Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 72

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Ч.Э,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Эт холбогдох эрүүгийн 1934008290056 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............................ ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух, ******* овогт С.Э /РД: /

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 531 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жил хорих ялаар,

мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 397А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил, 6 хоног хорих ялаар,

мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 832 дугаартай тогтоолоор 10,000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газарт Ч.Эийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай ажлынхан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хагас ажиллаад үдээс өмнө нь амралт руу барилгачидын баяр тэмдэглэхээр явсан. Оройн нь хоол, цай идэж уугаад кароакены тэмцээн болоод архи, дарс ууж эхлэсэн. Тэгээд маргааш нь бөхийн барилдаантай эрт амар гэж дарга хэлсэн. Би өрөөндөө Нямдаваа, Чинбат, Баттогтох нартай байсан. Эрчүүд болсон хойно өөрсдийн авч ирсэн ганц, хоёр шил архиа гаргаж уусан. Тэгсэн тогооч дуудаад яасан гэсэн чинь “танай нэг согтуу залуу гарахгүй байна та гаргаад өг” гэж хэлсэн. Тэгээд очсон чинь Ч.Э нилээн согтуу байсан. Тэгээд би “энд юу хийж явж байгаа юм бэ? өрөөндөө очиж унт, жаахан архи уухаараа хүүхнүүдийн өрөө сахиад” гэж хэлсэн. Тэгсэн Ч.Э “танд ямар хамаа байна” гэж хэлээд нүүрэн тус газар цохьсон. Тэгээд миний уур хүрээд бид 2 барилцаж авсан. Би тэгээд гарыг нь тавиулах гээд хавирага руу нь 2-3 удаа, зүүн шанаа руу нь 2-3 удаа цохьсон. Тэгээд Ч.Э “Эрка ахаа одоо болъё” гэсэн. Байшингаас ******* гарч ирээд Ч.Эийг цааш нь аваад явсан би ч байшин руугаа явсан” гэв.

 

    Хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр ажлаараа амралтанд очоод тэмцээн уралдаан зохиогоод кароакед нь бөөнөөрөө уусан. Би кароакед нээх их архи уугаагүй. Би бригадын ахлах болохоор бригадынхантайгаа архи уусан. Манай бригадынхан ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Тэгээд архи ууж байгаад согтоод унтаад өгсөн. Би эмэгтэй хүн оролдоод биед нь хүрсэн зүйл байхгүй. Би С.Эыг түрүүлж цохьсон зүйл байхгүй. Бид хоёр их дотно. Тэр үед би С.Э ахад “та намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлсэн” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 13-ны өөр ,я ХХК-д ахлах ажилтай байж байгаад барилгачдын баяр болж Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт ******* гэх амралтын газар манай ажилчид нийлээд 2 автобустай ирсэн. Тэнд байрлаад хоол идээд караоке тэмцээн болсон. Тэндээ ууж идэж байгаад тасраад унасан. Тэндээс манай хэдэн хүүхнүүд намайг оруулж унтуулсан байсан. Тэгсэн манай нэг тогооч хүүхэн С.Эыг дагуулж ирээд намайг орноос босгон гадаа гаргаж байгаад зодоод эхэлсэн. Тэгээд ******* эгч намайг салгаад өөр байшинд оруулсан гэсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Гэрч Я.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Зодоон болох үед би өөр гэрт амарч байсан. Маргааш өглөө нь ******* надад “Шөнө С.Э Ч.Эээг зодчихлоо” гэж байсан. С.Этай таараад болсон асуудлын талаар хэлэхэд та нарт ямар хамаатай юм бэ гээд дайраад байсан. Эмэгтэйчүүд өглөө нь сүүдрэвчинд суугаад юм ярьж байхад С.Э ирээд ******* чи ямар олон үгтэй юм бэ гээд ширээн дээр байсан жижиг савтай ундааг авч нүүр рүү нь шидсэн. Ажил дээр ирээд С.Э *******гээс уучлалт гуйгаад байсан. Өөр зүйл хараагүй сонсоогүй” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 43 дугаар хуудас/

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №18 дугаар:

            “1. Ч.Эийн биед эрүү ясны хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 50 дугаар хуудас/

 

            Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

 

            “Med Trauma” эмнэлэгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ,

            /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            С.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Шүүгдэгч С.Э нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газарт Ч.Эийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.Эт холбогдох эрүүгийн 1930008290056 дугаартай хэрэгт түүний үйлдсэн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. С.Эт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт иргэний нэхэмлэл гаргаагүй. Ч.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. С.Э нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно” гэх,

Хохирогчоос “Хохирлоо барагдуулаад авсан учир С.Э ахыг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс Миний амьдаралыг харж үзээд хөнгөн шийтгэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх амралтын газарт Ч.Эийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хийж үйлдсэн болох нь: 

шүүгдэгч С.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэгсэн Ч.Э “танд ямар хамаа байна” гэж хэлээд нүүрэн тус газар цохьсон. Тэгээд миний уур хүрээд бид 2 барилцаж авсан. Би тэгээд гарыг нь тавиулах гээд хавирага руу нь 2-3 удаа, зүүн шанаа руу нь 2-3 удаа цохьсон. Тэгээд Ч.Э “Эрка ахаа одоо болъё” гэсэн...” гэх,    

Хохирогч Ч.Эийн “...Тэгсэн манай нэг тогооч хүүхэн С.Эыг дагуулж ирээд намайг орноос босгон гадаа гаргаж байгаад зодоод эхэлсэн...” гэх,

Гэрч Я.Пгийн “...Зодоон болох үед би өөр гэрт амарч байсан. Маргааш өглөө нь ******* надад “Шөнө С.Э Ч.Эээг зодчихлоо” гэж байсан. С.Этай таараад болсон асуудлын талаар хэлэхэд та нарт ямар хамаатай юм бэ гээд дайраад байсан....” гэх,

            Төв аймгийн шинжилгээний албаны шинжээчийн №18 дугаар: “Ч.Эийн биед эрүү ясны хугарал, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...Хохирлоо барагдуулаад авсан учир С.Э ахыг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд С.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ