Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Арвижих,

Улсын яллагч М.Батхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Бд холбогдох эрүүгийн 2007000880074 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй группт байдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................................................. тоотод оршин суух, ******* овогт С.Б /РД: /  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршандын 1-6 тоот гэртээ согтуугаар эхнэр Ч.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр би архи уучихсан байсан. Манай эхнэр бас гаднаас архи уучихсан ирсэн. Би тэгээд чи одоо яагаад архи дарс уугаад гэр орондоо ирдэггүй юм бэ гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд маргалдаад би гар хүрсэн” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчим тухайн үед амьдарч байсан Энгэршандын 1-6 тоотод гэртээ ирэхэд манай нөхөр С.Б согтуу байсан. Би бас бага зэрэг халамцуу гэртээ ирээд нөхөртэйгөө жаахан маргалдаж би чамаас сална гэхэд салах гэж байгаа бол сүүлийн удаа зодно гээд миний биеийн таарсан газраа олон удаа гараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон. Зодуулснаас болоод маргааш нь би босож чадахгүй хэвтэж байхад эгч Л.О утсаар залгаж таараад би С.Бд зодуулсан тухайгаа хэлсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

            Гэрч Л.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед би Ч.А дүү рүүгээ залгахад дуу муутай байхаар нь яасын гэхэд С.Б намайг зодчихлоо гэхээр нь би шууд ******* руу машинтай давхиж ирээд Энгэршандад гэрт нь очиход орондоо хэвтэж байсан ба хөл гар нь хөхөрсөн, толгой өвдөөд байна гэж байсан. *******, дагз нь хавдсан харагдсан. Тэгээд шууд цагдаад хандаж шалгуулсан. Улаанбаатар авч явж толгойн томографийн шинжилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр орой манай аав гэртээ халамцуу ирээд байхад ээж араас нь орж ирсэн. Би зурагт үзээд сууж байхад хэрэлдэж байснаа аав ээжийг үснээс нь зулгааж газар унагаад толгой, гар руу нь цохиж хөлөөрөө бие рүү нь өшиглөөд зодсон. Тэгээд аав унтаад өгсөн. Ээж тэр үед бас архи уусан согтуу байсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №145 дугаар:

            “1. Ч.Агийн биед тархи доргилт, баруун мөр, зүүн тохой, бүсэлхийд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.”

            /хх-ийн 32-33 дугаар тал/

 

            ******* Эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 46 дугаар хуудас/

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 47 дугаар хуудас/

 

            “Med Trauma” эмнэлэгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ,

            /хх-ийн 56  дугаар хуудас/

 

            ******* дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, /хх-ийн 58 дугаар тал/

 

            С.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагч “Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн С.Бд холбогдох 2007000880074  дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч С.Быг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа алдсан биеийн эрүүл мэндийн байдалд нөлөөлхүйц хүнд оногдуулахгүйгээр хуульчилсан байгаа. Иймд шүүгдэгч С.Б нь хөдөлмөрийн чадвараа 70% алдсан. Тулгуур эрхтэн буюу хөдөлгөөн хийхэд зориулагдсан хөл гэмтсэн гэдгээрээ 70% алдсан. Нийтэд тустай ажил хийлгэх ял маань заавал биеийн хүчний ажил хийлгэхгүй байх боломж байгаа ч гэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ нь 240 цаг байгаа. Энэ 240 цагийн ялыг хийхийн тулд 30-аас дээш удаа нааш цаашаа явах тооцоо гаргасан байгаа. Шүүгдэгч С.Б нь энэ өвчний улмаас удаан зогсох боломжгүй гэдгийг эмчийн заавраар хориглосон байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан прокуророос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлхээр санал гаргасныг шүүх баталж өгнө үү. Энэ нь гэм буруу болон шударга ёсны зарчимд нийцэж байгаа гэж  үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний шөнө ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршандын 1-6 тоот гэртээ согтуугаар эхнэр Ч.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн Тэр өдөр би архи уучихсан байсан. Манай эхнэр бас гаднаас архи уучихсан ирсэн. Би тэгээд чи одоо яагаад архи дарс уугаад гэр орондоо ирдэггүй юм бэ гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгээд маргалдаад би гар хүрсэн” гэх,    

Хохирогч Ч.Агийн “...Би бас бага зэрэг халамцуу гэртээ ирээд нөхөртэйгөө жаахан маргалдаж би чамаас сална гэхэд салах гэж байгаа бол сүүлийн удаа зодно гээд миний биеийн таарсан газраа олон удаа гараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон....” гэх,

Гэрч Л.Огийн “2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед би Ч.А дүү рүүгээ залгахад дуу муутай байхаар нь яасын гэхэд С.Б намайг зодчихлоо гэхээр нь би шууд ******* руу машинтай давхиж ирээд Энгэршандад гэрт нь очиход орондоо хэвтэж байсан ба хөл гар нь хөхөрсөн, толгой өвдөөд байна гэж байсан. *******, дагз нь хавдсан харагдсан...” гэх,

Насанд хүрээгүй гэрч А.Дгийн “Тэр орой манай аав гэртээ халамцуу ирээд байхад ээж араас нь орж ирсэн. Би зурагт үзээд сууж байхад хэрэлдэж байснаа аав ээжийг үснээс нь зулгааж газар унагаад толгой, гар руу нь цохиж хөлөөрөө бие рүү нь өшиглөөд зодсон...” гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №145 дугаар: “Ч.Агийн биед тархи доргилт, баруун мөр, зүүн тохой, бүсэлхийд цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Агийн бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ