү цохьчихоод машиндаа суугаад хөдлөөд явсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05-р сарын 17-ны өдөр эхнэр М.А, ******* болон түүнтэй хамт ажилдаг залуугийн хамт Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн 5 га газар дээрээ 15 цагийн үед очсон. Бид нар машин дотроо ажил яриад сууж байхад эхнэрийн сууж байсан талын хаалгыг цээж нүцгэн шивээстэй 25-30 орчим насны цээжээрээ шивээстэй залуу онгойлгоод “та нар юун хүмүүс яагаад газрын зураг аваад байна бэ манай газар дээрээс зайл” гэж хэлэхэд эхнэр “чиний газар юм уу хүний газар дээр байж байгаа биздээ” гэж эхнэр хэлэхэд тэр залуу үсчээд дайраад байсан. Би тэр залууг согтуу юм болов уу гэж бодоод нээх тоогоогүй. Эхнэрийн гарнаас татаад машинаас унагасан. Би машинаасаа буугаад эхнэрийн талын хаалган дээр очиход эхнэрийн дээр дарчихсан байхаар нь араас “чи яаж байна” гээд тэр залууг барьж авах гэхэд холдсон. Би 25 настай надаа нас байна та нарыг алчаад 25 жил шоронд суучаад гараад ирэхэд асуудалгүй байхгүй” гэж хэлж байсан. Би эхнэрээ босгоод эргээд харахад машины арын суудал дээр сууж байсан *******ы хөлнөөс татаад машинаас унагасан. Тэр залуу үсчээд “газар дээрээс зайл ална тална” гээд орилоод машин тойрч гүйж байгаад жолоочийн талын хаалгыг зуураад эвдчих гээд байхаар нь араас нь би тэр залууг тэвэрээд машинаасаа холдуулсан. Хамт явсан хүмүүсээ машинаа аваад зугтаарай гэж хэлэхэд ******* машин бариад тэр хэд холдож зогссон. Тэр залуу газраас чулуу самардаад чулуу аваад машины араас шидсэн. Тэр залууг хэсэг газар би тэвэрч хэвтсэн. Болохгүй зүйл хэлж байгаа нь хэлж хэсэг тэвэрч байгаад тавьсан. Тэр залуу босоод газар тарааж хаясан хувцсаа аваад өмсөөд явж байсан. Би машин руугаа алхаж очоод бид нар төв замруу явсан. Төв зам руу нилээн дөхөж байхад өөдөөс ирж байсан цэнхэр өнгийн портер машин манай машиныг замыг хааж зогссон. Машинаас эрэгтэй, эмэгтэй эхнэр, нөхөр гэмээр хоёр хүн бууж ирээд яагаад хүүхэд зодоод байна гээд дайрсан. Та нар Маргад Монголынхон уу гээд ална тална гээд дайраад эхнэртэй маргалдаад байсан. Машинаа ухраагаад тойрч гарах гэхэд буруу талын хойд талын карлан дээр эмэгтэй нь цохисон. Машинаас буугаад харахад хонхойсон байсан. Яаж байна гэхэд та хоёр хуцаж бай гээд машиндаа суугаад яваад өгсөн. Тэр үед эхнэр мөр өвдөөд байна. Баруун гарынх нь сарвуу хөхөрөөд хавдчихсан байсан. Налайх дүүрэг дэх цагдаа дээр очиж өргөдөл гомдолоо өгчихөөд шүүх эмнэлэгийн бичиг аваад шүүх эмнэлэг дээр эхнэрээ үзүүлчихээд гэртээ харьсан. Тухайн өдөр гэртээ хариад эхнэрийн биеийг нь харахад энд тэндгүй хөхөрсөн байсан”  гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 38-40 дүгээр хуудас/

 

            Гэрч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 05-р сарын 17-ны өдөр багийн найз Б.Бтай 11 цагийн үед гэрийнх нь гадна уулзсан. Найз “Тэрэлжид газар авсан юу барьж болох талаар очиж үзээд зөвөлгөө өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд хамт явахаар болсон. Б.Бын Ланд 200 машинтай Б.Б түүний эхнэр М.А, найз ******* нарын хамт тухайн газар дээр 15 цагийн орчим очсон. Тухайн газар дээр очоод машинаасаа буугаад бие засчихаад газрыг харж зогсож байх үед нэг залуу холоос “та нар Маргадынх уу юу хийж явж байгаа юм зайлаач” гээд орилоод бид нар руу дөхөөд алхаж байсан. Бид нар машиндаа орж суусан. М.А “маргадынх мөн бол юу гэж биш бол юу гэж” хэлэх үед тэр залуу урд талын хаалга онгойлгоод Ариун-Эрдэнийг татаад газар унагасан. Б.Б машинаасаа буугаад тойрч очоод эхнэрээ тавиулах гээд ноцолдоод тэр залуугийн араас нь тэвэрээд авсан. М.А босч ирээд машиндаа суугаад өөрийнхөө хаалгыг түгжсэн чинь тэр залуу Б.Баас салчихсан байсан. Миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод над руу дайрахаар нь би хөлөөрөө тэр залууг түлхсэн чинь миний хөлнөөс татаад намайг машинаас намайг унагасан. Б.Б гүйж ирээд тэр залуугийн араас тэвэрч авсан. Машин гэмтээчихэж магадгүй машинаас холдуул гэхээр нь жолоон дээр суугаад машин хөдөлгөх гэхэд Ариун-Эрдэнийн хаалга дээр оччихсон. Цонхоор нь гараа оруулаад хаалганы дээд бариулнаас бариад авсан. Б.Б араас нь тэврээд тэр залууг татсан боловч бариулаас гараа тавихгүй зуураад байсан. Тэр залуу цээжээ нүцгэлчихсэн байсан учир барьцгүй байгаад байх шиг байсан. Тэр залуу “ална” гээд занал хийлээд байсан. Аавыг иртэл та нарыг явуулахгүй гээд байсан. Би тэр залуугийн гарын хурууг нэг нэгээр нь тавиулсан чинь эргэж хараад тэр залуу Б.Быг тэврээд авсан. Бид нар машинаа хөдөлгөөд зайтай очоод зогссон. Б.Б бараг 20 орчим минут тэр залуутай зууралдаж байгаад салаад бид нар руу гүйж ирсэн. Тэгээд бид нар шууд хөдөлсөн хар зам руу ордогын даваан дээр өөдөөс цэнхэр портер машин ирж байсан. Тэр машин зам хаагаад зогсохоор нь бид нар бас зогссон. Тухайн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд “Маргадынх уу та нар хүүхэд зодлоо” гээд дайрч давшилсан. Бас нэг газрын албаны хүнийг занал хийлээд хараагаад байсан. Явья гэж хоорондоо ярилцаад хажуугаар нь гарах үед тухайн машины жолоочийн эсрэг талын хойд талд цохисон. Эргээд харахад тухайн машинаас бууж ирсэн эмэгтэй нь зогсож байсан. Бид нар Тэрэлжийн тусгай хамгаалалтай газар дээр очсон. Машинаас буугаад харахад хонхойсон байсан. Тэр хоёр хүнийг нилээн удаан хүлээсэн боловч ирээгүй. Тэрэлжээс гараад Налайх руу орж явах замд цагдаа зогсоогоод цагдаагийн хэлтэс рүү очсон” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 45 дугаар хуудас/

 

            Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Тухайн өдөр Б.Б, М.А хоёр “манай авсан газрыг очиж үзчихээд ирье” гэхээр нь найз *******ы хамт Б.Бын Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлээр Тэрэлжид байдаг авсан гэх хоосон газар дээр өдөр очсон. Машин дотор зураг аваад хоорондоо газрын талаар ярилцаад юу барьж хийж болох талаар ярилцаад сууж байхад урдхан талд байсан монгол гэрээс нэг залуу “ямар хулгайчууд ирчээд зураг аваад байна” гэж хашгирсан. Тэр үед М.А “ямар зураг авахаа чамаар заалгахгүй шүү” гэж хэлэхэд тэр залуу орилж  хараасаар машин дээр ирсэн. Машины урд хаалгыг татаж онгойлгоод М.Атэй тэр залуу маргалдаж байх үедээ Ариун-Эрдэнийг татаад унагасан. Б.Б машинаас бууж Ариун-Эрдэнийг тэр залуугаас салгаж газраас босгосон. Арын суудал дээр ******* бид хоёр сууж байсан. ******* залууд хандаж “яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу *******ы сууж байсан талын хаалгыг онгойлгож хөлнөөс татаж машинаас унагасан. Би машинаас буугаад тэр залууг боль гэж хэлэхэд тэр залуу үг тоохгүй хашгираад эд нарыг явуулахгүй гээд жолоочийн эсрэг талын бариулнаас зуурчихаад явуулахгүй гээд чарлаад байхаар нь Б.Б тэр залууг машинаасаа холдуулах үед ******* машин бариад Б.Б тэр залууг барьж үлдээд бид нар машинтайгаа холдсон. Тэр залуу цээж нүцгэлчихээд дайраад байсан. Б.Б нилээн удаан араас нь тэвэрч байсан. Б.Б тэр залуугаас холдоод машиндаа ирж суугаад хөдөлсөн. Төв зам руу дөхөж явахад урдаас цэнхэр өнгийн портер машин ирж явсан. Машин зогсоод нэг эмэгтэй кабинаас буугаад гараараа даллахаар нь бид нар зогсоод уулзсан. Тэр залуугийн аав, ээж хоёр гэж өөрсдийгөө танилцуулаад “яахаараа хүүхэд та нар зоддог юм” гэж хэлэхэд нь бид нар болсон явдлыг тэр хоёр хүнд хэлчихээд хөдөлсөн чинь машины баруун хойд хэсэг рүү тухайн ээж гэх эмэгтэй цохьсон. Бид нар хөдлөөд Тэрэлжийн тусгай хамгаалалтын газрын үүдэнд ирж зогссон. Араас нөгөө хоёр хүн портер машинтайгаа ирсэн. Аав нь гэх залуу би алдарт уяач хүн та нар ингэхгүй шүү гээд салаавч гаргаж дайрсан. Үнэхээр янз бүрийн үгээр доромжилсон. М.А Iявах газраараа яв наад газар чинь минийх өөр яриад байх юм байхгүй гэж хэлээд тэндээс хедлөөд явж байтал Налайхын постон дээр цагдаа зогсоогоод цагдаагийн хэлтэс дээр яваад оч гэж хэлсэн. Бид нар цагдаа дээр очиж уулзаж мэдүүлэг М.А өгчихөөд хот руу явсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6359 дугаар:

            “1. М.Ариун-Эрдэнийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            2. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

            3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт

            /хх-ийн 65 дүгээр тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн №1301 дугаар:

            1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ  №3659-д М.Ад учирсан гэмтлүүд бүрэн тусгагдсан байна. М.Ад учирсан биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалаганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            2. М.Ад хийгдсэн оношлогоо, эмчилгээ, эдгэрэлт нь гэмтлийн зэргийг өөрчлөхгүй.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 57-59 дүгээр хуудас/

 

            “Арвижих-Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан

            /хх-ийн 71-72 дугаар хуудас/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 74-75 дугаар хуудас/

 

            О.Гын Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 78-79 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 80 дугаар хуудас/

 

            О.Гын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 130, 132 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч О.Г, Ч.Чн нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч О.Г, Ч.Чн нарт холбогдох эрүүгийн 1907002610030 дугаартай хэрэгт тэдний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. О.Г, Ч.Чн нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийг /90/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй” гэх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-1-т зааснаар тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч Ч.Чнд оногдуулах ял шийтгэл дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч О.Гын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх,

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Г, Ч.Чн нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.Г нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бүүвэйтийн 2 тоотын гадаа 15 цагийн орчимд М.Атэй маргалдан улмаар машинаас зүүн гарыг нь мушгин баруун гарнаас нь татан унагаж, дух руу нь мөргөж биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт гэмтэл зэрэг гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Ч.Чн нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 цагийн орчимд М.Атэй маргалдан улмаар түүний сууж явсан “Хаан Банк” ХХК-ний өмчлөлийн Тоёота Ланд Круйсер-200 маркын 02-00 УБЦ улсын дугаартай тээврйин хэрэгслийн буруу талын /зүүн/ хойд крыло хэсэг рүү бетоны тагаар /чулуу/ нэг удаа цохиж хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 715.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Ч.Чн нь шүүхийн хэлэлцүүлэгт: “би уурандаа гараараа нэг удаа машины ар хэсэг рүү цохьсон” гэх,

             Хохирогч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Сүүлдээ “юун хүмүүс яагаад зураг аваад байгаа юм бэ” гэхээр нь “чамд хамаагүй” гэхэд “муусайн Маргадын писдакууд уу” гэж орилоод “та нар намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд хувцасаа тайлаад мөрөн дээрх шивээсээ гаргаад машин руу ирж хаалга онгойлгоод намайг татаад унагаасан. Тэгсэн манай нөхөр машин тойрч гүйж ирээд араас нь татах гэсэн чинь нүцгэн хүн баригдахгүй машины хойд талын хаалга онгойлгоод ард сууж байсан хүний хөлнөөс татаж унагаад хоорондоо ноцолдсон. О.Г нь хэл амаар доромжилсон. “Чамайг алсан байхад би 25 жилийн ял аваад та нарын насан дээр гараад ирнэ. Би бүгдийн чинь ална шүү” гэсэн. Тухайн үед машинаа цохиулчихаад бууж ирээгүй гэж худлаа хэлж байна. Машины ар хэсэг рүү цохьчихоод машиндаа суугаад хөдлөөд явсан” гэх,

             Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эхнэрийн гарнаас татаад машинаас унагасан. Би машинаасаа буугаад эхнэрийн талын хаалган дээр очиход эхнэрийн дээр дарчихсан байхаар нь араас “чи яаж байна” гээд тэр залууг барьж авах гэхэд холдсон. Би 25 настай, надаа нас байна та нарыг алчаад 25 жил шоронд суучаад гараад ирэхэд асуудалгүй байхгүй” гэж хэлж байсан. Би эхнэрээ босгоод эргээд харахад машины арын суудал дээр сууж байсан *******ы хөлнөөс татаад машинаас унагасан. Тэр залуу үсчээд “газар дээрээс зайл ална тална” гээд орилоод машин тойрч гүйж байгаад жолоочийн талын хаалгыг зуураад эвдчих гээд байхаар нь араас нь би тэр залууг тэвэрээд машинаасаа холдуулсан. Хамт явсан хүмүүсээ машинаа аваад зугтаарай гэж хэлэхэд ******* машин бариад тэр хэд холдож зогссон. Тэр залуу газраас чулуу самардаад чулуу аваад машины араас шидсэн. Тэр залууг хэсэг газар би тэвэрч хэвтсэн. Болохгүй зүйл хэлж байгаа нь хэлж хэсэг тэвэрч байгаад тавьсан. Тэр залуу босоод газар тарааж хаясан хувцсаа аваад өмсөөд явж байсан. Би машин руугаа алхаж очоод бид нар төв замруу явсан. Төв зам руу нилээн дөхөж байхад өөдөөс ирж байсан цэнхэр өнгийн портер машин манай машиныг замыг хааж зогссон. Машинаас эрэгтэй, эмэгтэй эхнэр, нөхөр гэмээр хоёр хүн бууж ирээд яагаад хүүхэд зодоод байна гээд дайрсан. Та нар Маргад Монголынхон уу гээд ална тална гээд дайраад эхнэртэй маргалдаад байсан. Машинаа ухраагаад тойрч гарах гэхэд буруу талын хойд талын карлан дээр эмэгтэй нь цохьсон. Машинаас буугаад харахад хонхойсон байсан.”   гэх,

            Гэрч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “тэр залуу урд талын хаалга онгойлгоод Ариун-Эрдэнийг татаад газар унагасан. Б.Б машинаасаа буугаад тойрч очоод эхнэрээ тавиулах гээд ноцолдоод тэр залуугийн араас нь тэвэрээд авсан. ...бид нар шууд хөдөлсөн хар зам руу ордогийн даваан дээр өөдөөс цэнхэр портер машин ирж байсан. Тэр машин зам хаагаад зогсохоор нь бид нар бас зогссон. Тухайн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд “Маргадынх уу та нар хүүхэд зодлоо” гээд дайрч давшилсан. Бас нэг газрын албаны хүнийг заналхийлээд хараагаад байсан. Явъя гэж хоорондоо ярилцаад хажуугаар нь гарах үед тухайн машины жолоочийн эсрэг талын хойд талд цохьсон. Эргээд харахад тухайн машинаас бууж ирсэн эмэгтэй нь зогсож байсан.” гэх,

            Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Машины урд хаалгыг татаж онгойлгоод М.Атэй тэр залуу маргалдаж байх үедээ Ариун-Эрдэнийг татаад унагасан. Б.Б машинаас бууж Ариун-Эрдэнийг тэр залуугаас  салгаж газраас босгосон. ...Машин зогсоод нэг эмэгтэй кабинаас буугаад гараараа даллахаар нь бид нар зогсоод уулзсан. Тэр залуугийн аав, ээж хоёр гэж өөрсдийгөө танилцуулаад “яахаараа хүүхэд та нар зоддог юм” гэж хэлэхэд нь бид нар болсон явдлыг тэр хоёр хүнд хэлчихээд хөдөлсөн чинь машины баруун хойд хэсэг рүү тухайн ээж гэх эмэгтэй цохьсон.” гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6359 дугаар

            “1.М.Ариун-Эрдэнийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1301 дугаар:

            1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3659-д М.Ад учирсан гэмтлүүд бүрэн тусгагдсан байна. М.Ад учирсан биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалаганд цус хуралт, баруун шуу, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний холбоосуудын суналт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Чныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Ариун-Эрдэний бие махбодид хөнгөн хохирол учирсан баримтаар 453,000 төгрөг нэхэмжилсэн,

шүүгдэгч Ч.Чны үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Ариун-Эрэнэд 750,000 төгрөгийн хохирол учирсныг тус тус шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлуудыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Г, Ч.Чн нарт ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Иймд О.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Чныг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Ч.Чнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар           

Шүүгдэгч О.Г, Ч.Чн нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Чнаас “Хаан” банкны эзэмшлийн Тоёота Ланд круйсер 200 маркын 02-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 750.000 төгрөгийг, шүүгдэгч О.Гаас 453,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ад  олгуулахаар шийдвэрлэв.

    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

******* овогт Ч.Чыг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чныг 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Г, Ч.Чн нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Чнаас “Хаан” банкны эзэмшлийн Тоёота Ланд круйсер 200 маркын 02-00 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 750,000 төгрөгийг, шүүгдэгч О.Гаас 453,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Ад  олгуулсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г, Ч.Чн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ