| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0177/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Х.Цын өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
Гэрч Б.С,
Шүүгдэгч Х.Ц, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ******* Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2007002230151 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, радио техникийн инженер мэргэжилтэй, ................................. ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ............................................ тоотод бүртгэлтэй боловч ................................. тоотод түр оршин суудаг,
Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын *******-ны №135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд 1.000.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлсэн регистрийн дугаартай ******* овогт Х.Ц,
Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, оюутан ....................................... курст сурдаг, ам бүл 4, эх, эгч, зээ дүүгийн хамт ...................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн .... дугаартай ******* овогт Б.Э,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* овогт Х.Ц нь *******-ны өдөр ......................................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамт амьдардаг эхнэрийн дүү Б.Эийг хүүхдийг нь авч явах гэлээ гэх шалтгаанаар хоёр гараараа хоолойг нь боож биед нь хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
******* овогт Б.Э нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр ................................. тоот гэртээ иргэн Х.Цтай маргалдан улмаар нүүр болон гар хэсэгт нь маажиж биед нь баруун шанаа, баруун чихний омог, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун гарын сарвуу, зүүн тохой, шуу өвчүү, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...*******-ний өдөр буюу хэрэг гардаг өдрийн өглөө манай эгч Б.С, Х.Ц нар маргаантай байсан. Манай эгч дүүгээ хувцаслаж байгаарай гэж хэлсэн. Би дүүгийнхээ хувцсыг өмсүүлээд гал тогоонд сууж байхад Х.Ц ирээд хүүхдээ булааж авсан. Намайг хана руу түлхээд намайг боосон, тэр үед миний уруулаас цус гарсан би ямар нэгэн хариу үйлдэл гаргаж чадаагүй. Гэтэл дахин том өрөөнд байсан ор луу намайг түлхээд дахин боох үед би эсэргүүцэл үзүүлсэн. Х.Ц нь учруулсан гэмтлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамт байх үе дээ гэрийн ажилд тусалдагүй ажилдаа яваад ирээд хоолоо идээд л хэвтэж байдаг. Маргаан гарвал л хүнийг боох гэж оролдог. Би Х.Цаас айдаг. Манай эгчид байнга гар хүрдэг. Манай эгч Б.С өөрөө сэтгэл хөдлөл ихтэй хүн. Би хөтлөөд зогсож байхад булаагаад авсан. Би тэр үед нь чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Намайг Х.Ц боох үед миний шүднээс цус гараад эгч бид хоёрыг салгаж дийлээгүй. Гадагшаа тусламж дуудах гээд гарсан. Х.Ц тэр үед нь машинаа унаад гараад явсан байсан ба явахдаа гэрийн эд зүйлсийг гэмтээсэн байсан. Х.Цын биед гэмтлийг би учруулсан” гэв.
Шүүгдэгч Х.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр машинаа засварт өгөх гээд эхнэрээ хамт явъя гэж хэлсэн. Би эхнэртэй хүүгээ хамт авч яваад буцаагаад аваад ирье гэж хэлсэн. Би хүүхдээ авах гээд гэрт очих үед Б.*******ь миний хүүхдийг надтай булаацалдаад байсан. Би шүүхэд өгч байгаа мэдүүлгийн сонслоо намайг гүтгэж байна. Б.*******ийн биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Б.С нь манай эхнэр ба бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон ба би гэрлэлтээ цуцлуулах талаар хэлэхэд тэгвэл чамайг би шоронд оруулна гэж хэлдэг. Хүүхдээ бодоод хоорондын харилцаагаа хэвийн байлгах гэхээр Б.С, Б.*******ь нар намайг нийлж гүтгэж байгаад гомдолтой байна. Хүүхдийг Б.Э хөтлөөд зогсож байхаар нь би хүүгээ авч яваад ирье гэж хэлэхэд өгөхгүй байсан. 3 настай хүү маань миний баруун талд зогсож байсан. Би Б.*******ийг биенээсээ холдуудах гэж л түлхсэн. Б.С бид хоёрыг салгасан. Б.*******ь том өрөөнөөс чамайг шоронд хийнэ гээд орилоод байсан. Б.*******ийн ээж буюу миний хадам ээж цагдаагийн байгууллагад насаараа ажиллсан хүн. Цагдаагийн байгууллага мэдүүлэг авахдаа надаас асуулт хариултын журмаар явсан ба Б.*******ээс бол уран зохиол шиг л явсан. Маргах шалтгаан нь Б.С өөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад халагдсан ба цалингийн маш их зээлтэй ээж нь хамтран зээлдэгч гэж явдаг. Эхнэр бид хоёр 5 сарын өмнө мөнгөтэй болсон ба хоорондоо ярилцаж байгаад зуны хувцас авч үлдсэн мөнгийг ахуй хэрэглээндээ зарцуулахаар болсон. Тэгтэл Б.*******ь манай эхнэр лүү уурлаад олсон мөнгөө өөртөө зарцуулдаг гэх мэт үгсээр хэлж хэрүүл маргаан хийсэн. Б.*******ь ер нь намайг гэрт хамт байх 7 сарын хугацаанд манай эхнэр хүүхдийг дарамталдаг хэрүүл зодоон дандаа гаргадаг байсан. Би Эркенгүлийг биеээсээ холдуулах гэж л түлхсэн. Би өөрийгөө хамгаалах гэсэн бол Б.*******ийн биед хүнд гэмтэл учруулах магадлалтай. Би Б.*******ийн бид учруулсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч улсын яллагчийн яллаж байгаа зүйл анги дээр маргахгүй байгаа.” гэв.
Гэрч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: "...Бид гэртээ байсан ба Х.Ц манай дүүг хүүхэд хувцаслаад сууж байхад түлхээд хоолойг нь боосон. Тэр үед хүү маань уйлаад байсан болохоор би гадагшаа гарч хажуу айлын хүний утсаар цагдаа дуудсан. Би гарч яваад хажуу айлын хүний утсаар дуудлага өгсөн. Б.*******ийн уруул язарсан, шүднээс нь цус гарсан байсан. Манай дүү хэлэхдээ Цоомоо ах ямар аймар зоддог юм бэ? Эрэгтэй хүн зодож байгаа юм шиг зодсон гэж хэлсэн. Би хүүхдээ аваад ирсэн гэхээр 15 цагийн үед маргаан болсон байх. Х.Ц эхлээд надтай маргалдаж байгаад гараад явсан. Буцаж орж ирээд манай дүүтэй маргаан гарсан. Би Х.Ц, Б.Э нарыг салгаж дийлээгүй. Хэрэв салгах юм бол Х.Цт өөрөө зодуулна. Намайг Б.*******ь зодож гар хүрч байсан гэх зүйл байхгүй. Бичлэгийн хувьд манай эгчийн гэрт болсон зүйл. Би цагдаа дээр очих үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна өргөдлөө өг гэж хэлсэн. Намайг очих үед урд нь чамайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан одоо дүүг чинь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Би Х.Цтай ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил гэх зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэр өдөр 12 цагийн орчим манай эгч Б.С дүүгээ хувцаслачих, ахынх руу цуг явъя гэхэд би хувцсыг нь өмсгөөд байж байхад Эрхэсийг надаас булааж аваад намайг түлхэж "чи муу гичий хүний хүүхдийг авдаг хэн бэ" гээд хэл амаар доромжилж хана руу шахаад хоолой боосон. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж гараараа самардсан. Тэгтэл намайг боосон чигтэй нөгөө өрөө рүү авч ороод газарт шидэж унагаад дээр сууж хоолой бооход амьсгал давчдаад эсэргүүцэж гар хөл рүү нь цээж рүү нь маажсан байх. Тэр үед би эгч Сайрагүлийг гэрт байгаа юм уу гэсэн чинь хүн амьтнаас тусламж гуйх гээд гараад явчихсан юм билээ. Тэгээд намайг боож байснаа болиод явчихсан...Эхлээд Х.Ц намайг түлхэж унагаад босоод ирэхэд хана руу шахаж боогоод миний амьсгал давхцаад гарыг нь хүзүүнээсээ мултлах гээд татаж ноцолдож байхдаа маажсан байх миний ухаан балартаад хөдөлж чадахгүй болж байхад Х.Ц хоолой боосон чигээрээ том өрөөнд оруулж газар зассан ор руу шидэж унагаад дээр ирж суугаад дахиад хоолой боохоор нь бас л тавиулах гээд эсэргүүцэж байсан боловч дийлэхгүй мөн ухаан балартаад ирэхэд сая больж холдсон. Тэгээд би босож чадахгүй хэвтэж байхад Х.Ц дахиж ирээд би ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, гар хөл ч хөдлөхгүй дуу хоолой ч гарахгүй байсан. Тэгээд Х.Ц гарч явсан. Би босох гээд чадахгүй, манаралтын байдалтай хэсэг хэвтэж байгаад дөнгөж өндийгөөд сууж байхад эгч Б.С орж ирсэн..." гэх мэдүүлэг
/хх-ийн 12-18 хуудас/
Хохирогч Х.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...*******-ны өдөр би хүүхдээ аваад Улаанбаатар хотруу яваад ирнэ гэхэд манай хадам Б.Э өгч явуулахгүй гээд гараас нь бариад зогсож байхаар нь би хүүхдээ гараас нь шүүрээд автал I гарын шуу, сарвуу, бугалга цээжнээс маажаад би хүзүү хавьд нь бариад нэг удаа түлхсэн. Би зодсон асуудал байхгүй. Би хүүхдээ авахад намайг гар хуруу цээж маажаад байхаар нь I цааш түлхсэн.." гэх мэдүүлэг
/хх-ийн 24-25 хуудас/
Гэрч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 05 сарын 15-ны өдөр үдээс хойш байх ******* манай гэрт орж ирээд утсаараа яриулаач гээд миний гар утсыг авч гараад утсаар ярьчхаад орж ирээд утас өгсөн. ******* хүүгээ дагуулчихсан орж ирсэн ба нөхөр агсам тавиад гэл үү, цагдаа дуудна гээд аваад гарсан. Гадаа гараад хаашаа юу ярьсныг мэдэхгүй байна. Утас оруулж өгчхөөд буцаад явсан" гэх мэдүүлэг
/хх-ийн 43-44 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 334 дугаартай:
1."...Х.Цын биед баруун шанаа, баруун чихний омог, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун гарын сарвуу, зүүн тохой, шуу, өвчүү, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт
/хх-ийн 46-47 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5852 дугаартай:
1. “...Б.*******ийн биед хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх уүсчээ.
2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт
/хх-ийн 49-50 хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 83, 84 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...Шүүгдэгч ******* овгийн Х.Ц нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамт амьдардаг эхнэрийн дүү Б.Эийг хүүхдийг нь авч явах гэлээ гэх шалтгаанаар хоёр гараараа хоолойг нь боож биед нь хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
******* овгийн Б.Э нь 2020 оны 05 сарын 15-ны өдөр тоот гэртээ иргэн Х.Цтай маргалдан улмаар нүүр болон гар хэсэгт нь маажиж биед нь баруун шанаа, баруун чихний омог, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун гарын сарвуу, зүүн тохой, шуу өвчүү, зүүн мөр, хүзүүнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Цын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Эийн хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж улсын яллагчийн зүгээс үзэх боломж байхгүй. Хоорондын маргааны улмаас бусдын биед халдаж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй” гэх,
Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатарын “...Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа улсын яллагчийн саналыг цагаатгах байр суурьтай оролцож байна. Х.Ц, Б.С нарын хоорондын маргаанаас болж хэрэг үйлдэхэд хүрсэн. Шүүгдэгч Х.Ц нь өөрөө цэргийн ангид ажил хийдэг ба өөрийгөө гадны нөлөөнөөс хэрхэн хамгаалах ёстойгоо мэддэг, тусгай бэлтгэл хийдэг. Х.Ц нь Б.Эийг боох үед түүнийг миний үйлчлүүлэгч түүний биед гэмтэл учруулсан. Б.Э нь амь биед аюултай довтолгоог зогсоох зорилготой байсан гэдэг хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Сайрагүлийн мэдүүлэг зэргийг үндэслэн миний үйлчлүүлэгч Б.Эд холбогдох хэргийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Эийг улсын яллагчийн зүгээс буруутгаж байгаа нотлох баримтууд нь миний зүгээс шинжлэн судалж байгаа нотлох баримттай адил. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн үйл баримт нь бусад баримтаар давхар нотлогдож байхыг шаарддаг. Улсын яллагчийн нотлох баримтууд нотлогдож чадахгүй байна. Гэрчийн мэдүүлэг дээр шүүгдэгч нарыг маргалдаж байсныг болон миний шинжлэн судлуулсан нотлох баримтыг нотолж байна. Б.Эийн өөрийнх нь мэдүүлгийг ашиглан өөрийг нь яллаж байгаа нь буруу зүйл. Б.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-т заасан аргагүй хамгаалалт гэж үзэх боломжтой гэсэн анхны саналаа дэмжиж байна” гэх,
Шүүгдэгч Х.Цын өмгөөлөгч Э.Намжилцэрэнгийн “...Шүүгдэгч Х.Ц нь гэм буруугийн асуудал болон гэмт хэргийн зүйл анги дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэрч Б.Сайрагүлийн мэдүүлгээр Х.Цыг Б.Эийн биед халдсан үйлдлийг тогтоох боломжгүй. Шүүгдэгч Б.Эийн өмгөөлөгчийн хувьд цагаатгах байр суурьтай оролцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Ц, Б.Э нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Ц нь *******-ны өдөр тоотод өөрийн хүү болох Эрхэсийг авч явах гэтэл Б.Э “хүүхдийг авч явах гэлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан хоёр гараараа хоолойг нь боож биед нь хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Х.Цын “...Хүүхдийг Эркенгүл хөтлөөд зогсож байхаар нь би хүүгээ авч яваад ирье гэж хэлэхэд өгөхгүй байсан. 3 настай хүү маань миний баруун талд зогсож байсан. Би Б.*******ийг биенээсээ холдуудах гэж л түлхсэн. Б.С бид хоёрыг салгасан. Б.*******ь том өрөөнөөс чамайг шоронд хийнэ гээд орилоод байсан. Тэгтэл Б.*******ь манай эхнэр лүү уурлаад олсон мөнгөө өөртөө зарцуулдаг гэх мэт үгсээр хэлж хэрүүл маргаан хийсэн. Б.*******ь ер нь намайг гэрт хамт байх 7 сарын хугацаанд манай эхнэр, хүүхдийг дарамталдаг хэрүүл зодоон дандаа гаргадаг байсан. Би Эркенгүлийг биеэсээ холдуулах гэж л түлхсэн. Би өөрийгөө хамгаалах гэсэн бол Б.*******ийн биед хүнд гэмтэл учруулах магадлалтай. Би Б.*******ийн биед учруулсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч улсын яллагчийн яллаж байгаа зүйл анги дээр маргахгүй байгаа.” гэх,
шүүгдэгч Б.Эийн: “...Манай эгч дүүгээ хувцаслаж байгаарай гэж хэлсэн. Би дүүгийнхээ хувцсыг өмсүүлээд гал тогоонд сууж байхад Х.Ц ирээд хүүхдээ булааж авсан. Намайг хана руу түлхээд намайг боосон, тэр үед миний уруулаас цус гарсан би ямар нэгэн хариу үйлдэл гаргаж чадаагүй. Гэтэл дахин том өрөөнд байсан ор луу намайг түлхээд дахин боох үед би эсэргүүцэл үзүүлсэн. Х.Ц нь учруулсан гэмтлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Маргаан гарвал л хүнийг боох гэж оролддог. Би Х.Цаас айдаг. Манай эгчид байнга гар хүрдэг. ...Би хөтлөөд зогсож байхад булаагаад авсан. Намайг Х.Ц боох үед миний шүднээс цус гараад эгч бид хоёрыг салгаж дийлээгүй. Гадагшаа тусламж дуудах гээд гарсан. Х.Ц тэр үед нь машинаа унаад гараад явсан байсан ба явахдаа гэрийн эд зүйлсийг гэмтээсэн байсан.” гэх,
Гэрч Б.Сайрагүлийн: "...Би авч явна гээд хүүхдийг татаж авахад, та ганцаараа яв дүүгээ өгч явуулахгүй гэхэд Х.Ц хүзүүнээс нь багалзуурдаад түлхэхэд Б.Э газар унаад босож ирэхэд нь боогоод зууралдахад нь би яагаад байгаа юм бэ гээд очоод салгах гээд Х.Цыг татаад дийлээгүй, Х.Ц хоолойг нь боогоод зууралдаад том өрөө рүү орохоор нь цагдаа дуудахаар би хүүхдээ аваад гараад явчихсан..." гэх,
Гэрч А.*******гийн: "...2020 оны 05 сарын 15-ны өдөр үдээс хойш байх ******* манай гэрт орж ирээд утсаараа яриулаач гээд миний гар утсыг авч гараад утсаар ярьчхаад орж ирээд утас өгсөн. ******* хүүгээ дагуулчихсан орж ирсэн ба нөхөр агсам тавиад гэл үү, цагдаа дуудна гээд аваад гарсан. Гадаа гараад хаашаа юу ярьсныг мэдэхгүй байна. Утас оруулж өгчхөөд буцаад явсан" гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5852 дугаартай: “...Б.*******ийн биед хүзүүнд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх үүсчээ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэхэд эхнэр Б.Сайрагүлийн төрсөн дүү болох Б.Эийг гэр бүлийн хамаарал бүхий тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан түүнчлэн “Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийг агуулсан аливаа үйлдэл хийж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Б.Эд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Харин Х.Цын үйлдлийн улмаас Б.Э өөрийгөө хамгаалах явцдаа түүнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ******* Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Цт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцох, мөн Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эркэнгүлийн бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгч Х.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Х.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас ******* овогт Болотбекийн Эркенгүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Эийг цагаатгаж, Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт Х.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй болохыг болон шүүгдэгч Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ