Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 171

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.ГэрэлН.Т,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Н.Т,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Бт холбогдох эрүүгийн 2007002790174 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ............................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй ******* овогт Ч.Б /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-ны шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо Ёлын ам гэх газарт Н.Ттай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж биед нь баруун сарвууны 4,5-р хурууны 1-р үений тайралт, баруун мөр, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид хоёр орой тугал хаших гээд гарсан. Гэхдээ би бага зэрэг архи уучихсан байсан. Н.Т уурлаад миний мөрөн тус газар цохисон, тэр үед нь би гэрийн униар нэг удаа цохисон. Гарыг нь гэмтээснээ сүүлд л мэдсэн. Зарим зүйлийг сайн санахгүй байна. Би хэрэг гарах үед согтуу байсан. Хохирол төлбөр төлж чадаагүй байгаа. Би өөрийн санхүүгийн байдлын хүрээнд 12 дугаар сард 500.000 төгрөгийг өгнө. Одоо өгөх гэхээр миний санхүүгийн боломж жаахан муу байгаа” гэв.

 

Хохирогч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нүүх гээд хүн хүч муутай болохоор шүүгдэгчийн дүү *******г дуудсан. Шүүгдэгч манай гэрт ажил хийж хамт байдаг. Би дүүд нь ирэхдээ ахдаа тамхи аваад ирээрэй гэж хэлсэн. ******* манай тэнд ирчихлээ тосоод аваарай гэж над руу залгасан.  Би тосож авсан. ******* ирэхдээ 0.33, 0.5 грамтай архи тус бүр нэг, нэг шил архи авсан байсан. Бид хоёр замдаа 0.33 грамтай архийг хувааж уусан. Ууж дуусаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд малын хашаагаа цэвэрлэж байтал Ч.Б ах уурлаад байхаар нь би тамхийг чинь удахгүй өгнө гэж хэлэхэд гэнэт уурлаад миний баруун мөр орчимд нэг удаа цохисон. Тэгээд л миний гарснаас цус гарж эхэлсэн ба би гэртээ орсон. Би *******д хуруугаа харуулаад танай ах чинь ямар аймар юм бэ гэж хэлсэн. Шүүгдэгч ******* нь тэр үед баруун талын орон дээр орж ирээд тоосон шинж байхгүй хэвтээд өгсөн. Би гарынхаа цусыг тогтоох гэж оролдсон боловч их цус гараад байхаар нь эмнэлэг дуудсан ба намайг авч явахдаа Ч.Быг бас аваад явсан. Одоо дахиж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Ч.Пгийн "...Н.Тгийн баруун гарынх нь хуруунаас цус гарч байсан яг яаж гэмтсэнийг мэдэхгүй маргааш өглөө нь цагдаа нартай ирэхэд гараа боочихсон байсан хуруу нь тасарсан гэж байсан хэн учруулсныг мэдэхгүй Ч.Б ах Н.Т хоёр гэрийн гадаа байсан өөр хүн бол байгаагүй, гэрийн гадаа гараад маргалдаж муудалцсаныг мэдэхгүй байна их л удалгүй ороод ирсэн чанга дуу чимээ сонсогдоогүй..." гэх мэдүүлэг

/хх-н 27-28 хуудас/,

 

Гэрч Б.Дгийн "...Тэр эмэгтэй баруун гарын ядам, чигчий хурууны 1-р үеэрээ тасарчихсан байсан шарх нь язарсан харагдсан. Тэгээд яаралтай хүлээн авахад хүргэж өгөхөөр явахдаа замд тэр эмэгтэй нь чи миний гарыг яасан бэ гэхэд тэр өвгөн хохь чинь би чиний хурууг өөрийнхөө хуруу шиг болгох гэж байгаа юм гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэр өвгөн нэлээн согтуу байсан. Тэр өвгөн өөрөө гэмтсэн талаар огт хэлээгүй хоорондоо хэрэлдээд яваад байсан тэр эмэгтэйг шоронд өгнө, цагдаад өгнө гэхээр өөдөөс нь би шоронд чинь би явчихна гээд байсан. Гэрийнхээ гадаа болсон гэсэн тэр үед гурвуулаа байсан..." гэх мэдүүлэг

/хх-н 29-30 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №448 дугаар:

1. "...Н.Тгийн биед баруун сарвууны 4,5-р хурууны 1-р үений тайралт, баруун мөр, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.15.91.5-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 20 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт

/хх-н 39-40 хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 67 дугаар хуудас/,

           

            Ч.Бын иргэний мэдээлэл,

            /хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

Ч.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-ийн 69-73 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн “ ... Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо Ёлын ам гэх газарт Н.Ттай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж биед нь баруун сарвууны 4,5-р хурууны 1-р үений тайралт, баруун мөр, цээжинд цус хуралт, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдсэн  хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан Монгол гэрийн унины хугархай 2 ширхэг, 1 ширхэг сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн  эмчилгээний зардлыг төлж барагдуулаагүй тул түүнийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэж, мөн  шүүгдэгч  Ч.Б ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Ийм шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан 320 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,  

Шүүгдэгчээс “...Дахин гэмт хэрэгт холбогдохгүй миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо Ёлын ам гэх газарт Н.Ттай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж биед нь баруун сарвууны 4,5-р хурууны 1-р үений тайралт, баруун мөр, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Ч.Бын “...Бид хоёр орой тугал хаших гээд орой гарсан. Тэр үед би гэрийн униар нэг удаа цохисон. Гэтэл гарыг нь гэмтээсэн. Өөр зүйл санахгүй байна” гэх,

Хохирогч Н.Тгийн “...Гэртээ ирээд малын хашаагаа цэвэрлэж байтал Ч.Б ах уурлаад байхаар нь би тамхийг чинь удахгүй өгнө гэж хэлэхэд гэнэт уурлаад миний баруун мөр орчимд нэг удаа цохисон. Тэгээд л миний гарснаас цус гарж эхэлсэн ба би гэртээ орсон. Би *******д хуруугаа харуулаад танай ах чинь ямар аймар юм бэ гэж хэлсэн.” гэх,

Гэрч Ч.Пгийн "...Ч.Б ах Н.Т хоёр гэрийн гадаа байсан өөр хүн бол байгаагүй, гэрийн гадаа гараад маргалдаж муудалцсанг мэдэхгүй байна их л удалгүй ороод ирсэн чанга дуу чимээ сонсогдоогүй..." гэх,

Гэрч Б.Дгийн "...Тэр эмэгтэй баруун гарын ядам, чигчий хурууны 1-р үеэрээ тасарчихсан байсан шарх нь язарсан харагдсан. Тэгээд яаралтай хүлээн авахад хүргэж өгөхөөр явахдаа замд тэр эмэгтэй нь чи миний гарыг яачихваа гэхэд тэр өвгөн хохь чинь би чиний хурууг өөрийнхөө хуруу шиг болгох гэж байгаа юм гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэр өвгөн нэлээн согтуу байсан. Тэр өвгөн өөрөө гэмтсэн талаар огт хэлээгүй хоорондоо хэрэлдээд яваад байсан тэр эмэгтэйг шоронд өгнө, цагдаад өгнө гэхээр өөдөөс нь би шоронд чинь би явчихна гээд байсан. Гэрийнхээ гадаа болсон гэсэн тэр үед гурвуулаа байсан..." гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №448 дугаар: "...Н.Тгийн биед баруун сарвууны 4,5-р хурууны 1-р үений тайрагдалт, баруун мөр, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.15.91.5-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 20 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тгийн бие мах бодид хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...дахиж эмчилгээ хийлгэх шаардлагатай” тул хохирол төлбөртэй гэж үзэв. Хохирогч Н.Т учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Ч.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 180 /нэг зуун наян/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан унины хугархай 2 /хоёр/ ширхэг, шар өнгийн жижиг төмөр сүх 1/нэг/ ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Т нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ