| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0071/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Бид холбогдох эрүүгийн 2007000590057 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, ....................... ажилтай, ам бүл 1, ..................................... тоотод оршин суух, ******* овогт Ж.Б /РД: /
урьд ******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар 3 жил хорих ялаар,
******* аймгийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11 ны өдөр 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 7 жил хорих, мөн хуулийн 211-р зүйлийн 1-д заасан 2 жил хорих ял, мөн хуулийн 123-р зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 127-р зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсэн,
уг ялыг Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 7 жил хорих ялд Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 1-д зааснаар 1 жил , мөн хуулийн 127-р зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялыг багтааж, мөн хуулийн 211-р зүйлийн 1-д заасан 2 жил хорих ялаас 1 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил хорих шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 2 жил 2 сар 09 хоногийн ялын зарим болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 10 жилийн хорих ял шийтгэгдсэн.
Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сар хугацаагаар баривчлах ял шийтгэж уг ялыг нэмж нэгтгэн 5 жил, 9 сар хорих ял шийтгэгдсэн,
мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэгдсэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, “*******” дэлгүүрийн гадна О.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ажлаасаа амраад *******ад ирчихсэн байсан. Манай найз Бүрнээ гээд найз хүүхэн намайг дуудсан. Хамт ажилладаг хүүхний төрсөн өдөр болж байна гэсэн. Би такси барих гээд автобусны буудал дээр байж байхад нэг согтуу залуу сандал дээр сууж байсан. Тэгээд намайг “чи архи уух уу” гэхэд нь би уухгүй, би найзтайгаа уулзах гэж байна төрсөн өдөр тэмдэглэх гээд явж байна гэхэд би хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би такси бариад хөдөлтөл машины хойд хаалга татаад орж ирээд суучихсан. Тэгээд 3 хүүхнээ аваад кароаке ороод архи, пиво аваад дуулаад сууж байтал нөгөө залуу согтуу архи уугаад суугаад байсан. Тэгээд би найзаасаа чи энэ хүнийг таньдаг юм уу? гэхэд танихгүй гэсэн. Тэгэхээр нь чамайг танихгүй гэж байна чи яв яв гэж хэлсэн. Би наад шар хүүхнийг чинь мэднэ буудалд авч хонож байсан би энэ янханыг чинь авч явна гэхээр нь чамайг танихгүй гэж байна гар гээд авч гараад яв гэтэл чи муу хэдэн янхан өмөөрлөө гээд тохойлдхоор нь эргээд хартал чулуугаар толгой руу цохиж хоолой боосон. Тэгээд би бариад авсан чинь намайг мөргөсөн. Тэгээд би нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод тавиулсан. Би тэгээд тэр хооронд боолтонд ороод манарсан байсан сэрэхэд нөгөө залуу явчихсан байсан. Эргээд кароаке орсон чинь чи яасан бэ гээд нөгөө хэдэн хүүхэн асуухаар нь би явлаа гэж хэлээд эгчийндээ ирж амарсан. Маргааш өглөө нь шууд ажил руу гаа явсан. Тэгээд 7 хоногын дараа цагдаагийн газраас дуудаж байна гэхэд нь ирсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би гэрээсээ 11 цагийн алдад гараад эмийн сан руу явах замдаа найз *******той таарсан. ******* уурхайгаас буугаад явж байсан. Манай гэр рүү явах уу гэхээр нь тэгье гээ хамт гэр рүү нь очсон. Бид хоёр ярилцаж байгаад нэг шил архи уухаар болоод би дэгүүр гарч архи авч ирсэн. Дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи авч ирсан. Тухайн архийг ууж дууссаны дараа найз унтлаа гэхээр нь би гэрээс нь гараад явсан. аас уруудаад нарийн гудамжаар гараад Ордны урд очсон. Ордны зүүн талд байдаг эмийн санд орж 2 хүүхдийн лаа авсан. Ургашаа зам гараад ******* дэлгүүрийн хажуу талын сандал дээр очиж суусан. Намайг зодсон гэх залуу тухайн сандал дээр сууж байсан. Би тэр залуугаас гал асуугаад бид хоёр танилцсан. Ж.Б гэх залуугаас гуялаж юм уухуу гэхээр нь тэгвэл тэгье гэж хэлсэн. Би ******* хүнсний дэлгүүр рүү орж 200 гр Хараа нэртэй архи авсан. Бид хоёр тухайн архийг сууж байсан газраа хувааж уусан. Ууж байхад Ж.Б манай найзууд ирж байгаа гэж хэлсэн. Нэг хүн рүү утсаар залгаад байсан. Утсаар ярьж байгаад намайг хамт явах уу гэхээр нь тэгье гээд бид хоёр таксинд суугаад Петровис ШТС-н орчмоос 3 хүүхэн очиж аваад ******* нэртэй Караоке руу очсон. Тухайн газрын 4 дугаарын өрөөнд сууж байгаад нэг шил архи захиалж авсан. Тэр 3 хүүхэн дуулаад байсан. Ж.Б намайг 00 оръё гэсэн. Бид хоёр хамт бие засах өрөөнд ороход Ж.Б архи авъя мөнгө байна уу гэхээр нь 19.000 төгрөг байна гээд өгсөн. Тэгээд би ер нь явлаа мөнгөө авъя гэхэд надад буцааж өгөхгүй бие засах өрөөнөөс гараад явсан. Би араас нь сууж байсан өрөө рүү ороод куртикээ аваад мөнгөө авъя гэж хэлэхэд Ж.Б гаръя гэж надад хэлсэн. Бид хоёр ******* дэлгүүрийн орчим очсон. Би Ж.Боос мөнгөө авъя гэхэд юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд миний нүүрэн тус газар цохисон. Би газар унахад дээрээс цамцаар боогоод гөлөг минь чи муу юу гэж хуцаад байгаа юм бэ Нүдийг чинь ухчихна шүү гээд хоёр нүд рүү хуруугаа хийхээр нь би Ж.Бийг гараараа нүүр рүү нь цохиход надаас холдсон. Би босолгүй шууд зам руу мөлхөсөн чинь араас цамцаар боож татсан. Эргэж хараад боссон чинь Ж.Б заамдаж аваад цохисон. Би хойшоогоо халтираад унасан. Туслаарай гээд орилсон чинь дээрээс уруудаж ирж байсан машин зогссон. Тэр машины жолооч бууж ирээд болиочээ чи гэхэд тэр залуу яваад өгсөн. Тэр машиныг гэрт хүргэж өгөөч гээд гэртээ хүргүүлсэн. Тухайн машины жолооч танихгүй хүн байсан. Гэрт яваад ороход эхнэр байсан. Юу болсон талаар асуухад нь болсон явдлын талаар хэлэхэд эхнэр цагдаа дуудсан. Тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан, дээд уруул дотор талдаа язарсан, толгой хэсэгт хоёр хэсэг хагарсан, баруун сарвуу зулгарсан, толгой их өвдөж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай нөхөр болох О.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө гэрээсээ эмийн сан орж лаа авчирна гэж гараад орой 20 цагийн орчимд хүнд зодуулчихсан нүүр нь цус болсон орж ирсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 25-ны өөр миний танил Ж.Б гэх залуу над руу утсаар залгаад хаана байна уулзъя гэхээр нь би ажлынхаа хоёр хүнтэй караокед суух гэж байна гэж хэлсэн. Тэгсэн би хамт явъя гэхээр нь би за тэг гэж хэлсэн. Тэгээд Ж.Б такситай намайг аас ирж аваад бид нар *******гийн караокед орсон юм. Ж.Б ирэхдээ танихгүй нэг залуутай орж ирсэн. Тэгээд бид 5 хамт караокед сууцгаасан юм. Тэгсэн Ж.Бтой хамт явсан нөгөө туранхай залуу нь гадагшаа гарсан чинь араас нь Ж.Б гараад хэсэг хугацааны дараа Ж.Б буцаад ороод ирсэн. Тэгсэнээ хувцасаа аваад за би явлаа гээд гараад явсан. Түүнээс хойш Ж.Бтой уулзаагүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/100 дугаар:
“1. О.Нын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алимны доргилт, толгойн хуйх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, цээжинд зөөлөн эийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 34 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/110 дугаар:
“1. Ж.Бийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,
/хх-ийн 36-37 дугаар хуудас/
******* Эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 43 дугаар хуудас/
Ж.Бийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “Шүүгдэгч Ж.Б нь ******* дүүргийн 3 дугаар хороо “*******” дэлгүүрийн гадна. О.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт, хохирогч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ж.Бид холбогдох эрүүгийн 2007000590057 дугаартай хэрэгт түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ж.Бид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. О.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Бид холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* дүүргийн 3 дугаар хороо, “*******” дэлгүүрийн гадна О.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгээд би бариад авсан чинь намайг мөргөсөн. Тэгээд би нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод тавиулсан. Би тэгээд тэр хооронд боолтонд ороод манарсан байсан сэрэхэд нөгөө залуу явчихсан байсан...” гэх,
Хохирогч О.Нын “...Би Ж.Боос мөнгөө авъя гэхэд юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд миний нүүрэн тус газар цохисон. Би газар унахад дээрээс цамцаар боогоод гөлөг минь чи муу юу гэж хуцаад байгаа юм бэ Нүдийг чинь ухчихна шүү гээд хоёр нүд рүү хуруугаа хийхээр нь би Ж.Бийг гараараа нүүр рүү нь цохиход надаас холдсон. Би босолгүй шууд зам руу мөлхөсөн чинь араас цамцаар боож татсан. Эргэж хараад боссон чинь Ж.Б заамдаж аваад цохисон. Би хойшоогоо халтираад унасан...” гэх,
Гэрч Ц.гийн “...Манай нөхөр болох О.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө гэрээсээ эмийн сан орж лаа авчирна гэж гараад орой 20 цагийн орчимд хүнд зодуулчихсан нүүр нь цус болсон орж ирсэн...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/100 дугаар: “О.Нын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний алимны доргилт, толгойн хуйх, нүүрэнд цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, цээжинд зөөлөн эийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Нын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...хохиролд 150.000 төгрөг дутуу төлөгдсөн...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ж.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Н нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ