Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0463

 

 

 

 


“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан,

Нэхэмжлэгч: “Д” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 275 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, С.Ч нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0035/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 275 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргар холбогдох захиргааны хэргийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгож, эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.“Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд: “Д” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг даргын А/150 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулсан.

Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал эзэмшил газарт хүнсний ногоо тарьж байгаа гэж тайлбарладаг боловч шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй байна.

Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу тариалан эрхлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх “зориулалтын дагуу ашиглах гэдэг нь зөвхөн гэрээнд зааснаар хүнсний ногоог жил бүр тарьсан байхыг шаардахгүй бөгөөд тухайн газрын ашиглалт, хамгаалалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа зэрэг нь мөн хамаарах ... " гэж дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах" тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг зөрчиж, буруу үнэлсэн.

Харин 2021 онд газрын жилийн төлбөрт 3,477,992 төгрөгийг төлөх байтал 2021 оны 1, 2 дугаар улиралд ногдох төлбөр 2,028,829 төгрөгийг Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох" тухай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/319 дугаар захирамж гарах хүртэлх хугацаанд төлөөгүй үлдэгдэл төлбөртэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2021 онд төлбөл зохих 2,028,829 төгрөг нь тухайн жилийн /бүтэн/ төлбөр бөгөөд уг төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна" гэж илт хууль бус дүгнэлт хийж, хууль зөрчсөн.

Мөн эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй болсон. Учир нь эрх бүхий байгууллагаас энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт байхгүй бөгөөд газрын хэмжээг хасаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл тогтоогдоогүй, хүсэлт гаргасан гэх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл аль хэдийн үүссэн байснаас үзэхэд хариуцагч хэрхэн, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байхад “хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд зөрчигдсөн гэж үзэхээр байна" гэж дүгнэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.

2.2.Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-аас илүүгүй байна" гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29 1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 0275 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

1.1.Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтын 23 дахь хэсгээр[1] “гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

1.2.Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Туул зөрлөгийн зүүн талд байрлах 20.000 м.кв газрыг “ногоо тарих зориулалтаар”  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар[2] иргэн Д.А-ээс шилжүүлэн авсан.

1.3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/150 дугаар захирамжаар[3] нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг[4] 10 жилийн хугацаатай сунгаж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээг[5] байгуулжээ.

1.4.Нэхэмжлэгч “Д” ХХК нь “маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 52,800,000 төгрөг төлөх байснаас 17,600,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 35,200,000 төгрөгийг маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлөөгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан хариуцагчийн мэдэгдэл[6], нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлсэн хүсэлт[7], хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1378 хариу албан бичиг[8] нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/573 дугаар захирамж[9] зэрэг баримтуудаар  нотлогдож байна.

1.5.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”,

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.” гэж тус тус заасан.

1.6.Хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 136 дугаар тогтоолд заасан аргачлалын дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн 20.000 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнийг 52,800,000 төгрөг байхаар тогтоож, уг үнийн үлдэгдэл 35,200,000 төгрөгийг төлөх боломжит хугацааг олгон мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах хүсэлтийг харгалзан хариуцагчаас маргаан бүхий А/369 дүгээр захирамжийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасныг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2-т заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, эсхүл дутуу төлсөн гэж үзвэл нөхөн төлүүлэх боломжтой бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй ” гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

1.7.Мөн нэхэмжлэгч компани нь маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн 2,072,983 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, эдгээр төлбөрийн үлдэгдэл нь 2008, 2009, 2015, 2016, 2019, 2020 оны үлдэгдэл төлбөрийн нийлбэр гэдэг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[10] тогтоогдов.

1.8.Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “.., нийслэл, ...ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

1.9.Харин анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч нь анх газар эзэмшиж эхэлсэн цагаас өнөөг хүртэл газрын төлбөрийн талаар зөрчил гаргаж байгаагүй, 2021 оны төлбөрийн тухайд нэхэмжлэгчийн талбайг хасуулах тухай хүсэлтийг шийдвэрлэгдсэнээр талбайн хэмжээ, төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орох бөгөөд уг хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй атлаа газрын төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүйд нэхэмжлэгчийг дангаар буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс талбайн хэмжээг хасуулах тухай хүсэлт хариуцагчид гаргасан нөхцөл байдал нь гэрээний дагуу 2008, 2009, 2015, 2016, 2019, 2020 оны үлдэгдэл газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

1.10.Түүнчлэн нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газрыг эзэмшиж эхэлсэн 2008 оны 06 дугаар сарын 11-ны өдрөөс маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд гэрчилгээ, гэрээнд заасан “ногоо тарих” зориулалтаар эзэмшлийн газраа ашиглаагүй гэдэг нь байгаль орчны судалгааны төлөв байдлын судалгааны ажлын тайлангийн дүгнэлт[11], хянан баталгааны ажлын дүгнэлт[12], судалгааны ажлын тайлангийн танилцуулга[13], сансрын зургууд[14] зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү нэхэмжлэгчээс эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

1.11.Иймээс маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан “ногоо тарих” зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2.“Эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 001 албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “эзэмшлийн газрын усны онцгой бүсийн 50 м-д хамаарагдах талбайг хасч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хариуцагчаас хариу өгсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

2.2.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан “өргөдөл, гомдол гаргагч гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах” эрхтэй гэж заасантай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь нийцээгүй.

2.3.Гэвч энэхүү хүсэлтэд хариу өгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүйгээс шалтгаалж нэхэмжлэгчийн “талбайг хасуулах тухай хүсэлт шийдвэрлэгдсэнээр талбайн хэмжээ, төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орно” гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн авах, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан газрын төлбөрөө төлөх үүргээс чөлөөлөх, нэхэмжлэгчийн газар эзэмших хуульд заасан эрхийг хариуцагчаас зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал, уг хариуцагчийн эс үйлдэхүйгээс шалтгаалж маргаан бүхий А/369 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нөхцөл байдлыг үгүйсгэх, нэхэмжлэгч уг хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй төдийгүй уг шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэхээргүй байна.

2.4.Мөн маргаан бүхий А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг маргаан бүхий А/369 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул “талбайг хасуулах тухай хүсэлт”-ийг хуулийн  дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад шүүхээс даалган шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Д” ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 18-20 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 204-214 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 234-235 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 133 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 134-135 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 155 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 156 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 236-239 дэх тал

[10] Хэргий 1-р хавтас 192 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 29, 128 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 32 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 49 дэх тал

[14] Хэргийн 1-р хавтас 157-183 дахь тал